Энэтхэг, Махараштра, Мумбай. 2014.6.1- Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энэ өдрийн айлдвараа Шантидева гэгээний ‘Бодьсадвын Явдалд Орохуй’ номын тайлбараар эхэллээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Сомайяа Видяавихарт гурав дахь
өдрийн айлдварын үеэр. Энэтхэг, Мумбай. 2014.6.1.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
Нигүүлсэхүйг дадуулсан хоёр төрлийн хүмүүс байдгийн нэг нь бусад бээр зовлонгоос ангид байгаасай хэмээн хүсдэг хүмүүс хийгээд хоёр дахь “Би бусдыг зовлонгоос ангижруулах чадалтай байх болтугай” гэсэн тодорхойлолтод ангилагдана хэмээн тэр хэлэв. Үүний тулд бид зовлонг даван туулж болно гэдгийг ойлгох шаардлагатай. Сэтгэлийн гурван нисваанис, таван сөрөг хандлага, тухайлбал мунхаг, уур, өөрт хамаатуулах сэтгэл, дээр нь нэмээд атаа хорсол болон бардамнал зэргээс зовлон үүдэн бий болдог гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Эдгээрийн үндэс суурь нь мунхгийн харанхуй бөгөөд үүнийг сөрөх хүч нь юмсын мөн чанарыг тэр л байдлаар нь хүлээн авч ойлгох явдал юм. Нагаржуна гэгээн мунхгийн харанхуйг юмсын дотоод мөн чанар нь гадаад үзэгдэх байдалтай зууралдах хэмээн тодорхойлсон байдаг. Нэгэнт мунхгийн харанхуй сэтгэлийн бүхий л сөрөг хандлагыг бий болгодог юм бол хэрвээ бид мунхгийн харанхуйгаасаа салбал сэтгэлийн сөрөг хандлага бүгд бас алга болно хэмээн Арьяадева ‘Дөрвөн Зуут’ бүтээлдээ бичсэнийг Дээрхийн Гэгээнтэн эш татлаа.
Бид хэрхэн энэ замаар явах вэ? Шүтэн барилдаж үүсдэгийг эхлээд ойлгох нь чухал. Би болоод бусад амьд биет бие даан оршиж байгаа мэт үзэгддэг. Бүх юм бусад хүчин зүйлсээс хамааралтай байдгийг ухаарсан цагт тэд бие даан оршихгүй гэдгийг ойлгоно. Тиймээс шүтэн барилдаж үүсдэг жамыг ойлгоход бид бүх хүч чармайлтаа дайчлах ёстой. Мунхгийн харанхуйгаас болж бодит бус зүйлтэй бид зууралддаг боловч түүнийг даван гарах боломжтой. Гажуудсан үзлээ засах боломж бидэнд бий.

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын гурав дахь өдрийн айлдварын үеэр.
Энэтхэг, Мумбай. 2014.6.1. Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
“Ертөнцийн найман ном” гэгчийн тухайд бид гэр бүлээ, найз нөхдөө, тэр бүү хэл өөрсдийгөө жигшил зэвүүцэл, хүчирхийлэлд өртөөсэй гэж хүсдэггүй хэрнээ дайсныхаа тухайд яг эсрэгээр нь боддог гэдгийг тэр сануулан хэлэв.
Үзэн яддаг жинхэнэ дайснаа ялан дийлэхэд эр зориг хэрэгтэй. Үүний зэрэгцээ ихэрхэх, өрөвдөх, өршөөх байдлаас ангидаар бусдыг нигүүлсэх сэтгэлийг бид төлөвшүүлдэг. Оюун ухаан материаллаг бус учраас бусад хүмүүс үүнийг гэмтээж чадахгүй. Доромжилсон үг хэллэг бие махбодид ямар ч гэм хийхгүй хэрнээ оюун ухаан яагаад уурладаг вэ? Энэ нь эргээд “ертөнцийн найман ном” хэмээхийг даван туулахтай холбогдоно. Бидэнд зовлон учруулж байгаа боловч тэсвэр тэвчээрээ шалгах боломж олгож байгаагаараа бурхад лугаа бидэнд хандаж байгаа хүмүүст бид яагаад уурлах ёстой гэж? Харин оронд нь бид тэдэнд талархаж, нигүүлсэн бодох хэрэгтэй.
