Итали, Ром, 2014 оны 12 дугаар сарын 13- Италийн парламентын Хүний эрхийн хорооны дарга болон Сенатын танхимын дэд дарга тэргүүтэй Италийн парламентын гишүүдтэй хийх найрсаг уулзалтаар Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын Ромд хийж буй айлчлалын 3 дахь өдөр эхэллээ. Түүнтэй уулзахаар хүрэлцэн ирсэн парламентын гишүүдэд талархал илэрхийлээд, Хятадтай харилцах харилцаанд нааштай шинж тэмдэг илэрч буйг тэдэнд мэдээлсэн байна. Ерөнхийлөгч Си Жиньпин сүүлийн үед Мао дарга хэрэгжүүлж байсан шиг үндэсний үзлийг төдийгүй, Хан үндэстний дээрэнгүй үзлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлээд байгааг дурдав. Си Жиньпин Хятадын соёлд буддизм чухал үүрэг гүйцэтгэх тухай Парис болон Дели хотноо мэдэгдсэнийг Дээрхийн Гэгээнтэн мөн дурьдав. Төвөдийн талаар нааштай байр суурь баримталж байгаа Ху Яобаны бодит үйл хэрэгтэй Хятадын ерөнхийлөгчийн хандлага нийцэж байгаад Дээрхийн Гэгээнтэн өөдрөг сэтгэгдэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Италийн парламентын гишүүдтэй
уулзаж байгаа нь. Итали, Ром, 2014.12.13.
Гэрэл зургийг Жереми Рассел/ДЛО
Парламентын гишүүд өөр өөрсдийн зүгээс Дээрхийн Гэгээнтэнд хандан Италид морилон ирсэнд нь болон тэдэнд урам зориг өгсөнд нь талархлаа илэрхийллээ. Тэд өнөөдөр дэлхий дахинд тулгарсан хүнд хэцүү үед хүний эрхийг хамгаалах, нигүүлсэхүй, энх тайван, хүч үл хэрэглэх зарчим зэрэг үнэт зүйлсийг хөгжүүлэхэд хүч хөдөлмөрөө зориулахын зэрэгцээ Төвөдийн үйл хэргийг цаашид ч дэмжихээ батлан илэрхийлсэн байна.
Франц 24-ийн сурвалжлагч Марк Перелман Дээрхийн Гэгээнтнээс ярилцлага авахдаа эхлээд Норвегийн ерөнхий сайд түүнтэй уулзахаас татгалзаж, энэ удаа Ромын Пап лам түүнийг хүлээн авах боломжгүй болсонд сэтгэл дундуур байгаа эсэхийг асуув. Дээрхийн Гэгээнтэн асуултад “үгүй” хэмээн хариулаад, улс төрийн хариуцлагаас чөлөөлөгдсөнийхөө дараа улс төрчидтэй уулзахаас илүү олон нийттэй уулзах талаар санаа тавих болсноо тайлбарлан ярилаа. Тэрээр хэлэхдээ,
“Хүн төрөлхтөн аз жаргалтай бол бид бүгд хожно. Ромын пап ламтай хийх уулзалтын тухайд гэвэл би түүнтэй уулзахыг хүсч байсан бөгөөд яагаад энэ боломжгүй гэдэг нь миний сонирхлыг татаж байна. Энэ талаар та бүхэн түүний албанаас асууна биз” хэмээв.
Дээрхийн Гэгээнтэн Си Жиньпинийг илүү бодит хандлагатай хэмээн тодорхойлсныг Перелман дурдаад, тэрээр Төвөдийн тухай ярихад бэлэн болсон гэж үнэхээр үзэж байгаа эсэх талаар асуухад,
“Би тийм гэж найдаж байна. Тэр Хятадын соёлд буддизм чухал ач холбогдолтойг олон нийтийн өмнө батлан хэлсэн. Түүний нөхөд мөн түүнийг илүү бодит хандлагатай гэдэг. Гэхдээ түүний толгойлж байгаа тогтолцоонд хатуу чиг шугамыг баримтлагсад одоо хэр нь олонх байсаар байна. Тиймээс харах л үлдлээ” хэмээн Дээрхийн Гэгээнтэн хариуллаа.

