Dalailama / Дарвин, Палмэрстонд хэвлэл мэдээллийнхэнтэй уулзаж, олон нийтэд яриа хийв

Дарвин, Палмэрстонд хэвлэл мэдээллийнхэнтэй уулзаж, олон нийтэд яриа хийв

2013 оны 6 дугаар сарын 22

Австрали, Дарвин, 2013.06.22 – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам нисэх буудал руу хөдлөх үед бороотой бүрхэг байсан ч нисэх буудал дээр түүнийг үдэж сайныг ерөөхөөр олон хүн халуун дулаан сэтгэлээр цугласан байлаа. Дарвин хот руу чиглэх нислэгийн хөлөгийн ахлагч, Аяарс Рок нэрээрээ алдартай Улуру дээгүүр нисэх зөвшөөрөл авснаа илтгэв. Энэ нь ЮНЕСКО-гийн соёлын өв болгон бүртгэгдсэн бөгөөд нутгийн уугуул иргэдийн ариун дагшин газар юм.

Дарвины буудлаас Палмерстон хот руу хэвлэл мэдээллийнхэнтэй уулзаж олон нийтэд яриа хийхээр хөдлөв.
Тэрээр хэвлэлийнхэнд хандан:
“Энд анх удаагаа зочилж байгаадаа их баяртай байна. Би очсон газар бүртээ хүн төрөлхтөн бид нэгэн бүл болох талаар байнга ярьдаг. Энэ ч утгаараа миний эхний зорилго хүний аз жаргалтай амьдралд хувь нэмэр оруулдаг хүний үнэ цэнийг дэлгэрүүлэх билээ. Хоёр дах зорилго маань Буддист шашинт лам хүний хувьд шашин хоорондын эв нэгдлийг бэхжүүлэхэд оршино. Бүхий л томоохон шашны уламжлалууд нь хүнд хайр энэрэлийг түгээж, уур хилэн, шуналыг дарж, тэвчээр хатуужил, дэг журмыг хүргэхийг зорьдог. Энэтхэг орон үүний үлгэр дууриал болж олон шашин мөр зэрэгцэн эвтэй найртай зэрэгцэн оршиж байна.”

Дарвин, Палмэрстонд хэвлэл мэдээллийнхэнтэй уулзаж, олон нийтэд яриа хийв
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хэвлэлийнхэнтэй уулзах үеэр
пигми матарт нэр хайрлахыг хүслээ. Австрали, Палмэрстон,
2013.06.22. Зургийг Жереми Расселл ДЛО
Орон нутгийн нэгэн хүн пигми матар гартаа барин гарч ирж түүнийг саяхан олсон болохоо хэлээд матарт нэр хайрлахыг хүсэв. Дээрхийн Гэгээнтэн хэсэг бодолхийлсны дараа Таши хэмээх нэр хайрлав.

Дээрхийн Гэгээнтэн өнөөгийн нийгэмд шинэ мэдээ мэдээлэл хүргэдэг хэвлэл мэдээллийнхэний ажлын чухлыг дурьдаад тэдгээр нь заан адил урт хошуутай байж хойно урдаа юу болж байгааг өргөн хүрээтэй харахыг зөвлөөд шударга тэнцвэртэй мэдээлэгч нар байхыг хүслээ.

Эхний асуулт Австрали улс таалагдаж байгаа эсэх талаар асуув. Дээрхийн Гэгээнтэнд энд долоон удаа ирсэн. Амьдралын түвшин сайн, цөөн хүн амтай, газар нутаг томтой сайхан орон. Австраличууд зөвхөн эрэг дагаж амьдрахгүйгээр газар нутгийнхаа төв рүү хот суурин байгуулвал зүгээр юм даа гэж онгоцонд бодоод явж байлаа хэмээн хариулав.
Цагаачлагчид, улс төрийн орогнол хүсэгчдийн талаар асуухад үүнийг та нар өөрсдөө шийдэх хэрэг хэмээв.

