Япон, Токио, 2015 оны 4 дүгээр сарын 13 – Дээрхийн Гэгээнтэн Далай лам өнөө өглөө Шёва Жёши их сургуульд өглөө эртлэн ирэхэд хурлын танхим бараг хүнгүй байлаа. 1000 мутарт Жанрайсиг бурханы танка хөрөг болон их мандлын өмнө тэрээр авшиг өгөх ёслолын бэлтгэл ажлыг хангахаар суудлаа эзлэв. Цагийн дотор танхим аажмаар хүнээр дүүрлээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Жанрайсиг бурханы авшиг өгөх
ёслолын бэлтгэл ажлыг гүйцэтгэж байгаа нь. Япон, Токио,
2015.4.13. Гэрэл зургийг Жереми Рассел /ДЛО
“Өнөөдөр би та бүхэнд авшиг өгөх болно. Хэрвээ та нууц тарнийн номд суралцах гэж буй бол авшиг авах шаардлагатай. Зарим нэг шашны нууц тарнийн ёсонд адилхан арга техник хэрэглэдэг боловч хоосон чанарыг ойлгож, бодь сэтгэл үүсгэсний үндсэн дээр нууц тарнийн авшиг авдагаараа буддын нууц тарнийн ёс ялгагддаг. Энэ нь машид нарийн сэтгэлийг ашиглах, тэр дундаас хамгийн нарийн нь болох гэгээн гэрлийн оюун ухааныг дайчлах боломж юм. Энэхүү энгийн бус оюун ухаан гэгээрлийн үед Бурхан болон хувирдаг юм” хэмээн айлдав.
“Важраяна буюу тарнийн хүрдийг мантра гэдэг бөгөөд энэ нь оюун сэтгэлийг хамгаалдаг гэсэн утгатай. Тиймээс нууц тарнийн ёс нь биднийг эгэл үзэгдэлд шунахаас хамгаалдаг ба энэ үед бясалгагч бээр өөрийгөө бурханы дүрд хувилган бясалгадаг.”
Дээрхийн Гэгээнтэн гартаа барьж байгаа хонх болон очирын ач холбогдлын талаар “Очир нь иогийн бурханыг төлөөлдөг бол хонх нь хоосон чанарын ойлголтыг илэрхийлдэг” хэмээн айлдлаа.
“Өөрийгөө бурханы төрхтэйгээр төсөөлөх нь үр дүнтэй арга бөгөөд үүнийг дотоод оршихуйн хоосон чанарын ойлголттой хослуулах нь зүйтэй. Хонх, очирыг хамтад нь хэрэглэж байгаа нь иогийн бурхан ба билиг билгүүн хоёр салшгүй гэдгийг харуулж байгаа юм.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын Шёва Жёши их сургууль дээр
хийсэн ярианы үеэр. Япон, Токио, 2015.4.13.
Гэрэл зургийг Тэнзин Жигмэй
Түүнчлэн бодьсадвын тангараг өргүүлэхдээ дараах номыг уншихыг хүслээ.
Чухаг дээд гуравт би бээр итгэмүй
Хилэнц бүхнээ тус бүрчилэн наминчлая
Амьтдын буянд даган баясая
Бурхан, номыг сэтгэлдээ барьмуй
Энэ номыг өдөр бүр уншиж, насан эцэслэхийн үед үүнийг санах нь тустай хэмээн Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэллээ. Авшиг өгсний дараа тэрээр тарнийг байнга унших нь ач тустай ч, аль болох боломжоороо бусдад туслах, тусалж чадахгүй бол хор хөнөөл хийхгүй байх тал дээр илүү анхаарах хэрэгтэй гэв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Хятадын буддистуудтай уулзаж
байгаа нь. Япон, Токио, 2015.4.13. Гэрэл зургийг Тэнзин Жигмэй
30 гаруй жилийн турш эрдэмтэдтэй харилцан мэтгэлцээн өрнүүлж ирсэн нь аль аль талдаа үр өгөөжтэй байсан гэв. Жишээ нь, Абидхармын ёсонд гардаг сансар судлал нь тодорхой бус гэдгийг мэдэж авсан бөгөөд тэрээр бидний оршин суугаа ертөнцийн тухай шинжлэх ухааны үзлийг илүүд тооцдог ажээ. Түүний нэгэн адил шинжлэх ухааны эрдэмтэд буддын ном зохиолд бичигдэн үлдсэн сэтгэлийн үйл ажиллагаа, сэтгэл хөдлөлийн талаарх мэдлэгийг ихээхэн сонирхож байгаа аж.
