Австрали, Дарвин –Дээрхийн Гэгээнтний ном айлдахыг сонсохоор 3000 хүн тэвчээртэй хүлээж байсан Дарвины хурлын танхим руу морилохын өмнө Дээрхийн Гэгээнтэн ITV телевизийн сэтгүүлч Карла Грантад ярилцлага өгсөн юм.
Абориген хүмүүсийн талаархи сэтгэгдлээ хэлэхийг хүссэн сэтгүүлч эмэгтэйн эхний асуултад Дээрхийн Гэгээнтэн хариулахдаа, Нутгийн уугуул иргэд өөрсдийн орчин цагийн нийгмээ бүтээн цогцлоохын тулд хэл соёлоо авч үлдэх шаардлагатайн зэрэгцээ өөртөө итгэлтэй байж, боловсрол, дадлага туршлага дээр суурилан нөр хичээнгүй хөдөлмөрлөх ёстой хэмээлээ. Тэд өөрсдийн унаган нэрээ хэрэглэж байхын чухлыг тэрээр мөн онцлов.
Ерөнхий сайд байхдаа Кевин Раддын нутгийн уугуул иргэдээс уучлал хүссэн асуудлыг Дээрхийн Гэгээнтэн хэрхэн тунгааж байгаа талаар сэтгүүлч сонирхон асуулаа. Тэрээр ерөнхий сайдад түүнийг дэмжиж, бас бахархаж буйгаа илэрхийлсэн захидал илгээж байсан хэмээн хариулав. Улуругийн тухай асуултад Дээрхийн Гэгээнтэн хариулахдаа, Эл газар олон хүний хувьд тус орны сүсэг бишрэлийн зүрх нь болсон газар гэдгийг мэдэж байсан, өчигдөрхөн онгоцны цонхоор харахад гайхалтай сайхан харагдаж байсан, хэзээ нэгэн цагт очих тавилан тохионо гэдэгт найдаж буй хэмээсэн юм.
Жинхэнэ Далай лам мөн эсэхдээ эргэлзэж байсан удаа бий эсэх талаархи дараагийн асуултад Дээрхийн Гэгээнтэн,
“Би Далай лам, тиймээс одоо энэ талаар эргэлзэж мэтгэлцэх нь утгагүй мэт санагдаж байна. Харин энэ нөхцөл байдлыг аль болох үр ашигтайгаар ашиглах нь зүйтэй” хэмээн итгэл төгс хариулсан билээ.

ITV телевизийн сэтгүүлч Карла Грант Дээрхийн Гэгээнтнээс
ярилцлага авч байгаа нь. Австрали, Дарвин. 2013.6.23.
Фото/Жереми Рассел/ДЛО
“Норовлинг орхиод Че-лад ирэх үедээ Лхасын зүг, Поталагийн зүг эргэн хараад би ‘Баяртай” гэж хэлж байсан. Хожим нь би үхэж болох байсан, тэгснээр ямар ч ашиг гарахгүй байсан гэдгийг ойлгосон. Тиймээс бид зугтаж, амьд үлдсэн” хэмээв.
Австралид 200 жилийн турш ноёрхсон Европын колоничлолыг Төвдийг 60 гаруй жил эзэгнэсэн Хятадын түрэмгийлэлтэй харьцуулахыг Дээрхийн Гэгээнтнээс хатагтай Грант хүслээ. Нөхцөл байдал төстэй ч, яг адил бус хэмээн тэрээр хариулав. Нэгдүгээрт, Хятад Төвд хоёр орон бие биенээ өнө эртнээс мэддэг байсан. Өнгөрсөн түүхийн явцад Хятадын хаад Төвдийн буддист лам нараас шашны ном хүртэж байсан. Тэрээр Хятадын шинэ удирдлагыг харьцангуй нээлттэй байж магадгүй талаар хэлсэн хэд хэдэн хятад нөхдийн үгнээс эш татсан юм. Шинэ удирдлага Дэн Сяопиний: ‘Бодит нөхцлөөс үнэнийг хай’ гэсэн гайхалтай үгэнд анхаарлаа хандуулна гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв. Тэрээр өмнө нь ч Хятад дахь цензурын талаар шүүмжилдэг байсан бөгөөд энэ удаа “Цензур бол бодит байдлаас үнэнийг хайхын эсрэг зүйл ба жинхэнэдээ цензур бол өөрөө өөрийгөө устгах нягууртай” хэмээн тэмдэглэн хэллээ.
