Dalailama / Дээрхийн Гэгээнтэн Далай ламыг Осло хотноо морилон ирэхэд халуун дотноор угтан авав

Дээрхийн Гэгээнтэн Далай ламыг Осло хотноо морилон ирэхэд халуун дотноор угтан авав

2014 оны 5 дугаар сарын 8

Норвеги, Осло. 2014.5.7. – Дээрхийн Гэгээнтнийг нисэх буудал руу хөдлөхөөс өмнө түүнийг гаргаж өгөхөөр олон нөхөд нь тэнгэрийн бүрхгийг үл хайхран ирсэн байв. Норвегийн сэтгүүлчийн эхний асуулт нь өдрийн турш хэдэнтээ давтагдсан асуултыг тавьсан бөгөөд түүнийг Ослод очиход хүлээн авч уулзахаас татгалзсан Норвегийн Засгийн газрын талаар юу бодож буй тухай байлаа. Тэрээр энэ бол одоо энгийн байдаг л зүйл болсон гээд, байгаа юмыг байгаагаар нь хүлээж авдаг тухайгаа хэллээ. “Үндэсний эрх ашиг чухал асуудал боловч Далай лам бол хөнөөлт нэгэн биш гэдгийг би баттай хэлэх байна. Миний хүсэл сонирхол бол 7 тэрбум хүнийг нэг гэр бүлийн гишүүд гэж ойлгуулах, хүний үнэт зүйлийг бэхжүүлэх зорилтоо хэрэгжүүлэхийн тулд олон нийттэй уулзах явдал билээ. Ноцтой хүндрэлтэй нүүр тулсан өнөө үед аль нэг улс орон, хувь хүн бус, харин дэлхий нийт хожихоор асуудалд бид хандах ёстой. Улс төр, бизнес, шашин, эсвэл боловсролын тухай, хийж байгаа болгондоо бид зарчимтай хандаж, хүний үнэт зүйлийг дээдэлж байх ёстой. Хэрвээ улс төрийн уулзалт байсан бол би сэтгэл дундуур байж болох ч надад одоо тэр талаар бодох шаардлага алга байна.”

Дээрхийн Гэгээнтэн Далай ламыг Осло хотноо морилон ирэхэд халуун дотноор угтан авав
Осло дахь зочид буудлын тагтан дээрээс Дээрхийн Гэгээнтэн
Далай Ламын үг хэлэхийг хуран цугларсан олон сонсч
байгаа нь. Норвеги, Осло. 2014.5.8.
Гэрэл зургийг Жереми Рассел /ДЛО
Ослод нойтон цастай, хөнгөн салхи салхилсан өдөр угтав. Дээрхийн Гэгээнтний айлчлалыг зохион байгуулах хорооны гишүүд түүнийг угтан авсан юм. Түүний аяллын зорилго нь энгийн ард иргэдтэй уулзах, хайр, нигүүлсэхүй зэрэг хүний үнэт зүйлсийн талаархи асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах явдал хэмээн тэрээр сэтгүүлчдэд давтан хэллээ. Нисэх буудлаас хот руу маш хурдан хүрсэн бөгөөд мэндчилгээний үг бүхий далбаа, Төвдийн туг барьсан үй олон хүмүүс Дээрхийн Гэгээнтнийг найрсгаар тосон угтсан юм. Тэрээр тэнд байгаадаа болон тэдгээр хүмүүсийг харж байгаадаа туйлын баяртай байгаагаа илэрхийлж, зочид буудлын тагтан дээрээс үг хэллээ.

Дээрхийн Гэгээнтэн зочид буудалдаа Норвегийн ерөнхий сайд асан Кьелл Магне Бондевиктэй уулзаж, өнөөгийн нөхцөл байдал, сүүлчийн удаа уулзалдсанаас хойш хийсэн ажил болон хуучин анд нарынхаа талаар хууч хөөрөлдөв.

Нобелийн Энх тайвны шагнал хүртсэний 25 жилийн ойн арга хэмжээнд уригдсан Дээрхийн Гэгээнтний Нобелийн хорооны гишүүдтэй уулзах уулзалтанд хорооны дарга Турбьерн Ягланд өөрийн биеэр дагалдан явсан юм.