Мэдлэг боловсролыг чухалчилдаг Наланда их сургуулийн хатуу чанд хандлагыг Дээрхийн Гэгээнтэн магтан сайшаалаа. Номын тайлбарыг уншиж, сонсох, дараа нь итгэл үнэмшил олохын тулд уншсан, сонссоноо тунгаан бодох, эцэст нь ойлгосон зүйлээ бясалган бодож өөрийн болгохыг Дээрхийн Гэгээнтэн зөвлөв. Аюуш бурханы нэрийг зүгээр л уншаад байх нь хангалттай бус гэдгийг тэрээр анхааруулаад, сурч нягталж, дүн шинжилгээ хийх нь чухал хэмээн тэмдэглэн хэлэв.
Үдээс хойших арга хэмжээний эхэнд Дээрхийн Гэгээнтэн нэг нүүр, хоёр мутарт Жанрайсиг Хасарбаань бурханы авшгийг өгөв. Дараа нь ‘Бясалгалын зэргэмж’ бүтээлийн дундах ботийг товчлон уншихдаа, сэтгэл гэж юу болох, хэрхэн дадуулах зэрэг гол асуудал дээр тогтон тайлбарлаж ярилаа. Бодь сэтгэл үүсгэх үйл явцыг идэвхжүүлдэг нигүүлсэхүй сэтгэл нь хамаг амьтан зовохыг үл хүсдэг ч, зовлонгийн шалтгааныг тасралтгүй бий болгож байна гэсэн ойлголт дээр тулгуурлана.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам үдээс хойших хуралдааны үеэр.
Япон, Токио, 2015.4.13. Гэрэл зургийг Тэнзин Жигмей
Дээд эрдмийг хэрхэн олох тухай зохиолд тодорхойлон бичихдээ, амар амгалан сэтгэлээр төвлөрөх дадлыг хөгжүүлэх шаардлагатай хэмээн тайлбарласан байдаг. Жишээ нь Бурхан Багшийн дүрийг бясалган төвлөрөх бөгөөд үүнийг хийх үедээ нозоорох, сэтгэл халшрах зэргээс болгоомжлох тухай номонд тайлбарласан байдаг ажээ. Юмсын мөн чанарт чинадаас халин нэвтрэхийн тулд бодит оршихуйн хоосон чанарт анхаарлаа хандуулна. Дүн шинжилгээ хийх бясалгалаар олж авсан ойлголт дээр нэг чигт сэтгэлийг төвлөрүүлэх замаар үүнийг хийнэ. Энэ нь бясалгагчийг чуулганы болон үзэхүйн мөр хэмээх эрдэмд хөтөлнө. Үзэхүйн мөрд орсноор бодьсадвын арван газрын эхний эрдмийг олох бөгөөд улам хөгжсөнөөр бусад эрдмүүдийг олж авдаг.
Төгсгөлд нь Дээрхийн Гэгээнтэн 2 дугаар Далай Лам Гэндүнжамцын ‘Гурван мөр’ зохиолыг товч тайлбарлав. Уг зохиолд амьд ба үхэх үе, зуурдын үед хийх зан үйлийн талаар тодорхойлон бичсэн байдаг. Амьддаа хийх ёстой зүйл нь Жанрайсиг бурханы дүрийг бясалгаж, сэтгэлийн мөн чанарыг бясалгах явдал юм.

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын ном айлдах үеийн дүр зураг.
Япон, Токио, 2015.4.13. Гэрэл зургийг Тэнзин Жигмей
Зуурдын үед гол анхаарах зүйл нь зуурдад байгаагаа өөрөө таних явдал хэмээн Дээрхийн Гэгээнтэн хэлэв. Гэхдээ тухайн хүн амьд сэрүүн байхдаа хэр их дадал хэвшүүлснээс энэ нь хамаарна хэмээн нэмж хэллээ.
“Японд цагийг нягт баримталдаг байтал бид нилээн хэтрүүлчихлээ. Үүгээр яриагаа өндөрлөе” хэмээн Далай Лам инээмсэглэн хэлэв. “Зохиолын үг үсэг бүрийг тайлбарлах боломж гараагүй ч, та бүхэн дахин судалж, сурч мэдсэн зүйлийнхээ талаар найз нөхөдтэйгээ ярилцах хэрэгтэй. Номонд хүрэлцэн ирж суусан та бүхэнд баярлалаа” хэмээн Дээрхийн Гэгээнтэн айлдав.
Маргааш Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Энэтхэг рүү буцна.