АНУ, Нью Иорк, 2014 оны 11 дүгээр сарын 2- Өнөө өглөө Дээрхийн Гэгээнтнийг Гудзон голын эрэг дагуу Нью Иорк хотын дундуур Манхеттан төвийг чиглэн явахад өвлийн эхэн сарын хүйтэн агаар сэнгэнэж, хүчтэй салхи салхилж байлаа. Тэрээр гарма гаржүдын лам Цеван Даши ринбучигийн удирддаг Данан сангийн урилгаар Нагаржуна гэгээний ‘Бодь Сэтгэл Үүсгэхүйн Тайлбар’-ыг хөтлөн тайлбарлаж, 1000 мутарт Жанрайсигийн авшиг хүртээх юм. Театр дүүрэн цугласан 1100 хүний 800 нь Хятадын эх газар, Хонг Конг, Тайван, Сингапур, Малайз болон Хойд Америкаас ирсэн байлаа. Мөн тэдний эгнээнд төвөд, монгол, америк хүмүүс нэгдсэн байв.

Манхеттан төвд айлдвараа эхлэхийн өмнө Дээрхийн Гэгээнтэн
Далай Лам Жанрайсигийн авшиг өгөхийн өмнөх бэлтгэл зан үйл
хийж байгаа нь. АНУ, Нью Иорк, 2014.11.2.
Гэрэл зургийг Сонам Зоксан
“Ерөнхийдөө энэ дэлхий дээр хүмүүний төрлийг олсон хэн боловч аз жаргалыг олж, зовлонгоос зайлсхийх эрхтэй” хэмээн Дээрхийн Гэгээнтэн яриагаа эхлэв. “Бид хөгжлийнхээ явцад айдас хүйдэс, аюулыг сөрөхийн тулд итгэл найдвар дээр суурилсан шашны сэтгэлгээг хөгжүүлсэн. Цагийн уртад бүтээгчийг хүлээн зөвшөөрөх, үл зөвшөөрөх уламжлалууд хөгжиж, бид тэдгээр сэтгэлгээг гүн ухааны үзлээр баяжуулж ирсэн. Буддизм нь самхья болон жайнизмын нэгэн адил бүтээгчийг хүлээн зөвшөөрдөггүй шашны нэг юм. Гэхдээ буддизм бол бодьгалын би үгүй хэмэн үздэг цорын ганц шашин билээ.”
Бурхан Багшийн эхний сургааль буюу анхдугаар номын хүрд нь Хутагтын Дөрвөн Үнэний тайлбараас бүрдэнэ гэдгийг Дээрхийн Гэгээнтэн тайлбарлав. Энэ сургааль нь буддизмын бүх уламжлалд, пали болон санскрит хэлний уламжлалуудад нийтлэг ажээ. Хутагтын Дөрвөн Үнэний 16 шинж, гэгээрэлд хүрэх 37 эрдэм нь Бурхан Багшийн сүүлийн үеийн бүх сургаалийн үндсийг бүрдүүлдэг. Тэдгээр сургаалийг Энэтхэгийн тухайн үеийн үндэсний хэл дээр айлдсан бөгөөд хамгийн анх пали хэл дээр орчуулагдсан байна.
Сандинирмокана сударт Дээдийн номын гурван хүрдийг тодорхойлон бичсэн байдаг бөгөөд үүнээс хоёр дахь хүрд нь Билиг барамидын сургаалийг хамардаг. Сандинирмокана судар Хятадад түгээмэл бөгөөд тайлбар нь ч хятад хэл дээр байдаг. Үүний улмаас Хятадын буддизмын зарим урсгал Сэтгэл төдийтний хандлагыг агуулдаг. Хятадад буддизм анх МЭ 3-4 дүгээр зуунд дэлгэрсэн учраас Дээрхийн Гэгээнтэн тэднийг Бурхан Багшийн ахмад шавь нар хэмээн нэрлэв. Төвөдүүд буддизмтай анх 7 дугаар зуунд танилцаж байсан бөгөөд 8 дугаар зуунд буддизм бүрэн дэлгэрсэн байна. Бурханы шашны үндсийг тавьсан хүн нь Наланда их сургуулийн тэргүүлэх эрдэмтэн Шантаракшита гэгээн юм. Тэр бол гэлэн, алдарт винайн ёсыг баримтлагч, өөрийн үндэслэсэн Төв үзлийн гүн ухаан хийгээд учир шалтгааны урсгалыг дэмжигч байсан байна.

Манхеттан төвд болсон Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын
айлдварт 1100 хүн оролцлоо. АНУ, Нью Иорк, 2014.11.2.
