Дани, Копенгаген, 2015 оны 2 дугаар сарын 12 – Данийн парламентад суудалтай найман намын төлөөлөл болсон хэсэг гишүүд өнөө өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай ламд бараалхлаа. Дээрхийн Гэгээнтэн тэдэнтэй мэндчилж хэлэхдээ,

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Данийн парламентын гишүүдтэй
уулзаж байгаа нь. Дани, Копенгаген, 2015.2.12.
Гэрэл зургийг Оливер Адам
Өөр хоорондоо ахан дүүс болсон бүх хүн аз жаргалтай амьдрахыг хүсдэг гэдгийг Дээрхийн Гэгээнтэн тэмдэглээд, парламентын гишүүд ч мөн хүн биз дээ хэмээн хошигнолоо. Хүн төрөлхтөнд туслах, үйлчлэх бүх шашны нийтлэг зорилгыг ухамсарласны үндсэн дээр шашин хоорондын эв зохицлыг бэхжүүлэхийг буддист лам хүний хувьд эрмэлздэгээ тэрээр илэрхийллээ. Төвөдийн тухайд улс төрийн хариуцлагаас бүрэн чөлөөлөгдсөн тухайгаа тэр парламентын гишүүдэд мэдээлсэн байна.
“Төвөд болон дэлхий дахин дахь хүний эрхийн асуудлыг дэмжиж, санаа тавьж байдгийг тань өндрөөр үнэлж байна” хэмээн Дээрхийн Гэгээнтэн хэллээ.
Төрөлх эх орныхоо тухайд, Хятадын экологчийн нэрлэснээр дэлхийн гурав дахь туйл болсон Төвөдийн байгаль экологт санаа зовж буйгаа илэрхийлэв. Төвөдийн өндөрлөгөөс эх авсан Азийн томоохон голууд 1 тэрбум хүний амьдрал ахуйд нөлөөлдөг ажээ. Тэндэхийн экологийн өнөөгийн нөхцөл байдлын бодит үнэлгээг гаргах мэргэжилтнүүдийг илгээх ажилд парламентын гишүүд дэмжлэг үзүүлж чадна гэдэгт итгэж буйгаа Далай Лам илэрхийллээ. Тэрээр Төвөдийн соёл уламжлалд санаа зовж буйгаа мөн илэрхийлээд, Төвөдийн соёлын үндэс болсон амар амгалан хийгээд нигүүлсэхүйн үзэл нь Хятадад ч хэрэгтэй болохыг тэмдэглэв. Хятадын зохиолчид, сэхээтнүүдтэй уулзахад өнөөгийн Хятадын ёс суртахууны хэм хэмжээ нь 5000 жилийн түүхэнд хамгийн доод түвшинд байгаа хэмээн хэлж байсныг Дээрхийн Гэгээнтэн дурсан ярив. Си Жинпинь саяхан Парис болон Делид хийсэн мэдэгдэлдээ Хятадын соёлын сэргэн мандалтад буддизм чухал үүрэг гүйцэтгэнэ хэмээсэн байна.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Данийн парламентын
гишүүдийн хамт. Дани, Копенгаген, 2015.2.12.
Гэрэл зургийг Оливер Адам
Дани болон ЕХ Төвөдийн өөртөө засан тогтнох эрхээ олоход ямар дэмжлэг үзүүлж чадах вэ гэсэн асуултад, эдийн засгийн хувьд ч, цэргийн хувьд ч Хятадын нөлөө өсөн нэмэгдсээр байгаа хэмээн Дээрхийн Гэгээнтэн өгүүлэв. Хятадыг тусгаарлах оролдлого хийх ямар ч утга байхгүй. Хятадтай ойртож, найз нөхөд болон, аливаа сэжгийг нь арилгах нь чухал бөгөөд энэ бас Орост ч хамаатай хэмээв. Тэрээр цензур тогтоох нь буруу, тариачдын эрхийг өнөөдөр хэн ч хамгаалдаггүй учраас Хятадын шүүх засаглалыг олон улсын түвшинд хүргэх шаардлагатай хэмээн үздэгээ давтан илэрхийллээ.
