Энэтхэг, Шинэ Дели, 2015 оны 3 дугаар сарын 20 – Бүх Нийтийн Хариуцлагын Сан байгууллага буддизмд сонирхолтой Энэтхэгчүүдэд ном айлдуулахаар Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг урин залсан бөгөөд ес дэх удаагийн айлдвар хаврын улиралд Энэтхэгийн нийслэлд зохион байгуулагдаж байгаа нь энэ ажээ. Урьд өмнө зохион байгуулж байсан шигээ тус сан энэ удаа мөн залуу үеийнхэний төлөөллийг Дээрхийн Гэгээнтэнтэй уулзуулсан байна. Пийс Жам сангийн дэмжлэгтэйгээр Дели хотын 18 сургууль, Жамму Кашмир мужийн Сринагар хот болон Селакуй буюу TCV (Төвөдийн хүүхдийн тосгон) сургуулиас 150 сурагч, 20 хүмүүжүүлэгч, 50 багш уулзалтад оролцохоор хүрэлцэн иржээ. Пийс Жам сан нь өөртөө, өөрийн эргэн тойронд, дэлхийн түвшинд эерэг өөрчлөлтийг хийх эрмэлзэл бүхий залуу удирдагчдыг хүмүүжүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлдэг олон улсын байгууллага билээ. Дээрхийн Гэгээнтнийг танхимд ороход сурагчид халуун алга ташилтаар угтан авав.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам оюутнуудтай уулзах уулзалтад
морилон ирж байгаа нь. Энэтхэг, Шинэ Дели, 2015.3.20.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
“Бид бүгд эхээс төрж, эхийн хэмжээлшгүй их хайр халамжаар өсч торнисон. Тэр хайр байгаагүй бол бид эсэн мэнд үлдэхгүй байсан. Бидэнтэй адил хөхтөн амьтанд эхийн зөн совин хүчтэй байдаг ч, эрвээхэй хүртэл өндгөө навчин дээр байрлуулахдаа аюулгүй газрыг хайдаг. Учир нь өндөгнөөс авгалдай гарах үед тэр хажууд нь байдаггүй ажээ. Эхийн хайр халамжийг хүртэхийн зэрэгцээ бид бусад хүмүүсийн дэмжлэг туслалцааг авч байдаг. Эхийн хайр халамжийг бага балчир насандаа эдэлж байсан хүмүүс цаашдын амьдралдаа аз жаргалтай байж, бусдыг халамжлах илүү чадавхитай байдаг.”
Нөгөө талаас, бид айдас хүйдэст автагдвал хэнд ч үл итгэх ба хэнд ч итгээгүй хүн хэнтэй ч нөхөрлөж үл чадна хэмээн тэр хэлэв. Өнөөгийн нийгэмд хүн өсч том болохын хэрээр мөнгө, эрх мэдэл зэрэг материаллаг утгаар юмсыг харах хандлагатай болж байна. Ёс суртахууны зарчим дутагдасаны улмаас орон нутгийн болон үндэсний түвшинд авилга, хууран мэхлэлт, бусдыг мөлжих явдал хялбархан газар авч байна. Дайнд нэг нь ялж, нөгөө нь ялагддаг гэсэн ойлголт үеэ өнгөрөөсөн. Өнөөдөр хүн төрөлхтөн бид бие биенээсээ хэт хамааралтай болсон учраас бидний дайсны сүйрэл бидэнд хор хөнөөл учруулж, тэр сүйрэл бидэнд ашигтай байх боломжгүй болсон.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам сурагчидтай уулзаж байгаа нь.
Энэтхэг, Шинэ Дели, 2015.3.20. Гэрэл зургийг Тэнзин Чоежор
“Энэ бол хувь хүний тодорхой нөхцөл байдлаас гол нь хамаарах асуудал. Ерөнхийдөө, хэрвээ та шүтлэгтэй бол шашныхаа зан үйлийг дагахыг хичээх хэрэгтэй. Бэлгийн буруу зан үйлдлийн тухай олон сургааль буддизмд байдаг. Тэдгээр буруу үйлдлээс зайлсхийх шаардлагатай ч, хэрвээ та тэдгээрийг үйлддэг бол та буддист байх эрхгүй гэсэн үг бас биш ээ. Сахил хүртсэн хар хүмүүс, шинээр хуврагийн замд орсон хүн, лам хуврагууд хүн алахгүй, өөрийн шашны ололт амжилтын тухайд бусдыг хууран мэхлэхгүй, хулгай хийхгүй, зүй бус бэлгийн харьцаанд орохгүй гэсэн дөрвөн сахилыг сахьдаг. Эдгээрийн аль нэгэнд та харьяалагдаж байгаа бол та тангаргаа эвдсэний улмаас жишээ нь, лам байх эрхээ алдана. Энэ утгаар бэлгийн зүй бус үйлдэлд амаар болон шулуун гэдсээр хийх явдал орох ба гар хангалга нь хэдийгээр бурууд тооцогддог ч, лам байх эрхийг халах шалтгаан болдоггүй.