“Өнөөдөр би Хутагтын дөрвөн үнэний талаар ярих гэж байна” хэмээн Дээрхийн Гэгээнтэн Дарвины хурлын танхимын индэрт залрах үедээ айлдлаа. “Пали, санскрит, мөн тарнийн ёсны уламжлалын алинд ч байдаг тарни уншлага байдаг:
Ye dharma hetuprabhava
hetum tesham tathagata
hyavadat tesham cha yo nirodha
evam vadi mahashramana
Учир шалтгааны улмаас үүсэх үзэгдлийн
Учир шалтгааны тухай Татхагата номлосон
Харин хэрхэн тэдгээрийг арилгаж болох тухай нь
Агуу мэргэний сургааль буюу.
“Эхний хоёр мөр нь хувьсан өөрчлөгдөж болох нүдэнд ил бүхий л юмс үзэгдэлтэй холбоотой. Тэдгээрийн илэрхий өөрчлөлт нь агшин зуурын өөрчлөлтийг өөртөө агуулж байдаг, учир нь агшин зуурын өөрчлөлтгүйгээр илэрхий өөрчлөлт үл явагдана. Юмс байнга өөрчлөгдөж байдаг, үүнийг бид харьцангуй үнэн хэмээн нэрлэдэг бөгөөд энэ нь зовлонгийн тухай үнэний эхний томьёолол мөн. Бидний бие махбодь өвчин зовлонгийн үндэс болдог ба тэрхүү өвчин зовлон нь учир шалтгааны улмаас үүсдэг. Бурхан багшийн сургасан шүтэн барилдлагын 12 гишүүнээс хамгийн үндсэн шалтгаан бол мунхгийн харанхуй юм. Мунхгийн харанхуй нь зовлонгийн гол шалтгаан болдог учраас түүний мөн чанар нь зовлон билээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай лам Хутагтын дөрвөн үнэний
сургаалиа айлдаж байгаа нь. Австрали, Дарвин. 2013.6.23.
Фотo/Жереми Рассел/ДЛО
“‘Би Энэтхэг рүүгээ буцлаа,’ хэмээн хэлэх үедээ би бодит байдлыг өөртөө сануулахгүй бол ‘Би’ бие, сэтгэлээс ангид байгаа мэт санагдана. Тэр нь Энэтхэг рүү буцах гэж байгаа, бие сэтгэлийн эзэн байна. Харин хэн нэгэн таныг ямар нэг зүйлд буруутгахад ‘Би үүнийг хийгээгүй шүү дээ’ гэж та бодохоос ‘бие, сэтгэл үүнийг хийгээгүй шүү дээ’ гэж боддоггүй бөгөөд харин ‘Би’-г та хайсан ч олж үл чадна.”
Ийнхүү одоо бол өнгөрсөн ба ирээдүйн суурин дээр орших боловч түүнийг бид олж үл чадна гэдгийг Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэллээ. Түүнчлэн одоо нь агшин зуурт өөрчлөгдөж байдаг. Харин тунгаан нягтлах бясалгалаар л юмсын үзэгдэх байдал хийгээд бодит байдлын хооронд асар их ялгаа зааг байдгийг олж харна гэдгийг тэрээр өгүүлэв.
