Итали, Тоскана, Ливорно, 2014.6.15- Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Итали дахь айлчлалынхаа сүүлийн өдөр Жанрайсиг Бурханыг равнайлахын өмнөх уншлага номын бэлтгэл ажлын улмаас Модиглиани стадионд өглөө эрт хүрэлцэн ирлээ. Бэлтгэл ажлын дараа тэрээр Ливорно хотын хамба ламтан Симоне Гиустиг хүлээн авч уулзав.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Ливорно хотын хамба Симоне Гиустиг
Модиглиани стадион дахь арга хэмжээний үеэр хүлээн авч уулзсан нь.
Итали, Тоскана, Ливорно, 2014.6.15. Гэрэл зургийг Оливер Адам
Дараагийн удаа Италид ирэхдээ Христийн залбирлын үйл ажиллагаанд оролцох сонирхолтой байгаагаа Дээрхийн Гэгээнтэн илэрхийлээд, маргааш өглөө буцах гэж буй тул энэ удаагийн хувьд энэ нь боломжгүй болсныг учирлалаа. Тэрээр Итали дахь Буддын шашинтнуудын нэрийн өмнөөс хамба ламтан Симоне Гиустид дахин талархал болон гүн хүндэтгэлийг илэрхийлэв.
Хамба ламтан Симоне Гиусти Дээрхийн Гэгээнтний хэлсэн үгэнд мөн талархлаа илэрхийлээд, Дээрхийн Гэгээнтэнтэй уулзсандаа туйлын баяртай байгаагаас гадна, түүний хувьд ч мөн нэр төрийн хэрэг хэмээн хэллээ. Тэрээр хэлэхдээ, энэ дэлхийд зам мөрөө алдсан олон хүн байгаа бөгөөд Дээрхийн Гэгээнтний хайр, нигүүлсэхүйн тухай айлдвар тэдгээр хүмүүст шинэ итгэл найдварыг авчирна хэмээв. Хамба ламтан Дээрхийн Гэгээнтэнд дахин талархлаа илэрхийллээ. Дээрхийн Гэгээнтэн хамба ламтантай ярилцах үедээ түүний гарыг атгаж, түүнийг явахад гаргаж өгсөн юм.
Дараа нь Дээрхийн Гэгээнтэн Жанрайсиг бурханыг равнайллаа. Үдээс хойш тэрээр энэрэнгүй ёс суртахууны тухай түүний айлдварыг сонсохоор 6000 гаруй хүн хуран цугласан Модиглиани стадионд эргэн ирэв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Модиглиани стадионд.
Итали, Тоскана, Ливорно.2014.6.15.
Гэрэл зургийг Фильм Про
Италид хийсэн айлчлалдаа сэтгэл хангалуун байгаагаа Дээрхийн Гэгээнтэн илэрхийллээ. Олон нийттэй уулзах бүрт хүмүүс түүнд жинхэнэ хүний сэтгэлээр хандаж байсан тул тэрээр хайр энэрлээ үзүүлсэн бүх хүнд талархаж буйгаа хэлсэн юм. Гэхдээ нэг л гомдоллох зүйл байгаа нь маш халуун цаг агаар байсан бөгөөд энэ нь хэний ч хянаж чадах зүйл биш хэмээв.
Ёс зүйн сэдвээр тэрээр айлдахдаа, бусдын сайн сайхан, ашиг тусын төлөө хийсэн үйл бүхэн ёс зүйтэй үйлдэл хэмээн үздэг гэв. Бусдын сайн сайхны төлөө зовних сэтгэлийг төлөвшүүлэхийг Дээрхийн Гэгээнтэн хүмүүст зөвлөлөө. Эцсийн дүнд энэ нь хувь хүнд өөрт нь тустай билээ. Үүнийг тэрээр хувиа хичээх мэргэн арга хэмээн нэрлэв. Бусдын сайн сайхны төлөө чин сэтгэлээсээ санаа тавьсан тохиолдолд бусдыг дээрэлхэх, хуурах, гэмтээх гэмт явдал байхгүй болно. Ингэснээр аз жаргалтай амьдралд хөтлөх бидний сэтгэл илүү аз жаргалтай болох учраас энэ нь бидэнд эргээд ашигтай байх болно хэмээн айлдав.
Хүүхэд төрсөн даруйдаа нэг ч үг, хэл мэдэхгүй боловч, эхийн бүрэн хайр халамжинд байдаг. Төрсний дараах эхний хэдэн долоо хоногт хүүхдэд эх хүн биеэрээ хүрч байх нь хүүхдийн тархи зөв хөгжиж бойжиход чухал ач холбогдолтой болохыг эрдэмтэд судалгаагаараа баталсан. Хүний амьдралын эхний үеүдэд эхийн хайр халамж юунаас ч илүү чухал хэмээн Дээрхийн Гэгээнтэн хэлэв.
Бусдад нигүүлсэхүй хандсан хүн эн тэргүүнд ашиг тусыг нь амсана гэснээр тэрээр яриагаа өндөрлөлөө. "Тиймээс хайр, нигүүлсэхүйг хэвшүүлцгээ," хэмээн уриаллаа.

Модиглиани стадионд энэрэнгүй ёс суртахууны тухай
Дээрхийн Гэгээнтний хийсэн ярианы үеэр хүүхдүүд түүнээс
асуулт асууж байгаа нь. Итали, Тоскана, Ливорно.2014.6.15.
