Англи, Оксфорд 2015.09.15 – Өчигдөр Энэтхэгээс Оксфордод хүрэлцэн ирсэн Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энэ өглөө бороон дуунаар сэржээ. Түүнийг Магдален коллежийн хурлын танхимд сэтгүүлчидтэй уулзахаар сургуулийн цэцэрлэгт хүрээлэн дундуур алхах зуур бороо бүрэн намдсан байлаа. Тэрээр энэхүү алдартай сургуульд эргэн ирсэндээ баяртай байгаагаа мэдэгдээд очсон газар бүртээ ярьдаг өөрийн гурван үүргийн тухай ярьсан юм.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хэвлэлийн хуралд оролцохоор
Магдален сургуулийн цэцэрлэгт хүрээлэнд алхаж байгаа нь.
Ангил, Оксфорд. 2015.09.14 Гэрэл зургийг Жерреми Рассел (ДЛО)
Тэрээр бурханы шашны хувраг хүнийхээ хувьд шашин хоорондын эв нэгдлийг хөгжүүлэх тал дээр анхаарал хандуулдаг тухайгаа тайлбарлав. Томоохон шашнууд эв найртайгаар хаяа дэрлэн оршиж, цэцэглэн хөгжиж байгаа Энэтхэгийн жишээг дурьдлаа. Бүх уламжлалт шашны сургаалд энэрэн нигүүлсэх, уучлах, сэтгэл хангалуун байхыг номлодог атал өнөө цаг үед шашны итгэл үнэмшилээс болж өдий төдий асуудал, хүчирхийлэл газар авч байгаа нь санаанд багтамгүй хэрэг мөн гэв. Хэрэв бид өдөр тутмын амьдралдаа нөхөрлөлийн уг үндэс болсон итгэлцэлийг бий болгож, халуун дулаан сэтгэлтэй байж чадах юм бол энэ бүгдийг арилгах боломжтой гэлээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Магдален сургуульд сэтгүүлч нартай
уулзав. Англи, Оксфорд. 2015.09.14 Гэрэл зургийг Иан Камминг
Европт үүсээд буй цагаачдын хямралын талаар асуусанд тэдний нөхцөл байдлыг анхаарч үзэж эхэлсэнд баяртай байгаагаа дуулгаад “Гэхдээ эцсийн эцэст тэднийг цагаачлахаас өөр аргагүйд хүргэсэн аллага, дайн тулааныг бид хүч үл хэрэглэх замаар зогсоох хэрэгтэй байна. Ислам болон өрнөдийн соёл иргэншилийн зөрчилдөөний талаар ярих нь буруу юм. Муслим найз нар минь надад “Жинхэнэ муслим хүн цус урсгахыг зөвшөөрдөггүй бөгөөд Аллахын бүтээл бүгдэд хүндэтгэлтэй ханддаг байх ёстой” гэж ярьж билээ.” хэмээн дурсав.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Магдален сургуульд сэтгүүлч нартай
уулзав. Англи, Оксфорд. 2015.09.14 Гэрэл зургийг Жерреми Рассел
Нэгэн сэтгүүлч хэвлэлийнхэн нийгмийн сайн сайханд хэр нөлөө үзүүлж чадах талаар асуусанд “Хэвлэлийнхэн хэдийгээр дэлхийг өөрчилж чадахгүй ч нийгэмд эерэг уур амьсгал бий болгоход чухал үүрэгтэй” гэв.
Үүний дараа Дээрхийн Гэгээнтнийг Родес Хауст урин залсан бөгөөд тэрээр Милнер хурлын танхимд цугласан ерөнхий боловсролын гурван сургуулаас цугласан сурагчидтай мэндчилэв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Магдален сургуулийн хурлын танхимд
сургуулийн сурагчидтай уулзав. Англи, Оксфорд. 2015.09.14
Гэрэл зургийг Иан Камминг
“Өнөөдөр цэрэг зэвсгийг зогсоох, зэвсэг хураах нь зүүд мэт санагдавч ирээдүйд та бүхэн үүнийг бодит болгож энх амгалан цогцолсон, аз жаргал дүүрэн дэлхийг бүрдүүлэх хэрэгтэй. Ирээдүй та бүхний гарт бий. Сайхан ирээдүй нь бусдад аль чадлаараа анхаарал хандуулж нэг нэгнээ энэрэн хайрлахаас шалтгаална. Энэрэн нигүүлсэх сайхан сэтгэлийг бий болгохын тулд ёс суртахуун, хүмүүний үнэ цэнэ гэх зэргийг заадаг хичээлийг боловсролын системд оруулах хэрэгтэй.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам ярилцлаганд оролцсон зарим хүүхдийн
хамт. Англи, Оксфорд. 2015.09.14 Гэрэл зургийг Жерреми Рассел
Хоёрдугаар бүлгийн сурагчид өөрсдийн “Эелдэг бай, эелдэг бай, эелдэг бай” гэсэн гурван дүрмээ танилцуулсанд Дээрхийн Гэгээнтэн Далай Лам санал нэгдэж “Бидний аз жаргал хүн төрөлхтөний амар амгалан байдлаас шалтгаалж байдаг. Тиймээс бид бүх хүн төрөлхтөний сайн сайхны төлөө бодох ёстой” гэлээ.
Гуравдугаар бүлгийн сурагчид өөрсдийн тэжээдэг тахианы өндгөөр Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг дайлав.
