Dalailama / Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Үлүрүд морилов

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Үлүрүд морилов

2015 оны 6 сарын 13 өдөр

Австралийн Хойд нутаг, Үлүрү – Өнөө өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам байрлаж буй зочид буудлын цэцэрлэгээр алхах зуур түүнтэй гар барин мэнд мэдэлцэж, гэрэл зураг авхуулах тохиол бүрдсэн Үлүрү дахь олон зочид их баяртай байлаа. Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Үлүра-Ката Тжута Үндэсний Цэцэрлэгт хүрээлэнг зориход жиндүүхэн шөнө өнгөрч, гэрэлт нарны илч тал хөндийг дулаацуулах ажээ. Түүнийг тус цэцэрлэгт хүрээлэнгийн Уламжлалт Эздийн Зөвлөлийн дарга Сэмми, орчуулагч Кэтрин Тозэр болон цэцэрлэгт хүрээлэнгийн албан хаагчид угтан авлаа. Цэцэрлэгт хүрээлэнгийнхэн Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын сонирхсон асуултанд хариулсаар Мутижулу усан санруу алхав. Үлүрү хэмээх элсэрхэг, сүрдмээр, улаан хадан цохио элсэн талын дунд дүнхийх аж. Дээрхийн Гэгээнтэн Далай Лам тус газар нутгийн өвс ургамал, ан амьтаны талаар сонирхон асуухын зэрэгцээ хадан цохиог доороос нь дээш дурангаар ихээхэн нарийвчлан харж байлаа.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Үлүрүд морилов
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг Австралийн Хойд нутаг Үлүрү
дахь Үлүра-Ката Тжута Үндэсний Цэцэрлэгт хүрээлэнд угтан
авлаа. 2015.06.13. Гэрэл зургийг Жереми Расселл(ДЛО)
Усан санруу явах замдаа Дээрхийн Гэгээнтэн болон түүнд бараа бологсод саатан амрах зуур тус хүрээлэнгийн үе үеийн эзэд болон эмэгтэйчүүд, хүүхдүүд тэдэнтэй ирж нэгдлээ. Энэ зуур Сэмми тус бүсийг хэрхэн байгуулсан талаарх үүх түүхийг хуучлан ярьж, Үлүрүгийн эргэн тойронд олон дайн дэгдээсэн хар санаатангууд уг хадан цохиог ихээхэн гэмтээсэн талаар дурдлаа. Улааран харагдах элсэрхэг замаар цааш явсаар Мутижулу усан санд хүрэв. Тус хүрээлэнгийн эзэд Дээрхийн Гэгээнтнийг хаана угтан авбал хамгийн тохиромжтой болох талаар өөр хоорондоо хэлэлцсэний эцэст Мутижулу усан санг сонгосон болохоо энэ үед хэлэв.

Дээрхийн Гэгээнтэн: “Би нутгийн уугуул иргэдтэй уулзах завшаан тохиолдох бүрийд тэднийг хүндэлж явдгаа илэрхийлдэг. Тэд соёл болон хэлээ хэрхэн хадгалж, хойч үедээ залгамжлуулж буйг харах бүрт миний хувьд тэднээр бахархах сэтгэл төрдөг. Төвөдийн ард түмэн бид бусдаас тусгаарлах үзэл баримтлалаа орхих болсон тэр үеэс шинэ хүмүүстэй уулзан учирч, тэднээс суралцах аз завшаан тохиох болсон юм. Эдүгээ бид ямарваа нэгэн хаалт хамгаалалтгүйгээр уламжлалаа хадгалж үлдэхээр эрмэлзэж байна.”