Марк Перелман Дээрхийн Гэгээнтэн Далай Ламаас ярилцлага
авч байгаа нь. Итали, Ром, 2014.12.13.
Гэрэл зургийг Жереми Рассел/ДЛО
Түүний залгамжлагч буюу 15 дугаар Далай Лам тодрох эсэх тухай асуултад, тодруулах эсэх нь Төвөдийн ард түмэн болон холбогдох хүмүүсийн хүсэл зоригоос шалтгаална гэдгийг аль 1969 онд тодорхой хэлсэн хэмээн Дээрхийн Гэгээнтэн хариуллаа. Энэ асуудалд өөрөөс нь илүү Хятадын албаны зарим хүмүүс санаа тавьж байгаа байх хэмээн хэлээд инээв. Эцэст нь Төвөдийн жинхэнэ автономит эрхтэй болохыг хүсч байгаа эсэх талаархи асуултад,
“Тийм ээ, би хүсч байна. Холбогдох хүмүүс нь бодитоор хандвал нөхцөл байдал хурдан бөгөөд хялбар өөрчлөгдөх боломжтой. Энэ нь байгаль орчинд нэгэнт хохирол учирсан л бол эргээд сэргээхэд хүнд байдаг шиг асуудал биш” хэмээн Дээрхийн Гэгээнтэн хариуллаа.
BBC-гийн сурвалжлагч Ялда Хаким Дээрхийн Гэгээнтэнд 21 дүгээр зуун өөр зуун болох уу гэсэн асуулт тавив. Тэрээр,
“20 дугаар зууны эхэн үеэс юмс өөрчлөгдөж ирсэн. 1996 онд хүүхэд байхаасаа царайг нь хараад таньдаг болсон Английн хатан хааны эхтэй уулзсан юм. 20 дугаар зууныг бараг бүхэлд нь туулсан түүнээс юмс сайжирч байгаа эсэх талаархи бодлыг нь асуусан билээ. Тэр бодолгүйгээр сайжирч байгаа гэсэн. Түүнийг залуу байхад жишээ нь хэн ч хүний эрх, эсвэл өөрийн замыг өөрөө тодорхойлох эрхийн талаар одоогийнх шиг ярьдаггүй байсан гэж хэлсэн юм” хэмээн хариуллаа.
“20 дугаар зууны эхэнд хүмүүс бодолгүйгээр дайнд явдаг байсан бол хүмүүс одоо дайнаас залхаж байна. Түүнчлэн 20 дугаар зууны эхэнд шинжлэх ухаан шашныг 2 өөр зүйл хэмээн боддог байсан. Харин одоо шинжлэх ухааны эрдэмтэд оюун ухаан хийгээд сэтгэл хөдлөлийн үйл ажиллагааг сонирхон судлах боллоо” хэмээв.

BBC-гийн сурвалжлагч Ялда Хаким Дээрхийн Гэгээнтэн Далай Ламаас
ярилцлага авч байгаа нь. Итали, Ром, 2014.12.13.
Гэрэл зургийг Жереми Рассел/ДЛО
Хонг Конгод ардчиллыг дэмжиж жагсагчдын тухайд Их Британи болон бусад орнууд Хятадын эсрэг хатуу бодлого баримтлах ёстой гэж бодож байна уу хэмээн хатагтай Хаким асуув. Тэр хариулахдаа,
“Хятад бол эдийн засгийн хувьд өсч байгаа орон бөгөөд дэлхийн эдийн засгийн гол урсгалд нэгдэн орохыг хүсч байгаа. Эрх чөлөө болон ардчиллын гол урсгалд Хятад улсыг оруулах нь чөлөөт ертөнцийн хариуцлагын асуудал” гэв.
