АНУ, Висконсин, Мэдисон, 2013 оны 5 дугаар сарын 14 – Рочестерт эмч нар түүний биеийн байдлыг эрүүл хэмээн баталсны дараа Дээрхийн Гэгээнтэн өчигдөр Висконсин мужийн Мэдисон хотын ойролцоо орших, гэвш Лхүндүв Сопагийн үндэслэсэн “Deer Park” (Буга гөрөөсний цэцэрлэг) Буддын шашны төвд морилон ирэхэд түүнийг Төвдийн уламжлал ёсоор угтан авлаа.
Мэдисонд ес дэх удаагаа заларч буй Далай ламаас гэвш Сопа болон тус төвийнхөн олон нийтэд хандан ном айлдахыг хүссэн байна. Иймээс түүнийг Мэдисоны Аллиант Энержи төвд өнөө өглөө морилон ирэхэд бүх суудал эзэнтэй болж, нийт 3500 хүн түүний айлдварыг сонсохоор хүрэлцэн ирсэн байв. Зорба Пастер Дээрхийн Гэгээнтнийг танхимд цугларсан олонд танилцуулсны дээр энэхүү уулзалтыг санаачлан дэмжсэн гэвш Сопа болон энэхүү уулзалтыг зохион байгуулахад хувь нэмрээ оруулсан бүх хүмүүст талархлаа илэрхийлэв.

Дээрхийн Гэгээнтэн Далай лам Висконсин муж, Мэдисон хотын
Аллиант Энержи төвд цугларсан олонтой мэндчилж байгаа нь.
2013 .5.14. Фото/Жереми Рассел/ДЛО
“Гэвш Сопагийн тухайд гэвэл тэрээр 1959 онд намайг гэвшийн дамжаа барих үед надтай мэтгэлцэхээр сонгогдсон хүмүүсийн нэг байсан юм. Тэр Бурханы мөн чанарыг Майдарын Уттаратантрад хэрхэн тайлбарласан тухай сэдвийг сонгосон байсан. Би тэр үед маш их сандарч байсан учраас энэ бүхнийг тод санаж байна. Тэр одоо 90 настай, тамир тэнхээ доройтсон хэдий ч бүх л амьдралаа дээдийн ном хийгээд Төвдийн үйл хэрэгт зориулсан учраас түүнд харамсах зүйл үгүй буй заа.”
Бурханы номын тухай түүний тайлбарыг сонсохоор ийм олон хүн ирснийг харахад таатай буйгаа Дээрхийн Гэгээнтэн илэрхийлээд, эн тэргүүнд удиртгал болгон хэдэн үг хэлэхийг хүссэн юм. Хүн төрөлхтөн 4000-5000 жилийн өмнөөс шашны сэтгэлгээг хөгжүүлсээр ирснийг тэрээр тэмдэглэн хэллээ. Газар нутаг, амьдралын хэв маягийн ялгаа болон гүн ухааны үзлийн зөрүүнээс шалтгаалан төрөл бүрийн (шашны) уламжлал бий болсон.
Энэтхэгийн Амритсар хотноо болсон шашин хоорондын уулзалт дээр суфи уламжлалын нэгэн эрдэмтэн бүх шашнууд гурван үндсэн асуудлыг л авч үздэг тухай илтгэж байсныг Далай Лам дурслаа. Нэг дэх асуудал нь Би хэн бэ? буюу Би гэж гэж юу вэ? Үүнд Буддизмаас бусад бүх шашин зүрх сэтгэлд итгэдэг итгэлээр хариулдаг боловч тэдний зарим нь ингэж үзэхийн зэрэгцээ мөн учир шалтгаанд итгэдэг, бидний энэ амьдралд юу тохиолдох нь бидний юу үйлдсэнээс хамаатай хэмээн үздэг байна.
Буддизмд бүтээгчийн тухай номлол үгүй бөгөөд “би “-г бие, сэтгэл дээр тохоон зүүсэн тодорхойлолт гэж үздэг. “Би” гэсэн үзлээс бидэнд янз бүрийн асуудал үүсдэг бөгөөд хэдийгээр “би” өөрөө бие даасан ямар ч шинжийг агуулдаггүй ч, сэтгэл-бие махбодийн таван нэгдэл дээр тогтдог хэмээн Бурхан багш хэлсэн байдаг. Тэгэхээр хувь хүн гэж байдаггүй гэсэн үг үү гэж зарим нь асуудаг ч Бурхан багш айлдахдаа, жишээ нь тэрэг эд ангиас бүтдэг лугаа хүн бол нэгдэл цогцоос хамаардаг, гэхдээ энэ нь бие, хэл, сэтгэлийн нэгдлээр тодорхойлогдоно гэсэн байна.

