Герман, Гамбург, 2014.8.23. Дээрхийн Гэгээнтний иргэний ёс зүйн сэдвээрх айлдварыг сонсохоор 7,000 хүн цугларсан Гамбургийн Хурлын төвийг зорих мөчид шөнө орсон бороо намдаж, нар гийн ээлээ. Дээрхийн Гэгээнтэн төвийн зүг хөдлөхийн өмнө ZDF телевизийн эмэгтэйчүүдийн нэвтрүүлгийг эрхлэн явуулдаг Беттина Хансенд ярилцлага өгөв.

ZDF телевизийн сурвалжлагч Беттина Хансен Дээрхийн Гэгээнтэн
Далай Ламаас ярилцлага авч байгаа нь. Герман, Гамбург,
2014.8.23. Гэрэл зургийг Жереми Рассел /ДЛО
Түүнийг юу аз жаргалтай болгодог тухай сурвалжлагчийн асуултад, 7 тэрбум хүн төрөлхтний нэг нь байгаадаа жаргалтай хэмээн тэрээр хариулав. Бага насных нь дурсамжийн талаар түүнээс асуухад, эн тэргүүнд эхийнхээ царайг байнга санаж байдгаа дурдаад, хэдийгээр түүний эх эрдэм мэдлэгийн боловсрол үгүй ч сайхан сэтгэлийн амьд үлгэр дууриал байсан хэмээн дурсав.
Өдөр тутмын мэдээнд гардаг, шашны нэрийн өмнөөс үйлдсэн хүчирхийллийн тухай асуултад тэрээр хариулахдаа,
“Хэрвээ та бүхэн бүтээгч Эзэн байдаг гэдэгт, бүтээгч Эзэн хамаг амьтныг бүтээсэн гэдэгт итгэдэг бол бид бүгд түүний бүтээсэн ахан дүүс болохын хувьд хэрхэн бие биенээ хөнөөж чадах билээ? Энэ бол төсөөлөхийн аргагүй зүйл” хэмээн хариуллаа.
Хурлын төвийн индрийн зүг Дээрхийн Гэгээнтнийг алхахад хурсан олон халуун алга ташилтаар угтав.
“Энд байгаадаа би туйлын баяртай байна. Түүнчлэн, энд Төвдийн төвд Бурхан Багшийн сургаалийг зөвхөн заахаар хязгаарлагдахгүй, илүү ихийг хийхийг хичээж байгаад маш их баяртай байна. Манай шашны уламжлалд байдаг сэтгэлийн тухай мэдлэг нь хүн бүхэнд ашигтай байж болох бөгөөд үүнийг та бүхэн боломжтой болгож байна, баярлалаа та бүхэнд.”
Нийгэм дэх ёс зүйн талаар ярихыг хурлыг удирдагч Герт Скобел Дээрхийн Гэгээнтнээс хүсэхэд,
“Энгийн ард иргэд, улс төрийн удирдагчид, бизнесийн удирдагчид, эсвэл шашны удирдагчидтай уулзах бүртээ тэднийг бидэнтэй л адил хүмүүний төрөлтөн гэж би үргэлж боддог. Бие махбодийн хувьд ч, оюун ухааны хувьд ч, сэтгэл санааны хувьд ч бид бүгд адил. Бид жаргал цэнгэл, өвчин зовлонг мэдрэх мэдрэмжтэй, аз жаргалыг хүсэх хүсэлтэй, түүнийгээ гүйцэлдүүлэх эрхтэй амьд амьтан билээ. Хүний төрөлтөн хийгээд бусад амьд амьтны хоорондох ялгаа нь бидний оюун ухаанд оршино. Үүний ачаар ирээдүйг харах чадвар олгогддог ч нөгөө талаас сэтгэл зовнил, тавгүй байдлыг бий болгодог. Гэхдээ зөвхөн хүмүүс бид л сэтгэлийн учрыг ойлгох чадвартай байдаг” хэмээн Дээрхийн Гэгээнтэн яриагаа эхлэв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Гамбургийн Хурлын төвд айлдвар
айлдаж байгаа нь. Герман, Гамбург, 2014.8.23.
