Dalailama / Дээрхийн Гэгээн Далай Лам Нашик Махахүмбэд хүрэлцэн ирлээ

Дээрхийн Гэгээн Далай Лам Нашик Махахүмбэд хүрэлцэн ирлээ

2015 оны 8 дугаар сарын 31

Энэтхэг, Махараштра, Нашик. 2015.08.30 – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам бүтэн нэг өдөр Дели хотод өнжсөний дараа өнөөдөр үдээс өмнө Махараштра мужийн Нашик хотод хүрэлцэн ирэв. Түүнийг морилон ирэх үед свами /хиндү шашны санваартан/ Жианананд болон свами Маесананд нар цэцгэн эрхи барин угтлаа. Борооны улирал хараахан дуусаагүй ч нислэг цагтаа буусан бөгөөд асгаран орж байсан ширүүн аадар бороо Дээрхийн Гэгээнтнийг зочид буудлын зүгт явах зуур зөөлөн шиврээ бороо болон хувирав. Дээрхийн Гэгээнтнийг байрлах газраа хүрсэн хойно свами гүрү Шарананд Махараж дун болон бүрээн дуу татаж түүнийг угтлаа.

Дээрхийн Гэгээн Далай Лам Нашик Махахүмбэд хүрэлцэн ирлээ
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам болон свами Шарананд нар
Каршни Ашрамын дэргэд зулзган мод суулгав. Энэтхэг,
Махарашта, Нашик. 2015.08.30 Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Суудалдаа суусны дараа Дээрхийн Гэгээнтэн анх свами Гүрү Шаранандын урилгыг хүлээн авах үедээ баяртай байснаа дуулгав. Мөн тэрээр Энэтхэгийн уламжлалын дагуу амьдарч буй түүний эгэл даруу амьдрал гүн сэтгэгдэл төрүүлснийг дурьдлаа. Ийнхүү товч ярилцсаны дараа тэд свами Жианананд болон доктор Самдон ринбочэ нарын хамт үдийн зоог барьсан бөгөөд зоогон дээр гүн ухааны болон оюун санааны талаар ярилцав. Үдийн зоогийн дараа оюун санааны хоёр их удирдагчид сүмийн дэргэд бодь мод суулгахаар морилсон юм.
Уулзалтын үеэр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хүн төрөлхтөн бүхэлдээ өөр хоорондоо хамааралтай болсон энэ цаг үед хувь хүн илүү өргөн хүрээнд сэтгэх нь хичнээн чухал болохыг онцлов. Свами Шарананд санскрит хэлнээс англи хэлэнд орчуулсан шүлгээсээ эш татан:

Энэ бол би, тэр бол чи
Энэ минийх, тэр чинийх хэмээгч нь
Өчүүхэн сэтгэгч бөлгөө
Өргөн сэтгэгч бээр харин
Өнөд амьтан бүгдийг
Нэгэн дор сэтгэмүй
хэмээн уншив.

Дээрхийн Гэгээнтэн энэхүү эртний Энэтхэгийн уламжлалыг өнөө цагт дэлхий даяар илүү их дэлгэрүүлэх хэрэгтэйг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийллээ.

Мөн тэрээр хэвлэлийнхэнд хандан:

“Би Аллахабадад саяхан зохион байгуулагдсан Хүмбийн их цугларалтанд оролцох, нэлээдгүй олон ажлын төлөвлөгөө гаргасан боловч харамсалтай нь цаг агаарын нөхцөл байдлын улмаас тэнд очиж чадаагүй билээ. Тиймээс Годавари мөрөний дэргэдэх Маха Хүмбэд хүрэлцэн ирэхийг урьсан свами Шаранандын урилгад би үнэхээр хүндэтгэлтэй хандсан юм." гэв.

Мөн шашин хоорондын эв зохицлын талаар ярихдаа:

Дээрхийн Гэгээн Далай Лам Нашик Махахүмбэд хүрэлцэн ирлээ
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам болон свами Шарананд нар
сэтгүүлчидтэй уулзаж байгаа нь. Энэтхэг, Махарашта, Нашик.
2015.08.30 Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
"Надад жүүд болон христийн, мөн муслим, хиндү гэх мэт янз бүрийн шашны олон найз нөхөд бий. Ер нь хиндү болон бурханы шашин нь шила /ёс суртахуун/, самади /сэтгэлийн нэгэн үзүүрт төвлөрөл/, пражна /билиг билгүүн/ гуравт суралцаж, үүнийг амьдрал ахуйдаа дадлага болгодогоороо адил юм.” гэсэнд Свами санал нэгдэж “Тиймээ, энэ гурав нь хиндү болон бурханы шашны уг үндэс мөн” хэмээн онцлов.

Мөн Дээрхийн Гэгээнтэн Бангалорын ойролцоо амьдардаг нэгэн свамитай уулзсан тухайгаа дурслаа. Тэр свами нь олон нийтэд үйлчлэх ажилд маш идэвхтэй оролцдог бөгөөд Карнатака мужийн тосгоны сургуульд суралцдаг олон мянган хүүхдүүдэд хоол хүнс бэлдэж өгдөг нэгэн ажээ.

