АНУ, Алабама, Бирмингем, 2014 оны 10 дугаар сарын 25- Бирмингем дэх Алабамагийн Их сургууль (БАИ) Бирмингемийн Хүний эрхийн долоо хоногийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа Тархины уян чанар ба эмчилгээ сэдэвт эрдэм шинжилгээний симпозиумд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг урьсан байна. Дээрхийн Гэгээнтнийг морилон ирэхэд 300 орчин төвөд хүн их сургуулийн гадаах зүлгэн дээр цугларч, туг далбаа, дуу бүжигтэй түүнийг талархан угтан авлаа. Тэрээр сургуулийн хаалгаар орохын өмнө тэдэнтэй мэндчилж, тэдний талархлыг хүлээн авч буйгаа илэрхийлэв.

Бирмингем дэх Албамагийн Их сургуулиас зохион байгуулж буй
"Тархины уян чанар ба эмчилгээ" сэдэвт эрдэм шинжилгээний
симпозиумын эхэнд оролцогсдыг танилцуулж байгаа нь. АНУ,
Алабама, Бирмингем, 2014.10.25. Гэрэл зургийг Сонам Зогсан
400 жилийн турш тархийг машин мэт хэмээн бодсоор ирсэн гэж доктор Доидж хэлэв. Декартын эрин үед тархийг усан насостой зүйрлэдэг байжээ. Тархин дахь холбоосууд нь цахилгаан учраас тархи бол ‘хатуу хийгдсэн’ гэж нэг үе боддог байсан. Тархийг компьютертэй харьцуулахад тархи бол техник хангамж нь, харин бодол бол програм хангамж нь гэх үзэл байсан. Энэ бүх тайлбарт тархины уян чанарын тухай ойлголт дутагдаж байжээ. Оюун ухаан бол тархины хийж байгаа зүйл, хэдийгээр хэмжих боломжгүй ч, биеийн хүчний үйл ажиллагааны нэг төрөл хэмээн итгэдэг байсан. Тиймээс бодол тархийг өөрчилж чадна гэдгийг олж тогтоох үед бүгд цочролд орсон.
Тархи өөрчлөгддөг гэдгийг эрдэмтдэд итгүүлэхийн тулд Майкл Мерзеничийн хийсэн уйгагүй хөдөлмөрийг тэр дурдав. Тархи мөнхөд уян хатан байсан ч, хүмүүст энэ байдлыг түүний ажил ойлгуулсан. Түүнд эхэндээ итгээгүй хүмүүс эцэстээ хүлээн зөвшөөрсөн нь түүний эр зориг болон үнэнд дурлаж явсны хүндлэл юм. Тархины уян чанарын тусламжтайгаар цус харвалт болон тархины хатуурал зэрэг хүндрэлтэй нөхцлийн дараах үр дагаврыг өөрчилж болно гэдгийг баталсан анхны хүн нь Эдвард Тауб ажээ. Цус харвалтын улмаас бий болсон үндсэн асуудлуудыг шийдэх хамгийн орчин үеийн төхөөрөмж энд Алабамад байдаг. Анхааралдаа авах ёстой олон асуудал байдаг ч, Дээрхийн Гэгээнтэн сэтгэл оюун болон өөрийгөө судлах оюун ухааны чадварын талаар тууштай сонирхсоор ирсэн, энэ талаархи ойлголт бол ариун, сайн үйлс хэмээн дүгнэдэг тухай доктор Доидж хэлэв.
Эхний үгийг хэлэхийг Дээрхийн Гэгээнтнээс хүсэхэд,
“Би анх удаа Алабамад ирж байгаа бөгөөд тархи болон оюун ухааны талаар нэрт эрдэмтэдтэй хэлэлцэх хэлэлцүүлэгт оролцож байгаа нь минй хувьд нэр төрийн хэрэг гэж бодож байна. Би хэзээ ч сониуч зангаа алдаж байгаагүй. Ямар нэг шинэ зүйлтэй таарах бүртээ яагаад ба яаж гэдгийг мэдэхийг хүсдэг” хэмээн яриагаа эхэллээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам "Тархины уян чанар ба эмчилгээ"
сэдэвт эрдэм шинжилгээний симпозиумд оролцож, үг хэлж байгаа нь.
