Dalailama / Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын 79 нас сүүдэр зооглосны ой ба Дүйнхорын вангийн удиртгал айлдвар

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын 79 нас сүүдэр зооглосны ой ба Дүйнхорын вангийн удиртгал айлдвар

2014 оны 7 дугаар сарын 6

Энэтхэг, Ладак, Лех, 2014.7.6 – Дүйнхорын вангийн бэлтгэл үе эхэлснээс хойш энэ өдрүүдэд Намжал хийдийн лам нар Газрын бүжгийг хийж гүйцэтгэсэн ба элсэн хот мандал хийх ажлыг эхлүүлээд байгаа билээ. Дээрхийн Гэгээнтэн Далай Лам дээрх үйл ажиллагаатай холбоотой үдээс өмнөх ба хойшхи хурал номд өөрийн биеэр оролцов. Жамму Кашмир мужийн захирагч, ноён NN Вохра өчигдөр Шивацэл дэх Дээрхийн Гэгээнтний өргөөнд ирж мөн бараалхсан байна.

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын 79 нас сүүдэр зооглосны ой ба Дүйнхорын вангийн удиртгал айлдвар
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Дүйнхорын вангийн үеэр тохиосон
түүний төрсөн өдөрт баяр хүргэхээр ирсэн 100000 гаруй хүнтэй
талархан мэндчилж байгаа нь. Энэтхэг, Ладак, Лех, 2014.7.6.
Гэрэл зургийг Мануэль Бауэр
Өнөөдөр Дээрхийн Гэгээнтний далан есөн нас сүүдэр зооглосны ой тохиож байгаа бөгөөд түүнийг ном айлдах асар луу явах зам дагуу олон арван хүн эгнэн зогсч, баяр хүргэн сайн сайхныг хүсч байлаа. Албан ёсны арга хэмжээнд хүрэлцэн ирсэн зочдоос хамгийн түрүүнд Шашин, соёлын асуудал эрхэлсэн калон Пема Чинжор үг хэлэв. Төвдөд болон бусад газар оронд оршин суугаа нийт төвд хүмүүсийн нэрийн өмнөөс Дээрхийн Гэгээнтэнд 113 нас зооглох ёстойг сануулж, үүний тулд урт удаан жил амьдрахыг түүнээс хүссэн юм.

Тэрээр мөн Төвдийн ард түмний төлөө санаа тавьж байгаа Дээрхийн гэгээнтний ариун сэтгэл болон Төвд хэл, шашин, соёлыг цагаачлалд хадгалан хамгаалахын төлөө гаргасан түүний хүчин чармайлт, амжилтыг тэмдэглэн ярив. Дээрхийн Гэгээнтнийг эх нутагтаа эргэн морилохын төлөө хийгээд Төвдийн эрх чөлөөний төлөө 130 хүн зулын гол болсон лугаа Төвдөд байгаа төвд хүмүүс Дээрхийн Гэгээнтэнд үнэнч хэвээр байгааг тэр тэмдэглэн хэллээ.
Цагаачлалд байгаа Төвдийн Парламентын спикер Пенпа Цэрэн Дээрхийн Гэгээнтнийг энх тайвны чемпион хэмээн тодорхойлоод, өөрөө богд Зонховын төрсөн газрын ойролцоох тосгонд төрснөө дурслаа. Тэрээр Дээрхийн Гэгээнтэнд урт удаан наслахыг, түүний хүсэл мөрөөдөл биелэхийн ерөөл талбив. Завшааныг ашиглан тэр Төвдийн ард иргэдэд дэмжлэг үзүүлдэгт нь Жамму Кашмир мужийн Засгийн газар болон Ладакийн ард түмэнд талархал илэрхийлэв.

