Энэтхэг, Карнатака, Мундгод, 2014 оны 12 дугаар сарын 22- Цахилгаан эрчим хүч гайхалтай үйлдвэрлэж байгаа салхин тээрмүүдийн дэргэдүүрх замаар Карнатака мужийн нутгаар ойролцоогоор 3 цаг орчим давхисны дараа Дээрхийн Гэгээнтэн Мундгод дахь Төвөдийн сууринд хүрэлцэн ирлээ. Түүний цуваа хурдны замаас салж сууринг чиглэхэд төвөд болон нутгийн энэтхэг хүмүүс түүнтэй мэндчилэхээр зам дагуу эгнэн зогссон байв.
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг Гандан Жанзэ хийдэд морилон
ирэхэд Лин ринбучи хүндэтгэл үзүүлэн мэндчиллээ. Энэтхэг,
Карнатака, Мундгод, 2014.12.22. Гэрэл зургийг Тэнзин Чоежор
Дээрхийн Гэгээнтэн Жанзэ хийдийн хурлын дуганд ороод, эн тэргүүнд бурхан шүтээнд мөргөв. Дараа нь дуганы хойморт байрлах сэнтийн ард залсан Бурхан Багш, богд Зонхов, түүний шавь нар болон бясалгалын болон бусад бурхдын өмнө очиж залбирал үйлдсэн байна. Ийн явах зуураа тэрээр хуучин болон шинэ андуудтайгаа мэндчиллээ. Зургаан чимэг болон Хоёр дээдэд ( Винайн ёсыг судалсан Сакьяапрапха болон Гунапрабха нарыг Хоёр дээд гэдэг бол зургаан чимэг гэж сэтгэлгээний Мадхьямака урсгалын төлөөлөл Нагаржуна, Арьяадева нар, Читтаматра урсгалын төлөөлөл Асанга ба Васубанду нар, танин мэдэхүйн Прамана урсгалын төлөөлөл Дигнага ба Дармакирти нарыг хэлнэ) хандан мөргөл үйлдэв.
Суудалдаа заларсны дараа Дээрхийн Гэгээнтэн хуран цугласан олонд хандан товч үг хэлэв.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Гандан Жанзэ хийдийн дуганд
үг хэлж байгаа нь. Энэтхэг, Карнатака, Мундгод, 2014.12.22.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛО
Мундгодод номонд хэдэн хүн суухыг Дээрхийн Гэгээнтэн асуухад ойролцоогоор 30000 хүн суух төлөвтэй байгаа талаар түүнд мэдээллээ. Тэрээр олон хэл дээр орчуулах тоног төхөөрөмж бэлтгэгдсэн эсэх талаар тодруулахад, FM радиогоор дамжуулан дээрх асуудлыг хэрэгжүүлэх боломжтойг түүнд илтгэв.
“Өнөөдөр ингээд өндөрлөе. Маргааш дахин уулзацгаая” хэмээн Дээрхийн Гэгээнтэн өгүүллээ.