Dalailama / Сайн номлолын шим - Хоёр дахь өдөр

Сайн номлолын шим - Хоёр дахь өдөр

2014 оны 11 дүгэр сарын 5

АНУ, Нью Иорк, 2014 оны 11 дүгээр сарын 4. Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өглөө Бикон театрт морилон ирсэн даруйдаа богд Зонховын ‘Сайн Номлолын Шим’ номын тайлбарт орохын өмнө Бурхан Багшийн хөрөгт мөргөөд, суудалдаа залран, Билгүүний Зүрхэн судраас түргэн зуур уншив. ‘Шүтэн Барилдлагын Магтаал’ номондоо богд Зонхов Бурхан Багшийн тухай өгүүлэхдээ, ‘Таны заасан бүхэн шүтэн барилдлагад үндэслэсэн. Таны сургаальд гэгээрэлд хүрэхийг дэмжээгүй сургааль нэгээхэн ч үгүй болой’ гэсэн байдаг. Шүтэн барилдахуй бол Бурхан Багшийн сургаалийн үндсэн хэсэг нь билээ. Хутагтын Дөрвөн Үнэн болох үндсэн сургаалийн учир шалтгаан хийгээд үр дагаврын ухагдахуунд энэ нь мөн далд утгаар илэрхийлэгдсэн байдаг” хэмээн айлдлаа.

Сайн номлолын шим - Хоёр дахь өдөр
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Бикон театрт хоёр дахь өдрийн
айлдвараа эхэлж байгаа нь. АНУ, Нью Иорк, 2014.11.4.
Гэрэл зургийг Сонам Зоксан
Эртний Энэтхэгийн бүтээгчийг үгүйсгэж, учир шалтгааныг хүлээн зөвшөөрдөг уламжлалт гурван шашин болох жайнизм, самхья болон буддизмын дотроос гагцхүү буддизм л бодьгалын би үгүй гэж үздэг гэдгийг Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэлэв. Дээдийн номын хоёрдугаар хүрдний үед Билиг барамидын сургаальд бодьгалын би үгүй гэх ухагдахууныг шалтгаан ба үр дагавар, шүтэн барилдаж үүсэх гэсэн утгын үүднээс өөр түвшинд тайлбарласан байдаг. Шалтгаанаас үр дагавар хамаардаг ч, шалтгаан мөн үр дагавраас хамаардаг. Энэ бол бүхэл ба хэсгийн хоорондох харилцан хамаарал лугаа зүйл юм.

Шүтэн барилдаж үүсэхийг хийгээд хоосон чанарыг ойлгосноор дээд төлөв, дээд төрөл, гэгээрэлд хүрэх боломжтой болно. Өөрийн оршихуйн тухай бүхий л ойлголтыг үгүйсгэсэн Чандракиртигийн нөхцөлт байдлыг Дээрхийн Гэгээнтэн дурдлаа.

“Та нарыг харахад, өөрийн эрхээр оршин буй лугаа бодит мэт харагдаж байна. Гэхдээ хэрвээ би Чандракиртигийн энгийн нөхцөлт байдлын үүднээс бодож үзвэл та бүхний оршихуй өөр олон хүчин зүйлсээс хамаарна гэдгийг ойлгоно” хэмээн тэр хэлэв.

“Би хоосон чанарыг ойлгосон гэж батлахгүй ч, ихэд ойртсон гэдгээ хэлж чадна. Хэрвээ та бүхэн судалж, бясалгаж, хүчин чармайлт гаргах аваас оюун ухаан тань өөрчлөгдөнө гэдгийг би батлан хэлж чадна. Би өөрийгөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам бус, харин жирийн нэгэн хүмүүний төрөлт гэж боддог. Хэрвээ та бүхэн хүчин чармайлт гаргавал сэтгэл оюунаа өөрчлөх боломж та нарт байгаа.”

“Хоосон чанарыг ойлгоход хүнд, гэхдээ энэ талаар надад гомдоллох бус, харин Бурхан Багшид наад асуудлаа тавиарай” хэмээн хошигнов. “Би та бүхэнтэй туршлагаасаа хуваалцахыг хүсч байна. Би 17-18 наснаасаа хоосон чанарыг сонирхох болсон. Миний ном хаялцахад тусалдаг хүмүүсийн нэг болох Ойдүв Цогни хэмээх монгол залуутай би дотно нөхөрлөдөг байлаа. Тэр Сэра Же хийдээс ирсэн байсан. 1959 оны 3 дугаар сард өгөх сүүлчийн шалгалт хүртэл би өөр хэд хэдэн номыг судлах ёстой байв. Би 13 дугаар Далай Ламын нэгэн адил Өмнөд Төвөдөд очих төлөвлөгөөтэй байсан бөгөөд ийнхүү явснаар, ‘Сайн Номлолын Шим’ номыг дахин судлах завшаан тохиолдоно хэмээн найдаж байлаа. Гэтэл 3 дугаар сарын 10-ны үйл явдлын дараа бүх зүйл өөрчлөгдсөн. Туйлын хүнд нөхцөл байдлын улмаас бид Төвөдөөс явахаар шийдсэн юм.”

