Dalailama / Төвдийн шашны удирдагч Тайванын сүсэгтнүүдэд зориулсан айлдвараа эхэллээ

Төвдийн шашны удирдагч Тайванын сүсэгтнүүдэд зориулсан айлдвараа эхэллээ

2014 оны 10 дугаар сарын 7

Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала, 2014 оны 10 дугаар сарын 6 (www.thetibetpost.com) - Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр Нагаржуна гэгээнт 'Төв Үзлийн Билгүүний Үндэс' зохиолын сэдвээр 4 өдөр Төвдийн Далай Ламын айлдах номлол Энэтхэгийн Дарамсала дахь гол сүмд Даваа гаригт эхэлсэн бөгөөд номонд 62 орноос ирсэн сүсэгтнүүд оролцсон байна. Төвдийн шашны тэргүүн, Нобелийн энх тайвны шагналт тэрээр 10 дугаар сарын 6-ны өглөө өөдрөг сэтгэлтэйгээр Буддизмын талаар товч агаад гүн утга агуулга бүхий сургааль номоо айлдаж эхэллээ. 500 хол давсан лам хувраг бүхий гол сүмд үндэсний өмсгөлөөрөө гоёсон янз бүрийн насны төвд хүмүүс, гадаадын иргэд, энэтхэгчүүд болон 800 Тайванын буддистууд хуран цугласан байлаа.

Төвдийн шашны удирдагч Тайванын сүсэгтнүүдэд зориулсан айлдвараа эхэллээ
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайванын буддистуудын хүсэлтээр
ном айлдаж байгаа нь. Энэтхэг, Химачел Прадеш, Дарамсала.
2014.10.06. Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
Дээрхийн Гэгээнтэн 14 дүгээр Далай Лам зочид гийчидтэй найрсгаар мэндчилэхэд, сүсэгтэн олон түүнийг хүндэтгэл, инээмсэглэл дүүрэн царайтайгаар бахдан харж байв. Буддын сургааль, ялангуяа 7 дугаар зуунд Хятадад дэлгэрсэн Энэтхэгийн Наланда уламжлалын талаархи өөрийн гүн гүнзгий мэдлэг дээр суурилан тэрээр яриагаа эхэлсэн байна.

"Төвдийн буддизм нь цэвэр Наланда уламжлалаас эхтэй бөгөөд нинма, сажа, гаржүд болон гэлүгба гэсэн дөрвөн үндсэн урсгалд хуваагддаг. Тэдгээрийн зан үйл хийгээд сургааль номоо түгээх аргад бага зэргийн ялгаа байж болох ч, үндсэн мөн чанар нь нэг юм" хэмээн Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хэлэв.

"Өөрийн урсгал, зан үйлд хэт автагдсанаас болж бид шашныхаа нийтлэг мөн чанарыг зарим үед мартах хандлагатай байдаг. Үр дагаварт нь бид шашиндаа асар том ялгаа байгааг олж хардаг. Тиймээс Төвдийн буддизмын үндэс болсон Наландагийн уламжлалд бид бүгд анхаарлаа хандуулбал нийтлэг зорилго маань илүү нэгдмэл байх болно" хэмээн Дээрхийн Гэгээнтэн айлдлаа.

Буддын шашны янз бүрийн урсгал чиглэлтэй зууралдахын оронд буддизмын үндсэн мэдлэгийн талаархи ойлголтоо гүнзгийрүүлэхийг Дээрхийн Гэгээнтэн Тайваны сүсэгтнүүдэд уриалав.

"Бид бүгд Нагаржуна гэгээнтний залгамжлагчид билээ. Энэ утгаар бид бүгд нэг цул мөн. Төвдийн буддизмын урсгал чиглэлүүдийн дунд хүртэл бага зэргийн ялгаа нилээд байдаг ч, үндэс суурь нь нэг юм. Тиймээс ойлголтын илүү гүнзгий, илүү цэвэр түвшинд хүрэхийн тулд зарчмын асуудалд илүү анхаарал хандуулах хэрэгтэй байна."

Төвдийн шашны удирдагч Тайванын сүсэгтнүүдэд зориулсан айлдвараа эхэллээ
Тайванаас 800 гаруй хүн хүрэлцэн ирж, Дээрхийн Гэгээнтэн
Далай Ламын айлдварыг сонслоо. Энэтхэг, Химачел Прадеш,
Дарамсала. 2014.10.06. Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
"Төв үзлийн шастирын талаархи яриагаа бид эхлэх гэж байна. Төвдөд буддизм цэцэглэн хөгжихөөс хамаагүй өмнө Төв үзлийн сургааль номыг хятад хэл дээр унших боломжтой байсан. Энэ бол Хятадад үеэс үед хадгалагдан үлдсэн номын нэг юм. Үнэндээ хятадууд бол Нагаржуна гэгээнтний ахмад шавь нар, харин төвдүүд залуу шавь нар нь билээ. Гэхдээ нөхцөл байдлын улмаас залуу шавь нар нь өнөөдөр илүү найдвартай, илүү мэдлэгтэй болчихоод байна" хэмээн тэрээр өгүүлэв.

Томоохон бүх шашны нийтлэг хэв шинжийн тухай хөндөхдөө, тэд бүгд нигүүлсэхүй, хүлээцтэй байдал, сэтгэл ханамж хийгээд хувийн сахилга батын талаар сургадаг хэмээн Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэллээ. "Гэхдээ тэдгээр шашны ихэнх нь өөрийн сүсэг бишрэлээ хатуу чанд дагахыг тулгадаг. Буддын сургаалийн тухайд, учир шалтгааны үүднээс өөрийн үзэл бодлыг төлөвшүүлэх боломжийг бидэнд олгодог."

Дөрвөн өдрийн айлдварын хоёр дахь хэсэг нь 2014 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Дарамсалагийн төв сүмд үргэлжилнэ. http://www.dalailama.com/liveweb цахим хуудсаар англи, хятад, вьетнам болон орос хэлний орчуулгатайгаар айлдварыг шууд дамжуулна.




9-10-2014, 17:25
Вернуться назад