Энэтхэг, Гужарат, Сурат, 2015 оны 1 дүгээр сарын 2- Сантокбаа шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд оролцохоор хөдлөхийн өмнө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хэвлэл мэдээллийнхэнтэй богино уулзалт хийлээ. Тэрээр хүний үнэт зүйлсийг хөгжүүлэх, шашин хоорондын эв зохицлыг бэхжүүлэхэд чиглэсэн өөрийн үүргийг тэмдэглээд, хүн бүр хүн төрөлхтний нэгдмэл чанарыг ойлгох, дэлхий нийтийн өмнө хариуцлага хүлээх талаар бодох ёстойг дурдав. Хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд хандан, Энэтхэгийн хэдэн мянган жилийн түүхтэй үнэт зүйлсийн тухай мэдлэгийг таниулахад хувь нэмрээ оруулахыг тэр санал болголоо. Төвөд хүний хувьд Энэтхэгээс өвлөж авсан Төвөдийн энх тайван, нигүүлсэхүй, хүч үл хэрэглэх соёлыг хамгаалан хадгалах үүрэгтэй гэдгээ тэмдэглэн хэлсэн байна.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хэвлэл мэдээллийн төлөөлөлтэй
уулзаж байгаа нь. Энэтхэг, Гужарат, Сурат, 2015.1.2.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
Дараагийн асуулт зэвсэг болон хар тамхи наймаалах хэрэгтэй хэрхэн тэмцэж байгаа талаар байлаа. Тэрээр хариулахдаа,
“Саяхан Ром хотноо болж өндөрлөсөн Нобелийн Энх т айвны шагналтнуудын дээд хэмжээний уулзалтын төгсгөлийн тунхаг бичигт цөмйин зэвсгийг устгах талаар арга хэмжээ авах шаардлагыг тусгасан. Үй олноор хөнөөх энэ төрлийн зэвсгийн нэг, хоёрыг л хэрэглэхэд маш том гамшиг болно. Энх тайвны төлөө биднийг залбирч мөргөж байх хооронд шударга бус бизнес болох зэвсгийн наймаагаар асар их ашиг олцгоож байна.
Энэтхэгийн нийгмийн доод давхаргын 7-15% нь доктор Амбедкарын араас буддизмд орж байгаа үйл явцыг хэрхэн үзэж байгааг Дээрхийн Гэгээнтнээс асуулаа. Тэрээр энэ асуултад,
“Буддист хүний хувьд би яс үндэс, кастын толтолцооны үндсэн дээр ялгаварлан гадуурхахыг буруу гэж үздэг. Бурхан Багш мөн кастын тогтолцоог эсэргүүцэж байсан. Хуучны иймэрхүү зан заншлыг засах талаар бид алхам хийх ёстой. Шашны удирдагчид энэ талаар үгээ хэлж, үүнийг засч залруулахыг шавь нартаа зөвлөх ёстой. Кастын дээд давхаргын хүмүүс ядуу болон дарлагдсан хүмүүст ажил олгох, барилга байгууламжаар хангах зэргээр тусламжийн гараа сунгах, харин ядуус нь байр сууриа өсгөх, боловсрол олохын тулд шаргуу хөдөлмөрлөх нь зохистой. Дэлхий дахинд өсөн нэмэгдэж байгаа баян ядуугийн ялгааг ийм замаар арилгах хэрэгтэй. Үйлийн үр нь ийм учраас байгаа байдалтайгаа эвлэр хэмээн ядуу хийгээд доод давхаргын хүмүүст хэлэх нь туйлын зохисгүй” хэмээн хариуллаа.

Сантокбаа шагнал гардуулах ёслол дээр Дээрхийн Гэгэнтэн
Далай Лам, Говинд Долакиа, Гужаратын захирагч Оп Кохли нар.
Энэтхэг, Гужарат, Сурат, 2015.1.2.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
Зочдод баглаа цэцэг, торхтой жимс болон бусад дурсгалын зүйлийг гардуулах явцыг хинди болон гужарати хэл дээр дамжуулж байлаа. Гол зочин Панкаж Пател англи хэл дээр хэлсэн үгэндээ, гурван эхийг, тухайлбал төрүүлж өсгөсөн эх, мэдлэг олгосон Сарасвати эх, дээр нь бидний амьдарч байгаа газар эхийг шүтдэг хэмээн тэмдэглэн хэлэв. Дээрхийн Гэгээнтний үг хэлэх ээлж болоход,
“Хүндэт захирагч аа, эрхэм хүндэт зочид оо, ахан дүүс нар аа! Олон нийттэй уулзах бүртээ бид бүгд адилхан хүмүүс гэдгийг би мэдэрдэг. Энэ нэр хүндтэй шагналыг хүлээн авч байгаагаа нэр хүндийн хэрэг гэж бодож байна. Төвөдийн зүүн хойд нутгийн тариачны хүүг Гужаратын тариачны хүүтэй холбож байгаа энэ тюрбан малгайд баярлалаа. Бидний иддэг хоол хүнсийг үйлдвэрлэдэг учраас фермерүүд нийгэмд онцгой үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс хөдөө орон нутагт хөгжлийг түгээх нь чухал ач холбогдолтой. Ядуус хөдөөд ахиж дэвшиж чадахгүй учраас хотуудын ядуусын хорооллыг дүүргэж байна” хэмээн яриагаа эхлэв.

