Dalailama / Дээрхийн Гэгээнтэн Төвдийн ахмад, залуу үеийн төлөөлөлтэй хийсэн уулзалт ба иргэний ёс суртахууны тухай хэлэлцүүлэг

Дээрхийн Гэгээнтэн Төвдийн ахмад, залуу үеийн төлөөлөлтэй хийсэн уулзалт ба иргэний ёс суртахууны тухай хэлэлцүүлэг

2014 оны 5 дугаар сарын 15

Герман, Франкфурт, 2014.5.15. – Өөрийн гурвалжин хэлбэрээсээ болж ‘хэрчим бялуу’ хэмээн нэрлэгддэг шашны орчин үеийн урлагийн музейд Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өнөөдөр Германд оршин суудаг төвд хүмүүстэй уулзлаа. Тэрээр байнгын өөдрөг байдлаараа уулзалтыг нээж хэлэхдээ,

Дээрхийн Гэгээнтэн Төвдийн ахмад, залуу үеийн төлөөлөлтэй хийсэн уулзалт ба иргэний ёс суртахууны тухай хэлэлцүүлэг
Орчин үеийн урлагийн музейд Дээрхийн Гэгээнтэн Далай Лам
Төвдийн нийгэмлэгийн гишүүдтэй уулзаж байгаа нь.
Герман, Франкфурт. 2014.5.15. Гэрэл зургийг Манэл Бауэр
“Та бүхэнтэй мэндчилж байгаадаа баяртай байна. Цастын орноос ирсэн төвдүүд бид тусгай хүмүүс. Амдо орчмоос олдсон археологийн олдворууд нь тэнд 30,000 жилийн өмнө хүн амьдарч байсныг баталдаг. Төвдийн соёл иргэншил Хятадаас гаралтай хэмээн баталдаг Хятадын албан ёсны үзэл баримтлалын сөрөг нотолгоог олон жилийн өмнө Харвардад сурч байсан хятад археологч надад үзүүлж байсан билээ. Түүний олсон олдвор нь Төвдийн соёл иргэншил Төвдөд үүссэнийг баталсан. Бид өөрсдийн гэсэн хэл, бичигтэй бөгөөд хэл соёл маань дэлхийн хамгийн эртний 10 хэл соёлд багтдаг” хэмээн айлдав.

7 дугаар зууны үед Тонми Самбода өнөөгийн бичгийг зохиосон бөгөөд Төвд хэлний дүрмийн найман ном бичсэн гэж яригддаг ч хоёр нь л зөвхөн хадгалагдан үлдсэн хэмээн Далай Лам хэллээ. Төвдүүд буддын ном судрыг санскрит хэлнээс орчуулж эхэлснээр төвд хэл хөгжиж эхэлсэн гэж тэр үргэлжлүүлэв. Тодорхой зорилгын үүднээс шинэ нэр томьёог ихэнхдээ бий болгож байсны ачаар орчуулга оновчтой, зөв болж байжээ. Билиг бармидын сургаалийн хятад хэлнээ орчуулагдсан эх нь байдаг боловч нарийн тодорхой буугаагүйгээс гадна ойлгоход хүнд байдаг. Жишээ дурдахад “Билгүүний Зүрхэн” судрын санскрит эхэд байдаг ‘энэ нь ч’ гэсэн үгийг төвд орчуулганд оруулсан байдаг бөгөөд энэ үг хятад хувилбарт байдаггүй. Хүн угийн оршихуйгаараа төдийгүй, оюун санаа болон бие махбодийн нэгдлээрээ ‘энэ нь ч’ хоосон чанартайг харуулж байна.