Гэрэл зургийг Оливер Адам
21 дүгээр зууны залуу үеийнхэнд өндөр итгэл найдвар тавьж буйгаа Дээрхийн Гэгээнтэн илэрхийлээд, өөрсдийн харахыг хүсч байгаа өөрчлөлтөө манлайлан хийхийг тэднээс хүссэн юм. Өнөөгийн боловсролын тогтолцооноос давж, дотоод үнэт зүйлс, ёс суртахуунд илүү их анхаарал хандуулахыг тэр залуучуудад уриалав. 21 дүгээр зууныг илүү амар амгалан, нигүүлсэхүй зуун болгохын төлөө залуучуудын хүчин зүтгэлийг дэмжиж буйгаа тэрээр өөрийн яриа айлдвараар болон бусад хэлбэрээр хаа явсан газраа илэрхийлдэг хэмээлээ.
Шүгдэнг дэмжигсдийн зүгээс сүүлийн хоёр өдрийн хугацаанд хийж байгаа жагсаалын талаар түүнээс нэг нь асуув. Тэдгээр эсэргүүцэл илэрхийлэгчдэд ямар хандлага үзүүлэх талаар өөр нэгэн асуулаа.
Дээрхийн Гэгээнтэн хариулахдаа, Шүгдэнгийн асуудал бараг 400 жилийн түүхтэй бөгөөд агуу их 5 дугаар Далай Лам болон 13 дугаар Далай Лам нар энэхүү сахиусыг хөнөөлтэй хэмээн тодорхойлж, түүнийг шүтэхгүй байхыг зөвлөж байсан гэлээ. Шүгдэнг тахих нь гагцхүү сахиусыг тахиж буй явдал болохоос шашныг бус хэмээн үздэгээ тэр хэлэв. Дээрхийн Гэгээнтэн цааш нь өгүүлэхдээ, тэрээр шашны урсгалаар ялгаварлахын эсрэг байдаг бол Шүгдэнг шүтэгчид шашны урсгалаар хэт явцуурдаг гэлээ. Гэхдээ өөрийн мунхгаас болж энэ сахиусыг 1951-1970 онуудад шүтэж байснаа тэрээр хэлсэн юм. Нарийн судалж нягталсны эцэст энэхүү шүтлэг нь шашны урсгалуудаар хэт явцуурхдаг болохыг олж мэдсэн бөгөөд тэгээд ч Шүгдэнг шүтдэгээсээ болоод буддизмын бусад урсгалын номлол сургаалд суралцаж чаддаггүй байсан ажээ. Шүгдэнг шүтэхээ больсны дараа Төвдийн буддизмын нинма, гаржүд, сажа урсгалын ном сургаалийг сурах эрх чөлөөтэй болсноор шүтэн бишрэх эрх чөлөөг жинхнээсээ олж авсан бөгөөд Шүгдэнг шүтэгсдийн зүгээс Дээрхийн Гэгээнтнийг шашны эрх чөлөөг хаадаг хэмээн ор үндэсгүй гүтгэдэг явдлыг үүгээрээ үгүйсгэсэн юм.
Удирдлагын тухай түүний бодлыг асуухад, бусдын сайн сайхны төлөө эмэгтэйчүүд байгалиасаа илүү мэдрэмжтэй байдгийг судалгаанууд нотолсон хэмээн тэр хариулав. Эмэгтэйчүүд удирдлагын хүрээнд илүү идэвхтэй үүрэг гүйцэтгэхийн төлөө байдгаа тэрээр хэллээ. Түүний энэ үгийг сонсогчид халуун алга ташилтаар хүлээн авсан юм. Бурхан багш эрэгтэй эмэгтэй лам нарт адилхан эрх өгсөн тухай тэр мөн ярив. Энэтхэг дэх Төвдийн суурингуудын сүм хийдүүдэд эрэгтэй эмэгтэй лам нарт адил тэгш боловсрол олгохын төлөө хэрхэн тэмцэж ирсэн тухайгаа тэрээр яриад, одоо тэдгээр сүм хийдүүдэд түүний хэлсэн ярьсан бүхэн хэрэгжиж байгаад баяртай буйгаа хэлсэн юм.

Модиглиани стадионд болсон арга хэмжээний төгсгөлд
Зопа ринбучи Дээрхийн Гэгээнтэнд талархал илэрхийлж
байгаа нь. Итали, Тоскана, Ливорно.2014.6.15.
Гэрэл зургийг Оливер Адам
Уулзалтын газраас хөдлөхийн өмнө Дээрхийн Гэгээнтэн хэлэхдээ,
"Италид хийсэн миний аялал мартагдашгүй дурсамжаар дүүрэн аялал болсон. Одоо зөвхөн Италид бус, мөн халуунд баяртай гэж хэлэх цаг боллоо. Бид бие бинээсээ хол байх боловч, сэтгэл зүрхээрээ хамт байх болно. Үхэн үхтлээ бид найз нөхөд байх болно. Бидний аз жаргалын эх сурвалж бидний дотор байдаг, гадны ямар ч хүчин зүйлсээс үл хамаардгийг хүн бүр ухаараасай гэж бодож байна. Тиймээс өөрийн дотоод ёс суртахууныхаа үнэт зүйлст илүү их анхаарцгаагаарай. Үүнийг сэтгэл оюундаа дандаа тунгааж байгаарай" хэмээн захисан юм.
Түүнийг танхимаас гарахад 6000 гаруй хүн халуун алга ташилт, уухайн дуугаар үдлээ. Дээрхийн Гэгээнтэн маргааш Энэтхэг рүү хөлгийн жолоог зална.