АНУ, Алабама, Бирмингем, 2014.10.25. Гэрэл зургийг Стив Вууд
Хүүхэд байхдаа яаж ажилладгийг нь мэдэх хүсэлдээ хөтлөгдөн тоглоомуудаа задалдаг байсан тухайгаа тэрээр ярив. Киноны хуучин проектор болон түүний жижиг генератораас цахилгааны зарчмыг тэр анх мэдэж авчээ. Зарим тохиолдолд тэр сонирхол нь сурах, ном зохиолоо цээжлэхээс илүү таалагдаж байсан байна. Энэтхэгт 1959 онд ирснээсээ хойш эрдэмтэдтэй уулзах маш том боломжтой болсон бөгөөд 30 гаруй жилийн өмнөөс тэдэнтэй сансар судлал, физик, невролог, сэтгэл судлалын асуудлаар нухацтай хэлэлцэхийн тулд тогтмол уулзаж эхэлсэн ажээ. Эртний Энэтхэг, түүний дотор буддын сэтгэл судлал болон орчин үеийн шинжлэх ухааны хамтын ажиллагаа харилцан үр өгөөжтэй байсан гэдгийг тэрээр батлан хэлэв.
Дээрхийн Гэгээнтэнтэй хамт энд байгаадаа таатай байгаагаа, түүний үйл хэргийг биширч байдгаа Майкл Мерзенич өгүүллээ. Дэлхийн янз бүрийн загварыг бий болгох үндэс нь тархины уян чанар болох талаар тэр тайлбарлан ярив. Тархи өөрийгөө махан бодийн хувьд, үйл ажиллагааны хувьд, химийн хувьд өөрчилж байдаг учраас маш ихээр төрөлжсөн эрхтэн ажээ. Унших нь тархийг өөрчилдөг бөгөөд уншигч бус хүнд уншдаг тархи өгөх нь харьцангуй хялбар хэмээн тэр хэлэв. Гол түлхүүр нь үгийн дуудлагыг бичиг болгон хөрвүүлэх чадвар юм. Тархи бүтээгдсэн зорилго нь холбоо тогтоох явдал. Гэхдээ түүний уян чанарын чухал нэг зүйл нь тэр бас хоёр талтай. Ямар ч чадварыг сайжруулах, эсвэл бууруулахад түүнийг ашиглах боломжтой. Тиймээс уян чанар бол хоёр зам бүхий үйл явц юм.
Хөгшин туршлагатай тархийг хэрхэн илүү залуу чадварлаг тархи болгон хувиргах вэ гэсэн асуулт тавиад, дадлаар хэмээн тэр хариуллаа. Хүн төрөлхтнийг томоор өөрчлөх хүчин чармайлтын нэг хэсэг болгон аутизм, сурах доголдол, дон, шизофрени, туйлшрах өвчин, сэтгэл гутрал зэрэг судалгааны болон сургалтын хэд хэдэн зорилтын талаар тэр танилцуулсан байна.
Эдвард Тауб мөн Дээрхийн Гэгээнтэнтэй хамт байгаагаа онцгой боломж бөгөөд нэр төрийн хэрэг хэмээн хэллээ. Тэрээр өөрийн хэрэгжүүлж буй Албадан-чиглүүлэх хөдөлгөөний эмчилгээний (CI эмчилгээ) талаар танилцуулсан бөгөөд, энэ нь нервийн тогтолцооны уян чанарыг сэргээдэг сэргээн засварлах эмчилгээний үйл явц ажээ. 1980 он хүртэл нервний төв тогтолцоог хатуу бүрэлдсэн учраас гэмтлийн дараа сэргээх ямар ч боломжгүй гэж үздэг байсан байна. Гэтэл сүүлийн жилүүдэд тархи бол уян хатан, тэрхүү уян чанар нь насан туршид нь хадгалагддаг гэдгийг тогтоосон ажээ.

Бирмингем дэх Алабамагийн их сургууль дээр зохион байгуулагдсан
"Тархины уян чанар ба эмчилгээ" сэдэвт эрдэм шинжилгээний
симпозиумын оролцогсод. АНУ, Алабама, Бирмингем, 2014.10.25.
Гэрэл зургийг Сонам Зогсан
Энэхүү эмчилгээний сайн дурын шинж чанар хийгээд баяр баясал төрүүлэх эерэг үүргийн ач холбогдлыг Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэллээ. Бид уур хилэн, атаа жөтөө зэрэг сэтгэлийн сөрөг хөдлөлд автагдсан байдаг хэмээн хэлээд, тэдгээрийг хянах арга техник бий болгох боломжтой эсэх талаар асуув. Тийм техник угаасаа байгаа, тэрийг бясалгал гэнэ хэмээн Мерзенич хариуллаа.
