Dalailama / Гандан Жанзе хийдэд Дээрхийн Гэгээнтэн "Бодь Мөрийн Зэрэг”-ийг хоёр дахь өдрөө айлдаж байна

Гандан Жанзе хийдэд Дээрхийн Гэгээнтэн "Бодь Мөрийн Зэрэг”-ийг хоёр дахь өдрөө айлдаж байна

2014 оны 12 дугаар сарын 24

Энэтхэг, Карнатака, Мундгод, 2014 оны 12 дугаар сарын 24 - “Лам хүний уншиж байгаа уншлага дотроос сэтгэлийг номхотгох сургаалийн аялгуунаас илүү нь үгүй хэмээн ярьдаг,” хэмээн Гандан Жанзе хийдэд айлдаж байгаа ‘Бодь Мөрийн Зэрэг’ номын айлдварын хоёр дахь өдөр Дээрхийн Гэгээнтэн яриагаа эхэллээ. Тэдгээр сургааль нь бидний сэтгэл оюуныг бусниулж байгаа сэтгэл хөдлөлийг тодорхойлоод зогсохгүй, хэрхэн дарах тухай байдаг. Бид зовлонг хүсдэггүй бөгөөд хүн болж төрсний хувьд түүнээс сэргийлэхийн тулд оюун ухаанаа ашиглах боломжтой. Хэлийг олон янзаар ашиглаж болно. Харин бид хэлийг ашигтайгаар хэрэглэх ёстой. Бидний жолоогүй сэтгэлийг номхотгоход тусалдаг шашны сургааль бол Бурхан Багшийн сургааль мөн.

Гандан Жанзе хийдэд Дээрхийн Гэгээнтэн "Бодь Мөрийн Зэрэг”-ийг хоёр дахь өдрөө айлдаж байна
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Гандан Жанзэ хийдэд хоёр дахь
өдрөө ном айлдахын өмнө хурсан олонтой гар даллан мэндчилж
байгаа нь. Энэтхэг, Карнатака, Мундгод, 2014.12.24.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛО
“Сэтгэл оюуны мөн чанар нь гэгээлэг бөгөөд мэдлэг билээ. Үүнийг мэдсэний үндсэн дээр бидний жинхэнэ дайсан болох сэтгэлийн сөрөг хөдлөл болон олдмол гэмийг арилгаж чадна. Бурхан Багш олон гайхамшгийг бүтээсэн ч, гагцхүү хэл яриагаар дамжуулан сэтгэл хөдлөлөө хянах мэдлэгийг бидэнд өвлүүлсэн. Энэтхэгт сургаалиа айлдсанаас хойш 2600 гаруй жилийн турш олон хүнийг чөлөөлж, гэгээрэлд хөтөлсөн юм. Тэд мэдлэгт тулгарсан саадыг даван туулж, Бурханы хутгийг олсон билээ.”

Эд материалын хөгжил дангаараа аз жаргалд хүрэх зам мөр болж чадахгүй гэдгийг Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэлэв. Зовлонгийн эх үүсвэр, биднийг шаналгаж байдаг сэтгэлийн тавгүй байдал болон түүнийг хэрхэн зогсоох талаар бид мэдэх шаардлагатай. Бурхан Багшийн бүхий л үйлийн дотор хамгийн гайхамшигтай нь хэл яриа, бүхий л сургаалийнх нь дотор хамгийн гол нь шүтэн байрилдаж үүсэхүйн тухай номлол хэмээн богд Зонхов хэлсэн ажээ. Сая энд уншсан шиг Билгүүний зүрхэн судрыг унших нь зөв боловч, ямар утгыг илэрхийлж байгааг мэдэх нь түүнээс ч чухал ач холбогдолтой хэмээн Дээрхийн Гэгээнтэн нэмж хэлэв. Сударт гурван цагийн Бурхан бүгд билиг барамидад шүтэв хэмээн айлдсан байдаг. Түүнээс гадна энэрэн нигүүлсэхүй нь уур нилэнг сөрөхөд тустай боловч мунхгийн харанхуйг арилгахад тус болохгүй.

Хүн дотоод оршихуйдаа хоосон байгаад зогсохгүй, таван цогцос нь мөн хоосон болохыг Билгүүний Зүрхэн сударт тодорхой тайлбарласан байдаг. Хэлбэрт обьектив оршихуй гэж үгүй. Богд Зонховын айлдсанаар энэ л хамгийн ойлгоход хэцүү хэсэг нь ажээ.

“Би хоосон чанарыг бүрэн ухаарсан гэж хэлэхгүй ч, түүнд хүрэхэд тун дөхсөн хэмээн хэлж чадна. Юмс дотоод мөн чанартаа оршихгүй ч, юмсын оршихуйг бүхэлд нь үгүйсгэж болохгүй” хэмээн Дээрхийн Гэгээнтэн өгүүлэв.

