Умард Ирланд, Дерри – Өнөөдөр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хоёр дахь удаагаа Деррид айлчлав. Дерри хотын уриа нь “Амьдрал, Үнэн, Ялалт” бөгөөд 2013 оны Их Британийн соёлын хотоор шалгарсан юм. Тэрээр Кроссфайерын Асрамжийн Төвийн захирал хуучны анд Ричард Мурын урилгаар хүрэлцэн ирсэн билээ.
Өглөөгүүр Дээрхийн Гэгээнтэн түүний эхнэр хүүхдүүд, ах дүүстэй уулзав. Мөн Ричардын 93 настай ээж нь Дээрхийн Гэгээнтэнтэй уулзахыг хүсч байгаа боловч биеийн байдлын улмаас гарч чадахгүй байгаа гэхэд Дээрхийн Гэгээнтэн очиж уулзахыг хүслээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Улстэр Магийн Их Сургуульд зочлон
“Энх тайван ба зөрчил тэмцлийн философи” сэдэвт уулзалт
ярилцлаганд оролцов. Умард Ирланд, Дерри. 2013.04.18.
Зургийг Жереми Расселл (ДЛО)
“Энэхүү уулзалт ярилцлаганд уригдсандаа баяртай байна. Би энд өөрийн анд Ричард Мурын ачаар ирсэн бөгөөд тэрээр шашин шүтлэгтэй бус ч хүний үнэ цэнэтэй зүйлийг мэдэрсэн нэгэн билээ. Уур хилэн, үзэн ядалт, гомдлыг тээж явахыг тэвчдэггүй нэгэн бөгөөд үүнийхээ ачаар аз жаргалтай, амар тайван амьдардаг хүмүүний нэгэн.”
“Дэлхий нийтээрээ дайн тулаан, хүчирхийлэлд автаж буй мэт боловч үүнийг зогсоож чадах зүйл бол тэд бус бид юм” хэмээлээ.
Амар амгалангийн талаархи таны философи юу вэ хэмээхэд:
“Жинхэнэ амар амгалан бидний дотоод мөн чанараас эхтэй. Ингэж хувь хүний түвшинд эхэлнэ. Үүнийгээ гэр бүл, ойр орчныхоо хүмүүстэй хуваалцах юм. Дотоод сэтгэлийн амар амгалан нь итгэлцлийн суурь бөгөөд энэ нь нөхөрлөл болж нийгэмд амар амгаланг түгээн ингэснээрээ дэлхий нийтээрээ амар амгалан болох юм. Залбиран мөргөснөөр амар амгалан болчихгүй. Гай зовлонг үүсгэж буй хүмүүс л түүнийгээ засах хэрэгтэй.”
Мөн түүнчлэн профессор Хамбер Төвдийн асуудлын талаар та оптимист байрь суурьтай байна уу хэмээн асуухад:
“Төвдийн асуудал бол иргэний дайны хэмжээнд буй асуудал биш. Хэн нэгэн урилгагүй зочин зэвсэглэн хүрч ирснээс болоод Төвд хүн бүрийн амьдрал аюул занал доор байгаад оршиж байгаа юм. Бид бүхэн асар баялаг амар амгалан, энэрэн нигүүлслийг дээдэлсэн соёлын өв, уламжлалтай бөгөөд бид үүнийгээ хамгаалж үлдэхийг хүсч байна. Мэдээж Төвдийн асуудал Хятадтай шууд холбоотой. Тэнд юм өөрчлөгдөж байгаа болохоор бидний асуудал ч нааштай эргэнэ гэж найдаж байна.