“Би нэгэн удаа Австралийн уугуул иргэнтэй уулзаж байхдаа түүнд уугуул иргэдийн хувьд уламжлалт нэрээ хадгалж, хэрэглэж байхын чухлыг захиж билээ. Ингэж чадвал та өрөөл бусдад өөрийгөө танилцуулах бүрийд өөрийн онцлог мөн чанараа танилцуулж буй хэрэг болно гэж хэлж байлаа. Мөн танд бас нэгэн зүйлийг чухалчилж хэлмээр байна. 18, 19-р зууны үеийн колоничлолын дарангуйллын үе өнгөрсөн. Одоо та бүхнийг болоод өөрийн соёл, онцлог байдлаа хадгалж үлдэх та бүхний эрхийг дэлхий дахин дэмжиж байна” гэв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Үлүрүд морилов
Цэцэрлэгт хүрээлэнгийн Уламжлалт Эздийн Зөвлөлийн дарга
Сэмми Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын сонирхсон асуултанд
хариулж байна. Австралийн Хойд нутаг Үлүрү дахь Үлүра-Ката
Тжута Үндэсний Цэцэрлэгт хүрээлэн. 2015.06.13
Гэрэл зургийг Расти Стюарт
Эндээс цэцэрлэгт хүрээлэнгийн жолооч Дээрхийн Гэгээнтэн Далай Лам болон Уламжлалт Эздийн нэгийг буцаан хүргэж өглөө. Цугларсан сэтгүүлчдэд хандан Дээрхийн Гэгээнтэн Бурханы шашинт лам хүний хувьд аливаа юмс үзэгдэлд сониуч, шинжлэн судлах үүднээс ханддаг бөгөөд Үлүрүгийн талаарх эрдэмтдийн нээлтийг сонирхож буйгаа илэрхийлэв. Мөн тэрбээр нутаг нутгийн байгаль орчны нөлөөн дор бий болсон өөр өөрийн өвөрмөц онцлогтой үнэт зүйл, өв уламжлал бүхий нутгийн уугуул хүмүүстэй дэлхийн өнцөг булан бүрт уулзан учирч явсан талаараа сонирхуулан ярилаа. Тэрээр цааш нь тэдгээр уугуул иргэдийн зарим нь бусдаас тусгаар байхыг илүүд үзэж байхад Лапландын Сами зэрэг нутгийн уугуулууд орчин үеийн боловсрол, технологийн дэвшилтэй хөл нийлүүлэхийн зэрэгцээ өөрсдийн өв уламжлалаа хадгалж буй талаар айлдлаа.

Ойролцоогоор 300 орчим хүн амтай Мутитжулугийн сууринд айлчлал хийж буй Дээрхийн Гэгээнтэнд хандан Сэмми “Энэ эрхэм хүн дэлхий даяар аялаж явахдаа манай газар нутгийг тэнгэрээс тольдсон ажээ. Чингээд өөрийн биеэр үзэхийг хүссэн учир эдүгээ тэр бидэнтэй хамт энд зогсож байна” гэж хэллээ.

Бас нэгэн уламжлалын эзэн “Бид таны айлчлалыг хичээгүйлэн хүлээж байсан бөгөөд таныг болон тантай хамт морилон ирсэн зочдыг халуун дотноор мэндчилж байна” хэмээв.