“Та бүхнийг харах үед би хэдэн мянган хүмүүний төрлийг олж харж байгаа бөгөөд хүн бүр бие даасан мэт харагдаж байгаа боловч эцсийн дүндээ юу ч бие даан оршдоггүйг дараа нь би эргэн санадаг. Ийнхүү бодит байдал харагдаж буй шигээ бус гэдгийг харж эхэлнэ.”
Оюун ухааны мөн чанар цэвэр байдаг тул оюун ухааны илүү нарийн түвшинд, түүнийг гүнзгий ойлгосны үндсэн дээр мунхгийг хийгээд сэтгэлийн сөрөг хандлагыг устгах боломжтой. Оюун ухаан өөрөө мунхаг харанхуй байвал саруул ухаанаар хийх ёстой зүйлийг дадуулж үл чадна. Зовлон хийгээд зовлонгийн шалтгааныг арилгах боломжтой тухай Бурхан багш номлосон байдаг. Тэдгээр шалтгаан нь мунхгийн улмаас үүсдэг бөгөөд энэ тохиолдолд мунхаг нь бодит бус зүйлтэй зууралдсан эндүү ташаа төөрөгдөл билээ.
Хутагтын дөрвөн үнэний тухай хоёр дахь тайлбартаа Бурхан багш тэдгээрийн мөн чанарын талаар номложээ. Тэрээр айлдахдаа: зовлонг тань; шалтгааныг арилга; зовлонгоос ангижирч, (зөв) зам мөрийг төлөвшүүл хэмээсэн байна. Гурав дахь тайлбартаа тэрээр айлдахдаа, нэгэнт та зовлонг таньсан бол цаашид таньж мэдэхгүй зүйл үл үлдэнэ; нэгэнт та зовлонгийн шалтгааныг арилган давсан бол, өөр давах бэрхшээл үгүй болно; нэгэнт та зовлонгоос ангижирсан бол өөр зорих зүйл үгүй бөгөөд нэгэнт та зам мөрөө олсон бол өөр аялах зам үгүй билээ гэжээ. Хутагтын дөрвөн үнэнийг номлохын хамт тэрээр хэрхэн түүнийг хэрэгжүүлэх, ямар үр дүнд хүрэхийг сургасан юм.

Далай ламын айлдварыг 3000 гаруй хүн сонсож байгаа нь. Австрали,
Дарвины хурлын төв. 2013.6.23. Фото/Жереми Рассел/ДЛО
Танхимаас асуулт тавьсан хүмүүс бүх нийтийн сайн сайхны төлөө тэдний хийж чадах ганц зүйлийг нэрлэхийг хүсэхэд Дээрхийн Гэгээнтэн тэдэнд сайхан сэтгэл, энэрэнгүй үзлийг төлөвшүүлэхийг зөвлөсөн юм. Настай хүмүүсийг үүрэгтэй байлгах талаар зөвөлгөө өгөхийг хүсэхэд тэтгэвэрт гарсан хүмүүсийг сургуульд аваачиж, хүүхдүүдэд зөвөлгөө өгөх, тэднийг асрах ажил хийлгэсэн нь настайчууд хүүхдүүдэд харилцан ашигтай болсон Шведийн туршлагыг дурслаа.
Дараагийн Далай ламын талаар ч асуулт гарсан байна. Тэрээр хариулахдаа, аль 1969 онд энэ асуудлыг тодорхой болгосон ба дараагийн Далай лам байх эсэх нь эн тэргүүнд түүнтэй холбоо бүхий хүмүүсийн шийдэх хэрэг хэмээв. Мөн хоёр жилийн өмнө түүний гаргасан мэдэгдлийн тухай дурьдаад, тэрхүү мэдэгдлийг Далай ламын офиссоос олж харж болохыг хэллээ.
Үдийн хоолны дараа Дээрхийн Гэгээнтний “Бид бүгдийн гэр -эх дэлхийн ёс зүй” айлдварыг сонсохоор Дарвины хурлын танхимд дахин 3000 гаруй хүн цугларсан байна.