Сүүлийн ерөнхий сайд Вэн Жиа Бао өөрчлөлт хэрэгтэй, тэр ч бүү хэл ардчилал хэрэгтэй талаар ярьж байсан. 1980-аад оны эхэн үед Ху Яао Бан Төвдөд очиж байлаа. Би түүнтэй анх 1954 онд уулзаж байсан тэр үед тэрээр Хятадын Коммунист Залуучуудын даргын албыг хашиж байсан юм. Тэр 1980 онд Лхаст зочлон Төвдөд болсон үйл явдлын талаар албан ёсоор уучлал хүсч байсан. Дин Сиа Пиний “Нотолгооноос үнэнийг хай” сургаалийн дагуу орон нутагт нь очиж нөхцөл байдлыг үнэлж цэгнэж байлаа. Зарим хүмүүс шинэ удирдлага Ху Яао Баны замаар явж байгаа хэмээн ярьж байгаа ч энэ талаар ярихад эрт байна. Гэвч “Дундаж Хандлага”-ын арга замд Хятадын сэхээтнүүд, зохиолч бүтээлч нараас эхлэн эгэл жирийн олон хүмүүс таатай хандаж байгаа.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварыг сонсож буй Улстэр
Магийн Их Сургуулийн оролцогчид. Умард Ирланд, Дерри.
2013.04.18. Зургийг Жереми Расселл (ДЛО)
Гучаас залуу насныханд хандан Дээрхийн Гэгээнтэн ийнхүү айлдав:
“Та бүхэн жинхэнэ XXI зууныхан мөн. Та нарын ирээдүй та нарын гарт байна.”
Магийн Их Сургуулийн дараа Ричард Мурын сурч байсан Ариун Жосефийн сургууль руу явах замдаа Дээрхийн Гэгээнтний хүсэлтээр Ричардын ээжтэй уулзав. Тэрээр түүний хүү нь жинхэнэ баатарлаг үйлстэн. Би энэрэн нигүүлслийн талаар ярьдаг ч танай хүү үүнийг бодит амьрал дээр хэрэгжүүлдэг нэгэн юм хэмээн түүний ээжид хэлэв. Сургуульд зочлон Ричард Мур, Дээрхийн Гэгээнтнийг танилцуулсны дараа:

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Ариун Жосефийн сургуульд зочлон
“Зүрх сэтгэлийг сургах нь” уулзалтанд уригдан айлдаж байгаа нь.
Умард Ирланд, Дерри. 2013.04.18. Зургийг Жереми Расселл (ДЛО)
Дараа нь хэвлэл мэдээллийнхэнтэй уулзахад мөн Ричардын түүхийг давтан ярилаа. Ричард Мурт гунигт явдал тохиосон ч тэрээр сэтгэлээ тайван байлгаж үүний үрээр амьдрал нь амар тайван байж илүү олон хүмүүст сайн үйлс бүтээж чадаж байгаа тухай өгүүлэв. Түүний нэгэн адил бусдад санаа тавьж хүмүүн бид бүгд адилхан нэг гэдгийг санаснаар илүү энэрэнгүй нийгмийг бүтээж чадах билээ. Үүнийг зөвхөн залбирч мөргөснөөр бий болгохгүй. Бид Ричард Мурын нэгэн адил Кроссфайерын асрамжийн төв шиг үйл ажилаараа харуулах хэрэгтэй. Бусдын төлөө ажиллах нь өөрийн аз жаргалыг үгүйсгэнэ гэсэн үг биш. Ил тод үнэн мөнөөр явснаар итгэлцлийг бий болгож үүнээс үүдэн нөхөрлөл бий болно” хэмээн айлдав.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Кроссфайерын асрамжийн төвийн
хүүхдүүд болон бусад дагалдагсадын хамт "Нигүүлслийн үрийг
тарих нь" үйл ажиллагааны үеэр. Умард Ирланд, Дерри. 2013.04.18
Зургийг Жереми Расселл (ДЛО)
Энэ өдрийн сүүлийн үйл ажиллагаа нь “Энэрэн Нигүүлсэхүйн Соёл” нэрт арга хэмжээ байсан бөгөөд 2500 орчим хүмүүс Ричард Мур болон Дээрхийн Гэгээнтэнийг сонсохоор цугласан байлаа. Ричард хэлэхдээ: “Бид өнөөдөр энэрэн нигүүлслийг тэмдэглэж байгаа бөгөөд үүнд хүрэхийн тулд Дээрхийн Гэгээнтэн шиг хүмүүсийн дэмжлэг хэрэгтэй байна. Тэрээр шударга үнэнээр явж амар амгаланд хүрсэн юм” хэмээхэд Дээрхийн Гэгээнтэн ийнхүү өгүүлэв.