“Бид байгаль орчны тухай, Хятадын Үндсэн хуульд тусгагдсан хүний эрхийг төвөдүүдэд олгох тухай хэлэлцэж ярилцсанаас тусгаар тогтнол олгох тухай ярилцаагүй. Бид Хятадуудтай 2000 гаруй жил, харин миний хувьд 1950-аад оноос харилцаатай байгаа” хэмээн Дээрхийн Гэгээнтэн хариулав.
Тэрээр дараа нь ном айлдах газраа хүрэлцэн ирж, хурсан олонд хандан,
“Өглөөний мэнд! Та бүхэн сайхан амарч хоносон гэдэгт найдаж байна. Өнөөдөр би буддизмын талаар анхан шатны мэдээлэл өгч, үдээс хойш ‘Оюун Судлахуйн Найман Бадаг’ номыг хөтлөн тайлбарлах болно” хэмээн айлдав.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Белла хурлын төвд ном айлдаж
байгаа нь. Дани, Копенгаген, 2015.2.12. Фото Оливер Адам
Бүх шашинд өөрийн хүндэтгэлийг илэрхийлэхийн тулд Дээрхийн Гэгээнтэн очсон газар бүрийнхээ ариун дагшин газарт очиж мөргөдөг байна. Ийм зорилгоор тэрээр Иерусалим, Фатима, Лурдад очсон ажээ.
Тэр мөн шашин шүтлэггүй гэх 1 тэрбум хүний тухайд мөн санаа тавьж буйгаа хэллээ. Тэрхүү нэг сая хүн ч хүмүүний төрлийг авсны хувьд аз жаргалтай амьдрахыг хүсдэг учраас тэд ч хайр нигүүлсэхүй зэрэг хүний дотоод үнэт зүйлсийн талаар мэдэх шаардлагатай хэмээн үздэгээ илэрхийллээ. Тэрээр Энэтхэгийн уламжлалаас жишээ аван, эрүүл ухаан, нийтийн туршлага, шинжлэх ухааны ололт дээр суурилсан иргэний ёс зүйг тусгасан боловсролыг санал болгов.
Төвөдийн буддизмын гарал үүслийн тухайд, Төвөдийн хүчтэй хаадын нэг Соронзон Гомбо Балба болон Хятадын гүнжтэй гэрлэсэн бөгөөд хоёр гүнж хоёул Төвөдөд ирэхдээ Бурхан Багшийн сэрэг дүрийг авч ирсэн нь буддизмыг сонирхох очийг бадраасан хэмээн үздэг тухай Далай Лам хүүрнэв. Дараагийн хаан Тисрон Дэцэн Энэтхэгийн Наланда их сургуулиас нэртэй эрдэмтэн Шантаракшита гэгээнийг Төвөдөд урьсан бөгөөд тэрээр өөрийн өндөр насыг үл хайхран урилгыг хүлээн авсан байна. Тэр учир шалтгааны ухаан, гүн ухаан хийгээд шашны ёс жаягийн талаар заажээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварыг сонсч байгаа нь.
Дани, Копенгаген, 2015.2.12. Гэрэл зургийг Оливер Адам
Билиг билгүүнд энэрэнгүй үзэл дагалдах тухайд Шантидева гэгээн хэлэхдээ,
Энэ дэлхий дээрх бүхий л баяр хөөр
Бусдад аз жаргалыг хүссэнээр буй болдог
Энэ дэлхий дээрх бүхий л зовлон
Өөртөө аз жаргалыг хүссэнээс буй болдог
‘Оюун Судлахуйн Найман Бадаг’ номыг зохиогч гэвш Ланри Танпа нь гаадамба урсгалын гэвш Бодовагийн шавь бөгөөд 1054-1123 онд амьдарч байсныг Дээрхийн Гэгээнтэн сануулан хэллээ. Дээрхийн Гэгээнтэн энэхүү найман бадгийг бага залуудаа цээжилсэн бөгөөд тэдгээрийн талаар өдөр бүр тунгаан боддог ажээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын ном айлдаж буй танхимын
индрийн байдал. Дани, Копенгаген, 2015.2.12.