“Энэтхэгт би энэ номыг дахин үзэж, тунгаан бодож, бусад номтой харьцуулан судалсан. Жавжэ Лин ринбучи амьд сэрүүн байсан 1980 оны орчим, би түүнтэй уулзан, хоосон чанарыг ойлгох чиглэлд надад ахиц гарч байгаа эсэх талаар түүнтэй санал бодлоо хуваалцсан юм. Багшдаа ойлгож мэдсэнээ танилцуулдаг заншил манайд байдаг. Тэрээр анхааралтай сонсоод, ‘Та орон зайн иогч болно’ хэмээн цохон хэлсэн нь та хоосон чанарыг ухаарах болно гэсэнтэй утга нэгэн юм.”

Сайн номлолын шим - Хоёр дахь өдөр
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын Бикон театрт айлдсан 2 дахь
өдрийн айлдварын үеэр. АНУ, Нью Иорк, 2014.11.4.
Гэрэл зургийг Сонам Зоксан
Өөрчлөлт үтэр түргэн ирнэ гэж найдсаны хэрэггүй хэмээн Дээрхийн Гэгээнтэн анхааруулаад, 30 жил ч шаардагдаж болох тул үргэлжлүүлэн хичээхийг зөвлөв. Бид нэгэнт хойд насанд итгэдэг учраас хойд насандаа ч хичээх шаардлага гарч болох юм. Зарим тэргүүлэх эрдэмтэд түүний хялбархан ойлгодог зүйлийг ойлгохдоо хүндрэлтэй байгааг анзаарсан гэдгээ Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэлээд, үүнийг өмнөх амьдралдаа сурч боловсорч байсантайгаа холбон тайлбарлалаа. Тэрээр настай хүмүүст хандан, “Одоо би хөгшин болсон учраас сурах утга байхгүй” гэж бодохгүй байхыг зөвлөв. Сүүлийн амьсгаагаа хураах хүртэл суралцах хэрэгтэй хэмээн тэр хэллээ. Хүчин чармайлт гаргах эсэх нь мэдээж хувь хүний асуудал. Бурхан Багшийн эрин үед хүртэл хүн бур Бурхан болох ёстой гэсэн ойлголт байгаагүй. Гэхдээ хамгийн гол нь сайн хүн болох ёстой байдаг.

Номын тайлбар луу эргэн ороод, тэрээр “Aксаяамати” судар нь аль сургаалийг тайлбарлах шаардлагатай, аль нь шууд утгыг илэрхийлсэн гэдгийг ялгах боломжийг олгосон Төв үзлийнхний суурь сургааль хэмээн дурдав. Товчоор хэлэхэд, тэдгээр судар дахь харьцангуй бодит байдлын тухай сургаалийг тайлбарлах шаардлагатай, харин туйлын бодит байдлын тухай сургааль, жишээ нь хоосон чанарын, шинж үгүй ба хүсэл үгүй гэсэн зовлонгоос чөлөөлөгдөх тухай айлдсан сургааль нь шууд утгыг илэрхийлсэн байдаг ажээ.

“Тайлбар шаардлагатай бөгөөд тодорхой утга илэрхийлсэн сургааль нь өнгөц бөгөөд туйлын гэсэн утгатай дүйх ба багшид бус сургаальд найдах, үгэнд бус утганд найдах, тайлбарт утгад бус шууд утгад найдах, жирийн ухамсар бус ариун билиг ухаанд найдах гэсэн дөрвөн найдахуйн энэ холбоо нь ‘Баримт ба үе шат’-нд тусгагдсан” хэмээн богд Зонхов бичсэн байдаг.

Шалтгаан болон үр дагаврын асуудлыг тэрээр хөндөөд, үр дагавар гарсан даруй шалтгаан арилдаг гэсэн дүгнэлт байдгийг дурдав. Хоосон чанар бол зүгээр л үгүйсгэл, үл зөвшөөрөх явдал гэдгийг тэр мөн сануулан хэлэв. Ил тод үгүйсгэл юуг ч эс илэрхийлдэг бол далд утга бүхий үгүйсгэл нь ямар нэг зүйл байгаа гэсэн утгыг илэрхийлнэ.

Тэрээр жишээ болгон хэлэхдээ, хэрэв хэн нэгэн ямар нэг зүйлээс, тухайлбал могойноос айдаг бол “Энд могой байхгүй” хэмээн хэлсэн үг айдсыг арилгах хүчийг өгдөг. Нөгөө талаас “Энд могой байхгүй, гэхдээ ...” гэж хэлсэн үгний цаана ямар нэг зүйл нуугдаж байгаа учраас дээрх хүч чадал алдагдана. Үүнээс энгийн үгүйсгэлд хүч чадал оршдог нь тодорхой харагдана.