Гагцхүү тархины тухай энд ярилцаад байгаа ч, дархлааны болон нервийн тогтолцоо нь нэг л тогтолцооны хэсэг гэдэг нь батлагдсан хэмээн доктор Доидж ярианд оролцлоо. Чанадаас халих бясалгалыг хийснээр эрүүл мэндийн тогтолцоонд хандах явдал багасч, урт наслалт ихсэн, зүрхний шигдээсээр өвчлөх нь буурсан тухай баримт байгааг доктор Тауб тэмдэглэн хэллээ.
Танхимд суугаа хүмүүсээс Дээрхийн Гэгээнтэнд хандан, эрээ цээргүй байдлыг багасгах талаар зөвөлгөө өгөхийг хүссэн байна. Итгэл найдвар болон өөдрөг үзлийн гэрэл байсаар байхад юмсыг үзэх явцуу үзлийн гайгаар аливаад бид сөргөөр ханддаг хэмээн тэр хэлэв. 20 дугаар зууны эхэн үеэс эхлэн дайн өдөөхөөс илүү энх тайвныг тогтоох нийтлэг хандлага байсныг тэрээр тэмдэглэлээ. Берлиний хана нурснаас хойш дарангуйллын дор байсан орнууд чөлөөтэй болсон. Үүний зэрэгцээ шинжлэх ухаан ба шашин, ялангуяа оюун ухааны судалгааны чиглэлд ойртож ирсэн. Дэлхийн 100 топ эрдэмтэн болон тархины бусад эрдэмтдийн багийн бүтээж, туршсан тархины дадлын системийн талаархи мэдээллийг http://www.brainhq.com/ цахим хуудаснаас харахыг доктор Доидж зөвлөв.

16 дугаар гудамжны баптист сүмийн хамба Артур Прайс Дээрхийн
Гэгээнтэнд сүмийнхээ Дурсгалын танхим дахь зургуудыг үзүүлж
байгаа нь. АНУ, Алабама, Бирмингем, 2014.10.25.
Гэрэл зургийг Жереми Рассел/ДЛО
Сүмийн дээд давхарт хотын дарга ирэхийг хүлээх зуураа Дээрхийн Гэгээнтэн сэтгүүлчдийн асуултад хариулав. Шүгдэнг шүтэгсдийн шуугиантай эсэргүүцлийн дуу чимээн дунд түүнээс тэдэнд хэрхэн хариу барих талаар асуусан байна. Тэрээр хариулахдаа,
“Энэ ээдрээтэй асуудал 400 жилийн өмнө эхэлсэн. Нэгэн цагт би ч бас тэр сахиусыг шүтэж байсан боловч өмнөх Далай Лам хатуу хориглож байсныг мэдээд шүтэхээ больсон. Би тэр сахиусыг шүтэхийг хэзээ ч хориглож байгаагүй ч, бодит үнэнийг хэлэх нь миний үүрэг гэж үзсэн билээ. Миний гол багш тэр сахиусны талаар байнга эргэлзэж байсан бөгөөд 13 дугаар Далай Лам бүр хатуу хориглосон байдаг. Энэ жагсагсад миний хэлэхийг сонсох эсэх нь өөрсдийн асуудал. Хэрвээ та бүхэн энэ талаар илүү ихийг мэдэхийг хүсч байгаа бол түүний түүхийг Төвөдийн гадна ба дотор аль аль талаас нь хараарай” хэмээв.
Түүхэн ач холбогдолтой газар ирсэн түүний сэтгэгдлийг асуухад, хотын дарга Уиллиам Белл урьсан учраас энд ирсэн боловч үнэний төлөө тэмцэлтэй холбоотой түүхэн газар зочилсондоо баяртай байгаагаа тэрээр илэрхийлэв. Хэдийгээр Дээрхийн Гэгээнтэн Мартин Лютер Кингтэй уулзаагүй боловч, түүний эхнэр, хүү хоёртой уулзаж байснаас гадна тэд доктор Кинг Гандиг болон түүний амьдралын энгийн хэв маяг, хүчирхийллийн бус замыг хүндлэн биширдэг байсан тухай ярьсан байна.
Дээрхийн Гэгээнтэн сүмээс гарахынхаа өмнө хотын дарга Беллд хандан, түүний удирдагчийн үүрэг маш чухал боловч, бид бүгд адилхан хүмүүс гэдгийг сэтгэлдээ тээж явах нь чухал зүйлийн нэг гэдгийг хэлэв. Маргааш тэрээр шашин хоорондын ярилцлагад оролцон, иргэний ёс зүйн талаар яриа хийнэ.