Дээрхийн Гэгээнтэн суудалдаа залрахад нутгийн уугуу иргэд түүнд бэлдсэн бэлгээ барив. Дээрхийн Гэгээнтэн: “Би олон жилийн туршид тив тивийн нутгийн уугуул хүмүүс, Австралийн нутгийн уугуулууд болон тэдний алдартай хадан цохионы талаар илүү ихийг мэдэхийг эрмэлзэж ирсэн билээ. Өнөөдөр энэ бүхнийг дэргэдээс нь харж, тэр ч бүү хэл хүрч үзэх завшаан надад тохиолоо. Мөн та бүхний ярьсан түүх болгон надад маш их таалагдлаа. Би дэлхийн олон оронд хэл болон уламжлалаа хадгалж үлдэхийг эрмэлзэж буй олон олон нутгийн уугуул иргэдтэй уулзан учирч явлаа. Миний бодлоор энэхүү зорилгодоо хүрэхийн тулд та бүхэн бодит байдалтайгаа нийцэн амьдрах хэрэгтэй. Зарим уугуул үндэстнүүд тухайлбал Хойд Америкийн уугуулууд бусдаас тусгаар байхыг илүүд үзэж байхад Лапландын Самичууд, та бүхний хөрш Нюь Зеландын Маоричууд, Канадын анхдагчид орчин цагийн эрдэм мэдлэгтэй хослуулан өөрийн уламжлалаа хадгалахыг эрмэлзэж байна. Би хувьдаа тэрхүү эрдэм мэдлэгийг их чухалчилдаг. Тиймдээ ч зарим нэг орчин цагийн мэдлэг чадварыг хүлээн зөвшөөрч, Англи хэл сурах хэрэгтэй гэж боддог” хэмээн айлдлаа.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Үлүрүд морилов
Дээрхийн Гэгээнтэн Австралийн Хойд нутаг Үлүрү дахь Мутитжулугийн
сууринд айлчлав. 2015.06.13. Гэрэл зургийг Расти Стюарт
Үүнээс гадна Дээрхийн Гэгээнтэн тус бүс нутагт мод тарьж, тариалан эрхлэх боломж буй эсэх талаар лавлан асууж байлаа. Учир нь газар тариалан амжилттай эрхэлж чадвал хожим тодорхой хэмжээний үйлдвэрлэл эрхлэх боломж бүрдэх талаар тэрээр өөрийн санаагаа хуваалцаж, халуун дотноор хүлээн авсан явдалд талархаж буйгаа илэрхийлэв.

Өдрийн хоолны дараагаар СБС-ийн Ливинг Блак-ийн нэвтрүүлэгч Карла Грантад өгсөн ярилцлагадаа Дээрхийн Гэгээнтэн тус нутагт хүрэлцэн ирж, нутгийн хүмүүстэй уулзсандаа баяртай байгаагаа илэрхийлж, нутгийн хүмүүст хандан уламжлалаа хадгалахын чухлыг онцолсноо энэ үеэр дурдлаа. Тэрээр цааш нь Төвөдүүд анх 1960 онд Энэтхэгт хүрэлцэн ирснийхээ дараагаар хойч үедээ өв уламжлал ба үнэт зүйлсээ сургахын зэрэгцээ орчин цагийн боловсролыг хамт эзэмшүүлэх сургууль байгуулсан талаар дурсан ярив.

Хатагтай Грант Австралийн уугуулуудын соёл нь дэлхийн хамгийн эртний соёлын нэг болох талаар онцлон тэмдэглэв. Дээрхийн Гэгээнтэн түүнтэй санал нэг байгаагаа илэрхийлж, гүн ухааны үзэл баримтлал бүхий шашны үзэл санаа ердөө 5000 гаруй жилийн тэртээ анх бий болсон, түүнээс өмнө дэлхийн дахинд савдаг тэргүүтэн бусад зүйлд итгэх итгэл үнэмшил байсан талаар дурдав. 7-р зуунд Төвөдөд Бурханы шашин түгэн дэлгэрэхээс өмнө бараг уул бүрийн оройд ямарваа нэгэн савдаг тэргүүтэн бий гэж итгэдэг байв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Үлүрүд морилов
СБС-ийн Ливинг Блак-ийн нэвтрүүлэгч Карла Грант Дээрхийн
Гэгээнтэн Далай Ламаас ярилцлага авлаа. Австралийн Хойд нутаг
Үлүрү. 2015.06.13. Гэрэл зургийг Жереми Расселл
Хатагтай Грант нутгийн уугуулуудын амьдралд нөлөөлж болох улс төрийн бодлогын шинэчлэлийн талаар Дээрхийн Гэгээнтнээс асуухад тэрбээр “Энэ бол мэргэжилтэнээс хамаарах асуудал. Миний хувьд энэ талаар тайлбар хэлэхэд мэдээлэл хангалтгүй байна” гэв. Төвөдийн талаарх нэгэн асуулт Дээрхийн Гэгээнтнийг 1000 гаруй жилийн тэртээ Хятад, Төвөд, Монголын эзэнт гүрнүүд оршин байсан талаарх Хятадын сурвалж бичигт тулгуурласан сүүлийн үеийн нэгэн судалгааг ишлэл болгох үндэс болсон юм. Тэрээр айлдахдаа “Төвөд бол далайд гарцгүй, материаллаг талаасаа хоцрогдсон улс орон учир Бүгд Найрамдах Хятад Ард Улсын эгнээнд байх нь Төвөдийн сонирхол байж болно. Гэсэн хэдий боловч энэ байдал нь өөрийн соёл, хэл, Бурханы шашны баялаг уламжлалаа хамгаалж үлдэх тэдний эрх чөлөөг боомилж болохгүй юм” гэв.