Палмерстон хотын амбан захирагч хамба лам Иан, Дээрхийн Гэгээнтнийг дагалдан гимназид зочлов. Тэнд “Сайн сайхан аж төрөхүй” сэдэвт олон нийтийн яриа хийх юм. Орон нутгийн уугуул иргэдийн төлөөлөгч Дээрхийн Гэгээнтнийг урин залж “Өнгөрсөн, одоо, ирээдүйн өвөг дээдсийн сүр сүлд ивээг” хэмээгээд урт наслахыг ерөөв.

Хотын захирагч уулзалтыг нээж үг хэлсний дараа Дээрхийн Гэгээнтэн:

Дарвин, Палмэрстонд хэвлэл мэдээллийнхэнтэй уулзаж, олон нийтэд яриа хийв
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам “Сайн сайхан аж төрөхүй”
сэдэвт яриа хийв. Австрали, Палмэрстон, 2013.06.22.
Зургийг Жереми Расселл (ДЛО)
“Эрхэм хотын захирагч болон ах дүү нар минь, ийм сайхан хүн зонтой, энэ хотод анх удаагаа зочилж байна. Энд та бүхэнтэй хамт байгаадаа туйлын баяртай байна. Нислэгийн үеэр Улуруг би үзлээ. Урьд өмнө зөвхөн зургийг нь л харж байсан бол одоо жинхэнээр нь харлаа. Энэ газар та бүхний ариун дагшин газар. Дараагийн удаа тэнд зочлон мөргөхийг хүсч байна.”

Би бүхий л хүмүүстэй ах дүү нар минь хэмээн мэндчилдэг. Учир нь бид хүн төрөлхтний нэгэн бүл. Бие бялдар, оюун ухаан, сэтгэл хөдлөлийн хувьд адилхан. Бид нэгэн бүл хэмээн бодож бусдын эрхийг хүндэтгэх аваас дайн байлдаан худал хуурмаг арилна. Магадгүй бидний үс, нүд өнгөөрөө ялгаатай ч адилхан хүмүүн бөгөөд бүгдээрээ адилхан аз жаргалтай амьдрахыг хүсдэг. Тэгэх ч эрхтэй.

Шашин хоорондын эв нэгдлийн талаар асуухад Дээрхийн Гэгээнтэн, бүхий л томоохон шашнууд хайр энэрэл, тэсвэр тэвчээр хатуужлийг хүнд хүргэдэг. Янз бүрийн л шашинтай хүмүүс бусдын сайн сайхны төлөө өөрийгээ зориулдаг. Тэдний арга хэлбэр нь өөр байдаг ч зорилго нь адилхан байдаг.

“Би олон нийттэй яриа хийхдээ эхийн элбэрэл хайрыг байнга дурьддаг. Бид бүгд эхээс төрж эхийн элбэрэл хайраар хүн болж өсч бойждог. Энэ бага балчир үедээ авсан хайр элбэрэл маань хожмоо бусдад өгөх хайр элбэрэл болдог. Эрдэмтэдийн судалгаагаар хоёр төстэй амьтан бэртэхэд тэдний аль сүргээрээ амьдардаг нь ганцаараа байдаг амьтнаас илүү түргэн эдгэдэг болох нь нотлогдсон байдаг.

Дарвин, Палмэрстонд хэвлэл мэдээллийнхэнтэй уулзаж, олон нийтэд яриа хийв
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам, Палмэрстон хотын хамба лам Иан,
орчуулагч Тэнзэн Цэпагийн хамт олон нийтэд хийсэн ярианы үеэр.
Австрали, Палмэрстон, 2013.06.22. Зургийг Рюсти Стюарт
“Эрдэмтэд өгөөмөр нинжин сэтгэлийг дадалжуулан түүний үр дүнг хэмжих судалгаа хийсэн байдаг. Гурван долоо хоногийн турш 30мин – 1 цагийн турш дадалжуулсан. Туршилтанд орохын өмнө тэдний даралт, стрессийн түвшинг тогтоосон. Сургалтын дараа дахин хэмжилт хийхэд тэдний даралт болон стресс багасч нийгмийн харилцаа нь идэвхжин илүү аз жаргалтай болсон үзүүлэлт гарсан. Тиймээс шашин шүтдэг, эс шүтдэгээс үл хамааран өгөөмөр нинжин сэтгэл нь аз жаргалтай амьдрахад тустай.”