Гэрэл зургийг Оливер Адам
Гуравдугаар бадагт амин хувиа хичээх үзэл нь хөнөөлтэй, харин энэрэнгүй үзэл нь өөрт ч, бусдад ч ашигтай тухай өгүүлдэг. Гэвч бид өдөр тутмын амьдралаа сэтгэлийн сөрөг хөдлөлийн нөлөөн дор өнгөрөөдөг. Хэрвээ уур хүрэх үед бид анзаарч, уураа барих зэргээр сэтгэлийн сөрөг хөдлөлөө сөрөх ёстой. Дөрөвдүгээр бадагт бид өөрсдийгөө хамгийн доод хэмээн үзэх тухай өгүүлдэг бөгөөд энэ нь ёс суртахууны доройтолд орно гэсэн утга биш юм. нь Амин хувиа хичээх үзлийг сөрөхийн тулд эр зориг, өөртөө итгэх итгэл хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэгтнүүд, уяман өвчтэй хүмүүс, эсвэд ДОХ-оор өвчлөгсдийг дорд үзэх ёсгүй.
Хэн нэгэн биднийг шүүмжлэхэд тэдгээр хүмүүст нигүүлсэн хандах ёстой тухай тав ба зургаадугаар бадагт өгүүлдэг. Тэдэнд оногдох ёстой бурууг өөртөө авч, тэдэнд ялалтыг өгнө. Үүний нэгэн адилаар бидний тусалсан хүмүүс бидний эсрэг хандвал бидэнд тэвчээр, нигүүлслийг сургасан тэдэнд талархах ёстой. Долдугаар бадагт бусдад баяр хөөр хийгээд ашиг тус хүртээх арга замыг заадаг. Билиг билгүүнтэй холбоотой наймдугаар бадагт юмс хэдийгээр бие даан оршиж байгаа мэт үзэгдэвч үнэн хэрэгтээ тийм биш тухай өгүүлнэ. Үүнийг ойлгосноор бид юмсыг зэрэглээ, эсвэл хий үзэгдэл мэт харах болно. Үүнтэй холбогдуулан Дээрхийн Гэгээнтэн хэлэхдээ, хоосон чанарыг хаанаас эхэлж ойлгох тухай хүмүүс түүнээс асуухад, квантын физикээс эхэл хэмээн зөвлөдөг гэлээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварыг дани хэлнээ орчуулж
байгаа нь. Дани, Копенгаген, 2015.2.12. Гэрэл зургийг Оливер Адам
“Тэдгээр бүтээлийг дахин дахин унш. Уншаад, уншсан зүйлээ тунгаан бод. Наланда уламжлалыг сонирхож байгаа бол уйгагүй судлах аваас өөрчлөлт заавал гарна. Сурч судал, тунгаан бод, гэхдээ бодит бус зүйлийг бүү горил. Сайхан амраарай” гэснээр Дээрхийн Гэгээнтэн айлдвараа өндөрлөв.
Энэхүү арга хэмжээг зохион байгуулсан байгууллагуудыг төлөөлөн Лакха Лама ринбучи Дээрхийн Гэгээнтэнд хүрэлцэн ирж, ном айлдсанд нь талархал илэрхийллээ. Дани болон англи хэлнээ айлдварыг нягт нямбай орчуулсан орчуулагчид болон арга хэмжээнд сайн дураараа тусалсан бүх хүмүүст тэр мөн талархал илэрхийлэв. Хуран цугласан олон халуун алга ташилтаар баярласнаа мөн илэрхийллээ.
Маргааш Дээрхийн Гэгээнтний Энэтхэгийг зорин ниснэ.