“Би хорьдугаар зуун буюу үүрд улиран одсон тэр зуунд харьяалагдана” гэж тэрээр эхлээд, “Хориннэгдүгээр зууны шинэ хойч үе маань ирээдүйн бидний итгэл найдвар. Дэлхий ертөнцийг илүү сайхан болгох бодит боломж бидэнд буй гэдэгт би итгэдэг ч, хэрхэн үүнийг гүйцэлдүүлэх нь өнөөдөр залуу байгаа хүмүүсээс шалтгаална” хэмээн айлдлаа.
Бид бүгд аз жаргалтай амьдрахыг хүсдэг, ингэх эрх ч бидэнд буй хэмээн Далай лам өгүүлэв. Зарим нь ажил хөдөлмөрөөрөө, зарим нь шашны үйл хэргээр гэх мэт бид бүгд өөр өөрийн замаар аз жаргалд хүрэхийг эрмэлздэг. Бусад бүх л хүмүүсийн нэгэн адил би ч уур хилэн хийгээд атаа жөтөө гэсэн сэтгэлийн сөрөг хандлагад автагддаг ч, бидэнд сайхан зүйл хийх боломж бас бий хэмээн Дээрхийн Гэгээнтэн айлдлаа. Гэвч өнөөгийн боловсролын тогтолцоо эд материалын хөгжлийг баримжаалсан байдаг бөгөөд амьдралын материалист арга зам нь бидний дотоод үнэ зүйлийг үл хэрэгсдэг. Үр дагаварт нь, аз жаргалтай амьдралын үндэс суурь болсон тэрхүү дотоод үнэт зүйлийн талаархи мэдлэг ойлголтоор бид дутаж явдаг.
“Иймээс би байгалаасаа заяагдсан хайр энхрийлэл дээр суурилсан сайхан сэтгэл, бусдын төлөө санаа тавих сэтгэлийг төлөвшүүлэхийн чухлыг байнга онцлон хэлдэг юм. Хүүхдүүд хайр энэрлийг эхлээд эхээсээ авдаг ч, өсч торнин 10 нас орчимтойгоосоо эхлэн эцэг эхийн хайр халамжаар өдийн хүрснээ аажмаар умартан, өөрсдөө өөрсдийгөө авч явж чадна хэмээн бодож эхэлдэг.
“Өөрсдийн тусын тулд ч бусдыг хайрлаж халамжлах ёстой нь бодит үнэн мөн. Амин хувиа хичээх нь хүмүүний үндсэн мөн чанарт харшилна. Хүний төрлийг олсны хувьд бид өөрсдийн дотоод үнэт зүйлдээ анхаарлаа хандуулах шаардлагатай бөгөөд энэ нь ч бидний тусын тулд байх болно. Нигүүлсэл нь бусдад туслахыг л хэлэх болохоос, бидэнд ямар ч үр өгөөж өгөхгүй гэж заримдаа хүмүүс боддог. Энэ бол төөрөгдөл. Бусдын төлөө санаа тавьснаар танд өөртөө итгэх итгэл аяндаа бий болно. Бусдад туслахад эр зориг хийгээд дотоод хүч шаардагдана.”

"Бид бүгдийн гэр -эх дэлхийн ёс зүй" сэдэвт лекцийн үед танхимаас
тавьсан асуултад Дээрхийн Гэгээнтэн Далай лам хариулж буй нь.
Австрали, Дарвин. 2013.6.23. Фото/Жереми Рассел/ДЛО
Танхимаас зарим хүн асуулт тавилаа. Төвдөөс ирсэн гунигт мэдээнд хэрхэн ханддаг тухай нэгэн эмэгтэй Дээрхийн Гэгээнтнээс асуув. Аймшигт зүйлстэй таарсан ч, санаа зовох болон түгшсэнээр асуудлыг шийдэхгүй хэмээн тэрээр хариуллаа. Харин оронд нь бидэнд хийж чадах зүйл буй эсэхийг олж харах хэрэгтэй. Өөр нэгэн эмэгтэй нигүүлсэл ба сул дорой зангийн ялгааны талаар асуув. Тэрээр хариулахдаа, нигүүлсэл бол хүч чадлын тод үзүүлэлт бол уур хилэн нь сул доройн шинж тэмдэг хэмээлээ. Түүнээс гадна, өршөөл үзүүлэх нь уур хилэн хийгээд өшөө хорсолд автаагүйн илрэл билээ.