Нөгөө талаас, хэрвээ та аль нэг шашныг шүтдэггүй бол та дуртай зүйлээ 100% хийх эрхтэй бөгөөд харин аливааг хийхдээ та өөрийн хийгээд өрөөлийн аюулгүй байдлыг хангаж, аливаа эрсдэлээс ангид байх талаар анхаарах нь зохимжтой” хэмээн Дээрхийн Гэгээнтэн хариулав.
Жинхэнэ найз нөхдийг хэрхэн бий болгох вэ гэсэн эмэгтэй сурагчийн асуултад, чи өөрөө шударга, үнэнч, энэрэнгүй байсан тохиолдолд хүнд хэцүү үед чамтай хамт байх найз нөхөд бий болдог хэмээн Дээрхийн Гэгээнтэн хариуллаа. Нөгөө талаас хэрвээ чи бусдыг хардаж сэрдэх аваас жинхэнэ найз нөхөд чамд татагдахгүй хэмээн тэр хэлэв.

Дээрхийн Гэгээнтэн Далай ламаас нэгэн сурагч асуулт асуув.
Энэтхэг, Шинэ Дели, 2015.3.20. Гэрэл зургийг Тэнзин Чоежор
“Би хувьдаа шинжлэх ухаанд дуртай, ихэнх эрдэмтэд нээлттэй, урьдчилан таамагладаггүй, учир шалтгааныг үндэс болгодог учраас би тэднийг бишрэн шүтдэг” хэмээн Далай Лам хэллээ.
Терроризмтэй нийгэм хэрхэн тэмцэх ёстой вэ гэсэн асуултад, энэ бол ноцтой асуудал гэдгийг Дээрхийн Гэгээнтэн хүлээн зөвшөөрөөд, гэхдээ терроризм бол бидний өнгөрсөн үедээ хийсэн алдааны болоод асуудлыг хүчээр шийдэж болно гэсэн үзлийн маань үр дагавар хэмээн хариулав.
Хятад хүмүүсийн Төвөдөд хэрэгжүүлж байгаа үйлдлийн талаархи асуултад, Хятадын ард түмэн хийгээд Хятадын засгийн газрыг ялгаж салгаж ойлгохыг хүсч буйгаа тэрээр илэрхийлсэн байна. Түүнчлэн Хятадын засгийн газрын гишүүдийг энгийн иргэд ба мэдлэгээр дулимаг, хатуу чиг шугамыг баримтлагчид хэмээн ангилахыг тэр мөн хүслээ. 7-9 дүгээр зуунд Хятадын, Монголын, Төвөдийн гэсэн 3 эзэнт гүрэн оршин тогтнож байсан нь түүхийн үнэн хэмээн тэр хэлэв. Үүнээс ялгаатай нь Энэтхэг олон жижиг вант улсын нэгдэл байж байгаад, 1947 онд нэгдсэн улс болж, тусгаар тогтнолоо олсон хэмээн тэр өгүүллээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын яриаг сурагчид сонсч байгаа нь.
Энэтхэг, Шинэ Дели, 2015.3.20. Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
“Гайхамшигтай төслүүд байна. Та бүхэнтэй зарим туршлагаасаа хуваалцахыг хүсч байна. Би 16 настайдаа эрх чөлөөгөө, 24 настайдаа эх орноо алдсан. Эх нутгаас минь тасралтгүй ирэх гунигт мэдээг хүлээн авсаар 56 жилийг би цагаач маягаар амьдарч өнгөөрөөжээ. Гэхдээ ийм хүнд нөхцөл байдлын дунд би хэзээ ч итгэл найдвар, шийдэмгий байдлаа алдаж, бууж өгж байгаагүй. Та бүхний амжилт ч шийдэмгий байдал хийгээд өөртөө итгэх итгэлээс тань хамаарна. Та нар нийгэмдээ тус болбол нийгэм та бүхнийг дэмжинэ гэдгийг санаж яваарай” гэв.