Висконсин, Мэдисоны Аллиант Энержи төвд Дээрхийн Гэгээнтэн
ном айлдаж байгаа нь. 2013.5.14. Фотo/Шэйрав Лхацанг
“Таныг би эхэлж нүдээрээ хараад, дараа нь ‘Энэ бол миний анд’ хэмээн таних болно. Дараа нь би нүдээ анихад таны дүр төрх оюун ухааны ухамсрын түвшинд хадгалагдан үлддэг. Ухамсрын энэ түвшинд саруул ухаан хийгээд нигүүлсэхүйн сэтгэл бий болдог. Биднийг зүүдэлж байх үед мэдрэхүйн ухамсар идэвхгүй болж, илүү гүн нойрны үед ухамсрын өөр түвшин оршиж байдаг. Тиймээс ухамсрын янз бүрийн түвшин байдаг” хэмээв.
“Орчин үед эрдэмтэд клиник үхэл болсон ч 1,2,3 долоо хоногийн турш нас барсан хүний цогцос мууддагггүй тохиолдлыг сонирхох болсон. Үүнийг Буддизмд биед маш нарийн ухамсар оршсоор байгаагаар тайлбарладаг бөгөөд тэр ухамсар гарч одсон тохиолдолд л ялзрал үхжилт эхэлдэг байна. Сүүлийн 50 жилд ийм 30 тохиолдол гарсныг бид мэдэх бөгөөд энэ бол бидний цаашид судлах шаардлагатай зүйл яах аргагүй мөн.”
Дараагийн хоёр асуудлын тухайд, “би”-д эхлэл, төгсгөл бий юу гэдэгт шашнууд анхаарлаа хандуулдаг ба Буддист онолоор үүнд эхлэл ч, төгсгөл ч үгүй. Дээрхийн Гэгээнтэн инээмсэглээд:
“Би Буддист учраас энэ бол надад логик учир зүйтэй мэт санагдаж байна. Гэхдээ би Баруунд яриа хийхдээ хэзээ ч буддизмын үзлийг тулгадаггүй . Янз бүрийн шашны хүмүүс төрсөн цагаасаа итгэж ирсэн сүсэг бишрэлээ өөрчлөлгүй, харин бие биенээсээ суралцах боломжтой гэдэгт би итгэдэг. Жишээ нь, 70-80-аад оны үед бид солилцооны хөтөлбөрийг Христийн лам нартай амжилттай хэрэгжүүлж байсан.”
“Гэхдээ Буддизмыг ач тустай, сонирхолтой гэж үзээд, Буддизмыг шүтэн бишрэх нь зүйтэй хэмээн шийдэх хувь хүмүүс байхыг үгүйсгэхгүй бөгөөд энэ нь ердийн зүйл боловч, өөрийн гэр бүлийн шашинд хүндэтгэлтэй хандах нь маш чухал юм.”