Бирмид буддистууд лалын шашинтнууд руу халдсан хэргийн тухайд, энэ асуудлыг өмнө нь Ан Сан Су Ки-тэй авч хэлэлцсэн тухайгаа Дээрхийн Гэгээнтэн өгүүллээ. Уур хилэн төрсөн үедээ Бурхан Багшийн царайг санацгаа хэмээн Бирмийн буддистуудад тэр уриалсан байна. Хэрвээ Бурхан Багш тэнд байсан бол тэдгээр лалын сүсэгтнүүдийг хамгаалах байсан гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Дээрхийн Гэгээнтэн дараа нь ‘Энх тайвнаар амьдарч, дайнаас зайлсхийх нь’ сэдвийн дор болж байгаа Нобелийн Энх тайвны шагналтнуудын дэлхийн уулзалтын 5 дахь хуралдаанд орлоо. Түүнийг танхимд ороход хурлын дарга Эмилио Карелли өнөөдөр хүн төрөлхтөн илүү олон зөрчилдөөн, зэр зэвсгийн наймаатай тулгарч байгаа талаар дурдаад, олон улсын хамтын нийгэмлэг юу хийх ёстой талаар асуулт тавьж байв. Дээрхийн Гэгээнтэн энэ асуудлаар хэлэхдээ,
“Заримдаа би энэ болж байгаа аймшигт зүйлсийг сонсоод, асуудал үүсгээд байгаа бүх хүнийг орчлон хорвоогийн өөр нэг хэсэгт аваачаад тавьчих ид шидийн хүч байдаг ч болоосой хэмээн боддог ч, би тийм хүн биш. ‘Хүчирхийллийг хэн хийж байна вэ? ’ гэсэн асуултыг бид тавих ёстой. Хамгийн гол нь хүчирхийллийг бид өөрсдөө хийж байгаа тул бид өөрсдөө зогсоох ёстой. Сэтгэл оюунаа өөрчлөх, уур хилэнгээ номхотгох арга замыг олох ёстой. Нобелийн Энх тайвны шагналтнуудын дунд мэдлэг туршлагатай олон хүмүүс байгаа учраас тэдний үгийг сонсохыг хүсч байна” хэмээлээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Нобелийн Энх тайвны
шагналтнуудын 14 дэх удаагийн дэлхийн уулзалтын 5
дугаар хуралдаанд оролцож байгаа нь. Итали, Ром,
2014.12.13. Гэрэл зургийг Жереми Рассел/ДЛО
Хелфанд хэлэхдээ,
“ Цөмийн зэвсгийг үргэлжлүүлэн хадгална гэдэг нь өөрөө аюулыг дагуулж байгаа бөгөөд хүн төрөлхтөн өөрсдөө бий болгосон учраас өөрсдөө устгах ёстой. Бид хамтдаа энэ тал дээр ажиллаж чадна, үүнийг хийхэд хүн бүр тусалцгаая” гэв.
Түүний илтгэлийг танхим өндрөөр үнэлж, халуун алга ташилт илгээлээ.
Газрын Минийг Хориглохын төлөө Олон Улсын Кампанит ажил байгууллагын төлөөлөл Стефан Гус үг хэлж байгаа нь. Итали, Ром, 2014.12.13. Гэрэл зургийг Оливер Адам
Газрын Минийг Хориглохын төлөө Олон Улсын Кампанит Ажил байгууллагын (ICBL) төлөөлөл Стефан Гус энгийн ард иргэдэд асар их хөнөөлтэй энэхүү хортой, юуг ч үл ялгах зэвсгийн эсрэг амжилттай хэрэгжүүлсэн ажлынхаа талаар ярилаа. Тэрээр шатах дэлбэрэх зэвсгийг хүн амаар шигүү суурьшсан газарт хориглох, алуурчин роботыг ашиглахыг хориглох талаар өөр кампанит ажил өрнүүлж байгаагаа дурдав. Иргэний нийгэмд шаардлагатай байгаа зүйл бол асуудалд идэвхтэй байр сууринаас хандах явдал хэмээн тэр хэллээ.
