АНУ, МН, Рочестер, 2014.03.03 –Дээрхийн Гэгээнтэн энэ өдөр Рочестер хотын Маёо эмнэлэгт жил бүр үзүүлдэг заншилаараа биеийн эрүүл мэндээ үзүүлэв. Дараа нь “Оюун санаа ба Амьдрал” хүрээлэнгийн удирдах зөвлөлийг гишүүдтэй “Ёс суртахуун, боловсрол, хүний хөгжил” сэдэвт уулзалт хийлээ. Уг уулзалт өнөөгийн боловсролд шашнаас ангид ёс суртахууны хичээлийн программыг зохиох төсөл ямар шатанд явж байгааг Дээрхийн Гэгээнтэнд мэдээлэх зорилготой юм.

Дээрхийн Гэгээнтэн Маёо эмнэлэгт морилон ирэв.
Минесота, Рочестер, 2014.03.04. Зургийг Жереми Расселл (ДЛО)
Дан Гоулман: сургуулийн хүүхдүүдийн сэтгэлийг түгшээдэг асуудалд хөгжлийн программыг санал болгосны дараа сурагчдын өөртөө хяналт тавих чадвар нэмэгдсэн. Тэд өөрсдийн сэтгэл мэдрэмжиндээ юу болж байгаа талаар илүү сайн ойлголттой болж улмаар бусдын хэрэгцээ шаардлагыг ойлгон түүнд нийцүүлэх чадвар суулгасан юм. Энэ харилцан уялдаатай чадварыг “Нийгмийн сэтгэл хөдлөлөөс суралцахуй” нэрийн дор зааж сургасан тухайгаа өгүүлэв.
Ричи Давидсон: америкчуудын 47 хувь нь өөрсдийн хийж байгаа зүйлдээ анхаарлаа хандуулдаггүй гэсэн судалгаа байна. Хэрэв багаас нь зөв дадал суулгавал энэ асуудлыг үгүй болгож чадна хэмээв.
Тэрээр Шинэ Зеландын Дюнэдинд 1,000 хүнийг хамарсан өөрийгөө хянах чадвар, дэг журамд суралцуулсны үр дүнг гаргах урт хугацаанд хийсэн судалгааныхаа тухай ярилаа. Судалгаанаас 32 насандаа илүү өөрийгөө хянах чадвартай, илүү аз жаргалтай, амжилттай байгаа нь харагдсан тухай тайлбарлан ярив.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам "Оюун санаа ба Амьдрал"
хүрээлэнгийн удирдах зөвлөлийн гишүүдтэй “Ёс суртахуун,
боловсрол, хүний хөгжил” сэдэвт уулзалт хийж байгаа нь.
Минесота, Рочестер, 2014.03.04. Зургийг Жереми Расселл (ДЛО)
Мөн богино хугацааны энэрэн нигүүлслийг дадлагжуулах сургалт ч эерэг үр дүнг өгч байгаа болохыг илтгэв. Дээрхийн Гэгээнтэн:
“Гайхалтай” хэмээн сайшаалаа.
Даяана Чапман Вольш Энэтхэгт Мундгод хотноо “Оюун санаа ба Амьдрал” хүрээлэнгийхэнтэй уулзаж байх үедээ Дээрхийн Гэгээнтэн: “Дэлхий ертөнц дээр ийм их зовлон шаналал байхад бид яасан тав тухтай сууна вэ” хэмээн хэлсэн үг түүний сэтгэлд гүн хүрсэн тухайгаа дурсаад америкчуудын 92 хувь нь конгресс, санхүүгийн тогтолцоо, хэвлэл мэдээллийхэнд дундажаас доогуур итгэлтэй байдаг тухай дурьдав. Дээрхийн Гэгээнтэн: “Магадгүй хэт өндөр хүлээлттэй байдгаас болж байгаа байх” хэмээгээд “Бидний зорилго 7 тэрбум хүмүүст туслах билээ. Энэ зууны эцсээр энэ улсад олон төрлийн манлайлал гарч ирэх боломж байна. Энэ байдал Ази болон бусад орнуудад ч өргөн дэлгэр тархаасай. Та бүхэн Азийн зарим орнууд, Европт энэ ажлыг эхэлсэн тухай бид мэднэ. Африкт ч бас энэ ажлыг хүргэх хэрэгтэй. Тэгэж чадваас бид ганц америк бус нийт хүн төрөлхтөнд тулгараад байгаа асуудалд шийдэл олж чадна” хэмээн айлдав.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам "Оюун санаа ба Амьдрал"
хүрээлэнгийн удирдах зөвлөлийн гишүүдтэй “Ёс суртахуун,
боловсрол, хүний хөгжил” сэдэвт уулзалтанд оролцогсодын
хамт. Минесота, Рочестер, 2014.03.04.
Зургийг Жереми Расселл (ДЛО)
Дээрхийн Гэгээнтэн: “Буддист оюун санааны сургалтын арга нь эерэг ба сөрөг хоёр талтай нь сургадаг уламжлалтай. Ингэж хийвэл ийм тустай, эсрэг хийвэл ийм хөнөөлтэй хэмээн сургадаг. Энэрэн нигүүлсэхүйг дадлагжуулах сургалтандаа бидний амьдрал бусад хүн төрөлхтнөөс хамааралтай гэдгийг мэдэх хэрэгтэй” хэмээв.
Артур Заёонц энэ төслийг Хонг Конг их сонирхож байгаа хэмээгээд: “Нэг нэгдээ санаа тавихыг яаж сургах вэ? Энэ бидний эхний алхам” гэлээ.
Дээрхийн Гэгээнтэн: “Энэ төслийн үр жимс магадгүй ахиад 40, 50 жилийн дараагаас гарах байх. Тэр үед би байхгүй байна. Гэхдээ бидний энэ үед эхлэх хэрэгтэй. Одоогийн шинэ үеийн залуус шударга, үнэнч байна. Бид тэдэнд манай үеийнхэний гаргасан алдааг давтвал тэд нар зовох болно гэдгийг хэлж өгөх хэрэгтэй. Бидний энэ л цаг үед өөрчлөлтийг эхлэх цаг болсон. Залуу үеийхэн энэ тал дээр ажиллан, хүн төрөлхтөн илүү нэгдмэл болж удирдан манлайлал ч өөр болно гэж найдаж байна.”