Орчин үеийн эрдэмтэдтэй сүүлийн 30 жилийн турш өрнүүлж байгаа хэлэлцүүлгийн талаар тэрээр ярихдаа, эрдэмтэд эхэндээ оюун ухаан бол тархины ердөө л нэг үйл ажиллагаа гэж итгэлтэйгээр баталдаг байсан хэмээв. Оюун ухааны өөрчлөлттэй уялдан тархи өөрчлөгдөж чаддагийг нейропластикийн ухаан нээсэн. Гэхдээ хүүхдийн болон амьтны тархин дээр хийсэн туршилтаас том хүний тархины дүгнэлтийг гаргасан нь эргэлзээтэй хэмээн тэрээр нэмж хэлэв.

Дээрхийн Гэгээнтэн Төвдийн ахмад, залуу үеийн төлөөлөлтэй хийсэн уулзалт ба иргэний ёс суртахууны тухай хэлэлцүүлэг
Төвдийн нийгэмлэгийн гишүүд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын
үгийг сонсч байгаа нь. Герман, Франкфурт. 2014.5.15.
Гэрэл зургийг Мануэл Бауэр
Наландагийн их сургуулиас эхтэй буддын уламжлалд тусгагдсан оюун ухаан хийгээд сэтгэл хөдлөлийн тухай арвин мэдлэг ба судалгаа шинжилгээний арга барилыг нээж өгдөг учир шалтгаан хийгээд танин мэдэхүйн ухааныг судлахын ач холбогдлын талаар тэрээр өгүүллээ. Төвдийн буддын уламжлал нь Наландагийн уламжлал шиг учир шалтгаан дээр тулгуурладаг цорын ганц уламжлал мөн. Энэ дадал нь Төвдийн лам нар, түүний дотор Дээрхийн Гэгээнтэнд шинжлэх ухааны мэдлэгийг эзэмшихэд ихээхэн нэмэр болсон байна. Учир шалтгааны сэтгэлгээ болон ном хаялцах заншил нь одоо сургуулиудад амжилттай хэрэгжиж байгаа ажээ.

Нэгэн үе хүчирхэг байсан Төвд 9 дүгээр зуунд хуваагдсан ч, хэдэн зууны турш төвд хүмүүсийг нэгтгэж байсан нь Төвдийн буддизм билээ. Энэ уламжлалын өөр нэг үргэлжил нь улс төрийн хариуцлага бүхий алба бөгөөд Далай Лам 16 настай байхдаа Тагдраг ринбочигаас энэ албыг хүлээн авсан ба 2011 онд бүрэн чөлөөлөгдөх үедээ Төвдийн удирдагч сижонг-д хүлээлгэн өгсөн ажээ. Дээрхийн Гэгээнтэн ардчилалд итгэдгээ илэрхийлээд, төвд хүмүүст биеэ зөв авч яван, нутаг нэгтнийхээ нэр хүндийг муу зүйлтэй хутгахгүй байхыг уриалав.

Герман дахь Төвдийн төвийн хүсэлтээр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам бэлэгдлийн чухал ач холбогдол бүхий Гэгээн Паулын сүм-Паульскирхед болсон арга хэмжээнд оролцлоо. Энэ сүм 1789 онд анх лютераны сүм хэлбэрээр үйл ажиллагаагаа эхэлж байсан байна. 1849 оны үед анх удаа олон нийтээс, чөлөөлт сонгуулиар сонгогдсон Германы хууль тогтоох байгууллага болох Франкфуртын парламент энд байрлаж байжээ. 1944 онд Дэлхийн 2 дугаар дайны үед сүм нурж гэмтсэн байна. Эрх чөлөөний билэг тэмдэг, Германы өлгий, Франкфуртын анхны байгууламжийнх нь хувьд дайны дараа түүнийг дахин сэргээн босгосон ажээ. Зуйван хэлбэртэй сүмийн барилга дотор Дээрхийн Гэгээнтэн үдээс өмнө оюутнуудтай, үдээс хойш философичид, христийн сүмийн хамба лам нартай уулзаж, иргэний ёс суртахууны талаар ярилцлаа.

