Энэтхэг, Карнатака, Мундгод, 2014 оны 12 дугаар сарын 25 – Мундгодын нөгөө захад орших Төвөдийн өөр нэгэн сууринд байрлах Брайбун Гомангийн монгол оюутнуудын нийтийн шинэ байрны нээлтийн ажиллагаанд уригдсан Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өглөө эртлэн Гандан Жанзэ хийдээс хөдөллөө. Тэрээр зам зуураа хоёр ч газарт саатан морилов.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Гандан Лачи-д зочлон, зул өргөж
байгаа нь. Энэтхэг, Карнатака, Мундгод, 2014.12.25.
Гэрэл зургийг Жереми Рассел /ДЛО
Дээрхийн Гэгээнтэн дараа нь Брайбун Лачи-д мориллоо. Лам хар, хөгшин залуу хүмүүс Дээрхийн Гэгээнтнийг харахаар зам дагуу эгнэн зогссон байв. Тэрээр гол дуганд орон, бурхадын өмнө залбирч мөргөөд, дараа нь сахиусны дуганд орж, богино залбирал үйлдлээ.
Дээрхийн Гэгээнтэн монгол оюутнуудад зориулсан шинэ байранд ирээд, дурсгалын самбарыг нээснийхээ дараа тагтан дээрх суудалд заларсан байна. Одоогийн байдлаар Монголын өнцөг булан бүрээс, түүнчлэн Өвөр Монголоос нийтдээ 400 оюутан Гоман дацанд сурч байгаагаас энэ шинэ байранд 200 оюутан байрлах боломжтой байгаа ажээ. Лам хар хүмүүст хандан,
“Бидний төвөдүүд цагаачлан амьдарч байна, харин монголчууд та бүхэн тусгаар тогтнолоо сэргээж чадсан. Бид цагаачдын сууриндаа сургалтын байгууллагаа дахин байгуулж чадсанаар, мөн та бүхэн эрх чөлөөтэй зорчих эрхтэй болсноор энд ирж суралцах боломж та бүхэнд нээгдсэн. Төвөдийн нэгэн адил Монгол орон буддын уламжлалт орон бөгөөд коммунист дэглэмийн үед ч та бүхэн сүсэг бишрэлээ хадгалж чадсан, тусгаар тогтнолоо дахин сэргээсний дараа шашнаа улам хөгжүүлэх боломжтой болсон. Монголын элчин сайд, ивээн тэтгэгчид, лам хуврагуудын эцэг эхийн өмнө энэхүү оюутны байрыг нээж байгаадаа би баяртай байна. Та бүгдэд халуун мэндчилгээг дэвшүүлье” хэмээн Дээрхийн Гэгээнтэн хэлэв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Брайбун Гоман дацангийн монгол
оюутнуудын шинэ байрны өмнө. Энэтхэг, Карнатака, Мундгод,
2014.12.25. Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
“Дэлхий дээрх олон шашны дотор буддизм нь учир шалтгааны үүднээс судлан шинжилдгээрээ онцгой” хэмээн Дээрхийн Гэгээнтэн хэлэв. “Наландагийн уламжлалыг би Бурхан Багшийн сургаалийн бидэнд хамгийн ойр байгаа цогц мэдлэг гэж боддог. Түүнд сэтгэл хийгээд сэтгэл хөдлөлийн мэдлэг багтдаг бөгөөд энэ мэдлэг монголчууд болон төвөдүүд төдийгүй нийт хүн төрөлхтөнд тустайгаас гадна дэлхийн эрдэмтдийн сонирхлыг ихээхэн татаж байна. Гэхдээ энэ мэдлэгийг хадгалан авч үлдэх ганц гарц нь судлах, хэрэгжүүлэх явдал мөн. Та бүхэн сурах зорилгыг өвөртлөн, урт замыг туулж энд, Энэтхэгт ирсэн учраас сайн хөдөлмөрлөх хэрэгтэй. Сургуулиа дуусгаад зарим тань энд багшлахаар үлдэж, зарим тань нутаг руугаа буцах буй заа.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Ело ринбучигийн бясалгалын
шинэ төвийн нээлтэд оролцож байгаа нь. Энэтхэг, Карнатака,
Мундгод, 2014.12.25. Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
Дээрхийн Гэгээнтэн Гандан Жанзэ хийдэд буцаж морилон, ‘Гэтлэхүйн Гарын Авлага’ номын тайлбарыг үргэлжлүүлсэн байна.
