Энэтхэг, Шинэ Дели, 2014 оны 11 дүгээр сарын 22 – Дели хотын төвөөр ойрхон зуур давхин Спрингдэйл сургууль дээр Дээрхийн Гэгээнтнийг морилон ирэхэд сургуулийн захирал, хатагтай Амеета Мулла Ваттал угтан авлаа. Тэрээр сургуулийг үндэслэгч 90 насыг зооглож байгаа хатагтай Ражни Кумар болон бусад багш ажилчидтай хийх богино хэмжээний уулзалтад Дээрхийн Гэгээнтнийг урьсан байна. Өргөн хүрээний, дэвшилтэт, цогц хөтөлбөрөөр, хайр, үнэн, сайхан сэтгэл зэрэг нийт хүн төрөлхтний үнэт зүйлсийг агуулсан бат бэх тогтолцоогоор оюутан сурагчдыг сургах зорилгоор хатагтай Ражни Кумар анхны Спрингдэйл сургуулийг 1955 онд байгуулж байжээ.

Спрингдэйл сургууль дээр багш оюутнуудтай Дээрхийн Гэгээнтэн
Далай Ламын хийх уулзалтын өмнө сурагчид хоороор дууллаа.
Энэтхэг, Шинэ Дели, 2014 .11.22. Фото Тэнзин Чоежор/ДЛО
“Хүндэт захирлууд, багш нар, ахан дүүс нар аа!” Бусад хүмүүстэй уулзах тохиол бүртээ хүнийхээ хувьд бид бүгд адил гэдгийг би үргэлж санадаг. Адилхан хүний тархи бүхий бид бүгдэд адил чадавхи байдаг. Зарим үед энэ чадавхиар олон хүндрэлтэй асуудлыг бий болгодог ч, нигүүлсэхүйн сэтгэл хүний төрөлх мөн чанар мөн” хэмээн Дээрхийн Гэгээнтэн яриагаа эхлэв.
Тэрээр нярай хүүхдүүдэд хийсэн эрдэмтдийн туршилтын талаар ярилаа. Хэн нэгэнд тусалж байгаа, эсвэл саад тотгор болж байгаа нөхцөл байдлыг хөдөлгөөнт зураг болгон тэдэнд үзүүлэхэд хүүхдүүд тусламж үзүүлж байгаа хэсгийг илүү ихээр үзэж байсан байна. Хэн нэгний эсэн мэнд үлдэх нь бусдаас хамаардаг нийгмийн амьтад бидний статусыг энэ явдал тод харуулж байгаа хэмээн тэр хэлэв. Хамтын ухамсрыг бид яагаад хөгжүүлдгийн утга учир үүнд оршино. Биднийг нэгтгэдэг нь хайр энэрэл, харин уур хилэн, атаа жөтөө нь бидний хоорондын зайг холдуулж, бие биенээс маань тусгаарладаг. Бусдын төлөө сэтгэл оюунаа зориулах сэтгэлийг төлөвшүүлэх замаар бид өөрийн оюун мэдлэгийг бүтээлчээр ашиглахад суралцаж чадна.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Спрингдэйл сургууль дээр үг
хэлж байгаа нь. Энэтхэг, Шинэ Дели, 2014 .11.22.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛО
Энэтхэгт он удаан жилийн турш шашны янз бүрийн уламжлал эв зохицолтойгоор зэрэгцэн оршиж байгааг Дээрхийн Гэгээнтэн онцлон тэмдэглэв. Гэвч өнөөдөр дэлхий дээр амьдарч байгаа 7 тэрбум хүний нэг тэрбум нь ямар нэг шашин шүтлэгт хамаарагддаггүй байна. Энэ тохиолдолд тэдгээр хүмүүст хайр хийгээд нигүүлсэхүйн үнэт зүйлсийн тухай боловсролыг хэрхэн олгох тухай асуулт гарч ирнэ хэмээн тэр хэлэв. Бүх шашинтан хийгээд шашингүй хэмээн зарласан хүмүүсийг ч тэгш хүндлэх хандлагыг түүхэндээ төлөвшүүлсэн Энэтхэгийн жишээгээр иргэний хандлагыг төлөвшүүлэхийн ач холбогдлыг Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэллээ.
“Тиймээс иргэний ёс зүй бол хэрэгжүүлэх ёстой зүйл гэдэгт би итгэдэг. Биологийн хувьд бидэнд хайр энэрлийн сэтгэл заяагдсан байдаг. Бид төрөөд, эсэн мэнд үлдэх эсэх маань эхийн хайр энэрлээс хамаардаг. Хайр энэрэл л бидэнд эрүүл энх бойжиж, өөртөө итгэлтэй байх боломжийг олгодог. Ихэнх залуу эмэгтэйчүүд сайхан харагдахын тулд гоо сайхны бүтээгдэхүүн болон бусад зүйлд цаг, хүч хөдөлмөрөө зарцуулдаг ч, жаргалтай байх, аз жаргалтай гэр бүл зохиох гол түлхүүр нь дотоод гоо сайхан байдаг.”

