Dalailama / 33 дахь удаагийн Дүйнхорын вангийн үеэр шавь нарыг хот мандалд оруулах зан үйл үйлдэв

33 дахь удаагийн Дүйнхорын вангийн үеэр шавь нарыг хот мандалд оруулах зан үйл үйлдэв

2014 оны 7 дугаар сарын 11

Энэтхэг, Жамму Кашмир, Ладак, Лех, 2014.7.11- Дүйнхорын авшиг хүртээх асарт Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд зориулж хоёр сэнтий зассан байв. Нэг нь асрын голд байрлуулсан сэнтий бөгөөд хуран цугласан олны өөдөөс харсан энэхүү сэнтий дээр Дээрхийн Гэгээнтэн залран, сүүлийн хэдэн өдрийн турш айлдвар айлдсан юм. Хоёр дахь суудал нь өргөн олны эсрэг, Дүйнхорын элсэн хот мандлын өөдөөс харсан арай нам суудал байлаа. Энэ удаад үдээс хойш түүний өгөх вангийн бэлтгэл болгон өөрөө ван хүртэх арга хэмжээ болон зан үйл өрнөсөн 4,5 цаг Дээрхийн Гэгээнтэн тэрхүү суудалд залрав.
Үдийн хоолны цагаар түр зуур завсарлаад, тэрээр ван өгөхөд бэлэн боллоо. Тэр дахин асрын өмнө гарч, асрын нэг үзүүрээс нөгөө үзүүр хүртэл алхан, олон түмэнтэй гараа өргөн, инээмсэглэн мэндчиллээ.

33 дахь удаагийн Дүйнхорын вангийн үеэр шавь нарыг хот мандалд оруулах зан үйл үйлдэв
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 33 дахь удаагийн Дүйнхорын вангийн
үеэр үг хэлж байгаа нь. Энэтхэг, Жамму Кашмир, Ладак, Лех,
2014.7.11. Гэрэл зургийг Мауэль Бауэр
Асрын гол дахь сэнтийд залран, хурлын уншлага явсны дараа сургааль номыг сонсохоор ирж болох лус, савдагуудад Дээрхийн Гэгээнтэн анхаарал хандуулав. Өнгөрсөн зуунд Төвдөд Сэргон Дорж Чан Дүйнхорын ван өгч дуусаад, Гандан хийдийн хүрээнд байгаа бүх амьтан ван хүртсэн хэмээн зарлаж байсныг Дээрхийн Гэгээнтэн дурслаа.

“Энд хүрэлцэн ирэхийг хүсч байгаа ч, ирж чадахгүй байгаа бүх хүнийг ван авч байна хэмээн би төсөөлж байна” хэмээн Дээрхийн Гэгээнтэн хэлээд, “Энэ арга хэмжээнд оролцохыг хүсч байгаа ч, янз бүрийн саад бэрхшээлийн улмаас ирж чадахгүй байгаа хүмүүс Төвдөд болон Хятадад байгаа. Ван хүртэх үед би тэдгээр хүмүүсийг сэтгэл оюундаа тээж байх болно гэдгийг бүгд мэдээсэй гэж хүсч байна” гэв.

“Өнөөдөр бид хот мандалд шавь нарыг оруулах зан үйлийг хийх бөгөөд үүний үндэс нь бодийн сэтгэлийг үүсгэж, хоосон чанарыг таньж мэдэхийг хэвшүүлэх явдал юм. Мэдээж өндөр чадавхийг эзэмшсэн лам хүн алсаас адистид хүртээж, тэр нь хамаг амьтан төдийгүй, хад чулуунд хүртэл өгөөж тусаа өгдөг ч, бидний авах гэж буй вангйин үндэс нь хоосон чанар хийгээд бодь сэтгэлийн мэдрэмжийн талаар зарим ойлголт авах явдал юм. Үүний үндсэн дээр бид өөрсдийн дотоодод шилжүүлэх ажлыг хэрэгжүүлэх боломжтой болно.”

Өөр нэгэн амьд амьтан, сэдэл, бусдад хор хүргэх үйлдэл зэрэг гадны хүчин зүйлсийн үр дүнд буруу үйлийн талаар бид ярих боломжгүй гэдгийг Дээрхийн Гэгээнтэн тайлбарлан ярив. Бид бүгд аз жаргалыг хүсдэг, үг, үйлдэл нь бодож хийсэн ч бай, үгүй ч бай, бусдад өвчин, гэм хор учруулж байгаа бол буруу үйлдэл болно хэмээн тэр хэлэв. Нохой зэрэг амьтныг ажиглаж байхад нэг нь тайван амгалан байвал бусад нь мөн тийм хандлагатай байдаг. Ямар нэг буруу үйлийг хийхгүй байх аваас адил үр дүн гарна. Чухал хүчин зүйл бол өөрсдийн сэтгэл оюуныг дадуулах явдал мөн. Сахилга журамгүй сэтгэл оюуны суурин дээр үйл хийх аваас үр дүн нь мэдээж сөрөг байна.