Сургуулийн хүүхдүүд асуулт тавих ээлж болоход нэгэн охин танийг хэрхэн Далай Ламаар сонгосон юм бэ хэмээв. Тэрээр Буддизм, мөн Энэтхэгийн зарим шашин хойд нас бий гэж итгэдэг. Төвдөд ч хаана хэзээ төрөхөө сонгож болдог гэж үздэг. Анх 900гаад жилийн өмнө нэгэн их Бандида би ийм газар ийм айлд төрнө гэдгээ тодорхойлон хэлсэн байдаг.

“500гаад жилийн өмнө Далай Ламын хойд дүрээр нэгэн хүүг тодруулсан. Түүнээс хойш Далай Ламыг нас барах бүрт түүний хойд дүрийг тодруулсаар ирсэн. XIII-р Далай Ламыг нас барсны дараа Төвдийн зүүн бүсэд төрнө гэсэн тэмдэг илэрсэн. Тэгээд түүнийг хайсаар явж манайд зочилсон.

“Гурван хүнийг сонгосны нэг нь нас барж үлдсэн хоёроос нь би шалгалтанд давсан. Ээж маань ярихдаа хайж ирсэн тэдгээр лам нарыг таниж нэрийг нь хэлж байсан гэдэг. Тэгээд XIII-р Далай Ламын хэрэглэж байсан юмсыг өөр юмстай зэрэгцүүлэн тавьснаас эрхийг нь зөв таниж авч тарни уншаад өөрийнхөө хүзүүнд зүүсэн гэдэг.”

Дарвин, Палмэрстонд хэвлэл мэдээллийнхэнтэй уулзаж, олон нийтэд яриа хийв
Дээрхийн Гэгээнтэн ярилцлагын үеэр асуулт асуусан хүүхдэд
баяр хүргэж байгаа нь. Австрали, Палмэрстон, 2013.06.22.
Зургийг Рюсти Стюарт
Өөр нэгэн хүн гэгээрэлд хүрэх зам мөр маш хэцүү. Гэтэл яаж аз жаргалд хүрэх вэ хэмээхэд Дээрхийн Гэгээнтэн аливаа шашныг ёсчлон дагах нь амаргүй.

“Гэвч наад зах нь сайхан сэтгэлтэй бол их тустай. Найз нөхөдтэй байхаас гадна үр хүүхдүүд нь сайн хүн болж өсч улмаар аз жаргалтай нийгэм, аз жаргалтай амьдралыг цогцлооно.”

Төвдөд очсон нэгэн хүн Дээрхийн Гэгээнтнээс өөрийн нутаг ус, ард түмнээсээ хол яаж аз жаргалтай байх юм бэ хэмээн асуухад би өөрийгээ дэлхийн иргэн, дэлхий миний гэр орон гэж үздэг. Өгөөмөр нинжин сэтгэл аз жаргалтай байхын түлхүүр бөгөөд харийн хүмүүсийн дунд байхад ч инээмсэглэх хүч минь болдог.

Эцэст нь, та ер нь уйлж байв уу хэмээхэд:

“Өө, би их уйлж байсан. Бага байхдаа уйлдаг байсан. Заримдаа гунигтай үе тохиоход уйлдаг. Заримдаа энэрэн нигүүлсэхүйн агуу их үнэ цэнийг бодох үед хүмүүсийн дунд байхдаа ч уйлах тохиол гарч байсан.”

“Өөр нэг хачирхалтай зүйл бол бид баярлахаараа, гуниглахаараа эсвэл инээхээрээ нулимс гардаг. Бие махбодийн зүгээс үзэхэд нулимс адилхан. Харин оюун санааны түвшинд үзэхэд өөр. Үүнийг би гайхдаг. Баярлалаа.”
29-06-2013, 05:30
Вернуться назад