Итали, Тоскана, Ливорно, 2014.6.14- Дээрхийн Гэгэээнтэн Далай Ламыг өнөө өглөө айлдвар номоо эхлэхээр Модиглиани стадионд морилон ирэхэд Ливорно хотын дарга Филиппо Ногарин халуун дотноор угтан авав. Хотын дарга Ногарин мэндчилгээний үгэндээ Италид, Ливорнод Дээрхийн Гэгээнтнийг нэр төртэйгөөр, давуу эрхтэйгээр угтан мэндчилж байгаадаа баяртай буйгаа дурдав. Тэрээр Дээрхийн Гэгээнтнийг Ливорно хотын хүндэт иргэн болгож, Ливорно хотын түлхүүрийг гардуулсан байна.

Хотын дарга Филиппо Ногарин Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг
Ливорно хотын хүндэт иргэн болгож, хотын түлхүүр гардуулж
байгаа нь. Итали, Тоскана, Ливорно.2014.6.14.
Гэрэл зургийг Оливер Адам
Хөгжил дэвшил нь үнэн хэрэгтээ ард түмнээс хамаардаг хэмээн Дээрхийн Гэгээнтэн айлдав. Эдийн засгийн хүндрэлээс үл хамааран, ард түмэн өөртөө итгэлтэй байх ёстой. Өөдрөг үзэл бол зөв хөгжил, дэвшлийн гол хүчин зүйл мөн. Сүүлийн 55 жил цагаачлалд амьдрахдаа асар их зовлонг амссан боловч, өөртөө итгэх итгэлээ хэзээ ч алдаагүй Төвдийн ард түмний жишээг тэрээр дурдав.
Дээрхийн Гэгээнтэн айлдвараа эхлэхдээ уламжлалт аргаар хуран цугласан олныг ахан дүүсээ хэмээн мэндчиллээ. Сэтгэлийн сөрөг хандлагыг ялан дийлэхийн тулд хүмүүсийн ашиглаж байгаа оюун ухааны чадамж нь бүгд ижил байдгаараа бүх хүн үндсэндээ адил хэмээн тэр хэлэв. Оюун ухааны түвшинд тавгүй байсан тохиолдолд чинээлэг байсан ч хүмүүс сэтгэл дундуур байдаг. Хүрэлцэх мэдрэх байдлаараа бус, харин оюун ухааны түвшинд бий болох аз жаргалын мэдрэмжид илүү анхаарал тавьж байхыг Дээрхийн Гэгээнтэн зөвлөлөө. Эрүүл мэндийн ухааны эрдэмтэд, тэдгээрийн дотор тархины мэргэжилтнүүд оюун ухааны амар амгалан нь бие махбодийн эрүүл мэндэд ч туйлын чухал болохыг судалгаа, туршилтаар нотолсон болохыг тэрээр дурдав.

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын ном айлдаж буй Модиглиани
стадионы индрийн байдал. Итали, Тоскана, Ливорно.2014.6.14.
Гэрэл зургийг Оливер Адам
Өөрийн гэсэн шашин, хууль, цагдаагийн хүч байхгүй хэрнээ нийтийн эрх ашгийн төлөө хамтдаа хөдөлмөрлөдөг шавьжны жишээг тэрээр татлаа. Шавьж, амьтнаас ялгаатай нь хүн оюун ухаантай учраас хүн төрөлхтний сайн сайхны төлөө түүнийгээ ашиглах ёстой.
Дээрхийн Гэгээнтэн хүмүүсийн хоёрдугаар зэргийн ялгааг үл хайхран, хүн бүртэй ойр дотно харьцдаг тухайгаа ярилаа. Далай Лам гэдэгт хэт их ач холбогдол өгөх нь түүнийг бусдаас тусгаарладаг хэмээн тэр хэлэв. Харьцахад амар бөгөөд тайвшралыг авчирдаг учраас хүн бүрийг өөрийн ах, эгч мэт үзэх нь зүгээр. Хэрвээ бид хүн төрөлхтний нэгдмэл байдлыг бүрнээ ухамсарлаж, бусдыг өөрийн ах, эгч мэт бодож чадвал өнөөдөр тохиолдож байгаа аллагыг зогсоож чадна.