33 дахь удаагийн Дүйнхорын вангийн үеэр шавь нарыг хот мандалд оруулах зан үйл үйлдэв
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын 33 дахь удаагийн Дүйнхорын ванд
140,000 гаруй хүн оролцлоо. Энэтхэг, Жамму Кашмир, Ладак, Лех,
2014.7.11. Гэрэл зургийг Мауэль Бауэр
Мөргөл үйлдэх, эсвэл тарни уншсанаар сэтгэл оюунаа дадуулж чадахгүй. Уур хилэн, үзэн ядалтад автагддаг сахилга журамгүй сэтгэл бусдыг жигших зэвүүцлийг төрүүлдэг. Үүний сөрөг хүч нь бүсдыг хайрлах, найрсаг сэтгэлийг төлөвшүүлэх явдал юм. Үер болох үед та бүхэн шалтгааныг нь тогтоож, дахин давтагдахаас урьдчилан сэргийлдэг. Энэ бол бидний хийх ёстой зүйл бөгөөд шалтаг шалтгааныг тодруулан, сөрөх хүчийг бий болгох ёстой. Янз бүрийн эд зүйлс бидний өөрт хамаатуулах сэтгэл хийгээд уур хилэнг өдөөдөг учраас өөрсдийн зан үйлийг засах сонор сэрэмжтэй байж, бусдад гэм хор хүргэхээс зайлсхийдэг байх ёстой.

Дүйхорын хот мандалд шавь нарыг оруулах ёслолын арга хэмжээнд саад хийлгүүлэхгүйн тулд саад хийгч хүчнүүдэд балин өргөн барьж буйгаа ван хүртээх арга хэмжээг эхлэхдээ Дээрхийн Гэгээнтэн тайлбарлан хэлэв. Тэрээр гадаад, дотоод, завсрын буюу хүмүүсийн оршин суудаг амьдрах орчин, Дүйхорын вангийн үйл явц, түүгээр дамжин гэгээрэлд хувиргаж болох хамаг амьтны бие, сэтгэлийн талаар тайлбарлав.

Ван хүртээх ламын мэргэжлийн ур чадварын асуудлыг тэрээр хөндөж ярив. Үүний тулд эхлээд өөрөө ван авсан, дияан хийснээр бусдад ван өгөх талаар мэргэшсэн байх ёстой. Ван хүртэх хамгийн сайн хүлээн авагч нь бикшү хэмээн тэр мөн сануулан хэллээ. Ван хүртэхийн өмнө лам багшийн хийх ёстой зүйл хийгээд шавь нарын хийх зүйлийн талаар тэрээр баталгаажуулан хэллээ.

“Сүүлийн шөнийн зүүдээ манах талаар та бүхэнд өчигдөр зааварчилгаа өгсөн. Хэрвээ та бүхэн цэцгийн мандал харсан бол энэ нь сайн хэрэг ч, улаан цэцэг давамгайлсан бол муу ёрын дохио. Ийм төрлийн зүүд нь шалтгаан нөхцлөөс үүдэлтэй бөгөөд түүнээс болж баярлаж, бухимдах шаардлага байхгүй.”

33 дахь удаагийн Дүйнхорын вангийн үеэр шавь нарыг хот мандалд оруулах зан үйл үйлдэв
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 33 дахь удаагийн Дүйнхорын вангийн
9 дэх өдөр үг хэлж байгаа нь. Энэтхэг, Жамму Кашмир, Ладак, Лех,
2014.7.11. Гэрэл зургийг Мауэль Бауэр
Дээрхийн Гэгээнтэн оюун ухааны янз бүрийн байдлын талаар яриад, сэрүүн байх үед бидний таван мэдрэхүй ажиллаж, идэвхтэй байдалд байдаг талаар сануулав. Нойрны түвшинд тэдгээр нь зогсдог бөгөөд оюун ухааны нарийн түвшинд хүрэх боломжтой болдог. Өнгөрсөнд олж авсан авьяас сонирхлынхоо чадлаар бие, сэтгэлээ салгаж чаддаг хүмүүс байдаг ч, энэ нь бодит зүүдний биеийг хөтөлж чадахгүйг тэрээр тэмдэглэн хэлэв. Нэгэн анд нь өөрийн эхийн тухай ярьсан түүхийг тэрээр ярив. Эх нь ямар нэг шашин шүтдэггүй байсан ба долоо хоногийн турш унтана гэдгээ хүүдээ хэлжээ. Унтах хугацаандаа түүний сэтгэл биеэ орхин энэ тэрүүгээр хэсүүчилсэн мэт байсан ба учир нь тэр хугацаанд болсон үйл явдлын нарийн ширийнийг тоочиж байсан бөгөөд үйл явдал үнэхээр болсныг, мөн тэрхүү үйл явдлыг өөрөөр мэдэх арга түүнд байгаагүйг дараа нь тодруулсан байна.

