Энэтхэг, Ладах Лех, 2015.07.30–Өглөө эрт агаар цэлмэг, уулсын орой цайран харагдана. Дээрхийн Гэгээнтэн Далай Лам болон бусад мянга мянган хүмүүс Лехийн хөндийд байрлах Шивацел айлдварын талбайг зорилоо. Дээрхийн Гэгээнтэн лам хувраг, хурсан олонтой мэндчилэн Цагаан Дарь эхийн авшиг хайрлахаар сэнтийдээ залрав.

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварт оролцохоор
Шивацелыг зоригсдын цуваа. Энэтхэг, Ладах, Лех.
2015.07.30 Зургийг Тэнзэн Чойжор (ДЛО)
Заншил ёсоор Будда Шагжамүнигийн магтаалыг уншсаны дараа Дээрхийн Гэгээнтэн хурсан олонд хандан:
"Бид энд ямар нэгэн зугаалга хийх гэж цугласангүй. Сэтгэлээ тогтуун байлгаж сэтгэлийн амар амгаланд суралцахаар цугласан. 7 тэрбум хүмүүн бид зовлон зүдгүүр бус аз жаргалыг хүсдэг. Бид адилхан уураг тархины бүтэцтэй. Эрдэмтэд бид тархиа юунд дадуулснаар шалтгаалан дасан зохицдогыг илрүүлсэн бөгөөд шинжлэх ухаанд үүнийг уян хатан чанар хэмээн нэрлэдэг. Тиймээс бид юу хийж буйгаа сайн анхаарах хэрэгтэй. Хүмүүс бидэнд онцгой оюун ухаан, авьяас чадвар бий. Тэр ч чанараараа хөгжил дэвшлийг бий болгож материаллаг зүйлийг хөгжүүлсэн. Энэ чадвар нь амьтанд байхгүй.
“Материаллаг хөгжил, технологийн дэвшил бидний амьдралд онцгой нөлөөтэй. Бид харьцангуй эрүүл саруул байж урт наслаж тав тухтай амьдрах болсон. Гэвч бид үнэхээр аз жаргалтай амьдарч байна уу гэсэн асуулт байна. Харамсалтай нь үгүй. Бид өөрсдийгөө, ойр дотны хүмүүсийн тухай бодож өнгөрснөө дурсан ирээдүйдээ санаа зовж, тэгснээрээ сэтгэлийн амар амгалангаа алдаж байна.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам шивацелын талбайд айлдварын
үеэр. Энэтхэг, Ладах, Лех, 2015.07.30 Зургийг Тэнзэн Чойжор
Эртний Энэтхэгийн уламжлал, түүний дотор Бурханы шашинд дотоод сэтгэлийн төвлөрөлийг анхааран хөгжүлсээр ирсэн. Үүний үрээр оюун санааны талаар гүнзгий мэдлэгтэй болсон юм. Бид үүнийг дан ганц мэдээд, үнэлээд зогсохгүй өөрийнхөө амьдралд мөрдлөг болгох хэрэгтэй.Бурханы шашныг 3 хэсэгт хувааж үздэг: шинжлэх ухаан, философи, шашин ажээ.
Дээрхийн Гэгээнтэн цаашлаад Бурхан багшийн айлдсан “Бурхад хилэнцийг усаар үл угаана. Бусдын зовлонг гараар үл арилгана” хэмээн хэлснийг эш татаад Бурхан багшийн өгөөмөр сэтгэл бодьтой бөгөөд гэгээрэлд хүрэх зам хэмээв. Бурханы сургаалийн үндэс нь Хутагтын дөрвөн үнэн нь зовлон үнэн зовлонгийн шалтгаан нь үнэн, зовлонг гэтлэх нь үнэн, зовлонг гэтлэх арга зам нь үнэн.
Номын хоёрдугаар хүрд билиг барамидын сургаалд тулгуурласан ч дээдийн номын сүүлийн хоёр хүрд болох зовлонгоос гэтлэх үнэн, арга зам үнэнтэй хавсардаг. Номын гуравдугаар хүрдэнд оюун санааны мөн чанар хийгээд түүний цэвэр тунгалаг байдал, сэрэмжит чанарын тухай номлосон.

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварт 50000 гаруй хүмүүс
хуран цуглав. Энэтхэг, Ладах, Лех, 2015.07.30
Зургийг Тэнзэн Чойжор (ДЛО)
Түүнчлэн Дээрхийн Гэгээнтэн Наландагийн 17 Их Бандида нарын сургаалийг хөтлөн явуулав. Шүтэн барилдлага хийгээд Нагаржунайн төв үзлийг үндэслэсэн талаар айлдав. Мөн Дээрхийн Гэгээнтэн Бурханы сургаалийн зам мөр хийгээд билиг билгүүн, шүтэн барилдлага хийгээд хоосон чанар, хайр энэрэлийг хослуулах талаар айлдлаа.

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварын нутгийн зон олноос
даншүг өргөв. Энэтхэг, Ладах, Лех, 2015.07.30
Зургийг Тэнзэн Чойжор (ДЛО)
Дараа нь Дээрхийн Гэгээнтэн урт наслахуйн Цагаан Дарь Эхийн авшиг хайрлаж бодийн сэтгэлийг хөгжүүлэх зан үйлийг гүйцэтгэв.
Ёслолын үйл ажиллагааны дараа Дээрхийн Гэгээнтэн юуны түрүүн тэнд хуран цугласан хүүхдүүд болон оюутан залууст хандан Манзушир бурханы тарнийг заав. Учир нь энэ тарни оюун ухааныг хөгжүүлэхэд тустай ажгуу. Мөн тэнд хурсан Төвөдүүдэд хандан тэдэнтэй тусад нь уулзах завдал болоогүйд хүлцэл өчив. 2011 оны сонгуулиар улс төрийн үүрэгт ажлаасаа бүрэн чөлөөлөгдсөн Төвөдийн талаар хүсэл сонирхлоо умартсан гэсэн үг бус.Төвөдөд болон энд дүрвэн ирэгсэдийн дотор олон хүмүүс надад итгэж найдсаар байгаа. Би үүнийг хариуцлага хэмээн ойлгож байна. Төвөдүүдийн сэтгэл зүрх хүчтэй хэвээр. Төвөд хэлний үнэ цэнийг умартаж болохгүй. Бурханы сургаалийн хамгийн тохиромжтой хэл хэмээв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварт 50000 гаруй хүмүүс
хуран цуглав. Энэтхэг, Ладах, Лех, 2015.07.30
Зургийг Тэнзэн Чойжор (ДЛО)
Эцэст нь Ладакчуудад хандан боловсролын хөгжлийг сайжруулахын тулд гурван шат арга замыг мөрдлөг болгохыг зөвлөв. Энэ нь суралцах, амьдралд тусгах хийгээд дадуулах. Үйл ажиллагааны төгсгөлд нутгийн захиргааны хүмүүс болон лам нартай үдийн зоог барив. Мөн тэдэнд шинэхэн хэвлэсэн Данжуур номыг бэлгэлснээр энэ удаагийн Ладак дахь арга хэмжээ өндөрлөлөө.