Үүсэх ба устахын тухайд богд Зонхов Нагаржуна гэгээний үгээс эш татан “хэрвээ юмс хоосон чанартай юм бол үүсэх ба устах гэж үгүй, улмаар Хутагтын Дөрвөн Үнэн эс оршдог гэдгийг та бүхэн хүлээн зөвшөөрөх ёстой!” гэсэн шүүмжлэлд хариу барьсан байна. Түүнчлэн Нагаржуна гэгээний “энгийн хүмүүсийн дундах хоосон чанарын талаархи айдсыг арилгахын тулд “Энэ бүх юмс бол гагцхүү оюун ухаан хэмээн Бурхан Багш айлдсан. Энэ бол юмс бодит бус гэсэн үг” гэсэн үгийг эш татсан байдаг.

Сайн номлолын шим - Хоёр дахь өдөр
Бикон театрт болсон Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын хоёр дахь
өдрийн айлдварт 3000 орчим хүн суулаа. АНУ, Нью Иорк, 2014.11.4.
Гэрэл зургийг Сонам Зоксан
Хоосон чанарыг ойлгосноор хэлбэр хоосон болдоггүй гэдгийг Бурхан Багш тодорхой сургасан гэдгийг Дээрхийн Гэгээнтэн сануулав. Билгүүний Зүрхэн сударт, “Дүрс бол хоосон, хоосон бол дүрс” хэмээн бичсэн дүрсийг хоосон хэмээн ойлгох ёстой ажээ”.

Богд Зонхов дөрвөн үр дагаврын арга замаар хэт үгүйсгэлийг сургасан Чандракиртигийн үгнээс эш татав. Тэнцвэрт байдал нь үзэгдлийг устгах үр дагавартай, энгийн бодит байдал нь дүн шинжилгээг сөрөх үр дагавартай, туйлын үүсэхийг үл үгүйсгэх үр дагавартай ба юмс дотоод оршихуйдаа хоосон нь буруу гэх баталгаа нь үр дагавартай. Чандракирти ‘Гашяапа’-гаас эш татан “Төв үзэл бол юмсын тухай жинхэнэ ойлголт бөгөөд хоосон чанарын тухай ойлголт юмсыг хоосон болгодоггүй, харин юмс өөрөө хоосон” хэмээн айлджээ.

Хүндхэн тайлбарынхаа төгсгөлд Дээрхийн Гэгээнтэн, Нагаржуна гэгээний сургаалийн зүрх нь шүтэн барилдахын сургааль хэмээн давтан хэлэв. Хоосон чанарыг зөв ойлгохын тулд шүтэн барилдлагыг ойлгох ёстой. Шүтэн барилдлага дээр тулгуурлан Төв үзэл оршино. Тэрээр богд Зонховын дүгнэлтээс эш татав.

Хорвоо ертөнцийн чимэг болсон эрдэмтдийн
Энэ бүх гайхалтай тайлбарыг
Би зүрх сэтгэлийнхээ гүнээс биширнэ

Нагаржуна гэгээний гайхалтай сургаалыг
Дээдийн дээд хэмээн хэн эс хэлэв

Эрхэм дээд гэгээрэлд хүрэхийг хүссэн оюун ухаан,
Гүн ухааны учир шалтгааны зам мөрөөр
Энэ тод сургаальд өөрийгөө зориулахтун
Оюун ухаанаа цэвэр тунгалаг болгохтун

“Мөрийн Гурван Эрхэм”-ийн төгсгөл дэх сануулгыг тэр нэмж дурдлаа.

Энэ мэт “мөрийн гурван эрхэм”-ийн
Эгнэшгүй нарийн аньсыг сайтар мэдэх цагт
Аглагийг шүтээд агуу шамдлыг гарган
Ашдийн хэргээ түргэн бүтээхтүн, хүү минь.

Дээрхийн Гэгээнтэн инээмсэглээд,

“Ингээд дуусч байна. Би үүргээ гүйцэтгэлээ. Одоо сурах, бодох, сурснаа хэрэгжүүлэх та бүхний үүрэг үлдэж байна” хэмээн хэлэв.

Боб Турман талархлын цөөн үг хэлэхээр бослоо. Эн тэргүүнд Дээрхийн Гэгээнтэнд хандан, морилон ирж, ном айлдсанд нь талархлаа илэрхийлэв. Дээрхийн Гэгээнтэн болон өөрийн багш, гэвш Агваан Ванжилын 1958 онд байгуулсан Төвөдийн Буддын Судалгааны Төвийн ивээн тэтгэгч Жошуа болон Диана Катлер нарт мөн талархлаа. Мөн Төвөдийн ордон, Төвөдийн офис болон Бикон театрын ажилтнуудын нөр их хөдөлмөрт талархаж буйгаа хэллээ. Энэ үед танхимд хуран цугласан олон алга ташилтаар мялаасан бөгөөд Дээрхийн Гэгээнтний айлдварыг англи хэлнээ орчуулсан гэвш Түвдэн Жинпаг дурдахад мөн адил алга ташилт нижигнэв.

Маргааш Дээрхийн Гэгээнтэн Энэтхэг рүү буцна.

8-11-2014, 04:40
Вернуться назад