Гэрэл зургийг Мануэль Бауэр
Тэрээр хэлэхдээ, хэдийгээр дэлхийн бүх томоохон шашин ёс зүй дээр тулгуурлаж, хайр нигүүлслийн сургаалийг түгээдэг боловч бид энд хойт нас, диваажин, эсвэл тамын талаар яриагүй бөгөөд шашны сургаальд найдах тухай асуудал биш юм гэв. Бүх хүнд тохирох арга зам бидэнд хэрэгтэй, бидэнд иргэний ёс зүй хэрэгтэй. Эртний Энэтхэгийн загвар ёсоор иргэний ёс зүй гэдэг нь шашны бусад уламжлалыг, шашингүйн үзэлтнийг ч мөн хүндлэх асуудлыг агуулдаг. Сэтгэлийн амар амгаланд хүрэх хандлага, дотоод үнэ цэнэт зүйлст хүрэх хандлагын хувьд иргэний ёс зүй нь аль нэг шашнаас үл хамаарч, 7 тэрбум хүнд бүгдэд нь жигд үйлчлэх зохистой хандлага мөн.
Иргэний ёс зүй шаардагдах өөр нэгэн шалтгаан нь хүний гараар бий болсон үй олон хүндрэлтэй асуудал юм. Зөвхөн шашинд найдах аваас ‘бид’ ба ‘тэд’ гэсэн үзэл рүү хөтлөх бөгөөд онцгой тохиолдолд энэ нь санаанд багтамгүй байдалд буюу бие биенээ хөнөөх явдалд хүргэнэ.
“Саяхан би Ладакт лалын шашны төлөөлөлд хэлсэнчлэн, шашны ахан дүүс бие биенээ хөнөөж байгаа энэ үед бид ямар нэг зүйл хийх хэрэгтэй байна. Ийнхүү ямар нэг алхам хийх хариуцлагыг хүн бүр хүлээх ёстой.”
Түүхэндээ Герман Франц болон Оросын эсрэг тэмцэж байсныг тэрээр тэмдэглэн хэлээд, Германы Ерөнхийлөгчийн ах, квантын физикийн багш Карл Фридрих фон Вайцзеккер, түүнийг залуу байхад герман хүн бүрийн нүдэнд франц хүн дайсан, франц хүн бүрийн нүдэнд герман хүн дайсан мэтээр харагддаг байсан хэмээн хэлж байсныг дурслаа. Гэтэл өнөөдөр Европын Холбоо бий болсноор байдал орвонгоороо өөрчлөгдсөн, тэрхүү өөрчлөлтийг гайхамшиг хэмээн үздэгээ Дээрхийн Гэгээнтэн илэрхийлэв.

Дээрхийн Гэгээнтний айлдварыг сонсохоор 7000 гаруй хүн хүрэлцэн
ирэв. Герман, Гамбург, 2014.8.23. Гэрэл зургийг Мануэль Бауэр
9 дүгээр сарын 11-ний үйл явдлын дараа өөрийн анд, ерөнхийлөгч Бушт захидал илгээн, гүн эмгэнэл илэрхийлэхдээ, хүчирхийллийг өөгшүүлж, илүү олон Бин Ладенг бий болгохгүйн тулд хүчирхийллийн бус арга хэмжээ авахыг санал болгосноо Дээрхийн Гэгээнтэн дурсан ярив.
Герт Скобел ярианы сэдвийг эдийн засаг болон иргэний ёс зүйн зүг хандуулахад, тэрээр эдийн засагч биш учраас баялгийг тэгш хуваарилах шаардлагын тухай Марксын үзлийг хуваалцдаг гэдгээ өгүүллээ. Ёс суртахууны хатуу зарчим дутагддагаас өнөөдөр хаана ч жинхэнэ социалист нийгэм байхгүй байна хэмээн тэр хэлэв.
“Хэрвээ бидэнд энэрэнгүй сэдэл байвал бидний бүх үйл бүтээлч чанартай болно. Хэрвээ бид амин хувиа хичээх аваас бидний үйл хөдлөл сүйтгэх хандлагатай болно. Сэтгэл хөдлөлийн газрын зургаар удирдуулах, сэтгэл хөдлөлийн тогтолцоо хэрхэн ажилладгийг ойлгох шаардлага бидэнд байна” хэмээн тэрээр айлдав.
