Канад, Ванкувер, 2014 оны 10 дугаар сарын 23 – Дээрхийн Гэгээнтнийг БК Их сургуулийн Thunderbird Arena-г чиглэн хөдлөхөд усан бороо цутгаж, үүрийн гэгээ хараахан орох болоогүй байсан бөгөөд нутгийн хүмүүсийн хэлж байгаагаар ийм цаг агаар Ванкуверийн хувьд ердийн зүйл ажээ. Дээрхийн Гэгээнтэн Жанрайсигийн авшгийн бэлтгэл ажлыг гүйцэтгэхээр ийнхүү өглөө эртлэн гарсан байна.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам айлдвараа айлдахын өмнө
бэлтгэл зан үйл үйлдэж байгаа нь. Канад, Ванкувер,
2014.10.23. Гэрлэ зургийг Жереми Рассел /ДЛО
5000 гаруй хүний өмнө номын сэнтийд заларсан тэрээр, айлдвараа боломжтой бол Мангала судрыг пали хэл дээр уншуулснаар эхлэх дуртай боловч өнөөдөр тийм чадвартай хүн нь алга хэмээн тайлбарлав. Харин оронд нь санскрит уламжлалаас эхтэй, буддын бүх оронд нийтлэг хэрэглэгддэг Билгүүний Зүрхэн судрыг хятад, вьетнам, англи хэл дээр уншихыг хүссэн байна. Дараа нь Дээрхийн Гэгээнтэн Бурхан Багшийн магтаал болон Билгүүний Зүрхэн судрын тарнийг төвөд хэл дээр уншлаа.

Дээрхийн Гэгээнтний номын айлдвар эхлэхийн өмнө Вьетнамын
лам нар Билгүүний зүрхэн судраас уншиж байгаа нь. Канад,
Ванкувер, 2014.10.23. Гэрэл зургийг Жереми Рассел /ДЛО
Тэрээр улс төрийн үүрэг хариуцлагаасаа чөлөөлөгдсөн ч, төвөд хүний хувьд Төвөдийн соёлыг чармайн хамгаалах нь түүний гурав дахь үүрэг ажээ.
“Бурхан Багшийн сургааль Төвөдөд дэлгэрснээс хойш манай соёлд энх тайван, хүчирхийллийн бус үзэл санаа гүн шингэсэн билээ. Буддын сургаалийг хэрэгжүүлэх зохистой арга нь сүсэг бишрэлд гагцхүү найдах бус, мөн судлах явдал мөн. Төвөдийн буддист уламжлалын цөм нь болсон Наланда Их сургуулийн уламжлалын ёсоор үүнийг хийх ёстой.
Үдээс өмнө би "Оюун Судлахуйн Найман Бадаг" номыг тайлбарлаж, үдээс хойш Жанрайсиг бурханы авшиг хүртээнэ.”
Бурханы сургаалийн пали болон санскрит хэлний хоёр том бичмэл уламжлал хадгалагдан үлдсэн гэдгийг тэр тайлбарлав. Пали уламжлалын үндэс нь Бурхан Багшийн анхны сургааль, Хутагтын Дөрвөн үнэний тайлбар ажээ. Санскрит хэлний уламжлал нь гурван шалтгаан буюу Дээдийн номын хүрдийг гурвантаа эргүүлсний сургаалийг хамардаг. Эхнийх нь мэдээж Хутагтын Дөрвөн Үнэний сургаалыг хамарна. Хоёр дахь нь Билиг Барамидын сургаал, гурав дахь нь ‘Сайтар Ялгасан номын хүрд буюу сэтгэл болон бурханы мөн чанарын тайлбарыг хамардаг юм. Энэхүү санскрит хэлний уламжлалыг эхэндээ Таксила их сургууль, хожим нь Наланда их сургуульд баримталсан ба Наланда их сургуульд буддын сонгодог зохиолууд бүтээгдсэн байна. Нагаржуна, Дармакирти болон тэднийг залгамжлагчдын зохиол бүтээлийн чанараас тэд шууд санскрит хэл дээр бичиж байсан нь тодорхой харагддаг.