Нойрны байдлын зэрэгцээ зүүдлээгүй үед оюун ухаан бүр илүү нарийн байдаг талаар Дээрхийн Гэгээнтэн сануулан хэлэв. Ухаан алдах нь оюуны нарийн түвшинд хүрэх бас нэг нөхцөл ажээ. Бие, сэтгэл оюуныг бүрдүүлдэг элементүүдийн задрал нь оюуны илүү нарийн түвшинд хөтөлдөг талаар тэр мөн сануулан дурдав. Төрөлхийн гэгээн гэрэл ил болох үед ташаа төсөөлөл зогсоно. Тэрээр хэлэхдээ үндсэн гэгээн гэрэл хэзээ ч алга болдоггүй, төөрөгдлийн бай болдоггүй хэмээв. Сэтгэлийн гэгээн гэрэл асахад ихэнх хүмүүс анзаардаггүй, харин шашны зүтгэлтнүүд тэр тэлээр мэддэг учраас түүнийг барьж авч чаддаг. Хоосныг бодит болгоход түүнийг хэн нэгэн ашиглах боломжтой. Ядамын иог хийх зорилго нь сэтгэл оюунаараа энэ гэгээн мэдлэгт хүрэх боломжийг бий болгоход оршино.

Бодьсадвын тангараг өргөхийг хүссэн хүн бүхнээр Дээрхийн Гэгээнтэн тангараг өргүүлээд, бодьсадвын тангараг нь аз жаргалын эхлэл, бодийн сэтгэл нь бодь мөрт дэвшил хийх боломж хэмээн тэмдэглэн хэлэв. Энэхүү ёслолын төгсгөлд бодьсадвын тангараг өргөх боломж олдсонд хүн бүр өөрийгөө азтай гэж бодохыг тэрээр зөвлөөд, түүнийг түгээсэндээ өөрийгөө мөн азтай хэмээн тэр хэллээ.

33 дахь удаагийн Дүйнхорын вангийн үеэр шавь нарыг хот мандалд оруулах зан үйл үйлдэв
Дээрхийн Гэгээнтний 33 дахь удаагийн Дүйнхорын вангийн 9 дэх
өдрийн үйл ажиллагааны үеэр толгойгоо бүчээр ороох зан үйл
үйлдэж байгаа нь. Энэтхэг, Жамму Кашмир, Ладак, Лех, 2014.7.11.
Гэрэл зургийг Мауэль Бауэр
Дээрхийн Гэгээнтэн дараа нь тарнийн ёсны тангараг өргөв. Бодийн сэтгэлийг үүсгэхтэй холбогдуулан, хамаг амьтан бол өнөөгийн бидний амьдралд сайхан байгаа бүгдийн эх үүсвэр болдгийн дээр ирээдүйн бидний амьдралын сайн сайхны эх үүсвэр мөн хэмээн тэрээр тэмдэглэн хэллээ. Зарим нэг өдөөгч зүйл үгүй бол хүлээцтэй байдлыг төлөвшүүлэх боломжгүй хэмээн тэрээр жишээ татав. Нигүүлсэхүй хийгээд бусдын төлөө санаа тавих сэтгэл үгүйгээр зөвхөн амин хувиа хичээх аваас өөрсдийнхөө зорилгыг ч бид биелүүлж чадахгүйг тэрээр онцлон тэмдэглэлээ. Дээрхийн Гэгээнтэн Арьяадева гэгээний “Дөрвөн Зуут”-аас ‘Харилцан хамааралтай үүссэн бүхэнд бие даах гэж үгүй,’ гэсэн мөрийг эш татаад, хоосон чанар дээр үүнийг тусган ойлгохыг зөвлөв.

Энэ бүгдийн эцэст шавь нар хот мандлыг орж харах боломжтой боллоо.

Энэ өдрийн арга хэмжээг дуусгахын өмнө Дээрхийн Гэгээнтний хүсэлтээр түүний ахмад багш Лин ринбучигийн зохиосон “Дүйнхорын Зургаан Хэсэгт Гүрү Иога”-г уншлаа. Үүнийг өдөр бүр унших нь тустай хэмээн тэрээр зөвлөөд, өөрөө мөн уншдаг хэмээв.

Өдрийн арга хэмжээг дуусгахын өмнө хийх ёстой зан үйл, мөргөлийн үйл ажиллагаа явагдсаны дараа Дээрхийн Гэгээнтэн сэнтийгээс буун, өөрийн өргөө рүү буцахын өмнө өргөн олны өмнө гарч ирсэн байна.

Маргааш тэргэл сар тохиох өдөр Дүйнхорын долоон ван хүртээх болно.

14-07-2014, 10:11
Вернуться назад