Дээрхийн Гэгээнтэн Төвдийн ахмад, залуу үеийн төлөөлөлтэй хийсэн уулзалт ба иргэний ёс суртахууны тухай хэлэлцүүлэг
Паульскирхед Дээрхийн Гэгээнтэн Далай лам оюутнуудтай уулзаж
байгаа нь. Герман, Франкфурт. 2014.5.15. Гэрэл зургийг Мануэл Бауэр
Франкфурт хотын дарга ноёон Питер Фельдман энэ өглөө Дээрхийн Гэгээнтнийг угтан авсан бөгөөд тэрээр хэлсэн үгэндээ Франкфуртыг хүлээцтэй, олон шашин, олон хэл бүхий олон соёл цогцолсон хот хэмээн тодорхойллоо. Ийм нөхцөл байдлын дунд Төвдийн төв нь хотын амьдралд бүтээлч чухал хувь нэмэр оруулж байгаа ажээ.

Дээрхийн Гэгээнтэн,

“Хүндэт ахан дүүс нар аа, би та бүхэнтэй адил хүмүүний хувьд энд байгаадаа туйлын баяртай байна. Та нар шиг залуу хүмүүстэй уулзах бүртээ би өөрийгөө улам залуу болсон шиг санадаг. Ахмад хүмүүстэй уулзах бүртээ хэн маань түрүүлж явах бол доо гэж боддог. Миний бие 20 дугаар зууны иргэн бол та бүхэн 21 дүгээр зуунд мэдээж харьяалагдана. Өнгөрсөн бол өнгөрсөн, түүнийг өөрчлөх боломжгүй. Өөрчлөлт хийх боломж нь гагцхүү ирээдүйд л байдаг. 20 дугаар зууныг хүчирхийлэл, эвдрэл сүйрлийн зуун гэж тодорхойлдог. Энэ зуунд 200 сая хүн амь насаа алдсан бол 21 дүгээр зууныг илүү энх тайвны зуун болгох итгэлтэй байх хэрэгтэй” гэлээ.

Оюутнуудын асуултад Дээрхийн Гэгээнтэн хариулахдаа, хүмүүс нийгмийн амьтныхаа хувьд мэндэлсэн цагаасаа хайр энэрэлд байх боломжоор хангагдсан байдаг тухай, орчин үеийн боловсролын тогтолцоо нь дотоод үнэ цэнийг бэхжүүлэхээс илүү, материаллаг зорилгыг тавьдаг учраас байгалаас заяасан хайр энэрэл, нигүүлсэхүйн чадвар багасах хандлагатай байна хэмээн хэллээ. Хэдийгээр бүх шашин ёс зүй дээр суурилдаг боловч өнөөдөр бидний тулгамдсан асуудал бол хүн бүрийг хамарсан ёс суртахууны тогтолцоо, иргэний ёс суртахууны хэрэгжүүлэх ёстой зүйлс юм хэмээн тэр хэллээ.

Дээрхийн Гэгээнтэн Төвдийн ахмад, залуу үеийн төлөөлөлтэй хийсэн уулзалт ба иргэний ёс суртахууны тухай хэлэлцүүлэг
Паульскирхед оюутан Дээрхийн Гэгээнтэн Далай Ламаас
асуулт асууж байгаа нь. Герман, Франкфурт. 2014.5.15.
Гэрэл зургийг Мануэл Бауэр
Дээрхийн Гэгээнтний хувьд хамгийн сайхан үе хэзээ байдаг талаар оюутны асуусан асуултад тэрээр, хүн болж төрсний хувьд сэтгэлийн сайхныг хөгжүүлэх явдал гээд, буддист хүний хувьд хэмжээлшгүй энэрэнгүй сэтгэлийг үүсгэх тал дээр ажиллах нь түүнд сэтгэл ханамжийг өгдөг хэмээн хариулав. Энэ сэдвээр цааш нь өгүүлэхдээ,

“Байнгын уур хилэн, айдас нь бидэнд гэм хор болдог бол амар тайван сэтгэл нь өөртөө итгэх итгэлийг бэхжүүлдэг гэдгийг эрдэмтэд тогтоосон. Нигүүлсэхүй нь дотоод хүч чадал, өөртөө итгэх итгэлийг бий болгох ба энэ нь бусдын итгэл, нөхөрлөлийг дагуулна” хэмээв.

