Норвеги, Осло. 2014.5.9 - Өнөөдөр Норвеги улс чөлөөлөгдсөний тэмдэглэлт өдөр бөгөөд 69 жилийн өмнө энэ өдөр Норвеги нацистын эзлэн түрэмгийллээс албан ёсоор чөлөөлөгдөж байсан ажээ. Норвегийн хаан болон албан ёсны засгийн газар дүрвэн гарсан Лондонгоос үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулж байх үед нацистын Германы талыг баримталсан хүүхэлдэйн засгийн газартай хамтран ажиллаж байсан “Норвегийн рэйхийн комиссаратын газар” нь иргэдийн эрхийг булаан авсан байсан юм.

Норвегийн эртний ном цуглуулагч Мартин Шоен Дээрхийн Гэгээнтэн
Далай ламд эртний төвд хэл дээр бичигдсэн эх зохиолын
цуглуулгаасаа гардуулан өгч байгаа нь. Норвеги, Осло.
2014.5.8. Гэрэл зургийг Оливер Адам
“Шашин бол бидний сэтгэлийн хөдөлгөөнийг номхотгоход тусалдаг хүчин зүйлүүдийн нэг боловч шашин зөрчилдөөний шалтаг болж байгаад туйлаас харамсч явдаг. Бидний хооронд хангалттай харилцаа, ойлголт байдаггүйн улмаас энэ бүхэн үүсдэг гэж би боддог. Олон шашин эв зохицолтойгоор зэрэгцэн оршиж байгаа Энэтхэгийн жишээнээс үлгэр дууриал авах талаар бид хүчин чармайлтаа дайчлах ёстой. Олон хүн лалын шашныг дайнч гэж үздэг. Хэдхэн хүний хөнөөлт үйлдлийг бүхэл бүтэн шашинд хамаатуулах нь буруу гэж би 9 дүгээр сарын 11-ний үйл явдлын 1 жилийн ойн арга хэмжээний үеэр хэлж байсан” хэмээн Дээрхийн Гэгээнтэн өгүүллээ.

Шато Нөф театрт болсон уулзалт дээр Дээрхийн Гэгээнтэн
Далай Лам христийн шашны хамба лам нартай ярилцаж байгаа нь.
Норвеги, Осло. 2014.5.8. Гэрэл зургийг Жереми Рассел /ДЛО
Шато Нөф театрт 1220 хүний өмнө Дээрхийн Гэгээнтэн хэлэхдээ,
“Пали болон санскрит уламжлалын буддист лам нартай, мөн христийн шашны ахан дүүстэйгээ энд хамт байгаадаа би маш их баяртай байна. Шашин хоорондын эв зохицол нь дипломат дохио зангаа үзүүлэх төдий бус, харин хүндэтгэл, харилцан бахархлыг хөгжүүлэх явдлаас эхэлнэ. 7 тэрбум хүн тэр чигээрээ буддист, эсвэл христийн итгэгч байна гэвэл амьдралд нийцэхгүй. Эдгээр шашнууд хэдэн зуун жил оршсоор ирсэн бөгөөд ирээдүйд ч оршсоор байх тул бидэнд хамтдаа амьдрахаас өөр арга зам байхгүй. Өнөөдөр би энд буддизмын талаар заах гэж байгаа тул Тайландын лам нараас ‘Мангала’ судрыг пали хэл дээр, Вьетнамын лам нараас ‘Билгүүний Зүрхэн’ судрыг өөрсдийн хэл дээр уншихыг хүсч байна” гэлээ.
Карма Таши Линг Буддист нийгэмнлэгийн төлөөлөгч энэ үйл явдлыг тохиолдуулан Скандинавын орнуудын хувьд анхны буддист сүм баригдаад дуусах дөхөж байгааг сонордуулаад, ирэх жил болох сүмийн нээлтэд Дээрхийн Гэгээнтнийг урин залав. Тэрээр нас өндөр болж байгаагийн дээр урилга заллага нэмэгдэж байгаа бөгөөд энэхүү арга хэмжээнд оролцох эсэхээ тухайн үеийн биеийн байдлаа харж байгаад шийдэхээр амаллаа.

