Dalailama / Лозанне их сургуулиас зохион байгуулсан “Амар амгалан оршихуй ба үхэхүй” сэдэвт бага хурал

Лозанне их сургуулиас зохион байгуулсан “Амар амгалан оршихуй ба үхэхүй” сэдэвт бага хурал

2013 оны 04 дүгээр сарын 15
Швейцарь, Лозанне – Франц хэлтний цорын ганц протестант сургууль буюу шашны номлолын сургууль хэлбэртэйгээр 1537 онд анх сууриа тавьсан Лозаннын их сургууль нь өнөөдөр шинжлэх ухаан, судалгааны чиглэлээр Европдоо тэргүүлэгч хэмээн үнэлэгдэхүйц орчин үеийн сургууль болжээ. Лозаннын их сургууль Женева нуурын эрэг дээр байрладаг. Өнөөдөр тус сургуулиас зохион байгуулж буй “Амар амгалан оршихуй ба үхэхүй-хөгшрөлтийн асуудлыг олон өнцгөөс харах нь” сэдэвт бага хуралд Дээрхийн Гэгээнтэн Далай Лам уригдан оролцлоо. Түүнийг хүрэлцэн ирэхэд сургуулийн ректор Доминик Арлетта болон бага хурлыг санаачлагч Филипп Морейон нар угтан авсан байна.

Лозанне их сургуулиас зохион байгуулсан “Амар амгалан оршихуй ба үхэхүй” сэдэвт бага хурал
Лозаннын их сургуулийн захирал Доминик Арлетта “Амар амгалан
оршихуй ба үхэхүй“ бага хурлыг нээж үг хэлж байгаа нь. Швейцарь.
2013.04.15. Фото/Жереми Рассел /ДЛО
Хурлыг нээж хэлсэн үгэндээ ректор: “Өнөөдөр Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг угтан авах хүндтэй үүрэг надад оногдсон бөгөөд бүхэл өдрийн турш бидэнтэй хамт байхыг зөвшөөрсөн түүнд талархлаа илэрхийлж байна” гэв.

Хурлыг санаачлагч Филипп Морейон хэлэхдээ, Дээрхийн Гэгээнтнийг морилон ирэх сургаар сургуулийн нийт багш, ажилтнуудын бага хуралд оролцох сонирхол нэмэгдсэн хэмээв. Тэд өөрсдийн судалгааны хүрээнд хариулт олж үл чадах нийтлэг асуултуудыг энэхүү арга хэмжээнд зориулан хамтдаа бэлджээ. Бяцхан хүү өвөөгөөсөө асууж буй мэтээр бэлтгэсэн “Хөгширнө гэдэг сайн зүйл үү?” гэсэн эхний асуултад хариулахыг Далай Ламаас хүслээ.

Дээрхийн Гэгээнтэн хариулахдаа:

“Миний бодлоор энэ нь хүн ямар амьдралыг туулснаас, чиний амьдрал утга учиртай, бусдад тус нэмэртэй байсан эсэхээс хамаарна. Цаг хугацаа урагшилсаар, эцэст нь бид бүгд хөгширдөг гэж өвөө нь хүүдээ хэлэх байх. Хэдийгээр одоо залуу байгаа боловч нэг л өдөр чи ч бас хөгширнө. Энэ бол жам ёсны үйл явц. Би ийм урт насалсан азтай хүн, тэгээд ч би цагийг дэмий үрээгүй, амьдралын талаар тодорхой хэмжээнд олж мэдсэн гэж тэрээр нэмж хэлэх буй заа.”

“Нөгөө талаас, бүхий л цагаа өөртөө зориулж, жишээ нь зөвхөн зугаа цэнгэл хэөөсөөр ирсэн нэгэн бол насны эцэст чих маань сонсохоо байлаа, нүд маань харахаа байлаа. Энэ бүхэн надад маш хүндрэлтэй боллоо гэж хэлэх байх” хэмээн тэрээр хариулав.

Наслалт уртасч, хөгшин хүмүүсийн олон төрөл, тухайлбал одоогоор идэвхтэй байгаа “залуу хөгшин” ба улам доройтож байгаа “хөгшин хөгшин” байдаг талаар эхний илтгэгч ярив. Тэрээр: “Бидний тамир тэнхээ доройтож байгаа үед бид хэрхэн зөв хөгшрөх вэ?” гэсэн асуултыг тавилаа.
Таны оюун ухааны түвшин үүнд чухал хүчин зүйл болно хэмээн Дээрхийн Гэгээнтэн хариулав. Таны оюун ухаан түвшин амгалан байх эсэх нь таны олж авсан мэдлэгээс бус, харин таны сэтгэлийн сайхнаас хамаарна. Дотоод амар амгалан байгаа цагт итгэл хийгээд нөхөрлөл аяндаа дагалддаг. Нөгөө талаас, хардалт, үл итгэлцэл болон худал хуурмаг явдал эцсийн дүнд таныг ганцаардуулж, таны аз жаргалыг авч одно.