Модиглиани стадионд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлтгалыг
сонсож буй хүмүүс. Итали, Тоскана, Ливорно. 2014.6.14.
Гэрэл зургийг Оливер Адам
Тэрээр үргэлжлүүлэн Шантаракшита, Камалашила, Дармакирти зэрэг Энэтхэгийн Наланда их сургуулийн агуу сэтгэгч нарын буддизмд оруулсан асар их хувь нэмрийн талаар ярилаа. Түүний хэлснээр Наланда бол жирийн нэг сүм хийд бус, харин сургалтын маш том төв байсан ажээ. Төвдүүд бид Наландагийн бүхий л томоохон эх зохиол болон тайлбаруудыг Төвд хэлнээ орчуулан, Наландагийн уламжлалыг амьд хэлбэрээр нь хадгалж чадсандаа баяртай байдаг хэмээн тэр хэлэв. Дэлхий дахины, тухайлбал Хятадын, Шри Ланкийн, Бирмийн буддистууд энэ ажлыг хүлээн зөвшөөрдөг бөгөөд буддын гүн ухааныг хэлэлцэж, судалж байна.
Үдийн хоолны дараа Итали болон хөрш орнуудад оршин суудаг 200 гаруй төвд хүмүүст хандан Дээрхийн Гэгээнтэн үг хэллээ. Өөрсдийн эртний өв уламжлалаараа бахархаж байхыг тэдэнд тэрээр уриалав. Төвдийн Додмад бүс нутагт чулуун зэвсгийн үеэс эхтэй соёл иргэншлийн ул мөр олсон археологчдын судалгааны жишээг тэр ярилаа. Түүнчлэн хэдэн арван мянган жилийн түүхтэй чулуун малтлага Төвдийн Аари бүс нутагт байдаг тухай сануулаад "Тиймээс бидний өв уламжлал бол өнө эртний бөгөөд удаан жилийн түүхтэй" хэмээн айлдав.
"Бид тэмцлээ үргэлжлүүлэх эсэх нь эн тэргүүнд Төвдийн нутагт байгаа төвд хүмүүсийн шийдэмгий байдал, сэтгэлийн тэнхээ, тууштай байдлаас хамаарна" хэмээн тэр хэлэв. Шашингүйн үзэлтэй боловч, өөрийн эх орон, ард түмэндээ хайртай, эх оронч Баба Пунцаг Ванжил агсныг Дээрхийн Гэгээнтэн дурсан ярилаа. Түүнчлэн Хятадын коммунист тогтолцооны хүрээнд ажиллаж байгаа Төвдийн албаны хүмүүсийг дурсан ярихдаа, Төвдийн төлөө гэсэн хатуу эх оронч сэтгэлээсээ болж асуудалд орж болох ч, мятраагүй хэмээв. Төвд хүмүүс тэмцэхдээ хүчирхийллийг сонгодоггүйд баяртай байдгаа Дээрхийн Гэгээнтэн илэрхийллээ.
Цагаачлан амьдарч байгаа хэрнээ төвд хэл, шашин, соёлоо хадгалж буй хүмүүсийг тэр өндрөөр үнэлэв. Гэхдээ төвдүүд байгаа байдалдаа сэтгэл ханаж, Төвдийн буддист соёлыг алба мэт хүлээх авах ёсгүй хэмээн тэр анхаарууллаа. Төвдүүд үнэнч шударга, зарчимтай байх соёлоо аажмаар алдаж байгаад сэтгэл зовниж буйгаа Дээрхийн Гэгээнтэн илэрхийлэв. Эртний сайхан цагт цэвэр итгэл дээр суурилан, ямар ч барьцаагүйгээр цамц зардаг төвд хүмүүст хүүгүй мөнгө зээлдүүлж байсан Панжабын бизнесменүүдийн жишээг тэрээр дурссан бөгөөд өнөөдөр энэ бүхэн бэлэн мөнгөний гүйлгээ болсон байна.
Төвд хэлээ үзэхийн чухлыг тэрээр тэмдэглээд, Энэтхэгийн Жамму болон Кашмир мужид оршин суудаг төвдийн мусальманууд хэдийгээр буддистууд биш ч, төв Төвдийн цэвэр албан ёсны хэлээр ярьж байсан жишээг дурдлаа. Тэрээр гэр орондоо төвд хэлээр ярих дадлыг хүүхддүүддээ олгохыг эцэг эхчүүдэд хандан уриалсан бөгөөд үүний үр дүнд залуу үеийнхэн цаашид эх хэлээ үргэлжлүүлэн судлах боломжтой болно гэв. Наланда уламжлалын буддизмыг бүхлээр нь ойлгуулж ухааруулж чадах ганц хэл бол Төвд хэл хэмээн хэллээ.
Настан буурал хийгээд бага балчир хүүхдүүдээ Энэтхэг дэх Төвдийн сууринд орхиод гадаадад ирсэн олон залуу төвдүүд байгаа учраас эргээд суурингуудын хөгжилд гадаад дахь төвдүүд хувь нэмрээ оруулах нь чухал ач холбогдолтой билээ. Төвдийн тэмцэл хэдэн арван жилийн турш үргэлжиллээ ч, гадаадад байгаа Төвдийн суурингууд Төвд хэл, шашин, соёлоо хамгаалан үлдэж чадна гэдэгт итгэж буйгаа Дээрхийн Гэгээнтэн илэрхийлэв.
Бүх хүн өөрийн орон нутаг, ард түмний тухай бодож, хувийн эрх ашгаас илүү нийтийн эрх ашгийн төлөө ажиллаж хөдөлмөрлөхийг тэр зөвлөсөн юм. Тэрээр зааланд сууж байсан нэгэн бизнес эрхлэгчийн Энэтхэг дэх Бхандара төвдийн сууринд Хөгшин хүмүүсийн асрамжийн газар барьсан хувь нэмрийг үнэллээ. Тэрхүү газарт суулгасан агааржуулагчийн чанарыг тэр онцгойлон магтаад, хөдөөгийн жижиг тосгон дахь агааржуулагч Италийнхаас хамаагүй дээр байсан хэмээн хошигнов.
Дараа нь Дээрхийн Гэгээнтэн Нагаржунагийн "Хаанд Илгээсэн Захидал" болон Богд Зонховын "Шүтэн Барилдлагын Магтаал"-ыг үргэлжлүүлэн тайлбарлав.