Энх тайвны бүс өнөөгийн нөхцөлд хэрхэн ажиллах ёстой вэ хэмээн танхимын зүгээс асуухад, өнөөдөр бидэнд тулгараад байгаа олон асуудал нь өнгөрсөнд гаргаж байсан бидний үл тоомсорлосон хандлагын үр дүн хэмээн тэр хариулав. 20 дугаар зуун цус урсгасан зуун байсан бол 21 дүгээр зууныг оронд нь яриа хэлцлийн зуун болгох шаардлагатай хэмээн тэр хэллээ.
“Бид бүгд ‘энх тайван, энх тайван’ гэж ярьдаг ч, энх тайван тэнгэрээс унаж ирэхгүй. Бид энх тайвныг бүтээхийн тулд ямар нэг зүйл хийх ёстой. Хүний төрөлтөн өөрсдийн асуудлыг өөрсдөө шийдэх ёстой. Энх тайвныг тогтоох зөв арга нь яриа хэлцэл хийх явдал мөн. Нэг тал нь ялагдал хүлээж, нөгөө тал нь ялдаг үзэл санаа үеэ өнгөрөөсөн. Харин оронд нь бид яриа хэлэлцээрийг өрнүүлэх ёстой. Хэрвээ бид илүү амар амгалан, энэрэнгүй дэлхий ертөнцийг буй болгохыг хүсч байгаа бол хүчин чармайлт гаргах ёстой. Үүний тулд тэвчээр, хүлээцтэй байдал, уучлал дээр суурилсан боловсрол шаардлагатай. Шуналын улмаас хүчирхийлэл байнга гарч байгаа учраас байгаадаа сэтгэл ханах, хувийн сахилга баттай байх явдал бидэнд мөн хэрэгтэй байна.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламаас Дойче Велле телевизийн
сурвалжлагч Маттиас фон Хайн ярилцлага авч байгаа нь.
Герман, Гамбург, 2014.8.23. Гэрэл зургийг Мануэль Бауэр
Дараа нь Дээрхийн Гэгээнтэн хэвлэлийнхэнтэй уулзахдаа, өөрийн гурван үүрэг буюу хүн болж төрсний хувьд ёс суртахууны үнэ цэнийн талаархи мэдлэгээ хуваалцах, шашин хоорондын эв зохицлыг бэхжүүлэх, төвд хүний хувьд амар амгалан, нигүүлсэхүйн соёл болох Төвдийн соёлыг хамгаалах явдлыг дэмжих үйл хэргийн талаар тэмдэглэн хэлэв.
Энх тайвны тухай та тасралтгүй ярьдаг ч, дэлхий үүнд анхаарлаа хандуулахгүй байгаа мэт байгаа энэ үед, “Та яагаад энэ бүхнийг орхидоггүй юм бэ?” гэсэн асуултад, хүний үндсэн мөн чанар зөөлөн байдаг, түүний анд Ричи Дэвидсон лугаа эрдэмтэд нялх балчир хүүхэд хүмүүсийн бие биенээ хохироосон бус, харин харилцан тусалсан үйлдэлд дуртай байдгийг олж нээсэн нь үүний илрэл хэмээн тэр хариулав.
Гадаа гудамжинд Дорж шүгдэнг шүтэхийг Далай Лам хориглосныг эсэргүүцсэн жагсагчид байгаа тухай өөр нэгэн хэлээд, энэ талаар юу хэлэх вэ хэмээн асуулаа. Дээрхийн Гэгээнтэн хариулахдаа,

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хэвлэл мэдээлийн төлөөлөлтэй
уулзаж байгаа нь. Герман, Гамбург, 2014.8.23.
Гэрэл зургийг Мануэль Бауэр
Хэрхэн аз жаргалтай амьдрах тухай түүнээс асуухад, тэрээр эхлээд мэдэхгүй хэмээн хариулсан боловч, дараа нь болж өрнөж байгаа юмсыг илүү цогцоор харж, юмс харилцан шүтэлцээтэй байдаг гэдгийг оюун ухаандаа тунгаан, энэрэнгүй хандлагыг төлөвшүүлэх аваас тус нэмэртэй хэмээн зөвлөв.