Лозанне их сургуулиас зохион байгуулсан “Амар амгалан оршихуй ба үхэхүй” сэдэвт бага хурал
Швейцарь, Лозаннын их сургууль дээр зохион байгуулагдсан "Амар
амгалан амьдрахуй ба үхэхүй" сэдэвт бага хуралд Дээрхийн
Гэгээнтэн Далай лам үг хэлж байгаа нь. 2013.04.15.
Фото /Мануэль Бауэр
“Хувь хүний тухайд, хэрвээ бид орь залуугаасаа өөрсдийн аналитик ухаанаа хөгжүүлэх оюуны дасгалыг хийсээр байх аваас оюун ухаан хурц хэвээр үлдэнэ. Ингэж чадсан хүмүүсийн тамир тэнхээ муудсан ч, ухаан санаа нь саруул бөгөөд сэргэг хэвээр байдгийг би ажигласан. Гэр бүлийн дотор харин хайр энэрэл болон анхаарал халамж маш чухал” гэв.

Ухаан санаа нь доройтсон хөгшин хүнтэй хэрхэн харьцах вэ гэсэн асуултад Дээрхийн Гэгээнтэн:

“Надад энэ талаар туршлага байхгүй учраас би сайн мэдэхгүй ч, хайр энэрэл үзүүлэх нь юунаас ч чухал гэдэгт би итгэлтэй байна. Үг хэлгүйгээр ч та бүхэн хүнийг хайрлаж болно шүү дээ” хэмээн хариулав.

Тэрээр ой санамж хэрхэн мууддаг талаар ярихдаа, хүний нүүр царайг мартдаггүй хэрнээ нэрийг нь үл санах хандлага их байдаг. Гэвч утга агуулга бүхий нэр томьёог та хэзээ ч мартдаггүй. Нэрэнд утга үгүй учраас бид мартдаг байж болох бөгөөд утга агуулга бүхий нэр томьёог санахад хамаагүй амар байдаг хэмээн тэрээр өгүүлэв.

Оюунлаг байдлын тухай асуултаас үүдэн Дээрхийн Гэгээнтэн энэ нь амьдрал болон ертөнцийн утга учрыг хайх оролдлого уу, эсвэл бидэнд болон бусдад тустай үзэл бодол хийгээд үнэт зүйлсийн нэгдэл үү хэмээн тэрхүү нэр томьёог тодорхойлохыг оролдлоо. Оюунлаг байдал нь шашны сүсэг бишрэлтэй ч холбоотой байж, мөн түүнээс ангид ч байж болох учраас сүсэг бишрэлгүй хүмүүст тэрээр иргэний ёс суртахуунаас хэрэгтэй зүйлээ олж авахыг санал болгосон юм. Эс бөгөөс тэдгээр хүмүүс сэтгэлийн сөрөг хандлагынхаа нөлөөнд аватагдахдаа амархан байдаг. Өөрийн бие бялдрын эрүүл мэнддээ анхаарах нь ухаалаг явдал байдаг лугаа сэтгэлийнхээ сайн сайхны төлөө санаа тавих шаардлага бидэнд мөн буйг тэрээр онцлон хэлээд сэтгэлийн эрүүл ахуйн хөтөлбөрийг санал болгосон билээ.

Дараа нь нийгэмд хөгшин хүмүүсийн гүйцэтгэх үүрэг ролийн талаар хэлэлцүүлэг өрнөв. Өндөр настай хүмүүсийг хүүхдийн цэцэрлэгт ажиллуулдаг Стокхольмын хөтөлбөрийн жишээг Дээрхийн Гэгээнтэн дурьдлаа. Тэдгээр хүмүүс бага балчир хүүхдүүдийг арчилж, тэдэнтэй тоглон, үлгэр ярьж өгдөг байна. Ийм төрлийн үйл ажиллагааны аль аль талд нь харилцан үр өгөөж өгөх маш том боломж болох талаар тэрээр өгүүлэв. Настай хүмүүс хажууд нь байхад хүүхдүүд дуртай, харин тэдгээр хүмүүс хүүхдүүдээс шинэ эрч хүчийг авч байдаг. Дээрхийн Гэгээнтэн:

Лозанне их сургуулиас зохион байгуулсан “Амар амгалан оршихуй ба үхэхүй” сэдэвт бага хурал
"Амар амгалан оршихуй ба үхэхүй" сэдэвт бага хурлын индэр ба
оролцогсод. Швейцарь, Лозаннын их сургууль. 2013.04.15.
Фото/Мануэль Бауэр
“Би залуу хүмүүстэй ярихдаа өөрийгөө залуу мэт сэтгэдэг, харин хөгшин хүнтэй ярихдаа “Та бид хоёрын хэн нь эхэлж явах бол?” гэсэн бодол өөрийн эрхгүй төрдөг” хэмээн хошигнов.