Орон нутаг дахь лалын шашны тэргүүнүүд болох Салф-уд Дин болон Ашараф Али нар энэхүү гайхалтай өдөр Дээрхийн Гэгээнтэнд баяр хүргэж байгаа хүмүүстэй дуу хоолойгоо нэгтгэлээ. Тэд хэлэхдээ, буддистууд төдийгүй бүх ладакчууд Дээрхийн Гэгээнтнийг дээдлэн хүндэлж, түүний зөвөлгөөг шүтэн биширдэг гэв. Ладакийн Уулын Хөгжлийн Зөвлөлийн дарга Ригзин Палбар Дээрхийн Гэгээнтэнд урт удаан наслахыг ерөөгөөд, Ладакт 3 дахь удаагаа Дүйнхорын ван тавьж байгаад талархлаа илэрхийлсэн юм. 1976 онд Лехт, 1988 онд Занскарт Дүйнхорын ван тавьснаар Ладакийн сэргэн мандалт эхэлсэн хэмээн Хотын Хөгжлийн сайд Ригзин Жора хэллээ. Махатма Ганди 20 дугаар зууны, Дээрхийн Гэгээнтэн 21 дүгээр зууны гэрэлт цамхаг хэмээн тэр хэлэв.

Гэвш Гончиг Намжил Төвдийн болон Ладак хүмүүсийг нэг ард түмэн хэмээн нэрлэж, доктор Тундуп Цэвээн одоогийн байдлаар Дүйнхорын ванд суухаар 108,000 хүн бүртгүүлээд байгааг зарлалаа. Тэрээр энэхүү арга хэмжээг зохион байгуулагчдад талархал илэрхийлээд, Дээрхийн Гэгээнтэнд урт удаан наслахыг, Төвдийн ард түмэнд хүсэн хүлээж байгаа автономит эрхээ удахгүй олохын ерөөл дэвшүүллээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын 79 нас сүүдэр зооглосны ой ба Дүйнхорын вангийн удиртгал айлдвар
33 дахь удаагийн Дүйнхорын вангийн үеэр тохиож байгаа
Дээрхийн Гэгээнтний нас сүүдэр зооглосны 79 жилийн ойн
арга хэмжээн дээр жүжигчин Ричард Гир үг хэлж байгаа нь.
Энэтхэг, Ладак, Лех, 2014.7.6. Гэрэл зургийг Мануэль Бауэр
Палдэн Лхамо сувгийн мэдээлснээр орон нутгийн нэгэн эмэгтэй өөрийн хүндэтгэлийг илэрхийлэхийн тулд Дээрхийн Гэгээнтний хөлд өөрийн эрхгүй сунан унасан ажээ. Үүний дараа Дээрхийн Гэгээнтний шавь, жүжигчин Ричард Гирийг үг хэлэхийг урин залахад алга ташилт нижигнэв. Дээрхийн Гэгээнтэнтэй анх 33 жилийн өмнө Дарамсалад уулзсаныхаа дараа дэлхий дээрх хамгийн сайхан газруудын нэг Ладакт хүрэлцэн ирснээ тэр дурсан ярилаа. Дээрхийн Гэгээнтэнтэй нэгэн цаг үед амьдарч, түүнийг мэддэг байгаад зогсохгүй, түүний сургаал айлдварыг сонсох боломжтой онцгой аз завшаан тохиосон нэгэн хэмээн Гир өөрийгөө тодорхойлов. Энэ арга хэмжээнд хуран чуулсан 4,000 гаруй гадаад хүний нэрийн өмнөөс тэрээр Дээрхийн Гэгээнтэнд төрсөн өдрийн мэнд хүргэлээ.

Дээрхийн Гэгээнтний үг хэлэх ээлж болоход дахин нэг өөр гэнэтийн явдал болсон нь өөрийгөө Дээрхийн Гэгээнтэнд 8 дугаар зууны Тисрон Дэцэн хааны үеийн Төвдийг хамгаалах Нянчэн Танла сахиусын дагалдагч сахиус оршсон гэх нэгэн залуу гарч ирэв.