Гэрэл зургийг Жереми Рассел/ДЛО
“Бурхан Багшийн лагшин, зарлиг, таалалын үйлс зохионгуй дотроос хамгийн чухал нь түүний сургааль зарлигийн үйлс билээ. Бурхан Багшийг хүндэтгэж буйгаа илэрхийлэхийн тулд сүм хийд барьж, сэрэг дүр бүтээх нь маш сайн ч, тэд ярихгүй хэмээн би үргэлж бага зэрэг хошигнон хэлдэг. Нөгөө талаас, Бурхан Багшийн сургаалийг багтаасан төвөд хэл дээр 100 боть, хятад хэл дээр мөн төдий тооны ном судар байдаг. Бид тэдгээр ном судрыг харилцан солилцож, орчуулж, судлах ёстой” хэмээн Дээрхийн Гэгээнтэн хэлэв.
“Хэдийгээр би тийм сайн мэдэхгүй ч, Бурхан Багшийн сургааль дотроос миний бодлоор хамгийн чухал гэж үздэг зүйлийнхээ талаар тайлбарлахыг хичээе. Бурхан Багшийн хэлний гэгээрсэн үйлийг арга зам хийгээд билиг ухаанд хамаатуулж тайлбарлах нийтлэг хандлага байдаг. Майдар гэгээний тодорхойлсон агуу их явдал нь аргын талд хамаарах бол Нагаржуна гэгээний дэлгэрүүлсэн гүн гүнзгий үзэл онол нь билиг ухааны талд хамрагддаг юм. Бурхан Багшийн заасан бүхэн энгийн ба эцсийн гэсэн хоёр үнэн дээр суурилна хэмээн Нагаржуна гэгээн батлан хэлдэг. Үндсэндээ юмс үзэгдэж байгаа шигээ үл оршино.”
Сэтгэлийн сөрөг хандлагыг сөрөхөд туслах учраас ‘Гурван хорыг би сарниулах болтугай’ гэсэн хятад хэл дээрх залбирлыг Дээрхийн Гэгээнтэн дурдав. Үүнийг үйлдэхэд хамгийн үр өгөөжтэй арга бол мунхгийн харанхуйн шууд ерөндөг болох билиг ухааныг төлөвшүүлэх явдал учраас дараагийн мөр нь “Билиг ухааны гэрэл миний дотор асах болтугай’. Гурав дахь мөр нь ‘Дотоод ба гадаад бүх саад арилах болтугай’ бөгөөд ‘Би бээр бодьсадвын замд орох болтугай’ гэснээр дуусдаг байна.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Манхеттан төвд ном айлдаж байна.
АНУ, Нью Иорк, 2014.11.2. Гэрэл зургийг Жереми Рассел/ДЛО
Тэрээр эхний 40 шүлгийг уншаад, шаардлагатай газар нь тодруулга хийж байлаа. Сонсогчдод төвөд, хятад, англи хэл дээр товхимол тараасан учраас түүний уншсаныг дагах боломжтой байв. Үндсэндээ хоол хүнсэнд дотоод оршихуй гэж үгүй гэдгийг тэрээр тэмдэглэн хэлээд, хоол хүнс хүний өлсгөлөнг хэзээ ч дарж чадахгүй хэдий ч, үдийн хоолны цаг болсныг санууллаа.
Дээрхийн Гэгээнтэн үдээс хойш зохиолыг үргэлжлүүлэн уншаад, 48 шүлгийн утгыг
Бүх үзэгдлийн үндэс болсон
Амар амгалан, хий үзэгдэл мэт
Орчлонгийн хүлээсийг сүйтгэгч ба үндэс үгүй
Хоосон чанарыг тиймээс байнга бясалга хэмээн хураангуйлан хэлэв.
Эцэст нь Дээрхийн Гэгээнтэн энд сонссон зүйлээ дахин дахин удаан уншиж, уншсан зүйлээ тунгаан бодохыг сонсогчдод уриаллаа. Жанрайсигийн авшиг өгөхийн өмнө нарийн дээд сэтгэл л Бурхан Багшийн билиг ухааны биед хувирдаг гэдгийг тэмдэглэн хэлэв. Авшиг авах бэлтгэл болгож шавь нар өөрийн сэдэл бодлыг засах ёстой хэмээн тэр онцлон хэллээ. Авшиг авах зөв сэдэл нь чинээлэг байдал хийгээд урт наслахын тухайд бус, харин хамаг амьтны сайн сайхны төлөө Бурханы хутгийг олохыг хүсэх явдал юм. Үйл ажиллагааны нэг хэсэг болгож тэрээр хурсан олныг удирдан бодийн сэтгэл үүсгэж, бодьсадвын тангараг өргүүлэв.
Төгсгөлд нь гэрэлт бадамлянхуа цэцэг барьсан хятад эмэгтэйчүүд индрийн өмнө гарч ирэн, Дээрхийн Гэгээнтэнд урт удаан наслахын, бишрэл хүндэтгэлийн залбирал үйлдсэн байна.