Дээрхийн Гэгээнтэн Далай лам Шато Нөф театрт байгаа нь.
Норвеги, Осло. 2014.5.8. Гэрэл зургийг Оливер Адам
Дээрхийн Гэгээнтэн үргэлжлүүлэн Австралийн христийн итгэгч сайд Билл Крузын тухай дурссан бөгөөд сайд гэр оронгүй хүмүүст байнга тусламж үзүүлснээрээ өөрийгөө Христийн сайн сүсэгтэн гэдгээ харуулсан ажээ. Тэрээр хуран цугласан олон руу хандаад, буддын шалгуураар ч ламтан Круз сайн сүсэгтэн бөгөөд учир нь аль аль шашин нь хайр, нигүүлсэхүй, хүлээцтэй байдал, сэтгэл ханамж болон хувийн сахилга батыг дадуулахыг эрмэлздэг гэлээ.
8 дугаар зуунд буддизм Төвдөд дэлгэрсэн үйл явц нь Төвдийн хувьд бол нээлт байсан. Төвдийн агуу сэтгэгч нэгэн хэлэхдээ,
Цаст Төвдийн орны
Жинхэнэ өнгө нь цагаан хэрнээ
Энэтхэг орноос гэрэл тусах хүртэл
Харанхуйн манан дунд байсан, гэсэн байдаг.
Төвдийн буддист мэдлэг нь Энэтхэг орноос шууд дэлгэрсэн бөгөөд үндэс суурийг нь тавьсан хүн болох Шантаракшита нь сайн лам байгаад зогсохгүй, гүн ухаан, учир шалтгааны ухааны гарамгай эрдэмтэн байсан тухай Дээрхийн Гэгээнтэн ярилаа. Гүн ухаан, учир шалтгааны ухааныг нарийвчлан судлах нь Төвдийн буддизмын салшгүй бүрэлдэхүүн болсон байна. Үүнтэй холбогдуулан Дээрхийн Гэгээнтэн шоглон хэлэхдээ, хүмүүс агуу том хөшөө баримал барьдгийг тэрээр үнэлдэг боловч хөшөө хэзээ ч ярьдаггүй гэв. Шашны уламжлалаа хадгалах арга зам нь оюун ухаанд мэдлэгийг төлөвшүүлэх явдал юм. Төвд хэлнээ үлдсэн Бурхан Багшийн үг нь тэрээр буруу бүхий л талыг хориглож, эерэг бүхий л зан чанарыг төлөвшүүлж байсныг харуулдаг. Учир нь Бурхан Багш энгийн ба туйлын үнэнийг нэгэн зэрэг ойлгох чадвартай байсан бөгөөд тэрээр үзэгдэх байдал болон бодит байдлын асар том зөрүүтэй тулгардаг бид мэттэй адилгүй байсан билээ.

Шато Нөф театрт Дээрхийн Гэгээнтэн Далай ламын
айлдварыг 1200 гаруй хүн сонсч байгаа нь.
Норвеги, Осло.2014.5.8. Гэрэл зургийг Зуй Ань Фам
Гэвш Лан Ританбагийн ‘Оюун Судлахуйн Найман Шүлэг’ рүү эргэн ороод тэрээр эхний долоон шүлэг нь зам мөрийг олох арга замтай холбоотой бгөөөд сүүлийн шүлэг нь мэргэн ухааны тухай хэмээн тайлбарлалаа. Дараа нь тэр шүлгийг бүгдийг уншаад, шүлэг тус бүрээс эш татав.
“Хамаг амьтныг би үнэт эрдэнэ мэт үзэж, тэдэнд хүндэтгэлтэй хандах болно. Тэдэнтэй учирсан тухай бүртээ тэдний сайн сайхны төлөө зүтгэх хүслийг төлөвшүүлэх болно, тэдэнд үйлчлэхэд би бэлэн болно. Христийн шашны ахан дүүс маань өөрсдийн тав тухыг умартан бусдын үйл хэрэгт үйлчилдэг. Уур хилэн, үзэн ядалт, атаа жөтөө зэрэг сэтгэлийн сөрөг хандлага үүсэх үед жишээ нь, амьсгал дээрээ анхаарлаа хандуулах замаар тэдгээрийг зогсоох болно. Уяман өвчин, эсвэл ДОХ-ын халдвар авсан зэрэг өвчнийхөө улмаас гадуурхагдаж байгаа хүмүүстэй тааралдахдаа би тусламжийн гараа сунгах болно. Би хүмүүст туслахаар хичээж байхад хэн нэгэн намайг шүүмжлэх, эсвэл харааж зүхсэн ч, би тэдэнд ялалтыг өгч, өөртөө ялагдлыг хүлээн авна. Миний тусалсан хэн нэгэн намайг хорлосон ч, би тэдэнд хонзон санахгүй, харин тэднийг тэсвэр тэвчээрийн багш гэж үнэлнэ. Судалж, дадуулсны хүчээр би бусдын зовлонг өөртөө авч, өөрийн баяр бахдлыг бусдад хүртээх болно. Эцэст нь, орчлон хорвоогийн “найман гэм”-ийг би хий үзэгдэл гэж үзнэ. Юмс бодитоор орших мэт харагдсан ч, тэднийг хий үзэгдэл мэт харна.”
Үдээс хойш Дээрхийн Гэгээнтэн ‘Маргаашийн дэлхий ертөнцийн төлөө хариуцлага хүлээх нь’ сэдэвт уулзалтад оролцож, оюутнуудтай санал бодлоо хуваалцлаа. Арга хэмжээний эхэнд Коултэний үлгэрийн сэдвээр лимбэний гайхамшигтай аялгуу эгшиглэж, дараа нь Осло их сургуулийн ректор Оле Петтэр Оттерсен товч танилцуулга сонордуулсан юм. Хэдэн арван жилийн турш Далай Лам Төвдийн нүүр царай болж байгааг тэмдэглэн хэлээд, тэрээр хэрвээ Дээрхийн Гэгээнтний айлдсанчлан зөрчил тэмцлийг яриа хэлэлцээрээр шийдвэл манай дэлхий илүү дээр байх байсан хэмээн онцоллоо.