Уулзалтын дараа хэвлэл мэдээллийн төлөөллийг оролцуулсан дугуй ширээний уулзалт болсон байна. Турбьерн Ягланд Дээрхийн Гэгээнтнийг танилцуулахдаа Дээрхийн Гэгээнтэнд Нобелийн Энх тайвны шагналыг хүртээснээс хойш 25 жил болж байгаа бөгөөд тэр цагаас хойш Нобелийн хороо хэнийг ч хүлээж аваагүй байгаа талаар тэмдэглэн хэлэв. Төвдийн ард түмний эрх чөлөөг хүчирхийллийн бус замаар олохын төлөө, байгаль орчныг хамгаалахын төлөө Далай Ламын гаргасан хүчин чармайлтыг үнэлж дээрх шагналыг олгосон тухай тэрээр цохон тэмдэглэв. Тэр хэлэхдээ,

“Та бол энх тайвны хүн, шашны удирдагч, таныг сонсох, таньтай ярих үнэ цэнэ байдаг” хэмээв.

Нобелийн энх тайвны шагналыг зарим нь адис ерөөл, зарим нь хараал гэж хүлээж авдаг, харин та хэрхэн хүлээж авсан бэ гэж хуран цугласан сэтгүүлчид эхний асуултаа тавилаа. Дээрхийн Гэгээнтэн,

“Мэдээж, адис ерөөл гэж хүлээж авсан. Урьд нь олж уулзаж чаддаггүй байсан хүмүүстэйгээ шагнал авсны дараа уулзахад хамаагүй амар болсон гэж миний анд, номын нөхөр, христийн хамба лам Десмонд Туту нэгэнтээ надад хэлж байсан нь миний санаанд тодхон байна. Калифорнид эрдэмтдийн хуралд оролцож байхдаа намайг шагнах болсон тухай мэдээг олж сонссон бөгөөд тэр үед миний сэтгэгдлийг асуусан асуултад, “Сэтгэгдэл ердийн л байна. Би бол илүү ч үгүй, дутуу ч үгүй, жирийн нэг буддист лам хүн” гэж хариулсан юм. Гэхдээ нэгэнт энэ шагналыг хүчирхийллийн эсрэг миний үүрэг, энх тайвны төлөөх үйл хэргийг минь үнэлэн өгч байгаа болохоор миний хувьд нэр төрийн хэрэг байсан” хэмээн өгүүллээ.

“Дараа нь Анг Сан Су Чи болон Лиу Сябао нар энх тайвны шагнал авахдаа хүнд нөхцөл байдалд байсан бөгөөд шагнал тэдний хувьд урам зориг, тэмүүллийн эх сурвалж болсон гэж би боддог.”

Дээрхийн Гэгээнтэн Далай ламыг Осло хотноо морилон ирэхэд халуун дотноор угтан авав
Дээрхийн Гэгээнтэн Далай лам Нобелийн институт дээр хэвлэл
мэдээллийнхэнтэй хийсэн дугуй ширээний уулзалтын үеэр.
Норвеги, Осло. 2014.5.8. Гэрэл зургийг Жереми Рассел /ДЛО
Норвегийн засгийн газрын гишүүд болон Парламентын дарга түүнтэй уулзахаас татгалзсанд сэтгэлээр унасан уу гэсэн асуултад тэрээр,

“Үгүй ээ, яагаад унах ёстой гэж? Миний үндсэн сонирхол бол хүний үнэт зүйлсийг хөгжүүлэх явдал. Эхээс төрсөн цагаас л бидэнд хайр энэрэл, бусдын төлөө санаа зовних сэтгэл байдаг Бид түүнийгээ хөгжүүлэх хэрэгтэй. Эрүүл энх бие бялдартай байхад оюун санааны амар амгалан туйлаас чухал болохыг эрдэмтэд олж нээсэн. Хайр энэрэл, нигүүлсэхүй нь гагцхүү шашны анхаарах асуудал гэж хүмүүс ихэнхдээ боддог ч үнэн хэрэгтээ эдгээр нь бүх хүний харилцаанд шаардлагатай үнэт зүйл билээ. Буддист лам хүний хувьд шашин хоорондын эв зохицлыг бэхжүүлэхийг би мөн эрмэлздэг.”

“Хаашаа ч явсан, би ард олонтой уулзахыг зорилгоо болгодог. Ерөнхийлөгч Обама шиг удирдагчид надтай уулзахад таатай байна, гэхдээ би хэнийг ч эвгүй байдалд оруулахыг хүсдэггүй. Өнөөдөр намайг энд ирэхэд маш олон хүн энд ирсэн байхыг хараад би туйлын их баярласан. Энэ дэлхий гагцхүү удирдагчдад бус, бид бүгдэд зориулагдсан” хэмээн хариуллаа.