Маргааш болох Гэлүгба урсгалын Олон Улсын Холбооны уулзалтын тухайд юу хийвэл зохих талаар Гандан Ширээт, одоогийн болон өмнөх хамба нартай ярилцсан гэдгээ Дээрхийн Гэгээнтэн хурсан олонд хэллээ. Өмнө нь лам нар чөлөөт цагаараа сурсан мэдсэнээ хуваалцдаг байсан бол одоо тэд бараг л сүүлийн үед гарч байгаа киноны талаар ярих нь холгүй байна хэмээн тэрээр тэмдэглэн хэлэв. Нөгөө талаас сурч боловсрох үйл явц өнөө үед урьд үед байснаас илүү өргөн хүрээтэй болжээ. Зан үйлд илүү их анхаарал хандуулдаг байсан сүм хийдүүд одоо сурч мэдэх боломжийг олгодог болжээ.

Дээрхийн Гэгээнтний дэмжлэгтэйгээр эмэгтэй лам нар сурч мэдэхийг шамдаж байгаа. Үр дүнд нь тэд гэвшмаа цолыг авахад ойрхон очсон байна. Ийм зүйл боломжтой эсэх талаар эргэлзэн асуусан хүмүүст тэрээр гэлэн байгаа бол гэлэнмаа байж болно, гэвш байгаа бол гэвшмаа байх бас боломжтой хэмээн хариулдаг байна.

Гандан Жанзе хийдэд Дээрхийн Гэгээнтэн "Бодь Мөрийн Зэрэг”-ийг хоёр дахь өдрөө айлдаж байна
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Гандан Жанзэ хийд дээр хоёр дахь
өдрөө ном айлдлаа. Энэтхэг, Карнатака, Мундгод, 2014.12.24.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛО
Маргааш ярилцах сэдвийн талаар бодохыг хурсан олонд хандан Дээрхийн Гэгээнтэн хэлээд, тэдний уулзалт Шашинтнуудын Дэлхийн Парламент адил нойр хүргэсэн арга хэмжээ болохыг хүсэхгүй буйгаа илэрхийлсэн байна.

“Бид өөрсдийн дутагдлаа үл хайхрахыг дэндүү их хичээдэг. 1956 онд Энэтхэгт ирсэн хойноо би Пандит Неруд үлдэхийг хүсч буйгаа хэлсэн. Гэвч тэр надад Лхас руу буцаж очихыг зөвлөсөн юм. Бид өөрсдийн дутагдлын талаар ярилцах хэрэгтэй, харин бидний сайн зүйлсийн талаар бусад хүмүүс санаа тавина биз хэмээн би Дромод очсон даруйдаа намайг угтаж авсан хүмүүст хэлсэн билээ. Маргаашийн уулзалтад энэ мөн хамаатай.”

“Төвөдийн цагаачлалын суурингуудаас яагаад ийм цөөхөн хүн сүм хийдэд орж байна вэ? гэсэн асуултыг бид тавих ёстой. Лам хуврагуудын цөөн хэд нь Төвөдөөс, бусад нь Гималайн бус нутгаас ирж байна. Дашрамд дурдахад ердийн сургуулиудад сурагчид учир шалтгааны ухааныг судалж, ном хаялцахыг би дэмжсээр ирсэн бөгөөд тэдгээр хүүхдүүд урам зориг авах, бахархах зүйлтэй болно гэдэгт итгэж байна. Өргөлийн зүйлсийг хэн нэгэн идэж байхыг, мөргөлийн өөр нэг сүмд гал гарч байхыг хараад зүгээр сууж байсан Жохангийн манаач лугаа бүү байгтун.”

Долоон гишүүнт үйлийн талаар өгүүлсэн Шамар бандидагийн ‘Гэгээрэлд Хүрэх Бодь Мөрийн Зэргийн Шастир’ номыг тайлбарлаж эхлэхдээ, өргөлийн тухайд номонд хамгийн чухал нь өөрөө хийх үйл хэмээн бичсэн тухай Дээрхийн Гэгээнтэн өгүүлэв. Бурхан Багшаас Дээдийн номыг заагаач хэмээн хүсэх хэсгийн тухайд үүнийг аль хэдийнэ хийсэн гэдгээ Бурхан Багш бүрэн эрхтэйгээр хэлэх байсан хэмээн тэр хэллээ. Түүний сургаалиуд нь Ганжуурыг бүрдүүлдэг. Тэрхүү түүврийг уншсан цөөхөн хүний нэг нь Гэн Няма Жалцан ба Тонпон ринбучи хэмээн тэр өгүүлэв.

Гандан Жанзе хийдэд Дээрхийн Гэгээнтэн "Бодь Мөрийн Зэрэг”-ийг хоёр дахь өдрөө айлдаж байна
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын хоёр дахь өдрийн айлдварыг
сонсч байгаа нь. Энэтхэг, Карнатака, Мундгод, 2014.12.24.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛО
Бусад урсгалын уламжлалын лам нараар хүрээлэгдсэн байдлаар өөрийн лам багшийг төсөөлөх тухай бичсэнийг уншаад, Дээрхийн Гэгээнтэн Төвөдөд ноёрхож байсан урсгал чиглэлээр явцуурах байдалд сэтгэл зовниж байгаагаа илэрхийлэв. Үүнийг тэр явцуу үзлийн шинж хэмээн үздэг хэмээн хэллээ.