Эртний Энэтхэгт ч, өнөө цагт ч зарим эрдэмтэд санскрит хэл дээрх буддын уламжлал нь Бурхан Багшийн жинхэнэ сургааль мөн эсэхэд эргэлздэг гэдгийг Дээрхийн Гэгээнтэн хүлээн зөвшөөрөв. Бусад эрдэмтэд болон Нагаржуна ‘Эрдэнийн Эрхи’ зохиолдоо уг уламжлалыг хамгаалж, Махаяана буюу Их Хөлгөний шашин нь Хутагтын Дөрвөн Үнэний сургаалийн гүнзгийрүүлсэн тайлбар гэдгийг баталсан байна. Гэтлэхтэй холбоотой Хутагтын гурав дахь үнэнийг Их Хөлгөний хоосон чанарын үүднээс илүү гүн гүнзгий тайлбарласан байдаг ажээ. Үүний нэгэн адил зам мөрийн тухай дөрөв дэх үнэний ухамсрын мөн чанарын тухай илүү тодорхой тайлбарласан байдаг. Тиймээс Их хөлгөний зохиол бичгийг Хутагтын Дөрвөн Үнэний дэлгэрэнгүй тайлбар хэмээн үзэж болно хэмээн Дээрхийн Гэгээнтэн хэлэв.

Thunderbird Arena-д Дээрхийн Гэгээнтэн Далай Лам
айлдвар айлдлаа. Канад, Ванкувер, 2014.10.23.
Гэрэл зургийг Паула Уоллис
“Эдгээр уламжлалуудыг хэрхэн ялгах тухай би Куну Лама ринбучигаас асуухад тэрээр зан үйлийн бус, харин үзэл санааных нь үндсэн дээр ялгааг олж харна гэж надад хэлсэн. Буддын шашин би гэж байхгүй гэсэн үзэл дээр тургуурладаг бол Хинду шашин би буюу ‘atman’ байдаг гэж үздэг” хэмээн тэр хэлэв.
Хамба, Ловон, Хаан хэмээн олонд алдаршсан гурван хүний ачаар Буддын шашин Төвөдөд дэлгэрсэн тухай Дээрхийн Гэгээнтэн тайлбарлан ярьсан юм. Хамба нь сүм хийдийн дэг жаягийн их багш, нэрт гүн ухаанч, учир шалтгааны ухааны эрдэмтэн Шантаракшита байсан байна. Дандарын ёсны ловон Бадмасамбава лам хүн байгаагүй ажээ. Үр дүнд нь Төвөдөд улаан орхимжит лам нар, цагаан орхимжит дандарын ёсныхон бий болсон байна. Харин Энэтхэгт зөвхөн лам нар шашны нийгэмлэгийг бүрдүүлж байв. Дээрхийн Гэгээнтэн,
“Энэтхэгт буддизм бөхсөн гурван шалтгааныг Энэтхэгийн эрдэмтэн, процессор ЛМ Жоши асан хэлж байсан. Нэг дэх шалтгаан нь авилгатай холбоотой бөгөөд сүм хийдүүд баялаг хуримтлуулахыг хэт их хичээснээс олны хүндэтгэлийг алдаж эхэлсэн байна. Хоёр дахь шалтгаан нь сүм хийдийн дэг жаягийг сөрсөн дандарынхны хэт өөр зан төлөв бөйсан бөгөөд үүний уршгаар олны хүндэтгэлийг ч мөн алдсан байна. Гурав дахь шалтгаан нь буддын шашны байгууллагуудыг дэмжих сонирхлоо төр баригчид алдаж эхэлсэн” хэмээн нэмж хэлэв.