Шинжлэх Ухаан ба Дэлхийн Харилцааны PUGWASH бага хурлыг төлөөлөн Жаяаната Данапала хэдэхдээ, түүний байгууллага нь Эйнштэйн болон Бертранд Расселаас урам зориг авдаг гэлээ. Биологийн болон химийн зэвсгийг устгаж байгаа боловч цөмийн зэвсэг байсаар байгааг тэр тэмдэглэн хэлэв. Үндэсний аюулгүй байдлыг жирийн иргэний аюулгүй байдлаас дээр үзэж байгаа алдаатай үзэл санаанд бүх асуудал оршиж байна хэмээн үзэв. Байнгын армигүй байх талаар амжилттай бодлого хэрэгжүүлж байгаа Коста Рика болон Исланд улсын жишээг тэрээр дурдаад, цэрэг-аж үйлдвэрийн нэгдсэн бүтцийн талаар Эйзенхаурын урьдчилан хэлсэн анхааруулгыг сануулав.
“Шинжлэх ухааны эрдэмтэд мэдлэгээ хүн төрөлхтний эсрэг бус, харин тусын тулд ашиглуулах тал дээр хариуцлага хүлээх ёстой” хэмээн тэр хэллээ.
Уур Амьсгалын Өөрчлөлтийн талаархи Засгийн газар хоорондын бүлгийн (IPCC) төлөөлөл Ражендра Кумар Пачаури танхимд суугаа бүх залуу хүнд мэндчилгээ дэвшүүлснээр яриагаа эхлэв. Уг байгууллагын 5 дахь удаагаа гаргаж байгаа Үнэлгээ хэвлэгдсэнийг тэр зарлав. Тэрээр,
“Хэрвээ бид гар хамхин суувал энэ зууны сүүлээр далайн түвшин 98 см-ээр нэмэгдэнэ. Хэрвээ бид дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг энэ чигээр нь үргэлжлэхийг зүгээр хараад суувал, үр дагаврыг нь хүн бүр амсана. Жишээ нь, 20 жил тутамд болдог халуун агаарын урсгал хоёр жил тутамд тохиох болно. Энэ нь хоол хүнсний аюулгүй байдалд нөлөөлнө. Бид юу хийж чадах вэ? Нүүрстөрөгчийн ялгаруулалт тэг хүртэл унана. Хэрвээ бид өөрчлөлтийг хийх гэж байгаа бол залуучуудын удирдлаган дор, мэдлэгээр зэвсэглэн, үндэсний түвшинд хийх ёстой. Энэ үйл ажиллагааны нэг бүрэлдэхүүн хэсэг байхыг та бүхнээс хүсэхийн хамт би та бүхэнд тусална гэдгээ хэлмээр байна” хэмээн хэллээ.
Хуралдааны төгсгөлд Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэлэхдээ, санаа зовох зүйл их байгаагийн зэрэгцээ итгэл найдварын баттай үндэс суурь байна хэмээв. Залуу удирдагчдад зориулсан салбар хуралдаанд үдээс хойш Дээрхийн Гэгээнтэн оролцоод, хүн төрөлхтөн дотоод үнэт зүйлээ хөгжүүлэх, үүнийг ойлгуулахын тулд иргэний ёс суртахууны хандлага шаардлагатай байгааг залуучуудад хандан айлдлаа. Тэрээр мөн Европт амьдарч байгаа төвөд хүмүүс болон Төвөдийг дэмжигч нартай уулзсан байна. Төвөдийн үзэл санааг амьд хадгалан үлдэх нь хэрхэн чухал болох талаар Далай Лам тэдэнд ярьсан. Дараа нь Нобелийн Энх тайвны шагналтнуудын уулзалтын энэ өдрийн хуралдааны хаалтанд оролцсоноор Дээрхийн Гэгээнтэн шахуу хөтөлбөртэй байсан энэ өдрийн ажлаа өндөрлөлөө.
Энх тайвны уулзалт маргааш үргэлжилнэ.