"Өнөөдөр энд Лехд Ладакийн ард түмэн, Төвд хүмүүс, гадаадын зочид миний сайн сайхны төлөө залбирал үйлдэж байна. Та бүхэнтэй олон хүн, ялангуяа надтай онцгой холбоо бүхий, ихэнх нь өөрийн итгэл үнэмшил, дэмжлэгээ илэрхийлэх боломжгүй байгаа Төвдийн ард түмэн нэгдэж байгаа. Би бүгдэд тань баярлаж буйгаа илэрхийлье. Монгол, Орос,Тайванд болон тэр бүү хэл Хятадын эх газарт чимээгүйхэн энэ үйл явдлыг тэмдэглэж байгаа гэдэгт би итгэлтэй байна. Энэ бүхэнд оролцож байгаа хүн бүрт баярлалаа "

"Буддын уламжлалын таван ухааны тухайд бид Энэтхэгт бүрэн өртэй. Төвдийн нэгэн их багш хэлэхдээ, Төвд уулсаар хүрээлэгдсэн, Цастын орон гэж нэрлэгддэг боловч, цастын орны цас нь цагаан хэрнээ Дээдийн номын гэрэл бүх нутгийг бүрхэх хүртэл тас хар байсан хэмээсэн байдаг. Энэтхэгт ирснээсээ хойш бид эрх чөлөөг мэдэрч байна. Би аялж, дэлхийн олон орны хүмүүстэй уулзан, хүний нийтлэг мэдрэмжийн талаар санал бодлоо хуваалцах боломжтой болсон" хэмээн Дээрхийн Гэгээнтэн хэлэв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын 79 нас сүүдэр зооглосны ой ба Дүйнхорын вангийн удиртгал айлдвар
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 33 дахь удаагийн Дүйнхорын
вангийн эхний өдөр. Энэтхэг, Ладак, Лех, 2014.7.6.
Гэрэл зургийг Мануэль Бауэр
Хүмүүний үнэт зүйлсийг хөгжүүлэх, шашин хоорондын эв зохицлыг бэхжүүлэх, төвд хүний хувьд төвд хэл, шашин соёлыг хадгалах, Төвдийн эмзэг байгалийг хамгаалах өөрийн гурван үүргийн талаар Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэлэв. 7,8,9 дүгээр зуунд Төвд улс Монгол, Хятадын нэгэн адил эзэнт гүрэн байсан боловч өнөө үед Төвд Хятадаас тусгаарлахыг бус, харин Төвдийн үнэт зүйлсийг хамгаалах явдлыг баталгаажуулахын тулд харилцан хүлээн зөвшөөрөхүйц шийдлийг олохыг эрэлхийлж байгаа билээ. 21 дүгээр зууныг энх тайван, эв зохицлын зуун болгож, асуудлыг хүчээр бус, хүчирхийллийн бус аргаар шийддэг зуун болгоход хувь нэмрээ оруулахыг тэрээр сонсогчдод хандан уриалав.

Бурхан Багшийн сургаалийн удиртгал танилцуулга хийгээд Дүйнхорын вангийн бэлтгэл болгон Нагаржуна хутагтын ‘Эрдэнийн Эрхи‘ ба ‘Хаанд Илгээсэн Захидал' номыг тайлбарлана гэдгээ Дээрхийн Гэгээнтэн хэлэв. Тэрээр ‘Эрдэнийн Эрхи' номыг Цэншаб Сэргон ринбучигээс, ‘Хаанд Илгээсэн Захидал' номыг Хүннү Лама ринбучигээс авч байсан хэмээн өгүүллээ. Гэхдээ эхлээд Наландагийн 17 их бандида нарт зориулсан ‘Гурван Итгэлийн Гэрэл' –ийг авч үзэв. Үүнийг яагаад зохиох болсон талаар эш татан тайлбарлалаа.

"Өнөөдөр дэлхий дахин шинжлэх ухаан, технологийн салбарт асар их дэвшил хийсэн ч, өөрсдийн бий болгосон завгүй амьдралын бужигнаан, чимээ шуугианд анхаарал самууран байгаа үед Бурхан Багшийн сургаалийг дагаж байгаа хүмүүсийн хувьд бид түүний сургаалийн мэдлэг дээр суурилсан итгэл бишрэлтэй байх нь туйлын чухал ач холбогдолтой. Тиймээс шүтэх бишрэх шалтгааныг бодитоор, шаргуу шинжлэн, сайтар дүн шинжилгээ хийх ёстой."