“Би энд өөрийн баатарлаг үйлстэн Ричард Муртай байгаадаа их баяртай байна. Эв нэгдэл, энх тайванд хүрэхийн төлөө бид шаргуу ажиллах хэрэгтэй бөгөөд үүний төлөө тэр их хөдөлмөрлөдөг. Бид бүгд энх тайван, амар амгаланд итгэдэг бөгөөд хүчирхийллийн бус арга нь үүнийг дэмжих нэгдмэл байдлыг харуулах үүрэг хариуцлагыг оногдуулдаг. Би энд ирсэндээ их баяртай байгаа бөгөөд та бүхний нэгдмэл, сайхан сэтгэлийн үр болсон ажлыг харахад таатай байна. Намайг энд урьсанд их баярлалаа” хэмээв.
“Өнөөдөр их онцгой өдөр боллоо. Би Ричардыг нилээдгүй хугацааны өмнөөс мэдэх бөгөөд тэрээр Дарамсалад өөрийг нь буудаж сохор болгосон цэрэг Чарльзийн хамт ирж байсан. Тэр гунигтай явдлаас өөрийн хүн чанараа харуулж уучилж эвлэрэхийн гайхамшигт сайхныг харуулсан юм. Өнөөдөр би баатарлаг үйлстний ээжтэй уулзсан бөгөөд надад их сайхан өдөр боллоо” хэмээхэд танхим дүүрэн алга ташив.
“Энх амгалан нь бидний гарц бөгөөд хүчирхийллийн бус байдал нь үүний түлхүүр юм. Энэ нь бид асуудалтай тулгарахгүй гэсэн үг огтхон ч биш бөгөөд хэрэв асуудал тохиолдоход үүнийг яриа хэлэлцээрийн замаар шийдвэрлэхэд бэлтгэгдсэн байх хэрэгтэй. Энх амгалан байдал нь бидний амьдралын нэг хэсэг байх ба энэ нь бидний соёлын нэг хэсэг байх ёстой. Хүчирхийллийн бус арга гэдэг нь асуудалд хойрго хандана гэсэн үг биш ээ. Жишээ нь хүчирхийллийн бус замыг сонгох хүсэл зориг хэрэгтэй. Бид асуудалтай тулгарах үед олон талаас нь харж тайван замаар нөхцөл байдлыг бодитойгоор харах хэрэгтэй. Ийнхүү бодитойгоор харж, бодитой арга замыг сонгохгүй бол бид зорилгодоо хүрч чадахгүйд хүрнэ.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Эмбрингтоний төвд “Энэрэн Нигүүлсэх
Соёл”-ын талаар айлдав. Умард Ирланд, Дерри. 2013.04.18
Зургийг Жереми Расселл (ДЛО)
“Бодож үзээрэй. Зөвхөн залбиран найдах нь хангалттай бус бид энэрэн нигүүлсэхүй, энх амгаланг цогцлоохын тулд илүү шургуу ажиллах хэрэгтэй” хэмээн айлдвараа дуусгав.
Дараа нь “Залуу Энэрэнгүй Сэтгэлтэн” шагналыг өөрийн чөлөөт цагаа эмнэлэгт очиж хүмүүст туслахад зориулдаг Анагаах Ухааны сургуулийн нэгэн оюутанд гардууллаа. Бусдын төлөө цаг зав гаргах нь маш сайхан хэрэг хэмээв.
Бороо орсны дараа нар гарч Дээрхийн Гэгээнтэн Дерригээс Кэмбриж рүү замдаа гарлаа. Тэрээр Ариун Жонсийн коллежид их багш Кристофэр Добсон, түүний гэргий болон оюутнуудын төлөөллийн урилгаар зочлон очиж байгаа юм.