Дотоод үнэ цэнийг хөгжүүлэх тухай үдээс хойш хийсэн ярианыхаа үеэр тэрээр Америкт нигүүлсэхүйн сэтгэлийг төлөвшүүлэх дадлыг хөгжүүлэх бясалгал хийсэн бүлэг хүмүүс дээр хийсэн судалгааг дурдан ярив. Эхний удаад тэдний цусны даралт, зүрхний цохилт болон стрессний түвшинг хянасан байна. Гурван долоо хоног нигүүсэхүйг бясалгасны дараа дахин хэмжилт хийхэд мэдэгдэхүйц ахиц гарсан байжээ. Оролцогсод мөн өөр хоорондоо илүү дотно нөхөрлөж байгаагаа олж харсан байна.
“Бид бол нийгмийн амьтад учраас хэрвээ бид аз жаргалтай амьдрахыг хүсч байгаа бол бусад хүмүүн төрөлтнийхөө талаар санаа тавих нь бидний тусын тулд байх болно. Хэрвээ бид хүн төрөлхтнийг илүү сайхан болгохыг хүсч байгаа бол хувь хүнээс ажлаа эхлэх ёстой. Хүүхэд наснаас нь эхлээд их сургуульд ортол нь иргэний ёс зүйг сургадаг боловсрол бидэнд хэрэгтэй байна. Бид чухамхүү үүнийг хийхийн тулд сургалтын туршилтын хөтөлбөрийг боловсруулж байгаа. Та бүхэн үүнийг энд Гамбургийн сургуулиудад туршиж болох бөгөөд үр дүнг нь 4-5 жилийн туршид ажиглах боломжтой. Хэрвээ амжилттай бол дараа нь бусад сургуулиудад түгээж болно.”
Бясалгалын талаар Дээрхийн Гэгээнтэн хэлэхдээ,
“Зүгээр нүдээ аниад, юу ч бодохгүй байх нь ач тусыг өгөхгүй. Оюун ухаанаа идэвхтэй байлгах нь дээр” хэмээв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам үдээс хойших айлдварын үеэр.
Герман, Гамбург, 2014.8.23. Гэрэл зургийг Мануэль Бауэр
Гадаа жагсаж байгаа хүмүүсийн талаар танхимаас дахин асуулт тавилаа. Жагсагчид үг хэлэх эрх чөлөөгөө эдэлж буй, энэ нь сайн хэрэг хэмээн Дээрхийн Гэгээнтэн өмнө нь хэвлэлийнхэнд хэлж байсантайгаа адил хариуллаа. Тэрээр нэмж хэлэхдээ,
“Энд миний тодруулан хэлэхийг хүсч байгаа зүйл бол энэ хүмүүсийн хэлж байгаа шиг би ямар ч шүтлэгт хориг тавиагүй. Миний үүрэг бол нөхцөл байдлыг тодорхой болгох, өөр юу ч биш. Үүнд анхаарлаа хандуулах эсэх нь тухайн хүмүүсийн асуудал. Би тэднийг харсан үедээ далладаг, зарим үед тэдний зарим нь хариу далладаг” хэмээв.
Дээрхийн Гэгээнтэнд энэ олон хүн итгэл найдвар тавьж байгаа үед тэдгээрийг хэрхэн гүйцэлдүүлэх гэж буйг нь мэдэхийг өөр нэгэн хүслээ. Тэрээр,
“Миний гол үйл хэрэг бол бусдын сайн сайхны төлөө бие, хэл, сэтгэлээ зориулах явдал билээ. Энэ үйл хэргээ цаашид үргэлжлүүлэн хийж чадна гэдэгт би итгэж байна. Миний дуртай уншлага бол:
Сансар огторгуй хэдий хүртэл оршино
Төдийг хүртэл хамаг амьтан орших бөгөөд
Амьтдын зовлонг арилгахын тулд
Би бээр ч төдийг хүртэл орших болтугай
хэмээн хэлэв.
Үдээс хойших айлдвараа өндөрлүүлэн Дээрхийн Гэгээнтэн хэлэхдээ,
“Миний хэлсэн ярьсан бүхнийг анхааралтай сонссон та бүхэнд чин сэтгэлээсээ талархаж байна. Хэрвээ та бүхэн үүнийг хэрэгтэй зүйл хэмээн олж харж байгаа бол энэ талаар дахин бодож анд нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ хэлэлцэн ярилцаарай. Нөгөө талаас ашиггүй зүйл хэмээн бодсон бол зүгээр л мартаарай. Та бүхэнд баярлалаа.” гэв.