“Аливаа номыг зааж эхлэхийн өмнө Бурхан Багшийн магтаалыг уншдаг заншил байдаг бөгөөд энэ дамжлагыг би Хүннү Лама ринбучигаас авсан. Тэр шууд л хэд хэдэн бүтээлээс уншдаг байсан бол би тэгэж хараахан чадахгүй байна. Би гагцхүү Нагаржуна гэгээний ‘Билгүүний Үндэс’ номноос аврал одуулах эхний хэсгийг уншиж чадах бөгөөд үүнийг би сэрсэн даруйдаа, эсвэл унтаж чадахгүй байгаа үедээ уншдаг” хэмээн тэр хэлэв.
Ламримын бүтээл нь өдөр тутмын бэлтгэл зан үйл, тухайлбал өрөөгөө цэвэрлэх, бурхан тахилаа байрлуулах, өргөл өргөх, биеэ бэлтгэх, сэдэл төрүүлэх зэрэг зөвөлгөөг өгсөн байдаг. Ёс зүй, төвлөрөл, билгүүн гэсэн гурван ухагдахуун нь шашны бусад уламжлалд, ялангуяа Энэтхэгээс үүсэлтэй шашинд байдгийг Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэв. Буддизмд энэ гурван үйл нь хоосон чанарын ойлголтоор чанаржсан бөгөөд тэдгээрийг бид “гурван суртгаал” хэмээн нэрлэдэг. Буддистууд удаан хугацааны турш тэдгээр үйлийг хэвшүүлэх, хэдий хугацаа шаардагдана төдий чинээгээр цаг заваа зориулах шаардлагатайг тэрээр зөвлөлөө. Үүнийг тэр бодитой, амьдралд ойр байна гэсэн утгатай хэмээн тайлбарлав.

Лам хуврагууд Дээрхийн Гэгээнтний айлдаж байгаа номыг
даган уншиж байгаа нь. Энэтхэг, Карнатака, Мундгод,
2014.12.25. Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
“Энэ гурван гол хийдэд та бүхэн 20 жил, түүнээс ч олон жил ном үзэж байгаа ч, сонгодог ном судруудад бичигдсэн зүйлсээс өөр нууц номлол байхгүйг харж байгаа. Өнгөрсөн зуунд олон шавь дагуулсан Жодын их багш байсан. Улмаар түүний үйлдэл гурван гол хийдэд нөлөөлж эхлэхэд Тонбон ринбучи ихэд шүүмжлэлтэй хандсан байна. Эцэст нь 13 дугаар Далай Лам гэлүгба урсгалын том мяндагтнуудыг шалгаруулах, сонгох хатуу тогтолцоог буй болгожээ. Шинэ тогтолцооны шалгуурыг давсан анхны хүмүүсийн нэг нь Гандан Ширээт Еши Ванду байсан байна.”
Богд Зонхов эх бүтээл буюу Энэтхэгийн зохиолуудын нэрийг байнга дурддаг байсныг Дээрхийн Гэгээнтэн сануулав. Тэр Наландагийн 17 их бандида нарт зориулан зохиосон магтаалдаа түүнд хүндэтгэл үзүүлсэн хэмээн хэллээ. 16 архадыг магтан дуулах заншил хэдийгээр тогтсон ч, 17 маха бандида нарын хувь нэмэр шууд үр өгөөжөө өгдөг гэдгийг тэр тэмдэглэн хэллээ. Дээрхийн Гэгээнтний магтаалдаа бичсэн Хоёр Үнэнийг ойлгоход тэдний бүтээлүүд тусална.
“Бид бол Наланда уламжлалыг залгамжлагчид, өнөөдөр энэ сүм хийдэд сурч байгаа та л энэ уламжлалыг цаашид авч явах болно. Хэрвээ энэ уламжлал энд унтарвал тэр бүрмөсөн устана” хэмээн Дээрхийн Гэгээнтэн хэллээ.
Маргааш номын айлдвар үргэлжлэхийн хамт Дээрхийн Гэгээнтэн Энэтхэгт ном айлдаж эхэлсний 55 жилийн ой тохиох ба түүнд урт наслахын ерөөл айлтгана.