Украйнь дахь хямралыг хэрхэн шийдэх талаар асуусан асуултад, тайлбар хэлэх хэмжээний хангалттай мэдээлэлтэй бус байгаагаа Дээрхийн Гэгээнтэн илэрхийллээ. Тэрээр цааш нь,

“Хүчирхийлэл, түүний урьдчилан тааварлахын аргагүй үр дагавар нь гай зовлонг дагуулдаг. Өчүүхэн хэмжээний хүч хэрэглэнэ гэж та тооцоолсон байж болох ч, байдал хурцдах нь буй. Хүчирхийллээр хүмүүсийн бие махбодид хяналт тавьж болох ч, айдас, уур хилэн, үзэн ядалтыг бий болгохын хамт, зүрх сэтгэл хийгээд оюун ухааныг ялж үл чадна” хэмээн нэмж хэлэв.

Үдээс хойш Дээрхийн Гэгээнтэн Засгийн газрын интеграцын газрын дарга, доктор Эскандери-Грюнбергийн удирдсан ‘Шашнаас ангид ёс суртахуун’ сэдэвт хэлэлцүүлэгт оролцлоо. Хэлэлцүүлэгт Германд нэртэй хүмүүс болох философч Райнер Форст, христийн хамба лам Триер, Стефан Аккерман нар оролцов. Хэлэлцүүлгийг Герт Шобел хөтлөн явууллаа. Хэлэлцүүлэг шашны болон гүн ухааны сэдвээр өрнөлөө.

Дээрхийн Гэгээнтэн Төвдийн ахмад, залуу үеийн төлөөлөлтэй хийсэн уулзалт ба иргэний ёс суртахууны тухай хэлэлцүүлэг
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам "Шашнаас ангид ёс суртахуун"
сэдэвт хэлэлцүүлэгт оролцож, үг хэлж байгаа нь. Герман,
Франкфурт. 2014.5.15. Гэрэл зургийг Мануэл Бауэр
‘Олон шашинтай, олон соёл холилдсон нийгэмтэйгээсээ үл хамааран дэлхийн хамгийн их хүн амтай ардчилсан орон болж чадсан Энэтхэгт 55 жил амьдарсан туршлагаасаа харахад энэ орон иргэний үнэ цэнэт зүйлийг бэхжүүлэх эрмэлзлээ Үндсэн хуульдаа баталгаажуулсан учраас тусгаар тогтнолоо олсноосоо хойш гайхалтай тогтвортой хөгжиж байгаа билээ. Энэтхэг дэх шашингүйн үзэл нь шашны эсрэг гэж хэн ч хэлэхгүй. Шинжлэх ухааны ололт болон эрүүл ухаанаар асуудалд би ханддаг. Өөрт хийгээд өрөөлд жаргал авчирч байгаа үйлдэл эерэг байдаг бол өөрийг болон өрөөлийг зовоож байгаа үйлдэл нь сөрөг үйлдэл мөн. Энэ утгаар бусдын сайн сайхны төлөө санаа тавих нигүүлсэхүй сэтгэл нь иргэний ёс зүйн үндэс билээ” хэмээн хэллээ.

Маргааш өглөө богино хэмжээний ярилцлагын дараа тэрээр Латви, Норвеги, Нидерланд болон Германд хийсэн амжилттай, үйл явдлаар арвин аяллаа дуусгаж, Энэтхэг рүү хөлгийн жолоог зална.
17-05-2014, 19:30
Вернуться назад