‘Гэтлэхүйн Гарын Авлага’ бүтээлийн тайлбар луу эргэн ороод тэрээр явцуурахгүй байх шийдвэрийг хэрхэн гаргасан тухай түүхийг хүүрнэсэн байна. Олон жилийн өмнө нэгэн настай хүн Дээрхийн Гэгээнтэн дээр ирээд, гаржүд Махамудра дахь сэтгэлийн мөн чанарын тухай сургаалийг номлож өгөхийг хүсчээ. Тэрхүү хүсэлтийг тэрээр биелүүлэх боломжгүйгээсээ болж тэр хүнд татгалзах тун эвгүй байдалд орсон байна. Тэр үед Хүннү Лама ринбучи амьд сэрүүн байсан тул тэр хүнийг түүн рүү илгээсэн аж. Цаг хугацааны явцад тэрээр Төвөдийн олон урсгал чиглэлийн төлөөлөл болох Дилго Чинзэ ринбучи, Чопги Тричен ринбучи болон бусад олон багшаас дамжлага хийгээд авшиг авсан байна.

Үдээс хойших арга хэмжээний эхэнд Дээрхийн Гэгээнтэн айлдахдаа:

“Сэтгэлийн сөрөг хөдлөл хэмээх өвчнийг тодорхойлох нь туйлын чухал ач холбогдолтой. Шашны тийм ч олон уламжлал энэ асуудалд анхаарал хандуулдаггүй ч, эртний Энэтхэгийн зарим уламжлал, тухайлбал Шамата болон Випасанад дээрхийн улбаа байдаг. Тэд сэтгэл оюун хийгээд тэдгээрийн үүргийн талаар ойлголттой байсан. VHP конгресст саяхан би уригдсан бөгөөд Наландагийн их сургуульд байсан шиг хоёр талдаа аль алинд нь ашигтай мэтгэлцээнд олны анхаарлыг хандуулсан. Эртний өв уламжлалаа сэргээхийг би тэдэнд уриалсан” хэмээв.

Тэрээр сүүлийн 10 жилд сүм хийдүүдэд хэрэгжүүлж байгаа шинжлэх ухааны сайн дурын хөтөлбөрийн тухай ярилаа. Шинжлэх ухааны залуу багш нар лам хуврагуудыг магтаж хэлж байсан үгсээс тэр эш татав. Хэлний асуудал болон огт өөр боловсролтойгоос үл хамааран, хатуу үндэслэл бүхий хандлага, бат бэх дедуктив хүчтэй хэмээн лам нарыг тэд үзсэн байна.

Гандан Жанзе хийдэд Дээрхийн Гэгээнтэн "Бодь Мөрийн Зэрэг”-ийг хоёр дахь өдрөө айлдаж байна
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын Гандан Жанзэ хийд дээр айлдсан
хоёр дахь өдрийн айлдварт хэдэн мянган лам нар оролцлоо.
Энэтхэг, Карнатака, Мундгод, 2014.12.24.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛО
Гэхдээ сүүлийн үед ихэнх хүмүүс сэтгэлийн бусниулагч хандлагыг сөрөг хэмээн бодохоо больсон хэмээн хэлэв.

“Дорж Шүгдэнг шүтэж байгаа хүмүүсийг харцгаа. Буруу төсөөлөл хийгээд буруу ойлголтод автагдсан тэдгээр хүмүүс надад харамсалтай байна. Би тэдэнд зөвлөсөн ч, тэд сонсохыг хүсэхгүй байна. Хэрвээ бид өөрсдийгөө богд Зонховын шавь хэмээн үзэж байгаа бол юуг ч алагчлалгүй, учир шалтгааны үүднээс аливаад хандах ёстой. Бурхан Багш хүртэл бусдад ямар нэг зүйл хийхийг тушаагаагүй байхад би чадна гэж үү?”

Буддистууд гагцхүү зэрэг цол авахын тулд бус, харин гэгээрэхийн тулд ном үздэг гэдгийг тэрээр сануулаад, багш нар өөрсдөө сурч боловсорч дууссаныхаа дараа бусдад заадаг хэмээн хэлэв. Заах явцад тэдний мэдлэг гүнзгийрдэг. Жирийн байдлаар бидэнтэй харьцах багш нарын зөөлөн сэтгэл тэднээс ном авах боломжийг олгодог хэмээн тэр тэмдэглэн хэллээ.
Дээрхийн Гэгээнтэн маргааш ‘Бодь Мөрийн Зэрэг’ номын тайлбарыг үргэлжлүүлэн хөтөлнө.

16-01-2015, 10:16
Вернуться назад