Сүүлчийн асуулт, хэн нэгэн хайртай хүнийхээ үхэлтэй хэрхэн эвлэрэх тухай байлаа. Өмөг түшиг нь болж байсан халамжлан хүмүүжүүлэгч нь ертөнцийн мөнх бусыг үзүүлэхэд хэрхэн гуньж гутарснаа Дээрхийн Гэгээнтэн эргэн дурсав. Дараа нь халамжлан хүмүүжүүлэгчээ орхин одсоны дараа хийх ёстой зүйл нь түүний хүслийг биелүүлэх явдал хэмээн бодсоны учир гуниг харуусал нь түүнд шийдэмгий байх замыг заасан хэмээн тэрээр өгүүлэв. Түүнчлэн хэрвээ асуудлыг та шийдэж чадах бол санаа зовох шаардлагагүй, асуудал шийдэгдэх боломжгүй бол санаа зовоод ч яах билээ хэмээх алдарт үгээрээ асуудалд дүн шинжилгээ хийхийг зөвлөсөн 8 дугаар зууны Энэтхэгийн Буддын нэрт сэтгэгч Шантидевагийн зөвөлгөөг сануулан хэлэв.
Дээрхийн Гэгээнтний Австралид хийх айлчлалыг зохион байгуулах хорооны дарга Роберт Келдоулис дараа нь мэдэгдэл хийсэн байна. Австралид хийсэн 10 хоногийн айлчлалын үеэр зохиогдсон 20 уулзалтын үед Дээрхийн Гэгээнтний айлдварыг 50,000 гаруй хүн сонссон ажээ. Тэдгээрээс 25000 хүн нигүүлсэл, энэрэнгүй сэтгэл болон иргэний ёс зүйн тухай түүний яриаг сонссон байна. Бараг 10,000 хүн Сидней, Мелбурн, Дарвинд түүний айлдсан сургааль номлолд оролцсон ажээ. Австралийн өнцөг булан бүрт 2500 түвд, монгол, хятад хүмүүс түүнд бараалхсан. Интернэтээр шууд дамжуулсан бичлэгийг 100,000 гаруй хүн үзэж сонирхсон байна. Тасалбарын борлуулалтаас эхлээд бусад хандиваас бүрдсэн сангаар бүх зардлыг хаасан. Тэрээр зохион байгуулах хорооны нэрийн өмнөөс Дээрхийн Гэгээнтнийг Австралид дахин морилон ирсэнд талархлаа илэрхийлээд, эрүүл саруул байж, урт удаан наслан, Австралид дахин ирэхийг түүнээс хүслээ.
Дээрхийн Гэгээнтэн эцэст нь зөвлөхдөө, зарим хүмүүс өнөөдрийнх шиг уулзалт ярианд адис адис авахын тулд ирдэг боловч адисыг гадна талаас хүртэх бус, харин адис дотроосоо ирдэг хэмээв. Бурхан багш ‘Та өөртөө эзэн,’ гэж хэлсэн нь ямар нэг адис жанлав хүртсэн бол тэр нь таны өөрийн хүчин зүтгэл хийгээд зөв үйлийн үр дүн гэсэн утга хэмээн Далай лам айлдлаа.
Энэтхэг явах эхний зогсоол болох Сингапурын онгоцонд суухаар Дээрхийн Гэгээнтэн Дарвины хурлын танхимаас шууд онгоцны буудал руу хөдөлсөн билээ.