Дээрхийн Гэгээнтэн шинжлэх ухааны эрдэмтэд, сурган хүмүүжүүлэгчид, нийгмийн ажилтнууд болон бусад хүмүүстэй хэлэлцүүлэг яриа өрнүүлж ирсний эцэст нийгмийн бүх гишүүдийн аз жаргалын үндэс суурийг бүрдүүлэх үнэт зүйлсийн тогтолцоог бий болгох шаардлага байна гэсэн дүгнэлтэд хүрч байна хэмээн айлдлаа. Энэхүү тогтолцоонд хүний оюун ухааны дасгалын арга техникийг тусгах боломжтой. Боловсрол бол өөрчлөлтийг эхлэх гарц мөн. Боловсрол бол хүн төрөлхтний хөгжлийн явцыг өөрчлөх бидний арга зам мөн. Наланда их сургуулийн зохиол бүтээлүүдэд хадгалагдан үлдсэн, оюун ухаан болон сэтгэл хөдлөлийн тухай эртний Энэтхэгийн эрдэм мэдлэг нь өнөөдөр энэ үйлст үнэтэй хувь нэмэр оруулна хэмээн тэрээр айлдсан юм.

Залуудаа оюун ухааны дасгал хийж байгаагүй ч, одоо өөрчлөгдөхийг хүсч байгаа настай хүмүүст арга зам зааж өгөхийг хүссэн хүсэлтэд, Дээрхийн Гэгээнтэн тийм үр дүнтэй арга буй гэдэгт эргэлзэж буйгаа илэрхийлээд, ийм төрлийн аргыг бага залуу насандаа өөртөө дадуулах шаардлагатайг онцлон тэмдэглэв.

Харилцан яриа, мэтгэлцээн дагуулсан аажуу тайван үдийн зоогийн дараа бага хурал дахин үргэлжиллээ. Ихэнх хүн эмнэлэгт үхдэг гэсэн статистик үзүүлэлтийн талаар дурьдахад Дээрхийн Гэгээнтэн , хэрвээ эмнэлэгт үхвэл амьдралаа аврахын төлөө таны хийсэн бүхий л оролдлого талаар өнгөрсөн гэсэн үг учраас харуусах ч утгагүй хэмээн хариулж, бага хуралд оролцогсдыг гайхшруулав. Нөгөө талаас, засварт оруулахаар авчирсан амьгүй машин бус, харин өвдөлтийг ч, асрамжийг ч мэдрэх хүмүүний бие гэдэг үүднээс нь өвчтөнтэйгээ эмч, сувилагч нар харьцах ёстой гэдэгтэй тэрээр мөн санал нэг буйгаа өгүүллээ.

Сайхан сэтгэлээр хэн нэгэнд хандах нь зүй ёсны үйлдэл мөн үү гэсэн асуултад тэрээр хариулахдаа:

“Тиймээ, бидний амьдрал эхийн хэвлийд үүсч, бидний биед эхийн гар хүрэх, эхийн хайр халамжийг хүртэх нь бидний эрүүл өсөн торниход зайлшгүй чухал байдаг. Энэ нь цаашид бидний сайхан сэтгэлтэй болон өсч хөгжихийн үндэс суурь болдог” хэмээв.

Лозанне их сургуулиас зохион байгуулсан “Амар амгалан оршихуй ба үхэхүй” сэдэвт бага хурал
"Амар амгалан оршихуй ба үхэхүй" бага хуралд Дээрхийн Гэгээнтэн
Далай Лам үг хэлж байгаа нь. Швейцарь, Лозаннын их сургууль,
2013.04.15. Фото/Мануэль Бауэр
Настай, эсвэл өвчтэй хүнд үхэхэд нь туслах ёстой эсэх тухайд тэрээр, тэдгээр хүмүүс яагаад үхэхийг хүсч байгааг бид тодруулах ёстой гэлээ. Зөв үйлдэл хийхийн тулд нигүүлсэл хийгээд саруул ухааныг бид хослуулж, асуудалд хандах ёстой. Алс хэтийн утгаараа энэ нь зөв байх аваас Бурхны шашинд хэн нэгний амьдралыг төгсгөл болгоход туслахыг зөвшөөрдөг ч, дахин хэлэхэд шийдвэр гаргахын тулд нигүүлсэл хийгээд саруул ухаанаар хандах шаардлагатай.