“Энэ бол бидний нийтлэг үүрэг гэж би түүнд хэлсэн. Хиндү болон бурханы шашны ялгаа нь атман болон анатманыг хүлээн зөвшөөрөх эсэх юм.” гэсэнд свами Шарананд Махараж яриан дундуур “Дээрхийн Гэгээнтэн минь ээ, хэрэв та зөвшөөрвөл манай хоёр шашны үзэл онол бодит байдал дээр ялгаагүй гэдгийг би тайлбарлах болно. Брахманы үзэл онолын үүднээс таны айлддаг хоосон чанарын тухай ч тайлбарлах боломжтой” гэв.


Дээрхийн Гэгээнтэн ингээд хурлын танхимд цугласан олны асуултанд хариулав. Тэрээр олон шашны үзэл онол нь энэрэн нигүүлсэх сэтгэлийг хөгжүүлэхийн төлөө юм гэдгийг онцлон хэлж энэрэн нигүүлсэх сэтгэлийн үнэ цэнийг мэдэх хэрэгтэй гэлээ.

“Ер нь бид ертөнцийг бүтээгч эзэн тэнгэрийг хүлээн зөвшөөрсөн ч, эсвэл жейн болон бурханы шашны үзэл онолоор юмс бүгд өөр өөрсдийн учир шалтгаанаас үүдсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн байлаа ч хамгийн чухал зүйл маань энэрэн нигүүлсэх сэтгэл юм. Гол зүйл нь энэрэн нигүүлсэх явдал бөгөөд үүнд янз бүрээр суралцдаг олон янзын шашин үүсэж бий болсон.”

Дээрхийн Гэгээн Далай Лам Нашик Махахүмбэд хүрэлцэн ирлээ
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам болон свами Шарананд нар
сэтгүүлчидтэй уулзаж байгаа нь. Энэтхэг, Махарашта, Нашик.
2015.08.30 Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Дээрхийн Гэгээнтний онцлон хэлсэн өөр нэгэн зүйл бол Энэтхэг улс эртнээс олон шашинд хэрхэн хандаж ирсэн тухай байлаа. Тэрээр хөрш зэргэлдээ улс орон болох Пакистан, Бангладеш, Бирмтэй Энэтхэгийг харьцуулаад Энэтхэг улс нь шашны тал дээр маш байттай байгааг хэлсэн юм. Үүний учир нь Энэтхэг улс олон шашинд хандах уламжлалт хандлагаа хадгалж үлдсэн бөгөөд энэ нь хүч үл хэрэглэх арга зам мөн гэж хэлэв. Материаллаг сонирхол давамгайлж буй энэ цаг үед залуучуудад энэ тухай ойлгуулах хэрэгтэй гэж захилаа.

Кастын системийн тухай асуусанд тэрээр кастаар ялгах явдалд шүүмжлэлтэй ханддагаа хэлэв. “Хэрэв цаашид дагах боломжгүй бол тухайн заншил нь уламжлалт байсан ч түүнээс салах хэрэгтэй” гэлээ. Тэрээр цааш нь “Свами Шарананд Махаражийн адил гүрү нар кастын системийн эсрэг нэгдэх хэрэгтэй” гэсэнд свами Шарананд Махараж “Энэ хөдөлгөөн ер нь эхэлж байна” гэлээ.

Төгсгөлд нь тэрээр “Оюун санааг чухалчилагч эрэгтэй, эмэгтэй хуварга нар нийгмийн бусад хүмүүсийн өдөр тутмын амьдралд сайн үлгэр дуурайлал үзүүлдэг байх хэрэгтэй. Зарим тохиолдолд бусадтай харьцахад илүү их тэсвэр тэвчээр биднээс шаардагдах болно.” гэв.

Дээрхийн Гэгээн Далай Лам Нашик Махахүмбэд хүрэлцэн ирлээ
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тримбакеш сүмийн дэргэдэх зул
өргөх ёслолд оролцов. Энэтхэг, Махарашта, Нашик. 2015.08.30
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Орой нь Дээрхийн Гэгээнтэн Далай Лам мөнөөх гурван свами ламтай ахин уулзсан бөгөөд тэд мөн адил өөр өөрсдийн гүн ухааны үзэл онолын тухай ярилцав. Профессор Самдон ринбочэ, Гандан Шарзэ дацангийн хамба лам Жанчүв Чойдэн, Яндэн ринбочэ нар ярилцаганд оролцсон бөгөөд мөн свами Шарананд Махаражийн шавь нар ч бас оролцов. Төгсгөлд нь Дээрхийн Гэгээнтэн Далай Лам болон свами Шарананд Махараж нар өөр өөрсдийн туршлагаасаа хуваалцаж байхаар санал нэгдлээ. Дээрхийн Гэгээнтэн “Хэрэв эдүгээ оршин байгаа Төвөдийн бурханы шашны болон хиндү шашны лам хуврагууд харилцан нэг нэгэндээ туршлага солилцож байвал шашин хоорондын эв нэгдэлд үнэтэй хувь нэмэр оруулах болно” гэв.

Үдэш болоход Дээрхийн Гэгээнтэн Далай Лам унтаж амрахаасаа өмнө Годавари мөрөнд свами Шарананд Махараж ба олон сүсэгтний үйлдэж буй зул өргөх шашны зан үйлд оролцов.
9-09-2015, 13:54
Вернуться назад