Сантокбаа шагнал гардуулах ёслол дээр Дээрхийн Гэгээнтэн
Далай Лам үг хэлэхийг сонсож байгаа нь. Энэтхэг, Гужарат,
Сурат, 2015.1.2. Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
Тэрээр хүн болж төрсний хувьд нийтийн аз жаргалын төлөө хүний үнэт зүйлийг хөгжүүлэх, буддын лам хүний хувьд хайр энэрэл, нигүүлсэхүй, хүлээцтэй байдал, сэтгэл ханамж, хувийн сахилга батыг номлодог дэлхийн олон шашин хоорондын эв зохицол хийгээд харилцан хүндлэлийг бэхжүүлэх, эцэст нь төвөд хүний хувьд 7 ба 8 дугаар зууны үед Наландагаас өвлөн авсан Төвөдийн соёл, мэдлэгийг хадгалан хамгаалах талаар өөртөө хүлээсэн гурван үүргийн талаар өгүүллээ. Төвөдийн соёлд төвөд хэлнээ нягт нямбай өвлөгдөн үлдсэн сэтгэл оюуны тухай баялаг бөгөөд гүн гүнзгий мэдлэг орох бөгөөд энэ мэдлэг нь өнөөдөр ч ач тусаа өгөхүйц, ач холбогдлоо алдаагүй зүйл юм.
Үдээс хойш хэдэн залуу сэтгүүлчид Дээрхийн Гэгээнтэнтэй уулзаж, асуулт тавилаа. Шашин шүтлэгээ солих тухай асуултыг тэд мөн хөндөв. Боловсролтой хүмүүс шашнаа солиход илүү хэцүү, ийм тохиолдолд боловсрол гол үүрэгтэй гэдгийг Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэллээ. Дэлхийн томоохон шашнууд өөрийн сургааль номоор дамжуулан хүн төрөлхтөнд туслах чадвартай хэмээн тэр давтан хэлэв. Шавь нар, шүтэн бишрэгчиддээ юу захих вэ гэсэн асуултад,
“Сайн хүн бай” хэмээн тэр хариулсан байна.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам залуу сэтгүүлчдийн хамт.
Энэтхэг, Гужарат, Сурат, 2015.1.2.
Гэрэл зургийг Жереми Рассел /ДЛО
,
“Та чөлөөт цагаараа юу хийдэг вэ?” гэсэн сүүлийн асуултад, Дээрхийн Гэгээнтэн
“Би унтдаг. Би унтах маш их дуртай,” хэмээн хошигносноо, “ Би хэдийгээр бараг 80 хүрэх гэж байгаа боловч уншиж, судлах ажлаа хийсээр байгаа” гэж хариуллаа.
Дараа нь Дээрхийн Гэгээнтэн аж үйлдвэр эрхлэгчидтэй уулзсан ба цэцэг болон бусад зүйлсийг гардуулах ажиллагааны явцад тэрээр хэт албархуу арга хэмжээнд оролцсоноос асуулт хариултын хэлбэрээр явуулсан нь дээргүй юу гэсэн саналыг тавьсан байна. Хурлын дарга Хариш Бхимани хүсэлтийг нэн даруй хүлээн авч, асуулт тавихыг оролцогчдоос хүслээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам үйлдвэр эрхлэгчдийн уулзалтад
оролцох үедээ тэдний асуултад хариулж байгаа нь.
Энэтхэг, Гужарат, Сурат, 2015.1.2 Гэрэл зургийг Тэнзин Чоежор
Бизнес дэх ёс зүйн тухай асуултад, хүний үйлдэл ёс зүйтэй эсвэл үгүй байх нь тухайн хүний сэдлээс хамаарна хэмээн тэрээр хариулав. Бусад хүмүүсийн сайн сайхны төлөө санаа тавих сэтгэлд хөтлөгдвөл бидний үйлдэл ёс зүйтэй байна. Зөв сэдэлтэй байхын хамт нөхцөл байдлыг үнэлэх саруул ухаантай байх хэрэгтэй хэмээн тэр хэллээ. Тамхины компани хорт хавдрын судалгаа шинжилгээний ажлыг санхүүжүүлэх, эсвэл зэвсгийн наймааг дэмжсэн хэрнээ энх тайвны төлөө залбирахтай адил зөрчилтэй зүйл зүйд нийцэхгүй.
Жайнизмын үндэслэгч Махавира болон Бурхан Багшийн ялгааны тухай түүний бодлыг асуухад, энэ хоёр хүний тухайд Махавира ахмад нь байсан хэмээн Дээрхийн Гэгээнтэн хэлэв. Тэрээр цааш нь хэлэхдээ, энэ хоёр хүний хэн хэн нь хүч үл хэрэглэх зарчмыг дэвшүүлсэн, гэхдээ тэдний сургааль номлолын ялгаа нь атман ба анатман гэх зарчимд орших ба гагцхүү буддизм л бодгалийн “Би”-г үгйүсгэдэг.

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламаас асуулт асууж байгаа нь.
Энэтхэг, Гужарат, Сурат, 2015.1.2.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
Арга хэмжээний төгсгөлд Дээрхийн Гэгээнтнээс адис авахыг хүссэн хүмүүс түүнийг бүчихэд,
“Өчигдөр, өнөөдөр хоёр өдөр энэ хотод байсандаа маш их баяртай байна. Та бүхэнд баярлалаа” хэмээн хэлэн тэдэнтэй салах ёс гүйцэтгэлээ.
Дээрхийн Гэгээнтэн маргааш Насик хотыг зорьж, Энэтхэг-Төвөдийн Мангал Майтри Сангх байгууллагаас зохион байгуулах уулзалтад оролцон, олон нийтийн өмнө үг хэлнэ.