АНУ, Нью Иорк, 2014 оны 11 дүгээр сарын 3- АНУ дахь Төвөдийн ордон болон Төвөдийн буддын сургалтын төвийн урилгаар Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Богд Зонховын ‘Сайн Номлолын Шим’ номыг айлдахаар өглөө эртлэн Нью Иорк хотын Бикон театрт морилон ирлээ. Уг арга хэмжээнд зориулсан товхимлын өмнөх үгэнд Дээрхийн Гэгээнтнийг танилцуулсан байгаа учраас проф. Роберт Турман албан ёсны танилцуулгагүйгээр арга хэмжээг эхлүүлэхийг хүслээ. Дээрхийн Гэгээнтний айлдварт аль болох ахиухан цагийг олгохыг хүсч буйгаа тэрээр мөн илэрхийлэв.

Бикон театрт болсон Дээрхийн Гэгээнтний айлдварын өмнө проф.
Роберт Турман үг хэлж байгаа нь. АНУ, Нью Иорк, 2014.10.3.
Гэрэл зургийг Сонам Зоксан
“Билгүүний Зүрхэн” судрыг төвөд хэлээр уншсаныхаа дараа тэрээр тойрон суусан лам нарын дунд зассан суудалд залран, яриагаа үргэлжлүүлэв.
“Эн тэргүүнд энд байгаа гайхалтай эрдэмтэд, хамба нар, хуучин хамбууд болон гэвш нартай мэндчилэхийг хүсч байна. Та бүхэн намайг шалгахын тулд миний лекцэнд ирсэн байвал яах вэ гэсэн асуулт надад сонин байна. Та бүхний ихэнх нь 30 жилийн турш уйгагүй суралцах замаар Бурханы Дээдийн номонд амьдралаа зориулсныг би үнэлж байна. Сүм хийдийн дэг жаягийн их багш нарын хувьд та бүхэн ёс зүйг дагаж мөрддөг бөгөөд шамата буюу төвлөрлийн тухайд та нарт түүнийг хөгжүүлэх хангалттай цаг байгаагүй байж болох юм. Харин та бүхэн гурван дээд дадлын гурав дахь дадал болох билиг ухаантай байгаад зогсохгүй, амьдралтайгаа түүнийг холбож ирсэн. Тиймээс та бүхний оролцоотойгоор энэүү чухал номыг хөтлөн заах боломж олдсон нь нэр төрийн хэрэг юм.”
“Агуу их нигүүлсэхүйгээр Бурхан Багшийн бүхий л үйл хөдлөл өдөөгдсөн байдаг. Тэр гэгээрэлд хүрэх эрмэлзлийг хөгжүүлж, тоолшгүй гурван галвын турш буян, билиг ухааныг хураан, эцэст нь бүрэн гэгээрэлд хүрсэн гэж бид ярьдаг. Тиймээс Бурхан Багш жинхэнэ багш, бусдад үнэхээр тусалж чадах нэгэн болсон байна. Нигүүлсэхүй сэтгэлээр бусдад туслахыг эрмэлзэхийн зэрэгцээ буддистуудын үндсэн зорилго нь буруу бүх бодлыг сарниулах явдал юм.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын ном айлдаж буй Бикон театрын
индрийн байдал. АНУ, Нью Иорк, 2014.11.3. Зургийг Жереми Рассел
“Энэтхэгийн их багш нарын зохиол бүтээлийг анх ухан унших тусам улам төөрөлдөж байсан тухайгаа богд Зонхов Харьцангуй Онолын Магтаал’ бүтээлдээ бичсэн байдаг. Богд Зонхов бээр Манзушри бурханыг бясалгаж, тэр болон бусад зүйлийг зөв ойлгож буй эсэхийгээ лавлахад Манзушир “аль нь ч биш” хэмээн хариулсан гэдэг. Тэрээр тодруулж өгөхийг түүнээс хүсжээ.”
1950-аад онд амьдарч байсан нэгэн их багш, хэрвээ билиг ухаанаа сайжруулахыг хүсч байгаа бол Манзушри бурханы тарнийг сарын турш унш, эсвэл учир шалтгааны ухааны бүтээлийг судал, гэхдээ сүүлийнх нь илүү үр дүнтэй хэмээн хэлдэг байсныг Дээрхийн Гэгээнтэн дурсан ярив. Тэр гэлүгбагийн лам байсан ч Зогчинг мөн сонирхдог байсан байна. Нинмагийн лам хэрнээ богд Зонховын бүтээлийг сонирхон үздэг байсан өөр нэгнийг Дээрхийн Гэгээнтэн эргэн дурсав. Тэдгээр хүмүүс аливаа урсгалаар явцуураагүй, Дээдийн номонд хувь нэмрээ үнэхээр оруулж чадсан хэмээн тэр хэллээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Бикон театрт ном айлдаж байгаа нь.
АНУ, Нью Иорк, 2014.11.3. Гэрэл зургийг Сонам Зоксан
Эхний бадгуудад Бурхан Багшийн магтаал, Манзушри бурханы болон анхдагчдын нэг болох Нагаржуна гэгээн, Асанга гэгээний аврал багтсан байна. Энэ бол Богд Зонховын бүтээхээр тангараг тавьсан бүтээл юм. “Хэрвээ энэ танд тодорхой бус бол та үүнийг хэрхэн бусдад тайлбарлаж чадах билээ?” хэмээн Дармакиртигийн хэлснийг тэрээр эш татав.