Дээрхийн Гэгээнтэн Далай ламын ном айлдаж буй Аллиант
Энержи төв. Висконсин муж, Мэдисон.2013.5.14.
Фото/Шераб Лхацанг
Дээрхийн Гэгээнтэн шүлгүүдийг шаардлагатай тайлбарын хамт уншин, дүгнэж хэлэхдээ:
“Зохиол нилээд богино боловч сайтар тунгаан бодох аваас туйлын ач тустай билээ. Би эдгээрийг 1953 онд цээжилсэн бөгөөд чөлөөт цаг гарангуут цээжээр уншиж, тунгаан боддог. Ялангуяа оюун ухааны дасгалын “Найман Мөрт” нь маш ач тустай эд билээ. Эдгээр мөртийг тунгаан бодох нь “Ум маани бадмэ хум”-ыг уншихаас ил үр өгөөжтэй гэж би үздэг ч, мэдээж би мааниа бас уншдаг.”
Дээрхийн Гэгээнтэн цугларсан олныг удирдан, лам гурван эрдэнэд аврал одуулах богино уншлагыг уншуулаад, бодийн сэтгэл үүсгэсэн байна. Өдрийн зоог барихаар завсарлах үед Висконсин мужийн захирагч Скотт Уолкер Дээрхийн Гэгээнтэнд бараалхав. Дараа нь Миннесота болон Висконсинд голдуу амьдардаг төвд иргэдийн цуглаан дээр Далай лам үг айлдлаа.

Төвдийн нийгэмлэгтэй хийсэн уулзалтын үеэр үндэсний
хувцастай залуу төвдүүд Дээрхийн Гэгээнтний үгийг
соснсож байгаа нь. Висконсин, Мэдисон. 2013.5.14. 2013.
Фото/Жереми Рассел/ДЛО
Дээрхийн Гэгээнтэн саад тотгорыг үүсгэж байгаа Дольгял буюу Шүгдэнгийн асуудлыг хөндөж мөн ярилаа. Хэрвээ хэн нэгэн Шүгдэнд аврал одуулах аваас тэр нь Гурван Эрдэнэд аврал одуулахад саад тотгор болохоос гадна Төвдийн Буддизмын төрөл бүрийн урсгалын эв зохицолд ч аюул учруулах болно. Шашны бусад уламжлалыг бахархах бахархал бол тал бүр цацарсан эрдэнийн чулууны гялбаа лугаа байх ёстой хэмээн Банчин ринбүчигийн айлдсанаас тэрээр эш татав.
Висконсин мужийн Хууль тогтоох байгууллагад үг хэлэхээр уригдан залагдсан Дээрхийн Гэгээнтнийг 1979 онд анх АНУ-д айлчлах хөтөлбөртөө Мэдисоныг оруулсан, Барууны ертөнцөд тавьсан анхны Дүйнхэрийн ванг 1981 онд энд тавьсан, 1989 онд Нобелийн шагнал хүртэх болсон мэдээг энд анх хүлээн авсан нэгэн хэмээн танилцууллаа. Тэрээр ассамблейн гишүүдэд хандан:

Дээрхийн Гэгээнтэн Далай лам Висконсин мужийн Хууль
тогтоох байгууллагад зочлох үед. Висконсин, Мэдисон.
2013.5.14. Фото/Жереми Рассел/ДЛО
“Миний өөртөө хүлээсэн үүрэг хариуцлагын нэг нь хүний аз жаргалын тусын тулд хүний үнэт зүйлийг хөгжүүлэх явдал бөгөөд хоёр дахь үүргээ шашин хоорондын эв зохицлыг хөгжүүлэх явдал гэж үздэг. Би төвд хүн учраас гуравдахь үүрэг маань Төвдтэй холбоотой. Урьд нь би төр, шашны эрхийг барьж байсан бол одоо Төвдийн буддист соёл, энх тайван ба хүч үл хэрэглэх соёлыг хамгаалах талаар санаа тавих болсон. Энэ бүхэн бол миний хийхийг оролдож байгаа зүйл маань билээ. Та бүхэнд баярлалаа” гэснээр Дээрхийн Гэгээнтэн яриагаа өндөрлөлөө.
Маргааш Далай лам “Оюун ухаанаа өөрчил, Дэлхийг өөрчил” сэдэвт ярилцлагад оролцоно.