Үхэлтэй тулгарахын тулд өөрийгөө бэлтгэх явдал чухал уу, хэрвээ тийм бол хэрхэн үүнийг хийх вэ гэсэн асуултыг түүнд тавилаа.

“Үхэл бол амьдралын нэг хэсэг учраас үхэл хэзээ нэгэн цагт ирдэг. Хөгшрөлт, үхэл гэсэн үгнээс зайлсхийдэг хүмүүс үхэл ирэх үед барьц алддаг. Бясалгалын зарим дадлынхаа дунд бид үхлийн үйл явцыг болон эд эсүүд уусан задрахыг төсөөлөн боддог учраас бодит байдал дээр үхэл ирэхэд бид бэлтгэгдсэн байдаг байж магадгүй юм. Эргэн төрснөөр амьдрал үргэлжилдэг гэж итгэдэг хүмүүсийн хувьд үхэл бол өөрийн биеийг солихын төдий асуудал билээ. Хэрвээ таны амьдрал утга төгөлдөр байсан бол үхэл ирэх цагт харуусаж гашуудах шаардлага гарахгүй.”

“Үүнийг хэрхэн дадуулах нь хувь хүний чадавхиас хамаарна. Нэг арга нь зүүдээ ойлгож сурах явдал юм. Хэрвээ та зүүдэлж байгаагаа мэдэрч, түүнийг хянах дадлыг хэвшүүлж чадвал үхлийн үед биеийн эд эсүүд уусан алга болох үйл явцыг мэдэрч чадна.”

Үхэлтэй холбоотой зан үйлийн талаархи асуултад энд зан үйл чухал эсэхэд эргэлзэж буйгаа тэрээр шулуухан илэрхийлэв. Хэрвээ зан үйлийн талаар ойлголттой, туршлагатай хүн тэрхүү үйлийг үйлдвэл энэ нь зарим нэг талаар утгатай байж болох бөгөөд эс бөгөөс ямар нэг тусыг үзүүлнэ гэдэгт эргэлздэг гэлээ.

Лозанне их сургуулиас зохион байгуулсан “Амар амгалан оршихуй ба үхэхүй” сэдэвт бага хурал
"Амар амгалан оршихуй ба үхэхүй" бага хурлын дараа Дээрхийн Гэгээнтэн
бага хурлын төлөөлөгчдийн хамт. Швейцарь, Лозаннын их сургууль.
2013.04.15. Фото/Мануэль Бауэр
Үхлийн үйл явцыг сургуулилах бясалгалын тухай ярианд эргэн орохдоо тэрээр “Үүнийг өдөрт дөрвөөс таван удаа хийдэг” хэмээн өгүүлсэн юм. Үүнтэй уялдуулан Далай лам үхлийн дараа ч бясалгалын байдалд байсаар байдаг бясалгагчдын талаар ярилаа. Тархины үйл ажиллагаа болон зүрхний цохилт зогссон ч, бие хэдэн хоногийн турш муудахгүй байх тохиолдол байдаг. Сүүлийн 50 жилийн хугацаанд ийм 30-40 тохиолдлыг, тухайлбал түүний багш таалал төгссөнийхөө дараа 13 хоногийн турш ийм бясалгалд байсныг тэрээр мэдэх ажээ. Шинжлэх ухаан энэ үзэгдлийн талаар одоогоор тайлбарлаж чадахгүй байгаа ч, Буддизмд үүнийг ухамсрын арай нарийн түвшинтэй холбон тайлбарладаг. Хэдийгээр зүрх, цусны эргэлт, тархины үйл ажиллагаа зогссон ч, нарийн ухамсар биеэс гараагүй тохиолдолд үхэл болдоггүй, бие махбодь задардаггүй байна.

Бага хурлын төгсгөлд ректор Дээрхийн Гэгээнтэнд хандан, бүхэнд ойлгомжтой тайлбарласанд нь, бусдыг ойлгосонд нь, гайхалтай алиа хошин занд нь талархсанаа илэрхийлэв. Мөн Дээрхийн Гэгээнтэн морилон ирсэн нь тус их сургуудийн хувьд нэр төрийн хэрэг байлаа хэмээн хэллээ. Тэрээр энэхүү арга хэмжээг амжилттай зохион байгуулахад хувь нэмрээ оруулж, уйгагүй ажиллаж, дэмжиж тусалсан их сургуулийн хамт олон болон Төвдийн нийгэмлэгийн гишүүдэд талархлаа илэрхийлэв.
21-04-2013, 20:36
Вернуться назад