Хатагтай Грант Дээрхийн Гэгээнтнээс түүний айлчлалтай холбоотойгоор бий болсон эсэргүүцлийн жагсаалын талаар асуухад тэрээр:
“Ийм үйл явдал одоо байнга тохиолдох боллоо. Миний явсан газар бүрт тэд жагсаж байна. Саяхан Норвейгт хийсэн айлчлалын үеэр 1000 гаруй Норвейгчууд намайг Осло хотноо угтаж, би ч тэдэнд талархснаа илэрхийлэхийн зэрэгцээ миний эсрэг жагсаж буй хүмүүсд мөн адил өөрсдийн үгээ хэлэх эрх чөлөөгөө эдэлж буйд талархаж буйгаа илэрхийлсэн. Гэсэн хэдий ч одоо маргаан дагуулаад байгаа, бараг 400 орчим жилийн түүхтэй сахиустай холбоотой асуудлыг тэр хүмүүстэй харьцуулахад би арай л илүү ойлгож байгаа болов уу. Миний хувьд ч ялгаагүй 1970-аад он хүртэл энэхүү сахиусыг шүтэж байсан боловч 5 болон 13-р Далай Лам нар энэхүү сахиусанд шүүмжлэлтэй хандаж, ялангуяа 5-р Далай Лам Шүгдэнг хор хөнөөлтэй, хилэнцэт сахиус болох талаар хэлж байсныг мэдсэн даруйдаа больсон юм. Тэгхээр энэ талаар хүмүүст зөвлөх нь миний хүлээсэн үүрэг” гэлээ.

Дээрхийн Гэгээнтэн хуран цугларсан 3000 гаруй хүнд үг хэлэхээр Юулара Овалийг зорих замдаа Уугуулуудыг Сургах Үндэсний Академиар зочиллоо. Дээрхийн Гэгээнтнийг индэрийн зүг алхахад хурсан олон алга нижигнүүлэв. Үүний дараагаар Матитжулу суурингийн иргэд Дээрхийн Гэгээнтэнийг угтан авч, хэсэг бүсгүйчүүд дуу дуулж, бүжиг бүжиж урлагийн тоглолтоосоо сонирхууллаа. Мөн биеэ өнгө будгаар алаглуулан будсан нэгэн эрэгтэй бүжиглэсэн нь тухайн ард түмний үүсэн бий болсон түүхийг харуулсан бүжиг байлаа.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Үлүрүд морилов
Матитжулу суурингийн иргэд дуу бүжиг наадуулан Дээрхийн
Гэгээнтнийг угтан авлаа. Австралийн Хойд нутаг Үлүрүгийн
Юулара Овал. 2015.06.13. Гэрэл зургийг Расти Стюарт
Ярианыхаа эхэнд Дээрхийн Гэгээнтэн энэхүү ариун газар зочилж, нутгийн хүмүүстэй уулзах болсондоо баярлаж буйгаа дахин илэрхийлэв. Мөн тэрээр энэ өдрийн өглөө эрвээхэйн хоёр ширхэг авгалдайг зоогонд барихад ихээхэн тэвдсэн талаар ярив. Хүүхэд ахуй цагаасаа бусдыг айлгадаг хилэнцэт хорхой зэрэг шавж хорхойноос айдаггүй байсан тэрээр энэ өглөөний зоогонд барьсан атиралдаж буй авгалдайг харахад үнэхээр дотор нь эвгүй болж байсныг нуусангүй. Улмаар түүнд хөтөч хийж байсан Сэмми нэг авгалдайг нь идсэн талаар ярихад цугларсан олон чанга чанга инээлдэж байлаа.
Мөн уугуул иргэдийн соёл, уламжлалаа хамгаалах эрхийн талаар санал бодлоо хуваалцав.