Дараа нь үдээс өмнөхөөс огт өөр хүмүүс буюу ихэнхдээ энэтхэгчүүдээс бүрдсэн 340 насанд хүрэгчидтэй Дээрхийн Гэгээнтэн уулзлаа. Бүх Нийтийн Хариуцлагын Сангийн нарийн бичгийн дарга Ражив Мехротра Дээрхийн Гэгээнтнийг танилцуулахад,
“Миний он удаан жилийн итгэлт анд Раживт баярлалаа. Та бүхний сайн үйлсийг би үнэлж байна. Жил бүр энэхүү уулзалтыг зохион байгуулдагт тань талархлаа илэрхийлье” хэмээн тэр хэллээ.

Танхимд хуран цугласан олон Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг
орж ирэхэд алга ташин угтан авч байгаа нь. Энэтхэг, Шинэ Дели,
2015.3.20. Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
“Одоо би 80 настай бөгөөд шашны номыг хэрэгжүүлэгчийн хувьд Нагаржуна гэгээн чухам юуг номлосныг тунгаан бодоход сүүлийн 30-40 жилийг зориулсан. Сэтгэлийнхээ сөрөг хандлагатай тэмцэхэд түүний сургааль үнэхээр ач тустай гэдгийг би олж мэдсэн. Шашны номыг хэрэгжүүлнэ гэдэг нь нүдээ аниад суухын нэр бус, харин дүн шинжилгээг бодитоор хийхийн нэр юм. Нигүүлсэхүй нигүүлсэхүй хэмээн ярьдаг байсан Далай Лам яагаад шуньяа буюу хоосон чанарын тухай илүү ярих болов гэж зарим нөхөд маань асуудаг. Учир нь хоосон чанарыг би илүү үр өгөөжтэй гэдгийг ойлгосон билээ.”
Нагаржуна гэгээний Мулатадхьяамакакарика буюу ‘Билгүүний Үндэс’ бүтээл нь учир шалтгааны тухай түүний бичсэн 6 бүтээлийн нэг бөгөөд 27 бүлгээс бүтдэг хэмээн тэр хэлэв.
Дээдийн номын эхний хүрдний хүрээнд Будда Хутагтын Дөрвөн Үнэн, тэдгээрийн мөн чанар, үйлчлэл, үр дүнг тайлбарласан гэдгийг Дээрхийн Гэгэнэтэн тэмдэглэн хэллээ. Бурхан Багш бидэнтэй нэгэн адил энгийн хүн байсан боловч, урьд урьдын Бурхадын сургаалийн дагуу өөрийн сэтгэл оюунаа өөрчилж, эцэст нь Будда болсон гэдгийг Далай лам онцлон тэмдэглэсэн байна.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам айлдвар айлдаж байгаа нь.
Энэтхэг, Шинэ Дели, 2015.3.20. Гэрэл зургийг Тэнзин Чоежор
Эртний соёл иргэншил болох Египет, Хятад, Инд мөрний соёл иргэншлийн дотроос Энэтхэгийн соёл иргэншлийн үр дүнд агуу их сэтгэгчид маш олноор төрсөн хэмээн Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэлэв. Бенарес Санскрит их сургуулийн дөрвөн багш, тэдний дотор профессор Трипати, Упадхаяа болон Тивари нарт Гухьяасамажагийн ванг хүртээх замаар эртний Энэтхэгийн өв уламжлалыг зохих залгамжлагчдад нь дамжуулснаа тэр дурсан ярилаа.

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварыг сонсч байгаа нь.
Энэтхэг, Шинэ Дели, 2015.3.20. Гэрэл зургийг Тэнзин Чоежор
Дээрхийн Гэгээнтэн үргэлжлүүлэн бүтээлээс унших зуураа Дээдийн номын эхний хүрдний үед Хутагтын Дөрвөн Үнэний болон Гуравдахь Үнэнийг тайлбарлах үедээ сөрөг сэтгэлийг арилгаж чадах бодит үнэнийн тухай ойлголтыг Будда товч дурдаад өнгөрснийг тайлбарлав. Дээдийн номны хоёр дахь хүрдний үед Будда хоосон чанарыг мэдрэх тухайд тодорхой тайлбарласан бол гурав дахь хүрдний үед ухамсрын мөн чанарыг задлан тайлбарласан ажээ.
Уулзалтын төгсгөлд Дээрхийн Гэгээнтэн сонсогчдын асуултад хариулав. Маргааш тэрээр ‘Билгүүний Үндэс’ бүтээлийг үргэлжлүүлэн тайлбарлана.