Хэдэн жилийн өмнө Хятадын буддистууд Дээрхийн Гэгээнтэнд Төвөдийн лам нар Хятадад их багшийн дүрээр ирж байна хэмээн хэлж байжээ. Гэхдээ эцэст нь тэд мөнгө, хүүхэнд сонирхолтой байсан нь тодорхой болсон гэнэ. Энэтхэгт байгаа түүнд дээрх асуудалд оролцохын тулд маш бага зүйл хийж чадах тухайгаа Дээрхийн Гэгээнтэн тэдэнд харамсан хэлсэн байна. Гэхдээ номын багшид байх ёстой чанарыг мэдэж авсны үндсэн дээр багш нарыг тэрхүү шалгуураар шинжиж байхыг Хятадын буддистуудад тэрээр зөвлөсөн байна. Өрнөдөд ч энэ зөвөлгөө адилхан хамаатай хэмээн тэр хэллээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварыг 5000 гаруй
хүн сонслоо. Канад, Ванкувер, 2014.10.23.
Гэрэл зургийг Паула Уиллис /ДЛО
“Бидэнд амин хувиа хичээсэн үзэл ба юмсын тухай ташаа ойлголт гэсэн хоёр дайсан байдаг. Хоосон чанарыг ойлгосноор энэ хоёр дайсныг сөрж чадна. Хоосон чанарыг ойлгосон гэх нотолгоо надад байхгүй ч, бараг л тэнд хүрсэн гэж хэлж чадах бөгөөд тэрхүү ойлголтын хүч чадлыг та бүхэнд батлан хэлж чадна. Өөрийн оюун ухааныг ашиглах, сэтгэлийн хөдлөлөө өөрчлөх шаардлага нийт буддизмд, ялангуяа Наланда уламжлалд гол үүрэг гүйцэтгэдэг. Би настай хүн боловч, одоо ч өөрийгөө сурагч гэж боддог. Түүнчлэн Төвөдийн буддизм нь пали болон санскрит хэл дээрх уламжлалыг хэрэглэдэг, Махаяана болон Важраяана чиглэлийг өөртөө багтаасан учраас Төвөдийн буддизмыг би ихэнхдээ буддизмын бүтэн хэлбэр гэж тодорхойлдог” хэмээн Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэлэв.
‘Оюун Судлахуйн Найман Бадаг’ зохиол нь Гаадамба уламжлалын зохиол бөгөөд уг уламжлал нь олон өргөн, гүн уламжлалуудыг бүгдийг нэгтгэдэг байсан Атиша гэгээнээс эхтэй хэмээн тэр хэллээ. Зохиогч гэвш Ланри Танба нь Шарава, Бодова, Бромдонбагаар дамжуулан уг сургаалийг Атиша гэгээнд эргүүлэн дамжуулсан байна. Зохиолын агуулга нь бодийн сэтгэлийг ердийн ба эцсийн байдлаар үүсгэх тухай бөгөөд Дээрхийн Гэгээнтэн энэ зохиолыг таалдаг ажээ. Зохиолыг тэрээр цээжилсэн бөгөөд боломж тохиомогц, ялангуяа онгоц саатах зэрэг тохиолдолд байнга уншдаг байна. Зохиолыг тэр гүйлгэн уншаад, мөр бүрийг хураангуйлан дүгнэлээ.
Эхний мөр бусадтай зүй зохистой харьцах харьцааг онцолж, хоёр дахь нь өөрсдийгөө бусдаас дорд үзэх ёстойг заасан байна. Гурав дахь нь сэтгэлийн сөрөг хөдлөлөөс болгоомжлохыг анхааруулсан бол, дөрөв дэх нь хэцүү биетийг үнэлэх ёстойг заажээ. Тав дахь нь ялагдлыг өөртөө авч, ялалтыг бусдад өгөхийг сургасан бол, зургаа дахь нь сайн үйлийг сайнаар эргэж төлөгдөнө хэмээн хүлээвэл урам хугарах тухай өгүүлнэ. Долоо дахь мөр нь авах өгөхийн, өөрийгөө бусадтай солих дадлын тухай бөгөөд найм дахь шүлгийн сүүлийн хоёр мөр нь тэдгээрийг тодруулан тайлбарладаг ажээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Төвөдийн олон нийттэй
уулзаж байгаа нь. Канад, Ванкувер, 2014.10.23.