Дээрхийн Гэгээнтэн Далай лам Ослогийн их сургуулийн
хурлын танхимд оюутнуудтай уулзаж байгаа нь. Норвеги,
Осло. 2014.5.8. Гэрэл зургийг Оливер Адам
“Илүү аз жаргалтай, илүү амар амгалан дэлхий ертөнцийг бий болгохын тулд алсын хараатай, шийдэмгий, ухаалгаар хөдөлмөрлөх нь та бүхний хариуцлагын асуудал. Зөвхөн мөргөл, эсвэл бодол хүслээр энэ зорилгод хүрэхгүй бөгөөд бусдыг болон тэдний хэрэгцээ шаардлагыг хүндлэхийн хамт үйл хөдлөл хийх шаардлагатай. Өнөөдөр эсэн мэнд байгаа дэлхийн 7 тэрбум хүнийг нэгэн гэр бүл гэж бид бодох ёстой. Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн эдийн засаг хил хязгаараас үл хамааран бид бүхэнд нөлөөлж байна. Дэлхийн өнцөг булан бүрт баян ядуугийн асар том ялгаа зэрэг хүндрэлтэй асуудлуудтай бид нүүр тулж байна.”
“Бид нийгмийн амьтад учраас бусдын сайн сайхныг анхаарах нь алс хэтдээ бидний өөрсдийн эрх ашигт үйлчилнэ. Зөгийг та бүхэн харцгаа. Тэдэнд шашин, үндсэн хууль, цагдаа байхгүй хэрнээ тэд хамтдаа ажиллаж чаддаг нь нийгмээрээ амьдардагтай нь холбоотой. 21 дүгээр зууны иргэд эдгээр зүйлсийг оюун ухаандаа тунгааж байгаасай гэж хүсч байна.”
Эх дэлхийтэй харилцах харилцааны талаар Дэвид Абрам тодорхой илтгэл тавилаа. Татах хүчний шидэт ач холбогдлыг бид анзаардаггүй. Бид дэлхий дээр амьдардаг мэт ярьдаг ч, бид агаарт амьдарч, агаар бидний дотор байдаг. Дээрхийн Гэгээнтэн түүний хэлснийг хүлээн зөвшөөрөөд, Энэтхэг зэрэг оронд хөгжил дэвшил зөвхөн хотуудад бус, мөн хөдөө орон нутагт явагдаж байгааг дурслаа.

Ослогийн их сургуулийн хурлын танхимд оюутнууд
Дээрхийн Гэгээнтэн Далай ламын үгийг сонсч байгаа нь.
Норвеги, Осло. 2014.5.8. Гэрэл зургийг Оливер Адам
Дээрхийн Гэгээнтэн төгсгөлд нь,
“Хүндрэлтэй асуудалтай тулгарсан үедээ бид юунд хүрч болох тухай үнэлэлт дүгнэлт хийх нь маш чухал байдаг. Би бол амьдралдаа байж болох бүхий л бэрхшээлтэй тулгарсан настай хүн боловч, хэзээ ч шантарч байгаагүй. “
“Өнгөрсөн цаг үед манлайлах хүний шалгуур, эр хүний шинж тэмдэг нь бие бялдрын хүч тамир байсан. Боловсрол боломжийг илүү эн тэнцэхүйц хэмжээнд хүргэлээ. Байгаль орчны асуудалд болон бусдыг мэдэрч ойлгоход илүү их анхаарал хандуулах шаардлагатай болсон өнөө үед бид эмэгтэйчүүдэд манлайллын үүргийг өгөх хэрэгтэй байна.” хэмээн хэлэв.
“Баярлалаа” гэснээр уулзалт өндөрлөлөө.
Маргааш Дээрхийн Гэгээнтэн Норвегийн Парламент болон Нобелийн Энх тайвны төвд зочилно.