Бурхан Багш ийн өгүүлсэн байна,
Зам мөр хоосон, амар тайван, үл бүтээгдсэн
Үүнийг мэдээгүй амьтад төөрөлдөнө
Зуу зуун учир шалтгаан, арга ухаанаар
Нигүүлсэхүйгээр хөлөглөн тэр тэдгээрийг танилцуулна
Дээрхийн Гэгээнтэн Зам мөрийн гурван зарчмыг дурдан хэлэв.
Хүчирхэг дөрвөн голын урсгалд туугдсан
Өөрчлөхийн аргагүй үйлийн хатуу холбоосоор гагнагдсан
Хувиа хичээх төмөр хүлээсэнд баригдсан
Мунхгийн харанхуйд бүрэн ууссан,
Орчлонгийн мөчлөгт төрсөн, бас дахин төрсөн,
Гурван зовлонд тасралтгүй өртсөн
Эх болсон хамаг амьтан ийм нөхцөлд байгаа
Тэднийхээ тухай бодож, гэгээрлийн сэтгэлийг үүсгэ.
Бид бүгд бодьгалын би-тэй зууралдсан байдаг бөгөөд гагцхүү оюун ухаанаа дайчлах замаар зовлонгоос ангижирч, гэгээрэлд хүрч чадна хэмээн тэр хэлэв. Хоосон чанарыг бид ойлгож, ухаарах ёстой. “Гэхдээ зарим хүнд орчлонгийн хүлээст үлдэх нь амар, түүнийг тийм ч муу биш гэж бодож, энэ орчин, ялангуяа америк самсара таалагддаг байж болох юм” хэмээн Дээрхийн Гэгээнтэн хошигнон хэлээд, “Нөгөө талаас хэрвээ та чөлөөлөгдөхийг хүсч байгаа бол дотоод оршихуй байдаг гэсэн үзлээс татгалзахаас өөр арга мөн байгаа” хэмээн үргэлжлүүлэн хэлэв.
Тодорхой бай шаарддаг уур хилэн мэт сэтгэлийн сөрөг хандлага хийгээд ерөнхий бай шаарддаг нигүүлсэхүй сэтгэл мэт сэтгэлийн эерэг хандлагын ялгааг Дээрхийн Гэгээнтэн цохон тэмдэглэлээ. Үүний нэг жишээ болгон тэрээр хэлэхдээ, бид бүхний аз жаргалыг хүсдэг хүсэл хамаг амьтанд нигүүлсэхүй сэтгэл гаргах үндэс болно хэмээв. Сэтгэлийн сөрөг хандлагын хамгийн үр дүнтэй ерөндөг нь хоосон чанарыг ойлгох явдал хэмээн тэр хэллээ. Уг зохиолд,
“Ялган ойлгогч нь Түүнчлэн Ирснийг таних арга замд суралцах ёстой. Үүний тулд Бурханы сургаалийг шууд утгаар нь, эсвэл тайлбартайгаар ойлгох ёстойг ялгах шаардлагатай” гэсэн байдаг.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Төвөдийн ордонд байгаа нь.
АНУ, Нью Иорк, 2014.11.3. Гэрэл зургийг Жереми Рассел /ДЛО
Сэтгэл төдийтний үндсэн эх сурвалж нь Сандинирмочана судар гэдгийг Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэлэв. Уг зохиолд,
“Өвөрмөц чанар-бодит бус, үүсэх-бодит бус, дээд бодит бус гэсэн бодит бусын гурван төрлийг заах замаар би юмсын дотоод бодит бусыг сургадаг“ гэсэн Бурхан Багшийн үг байдаг.
Сандинирмочана сударт дотоод бодит бусын оршихуй ба эс оршихуйг ялгасан, ялгаагүй эсэхээрээ ялгагдах хоёр төрлийн судар байдаг хэмээн тайлбарласан байдаг. Ялгасан судрууд дахь утга нь тодорхой, өөрөөр тайлбарлахын аргагүй байдаг бол ялгаагүй судрын хувьд утгыг өөрөөр тайлбарлах магадлалтай тул утга нь тайлбар шаарддаг.
Асанга гэгээн 3 дугаар зэрэгт хүрсэн бодьсатва, хоосон чанарыг шууд мэдэрсэн нэгэн байсан гэдэгт анхаарлаа хандуулахыг Дээрхийн Гэгээнтэн хүсэв. Төв үзлийг эхэндээ үл тоомсорлож байснаа хожим нь хүлээн зөвшөөрөх болсон өөрийн ах Васубандуд туслахын тулд тэрээр Сэтгэл төдийтний номыг тайлбарлахаар сонгосон байх магадлалтайг Дээрхийн Гэгээнтэн дурдлаа.
Жонон урсгалынхны баримталдаг ‘өөр хоосон’ уламжлалыг тэр хөндөн ярив. Хоосон чанарын талаархи өөр хоорондоо зөрчилтэй хэд хэдэн үзлийг Дээрхийн Гэгээнтэн дурдаад, гүн мэдлэг, иогийн туршлага бүхий нэгэнд энэ олон янзын үзэл нь нэгэн цэгт тулж очдог хэмээн хэлсэн Куну Лама ринбучигийн үгнээс эш татав.
Эцэст нь тэрээр “Үүгээр өндөрлөе. Сайхан амраарай” хэмээгээд энэ өдрийн айлдвараа өндөрлөлөө.