Өсөн нэмэгдэж байгаа Хятадын нөлөө таны болон цагаач Төвдийн засгийн газрын үйл ажиллагааг хязгаарлаж чадах уу гэсэн асуултанд Дээрхийн Гэгээнтэн хариулахдаа, Төвдийн ард иргэдийн асуудлыг хариуцдаг Төвдийн төв захиргаанд харьяалагдахаа больсон гэдгээ тодотгов. Тэрээр инээгээд, Хятадын засгийн газар шүүмжлэх тусам түүний нэр хүнд өсөөд байх шиг байна гэлээ. Энх тайвны шагналыг авсны дараа Хятадын удирдлагатай үл ойлголцлоо шийдвэрлэхэд илүү хялбар болсон уу, эсвэл илүү хэцүү болсон уу гэсэн асуултанд тэрээр дараах байдлаар хариулав. БНХАУ байгуулагдаад 70 орчим жил болж байна. Энэ бүх хугацаанд өөр өөр эрин үеийг үзэж тууллаа. Мао Зэдунгийн эрин үе үзэл сурталд анхаарлаа хандуулж, Дэн Сяопин капитализмд үүдээ нээж, Зянь Зэмин намын эгнээг зөвхөн ажилчин анги төдийгүй өргөн хүрээнд өргөжүүлж, Ху Жинтао эв зохицол бүхий нийгмийг байгуулахыг зорьсон.

“Тэгэхээр нэг үзэл сурталтай, нэг нам хувьсан өөрчлөгдөж байгаа бодит байдалд дасан зохицож чадаж байгааг та бүхэн харж байна. Хятад орон нээлттэй болохын хэрээр оюутнууд нь гадаадад сурч, эрх чөлөөг мэдэрч, хяналт шалгалтаас хөндийрөхийн хэрээр юмс заавал өөрчлөгдөнө. Америк ардчиллын хэв маягаар ч хамаагүй, Хятад өөрчлөгдөх ёстой гэж Вэн Цзябао хэлсэн” хэмээн Далай Лам тэмдэглэн хэлэв.

Хятад болон Төвд дэх хүний эрхийг хамгаалах тухай асуултад, Норвеги шиг том биш улс орон асуудлыг хөндөхөд хэн ч аюул занал мэт хүлээн авахгүй учраас бусдаас илүү нөлөө үзүүлэх магадлалтай хэмээн бодож явдгаа Дээрхийн Гэгээнтэн хэллээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай ламыг Осло хотноо морилон ирэхэд халуун дотноор угтан авав
Нобелийн институт дээр болсон дугуй ширээний уулзалтын үеэр.
Норвеги, Осло. 2014.5.8. Гэрэл зургийг Жереми Рассел /ДЛО
130 гаруй хүн Төвдөд зулын гол болсон тухай түүнээс асуухад Дээрхийн Гэгээнтэн туйлаас харамсаж буйгаа илэрхийлэв. Эдгээр эрс шийдэмгий үйлдэл нь Төвдүүдэд тун хүнд байгаагийн илрэл хэмээн тэрээр давтан хэллээ. Хятадын засаг захиргааны шинжлэн нягтлах ёстой зүйл бол энэ. Үүний оронд тэд Далай Лам болон түүнийг дэмжигчдийг буруутгахыг урьтал болгодог. Ийм эрс шийдэмгий үйлдэл хийхэд хүргэсэн шалтгааны нөхцөл байдлыг судлахыг сурвалжлагч нарт зөвшөөрөхийг тэрээр санал болгосон. Тэд архидан согтуураагүй, эсвэл гэр бүлийн асуудлаас болж зовж шаналаагүй. Тэдэнд ийм үйлдэл хийх өөр шалтгаан байсан.

Эв зохицол бүхий нийгэм цогцлоох гэсэн Ху Жинтаогийн зорилго гайхалтай байсан ч, хүч хэрэглсэн, дарамт хавчлага үйлдсэн арга нь буруу байсан хэмээн Далай Лам тэмдэглэн хэллээ. Дэлхийн 200 улс үндэстнээс гадаад батлан хамгаалалтаасаа илүү дотоодын аюулгүй байдалдаа илүү их төсөв хуваарилдаг ганц улс нь Хятад хэмээн тэрээр өгүүлэв. Аюулгүй байдлыг хангах ажилтны тоог нэмэгдүүлснээр айдас хүйдсийг л өсгөнө. Лхас хотноо үй олноор нь тавьсан хамгаалалтын камерууд нь хардлага, айдсыг л нэмэгдүүлсэн хэмээн найз нөхөд нь Дээрхийн Гэгээнтэнд хэлсэн ажээ.