Спрингдэйл сургуулийн сурагчид Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын
айлдварыг сонсож байгаа нь. Энэтхэг, Шинэ Дели, 2014 .11.22.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛО
Шинжлэх ухааны туршилт хийн хүмүүст 3 долоо хоногийн турш хайр, нигүүлсэхүй, сайхан сэтгэлийг бясалгуулахад тэдний цусны даралт буурч, стресс нь багассан тухай Дээрхийн Гэгээнтэн өгүүлэв. Мөн найз нөхөдтэйгээ харьцах харьцаа нь сайжирсан байна. Шинжлэх ухааны ололт, нийтлэг туршлага болон эрүүл ухаан дээр тулгуурлан хүмүүсийн боловсролыг дээшлүүлэх боломжтойн жишээ бол дээрх явдал хэмээн тэр хэллээ. Орчин үеийн боловсрол материаллаг зорилтыг хэт дэвшүүлж байгаа учраас оюун ухаан төдийгүй, зүрх сэтгэлийн хөгжлийг зорилго болгосон иргэний ёс зүйн тухай хичээлийн хөтөлбөрийг боловсруулах ажлыг АНУ болон Энэтхэгт өрнүүлж байгаа ажээ.
“20 дугаар зуунд хүн төрөлхтөн гайхалтай ололт амжилтыг олсон ч, энэ зуун хэмжээлшгүй их хүчирхийллийн зуун бас байсан. Өнгөрсөн зуунд 200 сая хүн хүчирхийллийн улмаас нас барсан гэсэн мэдээ байдаг. Хүчирхэг зэр зэвсэг бүтээхэд сая сая долларыг зарцуулсан ч, нааштай өөрчлөлт гараагүй. Энд өнөөдөр бид амар амгалан, сайн сайхан амьдарч байхад, дэлхийн өөр хаа нэгтээ бидэнтэй адилхан хүмүүс шархдаж, үхэж үрэгдэж байна. Энх тайван, амар амгалан дэлхийг бид зэвсгийн хүчээр бий болгож чадахгүй, харин үүний оронд бид дотоод амар амгаланг өөртөө төлөвшүүлэх ёстой” хэмээн Дээрхийн Гэгээнтэн айлдлаа.
Танхимд суугаа хүмүүсийг тэрээр тойруулж хараад, 20 наснаас доош насны залуучууд 21 дүгээр зуунд харьяалагдана хэмээв. Өнгөрснийг өөрчлөх ямар ч боломжгүй. Харин шинэ эрин үеийнхэн хичээх аваас ирээдүйг өөрчилж болно. Зөвхөн өөрийн орны тухай сэтгэл чилээх нь үеэ өнгөрөөж, одоо нийт хүн төрөлхтний тухай бодох цаг болсон хэмээн тэр хэлсэн байна. Энэ үйлст ахимса хийгээд шашин хоорондын эв зохицлыг хангах өнө удаан жилийн түүхтэй Энэтхэг орон жинтэй хувь нэмрийг оруулах боломжтой юм.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Спрингдэйл сургууль дээр үг
хэлж байгаа нь. Энэтхэг, Шинэ Дели, 2014 .11.22.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛО
Танхимд суугаа олны хэд хэдэн асуултад тэрээр хариулав. Өрсөлдөж байгаа бүх хүн хожиж байгаа бол энэ өрсөлдөөн тустай, харин өөрийн эрх ашгийн тулд өрөөлийг зайлуулж байгаа өрсөлдөөн бол буруу тухай Дээрхийн Гэгээнтэн тайлбарлан ярилаа. Зөв зорилгын төлөө заримдаа хатуу арга хэмжээ авах шаардлага гардаг тухай тэр тайлбарлаад, үүний нэг жишээ нь сурагчийнхаа сайн сайхны төлөө хийх багшийн үйл хөдлөл хэмээв. Кино үздэг эсэх тухай асуултад, 60-аад оны эхээр кино үздэг байсан ч, одоо кино болон телевиз үздэггүй хэмээн тэр хариуллаа.