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын 79 нас сүүдэр зооглосны ой ба Дүйнхорын вангийн удиртгал айлдвар
Дээрхийн Гэгээнтний 33 дахь удаагийн Дүйнхорын вангийн удиртгал
номлолын үеэр нарны хурц гэрлээс хамгаалан зарим хүмүүс нарны
халхавч барин сонсч байгаа нь. Энэтхэг, Ладак, Лех, 2014.7.6.
Гэрэл зургийг Мануэль Бауэр
Наландагийн их бандида нар Бурхан Багшийн сургаалийг байгаа чигээр нь бус, онцгой, тайлбарлахад нээлттэй байлгах үүднээс судлан шинжилж байсан хэмээн Дээрхийн Гэгээнтэн өгүүлэв. Тэрээр сонсогчдод хандан, дадуулах гурван аргын дотроос хамгийн чухал нь төвлөрөл болон ёс суртахуунаар тэтгэгдсэн саруул ухаан хэмээн онцлон тэмдэглэв.

Нагаржуна хутагт болон түүний шавь нар, Асанга хутагт, логикч Дигнага болон Дармакирти, винайн эрдэмтэд Гунапрабха болон Шакьяпрабха, Төвдөд ирж ном айлдахаас нь өмнө Шантаракшита ба Гамалашила бандида нарыг хүндэтгэдэг байсан Атиша нарын талаар товчхон дурдаад, тэрээр залбирлын шүлгүүдээсээ нэгийг давтан уншив.

"Хоёр үнэний утгыг ойлгосноор юмсын орших зам мөрийг,
Хорвоогийн эргэлтэнд хэрхэн орж, хэрхэн гарах тухай дөрвөн үнэнээр дамжуулан бид магадлана.
Эрүүл саруул эрдэм мэдлэгээр тэтгэгдэн Гурван эрдэнэд аврал одуулах итгэл бат бэх байх болно
Чөлөөлөгдөх зам мөрийн үндсийг бий болгохын тулд би адислагдах болтугай."

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын 79 нас сүүдэр зооглосны ой ба Дүйнхорын вангийн удиртгал айлдвар
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 33 дахь удаагийн Дүйнхорын
вангийн үеэр "Буддын шинжлэх ухааны эмхэтгэл" номын нээлтэд
оролцов. Энэтхэг, Ладак, Лех, 2014.7.6. Гэрэл зургийг Мануэль Бауэр
Өнөөдрийн айлдварынхаа төгсгөлд Дээрхийн Гэгээнтэн ‘Буддын Шинжлэх Ухааны Эмхэтгэл' номын нээлтэд оролцов. Гурван жил бэлтгэсний үр дүнд номонд буддын шинжлэх ухаан, ялангуяа Ганжуур, Данжуураас шүүн тунгаасан сэтгэлийн шинжлэх ухааны ухагдахуунууд, буддын ном судраас орчуулсан орчуулга орсон байна. Хэт нэг үзэлд баригддаггүй, буддизмыг сонирхдог уншигч, эрдэмтэд, сэтгэгчдэд энэ ном үнэ цэнэтэй байхын зэрэгцээ сэтгэл хийгээд сэтгэлийн хөдөлгөөнийг гүн ойлгоход туслах, хэрхэн түүнийгээ хянахад ач тустай хэмээн тэр хэлэв. Номын агуулгыг тэрээр шашныхаар төдийгүй, шинжлэх ухааны судлагдахуун хэмээн үзэж буйгаа илэрхийлэв. Өнөөдөр Төвд хэлний хувилбар гарсан бол англи, хинду, хятад хэл рүү орчуулах ажил аль хэдийнэ эхлээд байгаагийн дотор англи хэлний орчуулга нь энэ оны эцэс гэхэд бэлэн болох ажээ.

Маргааш Нагаржуна хутагтын номын тайлбар явагдана.

7-07-2014, 19:58
Вернуться назад