Шүгдэнг дэмжигч нарын гадаа гудамжинд хийж байгаа жагсаалын талаар түүнээс асуулаа. Өөрийн уламжлалт шашнаа шүтэх нь зөв бөгөөд илүү найдвартай гэсэн мэдэгдлээр тэрээр хариултаа эхлэв. Гэхдээ хэн нэгэн Буддизм тустай гэж үзвэл даган шүтэх нь чөлөөтэй. Бурхан Багш түүний сургаалийг зүгээр мухар сүсгээр хүлээж авахын оронд шинжилж нягталсан шавь нараа дэмжиж байсныг тэмдэглэн хэлээд жагсагчдын тухайд ийн өгүүлэв.

“Энэ бол урт удаан түүх. Шүгдэн сахиусын хэрэг нь одоогоос 400 жилийн өмнөөс буюу 5 дугаар Далай Ламын үеэс маргаантай байсаар ирсэн асуудал. Энэ сахиус нь буруу ерөөл тавьсны уршгаар бий болсон бөгөөд бурханы ном хийгээд хамаг амьтанд хор хөнөөл учруулдаг хэмээн 5 дугаар Далай Лам анхааруулсан байдаг. Түүний дараа олон алдартай лам бас ийм үзэл бодолтой байсан. Түүнийг тийм ч олон хүн шүтдэггүй байсан ч 5 дугаар Далай Лам Шүгдэнг тахихыг хориглосон юм. “

“Хамгийн ичгүүртэй нь би 1951 оноос 1970-аад оны эхэн үе хүртэл энэ сахиусыг тахин шүтэж байсан. Гэхдээ нэг л биш байгааг би ойлгосон даруй 5 дугаар болон 13 дугаар Далай Лам надаас өмнө түүнийг эсэргүүцэж байсныг олж мэдээд би шүтэхээ больсон. Эцэст нь олон түмэн энэ тухай мэдэх болсон бөгөөд тэдэнд өөрийн шйидвэрийг хэлэх нь миний үүрэг гэж бодсон билээ.”

“Шүгдэнг шүтэгсэд өөрсдийн багийг бүрдүүлсэн. Тэд Шүгдэнг хориглосон гэж намайг буруутгадаг боловч, үнэндээ тийм биш. Шүтэхийг хүссэн хэн боловч Өмнөд Энэтхэг рүү явж, тэрхүү сахиусыг тахьсан томоохон хийдүүдэд очиж мөргөл залбирлаа үйлдэх боломжтой.”

“Багш шавийн хооронд шашин номын гүн холбоо байдаг бөгөөд энэ сахиусыг шүтэхийг хүсч байгаа хүмүүс надаас ном сонсох хэрэггүй гэдгийг би хүмүүст анхааруулан хэлдэг. Үүнийг тэд хориг гэж хэлээд байгаа юм. Тэд “Худлаа ярихаа зогсоо,’ гэж хашгирч байгаа ч, энд хэн худлаа хэлээд байгааг та бүхэн асуух ёстой гэж би бодож байна. Урсгал чиглэлээр явцуурахгүй байхыг би хичээж байна. Энэ шүтлэг аль эртнээс урсгал чиглэлээр явцуурсаар ирсэн. Энэ асуудлын талаар жагсагчид ийм мэдлэггүй байгаад би харамсч байна.”

Дээрхийн Гэгээнтэн Далай ламыг Осло хотноо морилон ирэхэд халуун дотноор угтан авав
Дээрхийн Гэгээнтэн Далай лам Нобелийн хорооны гишүүдийн
хамт. Норвеги, Осло. 2014.5.8. Гэрэл зургийг Жереми Рассел/ДЛО
Нобелийн шагналтны хувьд Далай Лам бусдыг энх тайвны шагналд нэр дэвшүүлэх эрхтэйг сэтгүүлч сануулаад, энэ эрхээ хэрэгжүүлсэн эсэх талаар асуув. Дээрхийн Гэгээнтэн инээгээд, үүнийг Хорооны хийх ажил гэж боддогоо хэллээ. Энэ яваа насандаа Төвд болон БНХАУ-д очих боломж гарна гэж боддог эсэхийг асуухад тэрээр ахиад 15, эсвэл 20 жилийн нас байсан бол найдлага байж болох ч, нэг, хоёр жилийн настай түүнд боломж байхгүй биз дээ хэмээн хариуллаа.

“Гэхдээ явах боломж надад байгаа бол сэтгүүлчид та бүхэнд ч боломж байгаа гэдэгт би итгэж байна” хэмээв.

Маргааш Дээрхийн Гэгээнтэн Ослогийн их сургуульд зочилж, үдээс өмнө “Оюун ухааныг дадуулах найман шүлгийн” талаар ном айлдсаны дараа, үдээс хойш “Маргаашийн дэлхий ертөнцийн төлөө хариуцлага хүлээх нь” сэдэвт ярилцлагат оролцоно.
9-05-2014, 16:13
Вернуться назад