Дараа нь Далай лам “Энэрэн нигүүлсэхүйн төлөөх Далай Ламын төв” ТББ-ын хамт олонтой эргэн уулзсан бөгөөд XXI зуунд ч хүмүүс хуучин сэтгэлгээтэйгээ зууралдасны улмаас өөрсдийн бий болгосон олон асуудал бэрхшээлтэй нүүр тулгарч байгаа тухай ярьлаа. Тэрээр саяхан Орос, Хятад улсууд цэргийн жагсаал хийж өөрсдийн зэр зэвсгээ дэлхий нийтэд гайхуулсан тухай дурьдлаа.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам шинээр байгуулагдсан "Энэрлийн
төлөөх Далай Ламын төв" ТББ-ын гишүүдтэй уулзав. Англи, Оксфорд.
2015.09.14 Гэрэл зургийг Кеико Икеүчи
Эм эмчилгээгээр сэтгэлийн тэнцвэрт байдлыг хадгалж болох эсэхийг асуусанд Дээрхийн Гэгээнтэн “Сэтгэлийн хөдөлгөөнийг дарсан төдийгөөр үр дүнд хүрнэ гэдэгт би эргэлзэж байна. Сэтгэлийн сөрөг хандлага нь оюун санааны нэгэн хэсэг тул үүнтэй оюун санааны түвшинд тэмцэх хэрэгтэй болно. Тиймээс сэтгэл хөдлөлийн бүхий л нарийн системийг мэдэх шаардлагатай. Сэтгэл судлалын талаар эртний Энэтхэгт асар гүнзгий сургалт бий болсон бөгөөд манай төвөдүүд энэхүү сургалтыг эдүгээг хүртэл хадгалж ирсэн юм.” хэмээн хариулав.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам буддын ном сургаалыг шинжлэх ухааны, философийн, шашны гэсэн гурван ангилалд хувааж болох талаар ярьлаа. Эдгээрээс шинжлэх ухаан болон философийн ном зохиолыг академик түвшинд хэн ч судалж болох бөгөөд шашны номлол нь бурханы шашинтан нарын сургаал мөн гэж тайлбарлав. Тэрээр эцэст нь энэрэн нигүүлсэх сэтгэлийг өөрийн сэтгэлтэй уялдуулах тал дээр анхааран суралцах хэрэгтэй гэж зөвлөв.
Оксфордын төвөд судлалын тэнхимийн гишүүдтэй уулзах үед тус тэнхимийн гишүүд бүгд гарын үсгээ зурсан Антони Арисийн бүтээлийн дээжээс гардуулав.

Дээрхийн Гэгээнтэн Оксфордын Төвөд судлалын тэнхимийн гишүүдтэй
уулзав. Англи, Оксфорд. 2015.09.14 Гэрэл зургийг Жерреми Рассел
“Төвөдүүд өөрийн гэсэн соёлтой, тэр нь Хятадын соёл биш юм. Бид өөрсдийн үнэт соёлоо хадгалахын төлөө хичээж байна. Бид өөрсдийн хэл, шашин, соёлоо хадгалж чадвал үүний дор өнөөгийн төвөдүүд нэгдэж чадах болно.” хэмээн Дээрхийн Гэгээнтэн Далай Лам ярьлаа.
Ингээд энэ өдрийн сүүлийн арга хэмжээ нь Далай Лам “Энэрэн нигүүлсэхүйн төлөөх Далай Ламын төв” ТББ-д ажиллаж буй Алекс Норман болон түүний эхнэр зэрэг хуучны анд нөхөдтэйгээ ярилцах албан бус уулзалт байлаа. Тэрээр Алекс Норманы эхнэрийн хичээлийн тухай дурсамжаар яриагаа эхэлсэн бөгөөд боловсролын системд анхаарал хандуулах цаг нэгэнт болсныг онцлов. Боловсролын тогтолцоог сайжруулах нь бидний ганц итгэл найдвар болж байна гэлээ. Түүний ажигласнаар шашны болон философийн үзэл нь нэлээд тогтвортой байдаг бол соёлын хувьд арай өөр ажээ.

Дээрхийн Гэгээнтэн "Энэрлийн төлөөх Далай Ламын төв" ТББ-ын
нээлтэнд үг хэлж байгаа нь.Англи, Оксфорд. 2015.09.14
Гэрэл зургийг Кеико Икеүчи
Шинжлэх ухааны эрдэмтэд хүний сэтгэлийн үндсэн мөн чанар нь нигүүлсэнгүй болохыг нотлосон байна. Жишээлбэл эд хөрөнгө багатай ч гэсэн энэрэн нигүүлсэх хийгээд ёс суртахуунтай байж чадах юм бол тухайн гэр бүл аз жаргалтай байж чаддаг ба эсрэгээрээ баян чинээлэг хэрнээ аз жаргалгүй амьдарч байгаа гэр бүл байдгийг Дээрхийн Гэгээнтэн онцлов.
“Хэдийгээр шашин нийгэмд нэлээдгүй үүрэгтэй ч аль нэгэн шашныг бүх нийтээр хүлээн зөвшөөрөх боломжгүй. Тийм учраас шашнаас ангид ёс суртахуун өнөө цаг үед маш чухал болоод байна.”
Ингээд тэрээр сүүлийн асуултанд:
“Бодит хандлагатай байх хэрэгтэй. Хөгшин хүмүүс залуу хүмүүс шиг аяглах, тэнэгүүд ухаантай мэт дүр эсгэх хэрэггүй бөгөөд нөхцөл байдлыг бодитоор хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Дэлхийн өөрчлөлт биднээс хамаарч байна. Хэрэв бид бүгд хичээвэл ирээдүй хойч үеийн залуус маань илүү аз жаргалтай, энх тайван цогцолсон дэлхий нийгмийг үзэх болно. Та бүхэнтэй энд хамт байсандаа баяртай байна. Баярлалаа.” хэмээн хариулсан юм.