Спрингдэйл сургууль дээр болсон уулзалтын үеэр Дээрхийн
Гэгээнтэн Далай Лам асуулт асуухад сурагчид хариулахаар
гараа өргөж байгаа нь. Энэтхэг, Шинэ Дели, 2014 .11.22.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛО
Түүнд хэн урам зориг өгдөг тухай асуултад, Дээрхийн Гэгээнтэн өчүүхэн зуур ч бодолгүйгээр Наландагийн их багш нар болох Нагаржуна ба Шантидева гэгээн хэмээн хариулсан байна. Шантидевагийн зохиолууд түүний амьдралыг өөрчилсөн хэмээн тэр хэлэв. Орчин үеийн хүмүүсээс хүн чанар хийгээд мэдлэгээрээ түүнийг бишрүүлсэн Махатма Ганди болон Энэтхэгийн анхны ерөнхийлөгч доктор Раженпра Прасадын нэрийг Далай Лам дурдсан байна. Эцэст нь, бусдын төлөө санаа тавина гэдэг нь өөрийн аз жаргалыг золиослоно гэсэн үг биш гэдгийг тэмдэглэн хэлэв. Бусдыг аз жаргалтай болгож чадаагүй ч, тэр тухайд хичээн зүтгэсэн төдийд бид маш их сэтгэл ханамжийг эдэлнэ. Уур хилэн хийгээд үзэн ядалт нь сул доройн шинж тэмдэг бол нигүүлсэхүй нь хүч чадлын шинж хэмээн тэр айлдаад яриагаа өндөрлөлөө.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Ананта Аспен Төвийн зохион
байгуулж буй уулзалтад оролцон, үг хэлж байгаа нь.
Энэтхэг, Шинэ Дели, 2014 .11.22.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛО
Дээрхийн Гэгээнтэн өөрийн хоёр дахь үүргийг шашин хоорондын эв зохицлыг бэхжүүлэх явдал хэмээн тодорхойлоод, өөрийн итгэл үнэмшлээр ядуу болон эмзэг бүлгийн хүмүүсийн сайн сайхны төлөө амь амьдралаа зориулсаны жишээ болгож Тереза эх хийгээд “Буяныг түгээгчид” байгууллагын тухай ярилаа. Шашны уламжлалууд гүн ухааны өөр өөр үзэл баримтлалтай ч, нийтлэг зорилготой гэдгийг тэр дахин айлдав.
Гуравдугаарт, тэрээр төвөд хүн бөгөөд олон төвөд хүний итгэл найдварыг тээж байгаа гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Хэдийгээр улс төрийн бүх үүрэг хариуцлагаас чөлөөлөгдсөн ч, тэр Төвөдийн соёлын тухайд санаа зовнисон хэвээр байгаа хэмээлээ. Зуун зууны туршид эрдэмтэн нэг бүрийн хийсэн судалгаа, үйл хэргийн үр дүн болсон буддын цогц мэдлэг төвөдүүдэд бий. Төвөдийн буддизм зөвхөн төвөд хүмүүст бус, мөн өөрсдийгөө буддист хэмээн тодорхойлж байгаа сая сая хятад хүнд ч ач тусаа өгөх боломжтой. Буддын үзэл санааг хамгийн оновчтойгоор зөв дамжуулах, тайлбарлах хэл бол төвөд хэл хэмээн айлдав. Тэрээр мөн Төвөдийн байгаль орчинд санаа зовниж буйгаа илэрхийлээд, Ази тивийн сая сая хүн Төвөдийн гол мөрөнгөөс эхтэй уснаас хамаарч амьдарч байгааг тэмдэглэв.

Ананта Аспен Төвөөс зохион байгуулсан уулзалтын үеэр уулзалтад
оролцогч Дээрхийн Гэгээнтнээс асуулт асууж байгаа нь.
Энэтхэг, Шинэ Дели, 2014 .11.22.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛО
Уулзалтад оролцогчдын асуултуудад хариулахдаа Дээрхийн Гэгээнтэн иргэний ёс зүйн талаархи өөрийн бодол, нигүүлсэхүйн ач холбогдол, Хятадад өрнөж байгаа тогтвортой өөрчлөлт, дэлхий ертөнц биднээс, бидний үйл хөдлөлөөс хамаарах тухай тодорхой тайлбарлан ярьсан байна. Бидний сэтгэлийн дотоодод байгаа аз жаргалын эх сурвалжийг эрэлхийлэхийн тулд өөрийн сэтгэл хөдлөл хийгээд оюун ухааны газрын зургийг гартаа дэлгэх шаардлагатай хэмээн тэр хэлэв. Бид сэтгэл хөдлөлийн эрүүл ахуйг сахиж, сэтгэл хөдлөлөө хэрхэн хянах, сөрөг хандлагыг хэрхэн сөрж, эерэг хандлагыг хэрхэн төлөвшүүлэх талаархи ойлголтыг суулгах шаардлагатай. Энэ бол дотоод амар амгаланг олох арга зам мөн хэмээн Дээрхийн Гэгээнтэн айлдлаа.