Гэрэл зургийг Жереми Рассел /ДЛО
Хариуд нь Дээрхийн Гэгээнтэн төвөд хүмүүстэйгээ уулзах завшаан тохиолдсонд баяртай байгаагаа илэрхийллээ.
“Бид дүрвэгсдийн маягаар амьдраад 55 жил болоход шинэ үе өөрийн үр хүүхдүүдийг өсгөж эхлээд байна. Бид шашин, соёлдоо үнэнч хэвээр байгаа учраас Төвөдийн үзэл санаа улам хүчтэй хөгжиж байна. Бидний шашин соёлын ачаар Төвөдийн асуудал шинэ соргог хэвээр, бусдын сонирхлыг татсаар байна. Бидний буддист уламжлал учир шалтгааны болон зүй тогтлын ухааныг ашигладаг цорын ганц шашин гэдгийг урьд нь ч би тайлбарлаж байсан. Наландагийн уламжлалыг төвөд хэлнээ хамгийн тодорхой тайлбарласан гэдэг нь үнэн. Наланда их сургуулийн туурь Энэтхэгт байгаа бол сургааль ном нь төвөд хүмүүсийн дунд амьд байна. Өнөөдөр Хятадад ойролцоогоор 400-500 сая буддист байгаагаас, ихэнх нь энэ бүхэнд анхаарлаа хандуулж байгаа нь чухал ач холбогдолтой.”
Шүгдэнгийн асуудлыг хөндөн Дээрхийн Гэгээнтэн хэлэхдээ, энэ асуудал 5 дугаар Далай Ламын үеэс эхтэй бөгөөд тэрээр өөрийн намтартаа Шүгдэнг Дээдийн ном хийгээд хамаг амьтанд халтай хэмээн бичсэн гэв. 5 болон 13 дугаар Далай Лам Шүгдэнг шүтэхийг хориглосон ч, 7 дугаар Далай Ламын үед алдартай их багш нар түүнийг эсэргүүцэж байсан тухай тэр үргэлжлүүлэн ярив. Энэ утгаараа Шүгдэнг шүтэж байсан нь өөрийн алдаа байсан бөгөөд алдаагаа ойлгосон даруйдаа шүтэхээ больсон хэмээн тэр хэллээ.
“Би жагсагчдыг өрөвдөж байна. Учир нь тэд мэдээллээр дутаж байна. Жишээ нь, Гамбургт тэд лалын хувцас өмссөнөөр намайг дүрсэлж зураад, намайг буддист биш, лалын шашинтан гэсэн байсан. Үнэн хэзээд үнэнээрээ байх учраас миний санаа огт зовоогүй. Жагсагчдын зарим нь төвөд хүмүүс байсан. Тэднийг би өрөвдөж байгаагаас, тэдэнд уур хилэн тээхгүй байна.”

Дээрхийн Гэгэнэтэн Далай Лам Жанрайсигйин авшиг хүртээв.
Канад, Ванкувер, 2014.10.23. Гэрэл зургийг Паула Уоллис/ДЛО
“Ванкуверт зочилсон 3 өдөр өндөрлөж байна. Надад таатай сайхан байлаа, та бүхэнд баярлалаа. Ярилцсан зүйлүүдээ сэтгэлдээ хадгалж яваарай. Тэдгээрийг амьдралд хэрэгжүүлэхдээ ойрын ашиг бүү хүлээгээрэй. Бурханы зам мөр бол хэмжигдэшгүй их эрин үед тоолшгүй их амьтныг чөлөөлөхөд чиглэнэ хэмээн Нагаржуна гэгээн хэлсэн. Та бүхэнд баярлалаа. Дараа дахин уулзахын ерөөл тавья” хэмээв.