Манай дайснууд бидэнд сайн юм хийх бодолгүй хэмээн эсэргүүцэж байгаа бол бидэнд туслах бодолгүй эмэнд бас бид яагаад итгэл, хүндлэлтэйгээр хандах хэрэгтэй билээ. Тэсвэр тэвчээрээ шалгах ийм боломжийг сөргөлдөгчдөөс маань өөр хэн ч бидэнд олгохгүй учраас тэдэнд хүндэтгэлтэй хандах ёстой. Бусад амь биетэнд тусалсны хариуд бидний энэ насны амьдралд аз хийморь, алдар нэр, аз жаргал ирдэг. Тэсвэр тэвчээрийг үзүүлснээр бид сайхан харагдаж, эрүүл, урт насалж, аз жаргалтай байдаг.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам гурав дахь өдрийн айлдварын үеэр
сонсогчдын асуултад хариулж байгаа нь. Энэтхэг, Мумбай. 2014.6.1.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
Бидэнд тулгарч байгаа асуудлуудын зарим нь 30-40 жил үргэлжилж болох ч, түүнийг шийдэх эхний алхмыг өнөөдөр хийх аваас алс хэтдээ байдал өөрчлөгдөнө хэмээн тэрээр нэмж хэлэв. Тиймээс бид бүгд хүн төрөлхтний нэгэн гэр бүлд багтдаг гэсэн ойлголт дээр тулгуурлан, иргэний ёс суртахууны үзэл хийгээд найрсаг халуун сэтгэлийн ач холбогдлын асуудлыг тэрээр дэвшүүлж байгаа ажээ. Сүсэг бишрэл, арьс өнгө, үндэстэн ястны ялгаа нь энэ утгаараа хоёрдугаар зэргийн асуудал юм. Бурхан Багш сэрүүн залран ахуйдаа буддизмд хэн нэгнийг татан оруулах талаар ямар ч оролдлого хийж байгаагүй билээ. Бид бусдын сүсэг бишрэлийг хүндэтгэхийн зэрэгцээ өөрийн сүсэг бишрэлдээ үнэнч байх шаардлагатай.
Иргэний ёс зүйг сургалтын хөтөлбөрт тусгах тухай асуудлын тухай Дээрхийн Гэгээнтэн хэлэхдээ, одоогийн байдлаар бид боловсруулж байгаа гэлээ. Энэ асуудлыг сонирхож байгаа хүмүүс, эрдэмтэд, боловсролын мэргэжилтнүүд энэ талаар АНУ, Европ, Делид ажиллаж байгаа ажээ. Энэ хөтөлбөр бэлэн болмогц, туршилтын төсөл хэлбэрээр сургуулиудад хэрэгжүүлэх боломжтой болно хэмээв. Хэрвээ амжилттай болж чадвал арай өргөн хүрээнд хэрэгжүүлэх боломж бүрдэнэ.
Үдээс хойш Дээрхийн Гэгээнтэн бизнес эрхлэгчдийн урилгаар өмнөд Мумбай дахь Сомайяа Бхаванд хүрэлцэн очлоо. Тэрээр тэдэнд хандан хэлэхдээ,

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Сомайяа Бхаваны Насан туршийн
сургалт төвд бизнес эрхлэгчидтэй уулзаж байгаа нь. Энэтхэг,
Мумбай. 2014.6.1. Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
Хүн бүрийн аз жаргалтай амьдрах хүсэл, найз нөхөдтэй байх хэрэгцээн дээр суурилан хүний үнэт зүйлсийг хөгжүүлэх үүрэг хүлээснээ тэрээр тайлбарлав. Бусдын сайн сайхны төлөө чин сэтгэлээсээ санаа тавих сэтгэлийг төлөвшүүлснээр аз жаргал, нөхөрлөлийг боломжтой болгодог итгэлийн суурь тогтоно. Уур, айдас, хардалт сэрдэлт нь бидний дархлааны тогтолцоог гэмтээдэг гэдгийг эрдэмтэд тогтоосон учраас бусдын төлөө санаа тавих нь бидний эрүүл мэндэд ч тустай ажээ. Тэрээр цааш нь хэлэхдээ,
“Хэдийгээр маш их мөнгөтэй ч, атаа хорсол, үл итгэлцлээр сэтгэл чинь дүүрсэн байх аваас азгүй болдгийг та мэдэрсэн ч байж болох юм. Нөгөө талаас, ядуу ч, хайр энэрлээр дүүрэн гэр бүл сэтгэл хангалуун байдаг. Таны шашин шүтдэг, эс шүтдэгээс үл хамааран найрсаг халуун сэтгэлтэй, бусдын төлөө санаа зовнидог байх нь аз жаргалтай байхын нөхцөл болдог. Бидний бие биетэйгээ харилцах харилцаанд хайр энэрлийн гүйцэтгэх ач холбогдлын талаар жирийн хүний хувьд би өөрийн үзэл бодлыг та бүхэнтэй хуваалцахыг хүсч байна. Хоёрдугаарт, гүн ухааны ялгаатай байдлаас үл хамааран бүх томоохон шашин хайр, нигүүлсэхүйн талаар адил сургаалийг дэвшүүлдэг учраас бидний хүндэтгэлийг хүлээх гавьяатай гэдэгт буддист хүний хувьд би итгэдэг.”