“Уугуул иргэд байгаль орчиндоо илүү ойр дотно хүмүүс байдаг. Орчин цагийн хүмүүст энэ талаар суралцах зүйл их бий. Өнөө үеийн зарим нэгэн хүмүүс байгаль цаг уурыг өөрийн эрхшээлдээ байлгаж чадна гэж боддог боловч байгаль бол бидний эх, тийм ч учраас бид хамгаалах хэрэгтэй. Эцсийн эцэст бидэнд энэ дэлхийгээс өөр гэр орон байхгүй шүү дээ.”

“Бид бүгд адилхан хүмүүн төрөлхтөн. Бид нэгэн адил төрж, нэгэн адил замаар үхдэг. Гэвч орчин цагт амьдарч буй бидний олонхи маань материаллаг хандлагад ихээхэн автах болжээ. Үүнийгээ ч боловсролын тогтолцоогоор дамжуулан түгээн дэлгэрүүлж байна. Бидний ихэнх маань ялгаагүй аз жаргалыг дотроосоо бус гаднаас эрэлхийлэх болжээ. Гэсэн хэдий боловч бид бага балчир ахуйдаа эхийн хайраас л аз жаргалыг авдаг. Эхийн хайр бидний оюун санааг амгалан болгоод зогсохгүй бие махбодийн тайвшралыг ч бидэнд хүртээдэг. Ийм энэрэнгүй сэтгэл л бидний аз жаргалын үндэс юм. Ийм сэтгэл биднийг итгэлд хөтлөж, итгэл нь нөхөрлөлийн үндэс болдог билээ.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Үлүрүд морилов
Дээрхийн Гэгээнтэн Юулара Овалд үг хэлж байна. Австралийн
Хойд нутаг Үлүрү. 2015.06.13. Гэрэл зургийг Расти Стюарт
Дээрхийн Гэгээнтэн ярианыхаа дундуур хурсан олонд хандаж дотоод сэтгэлийн мөн чанар, өгөөмөр сэтгэл мэт хүнлэг энэрэнгүйн үнэт зүйлийг байнга анхаарч байхыг хэдэнтээ захиж байлаа. Тиймдээ ч та айсуй 80 насны баяраараа ямар бэлэг авахыг хүсч байна вэ гэсэн асуултанд Дээрхийн Гэгээнтэн:
“Юу ч хэрэггүй ээ. Гэхдээ та бүхэн миний хэлсэн зүйлийг тунгаан бодож, ямарваа нэгэн хэрэгтэй зүйлийг олж авбал миний хувьд тэрнээс илүү бэлэг байхгүй. Баярлалаа” гэж хариулсан юм.
Үлүрүд хийсэн тусгай айлчлалынхаа дараагаар Дээрхийн Гэгээнтэн маргааш Пертийг зорьж хэд хэдэн арга хэмжээнд оролцох бөгөөд үүгээр түүний Австралид хийж буй Билгийн Далай айлчлал өндөрлөх болно.
1-07-2015, 15:02
Вернуться назад