Бизнесийн удирдагчид нийгмийн сайн сайханд томоохон хувь нэмрийг оруулах боломжтой гэдгийг тэрээр хэллээ. Үй олон хүн ядуу зүдүү амьдарсаар, өндөр сайхан барилга байшингуудын дунд бидэндтэй адил хүмүүний төрөлтнүүд ядуусын оромжид толгой хоргодсоор байгааг Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэлэв. Баян чинээлэг нь ядуусын боловсрол болон эрүүл мэндийн байгууламжийг байгуулах замаар тэдэнд туслах, харин ядуус нь өөрсөддөө итгэлтэй байж, уйгагүй хөдөлмөрлөх үүрэг хариуцлагатай тухай тэрээр хэллээ.
Энэтхэг орон хөдөө аж ахуйн орон учраас хотын хөгжлийн нэгэн адил хөдөөгийн хөгжил чухал ач холбогдолтой хэмээн Дээрхийн Гэгээнтэн хэллээ. Хотуудад машины тоо ихсэхийн хэрээр зам харгуй олноор баригдаж буйн адил хөдөө орон нутагт эмнэлэг, сургууль, үйлдвэр барих нь мөн чухал юм. Хүрэлцэн ирсэн олонд хандан тэрээр хэлэхдээ, түүний хэлснийг анхаарч, зүгээр нэг сайхан бодол гээд орхихгүй гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам бизнесийн удирдагчдад зориулан
номон дээр гарын үсгээ зурж байгаа нь. Энэтхэг, Мумбай,
Насан туршийн сургалтын төв. 2014.6.1.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
Дэлхийн хүн амын хэт өсөлт, баян ядуугийн асар их ялгаа, байгалийн баялгийн хорогдолтой нүүр тулж байгаа өнөө үед бусдын төлөө санаа тавих нь чухал ач холбогдолтой хэмээн Дээрхийн Гэгээнтэн зөвлөлөө. Амьдралын зорилго ву вэ гэсэн асуултад тэрээр аз жаргал ба сэтгэл ханамжийг олох хэмээн хариулав.
Төвдүүд уламжлал ёсоор энэтхэгүүдийг өөрсдийн гүрү багш хэмээн тооцдог тухай Дээрхийн Гэгээнтэн дурсан хэлээд, Цастын орон Төвдийн байгалийн өнгө нь цагаан хэрнээ Энэтхэгээс гэрэл гэгээ тусах хүртэл хар байсан хэмээн бичсэн 14 дүгээр зууны Төвдийн сэтгэгчийн үгнээс эш татлаа. Тэрээр хаа явсан газраа Энэтхэгийн уламжлалт ахимса, хүч үл хэрэглэх зарчим, шашин хоорондын эв зохицлыг магтан ярьдаг гэдгээ хэлэв. Түүний тархи Наландагийн уламжлалын мэдлэгээр дүүрч, бие нь бараг 55 жил энэтхэг будаа, дал, чапатигаар тэжээгдсэн учраас өөрийгөө Энэтхэгийн хүү хэмээн бас боддог хэмээн нэмж хэллээ.
Уулзалтад оролцсон хүмүүстэй зургаа авахуулан, номон дээр гарын үсгээ үлдээсний дараа Дээрхийн Гэгээнтэн Насан туршийн сургалтын төвийн номын дэлгүүрт зочилсноор өнөөдрийн үйл ажиллагаагаа өндөрлөв. Дээрхийн Гэгээнтэн маргааш иргэний ёс зүйн талаар ярьж, Шантидева гэгээний номын тайлбарыг үргэлжлүүлэн хийнэ.