Англи, Кэмбридж. 2015.09.17- Өнөө өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг Крипс Кортыг чиглэн явахад бүртийх үүлгүй цэлмэг тэнгэрт наран хурцаар ээж байлаа. ‘Боловсролын хэтийн төлөв’ сэдэв бүхий өглөөний хэлэлцүүлгийг Эд Кесслер удирдсан байна.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Магдален коллежийн Сэр Хамфрей
Крипс театрт ирсэн даруйдаа хуучин анд нөхөдтэйгөө уулзав.
Их Британи, Кембриж, 2015.9.17. Гэрэл зургийг Жереми Рассел /ДЛО
Эртний Энэтхэгээс Төвөдөд уламжлагдан ирсэн сургалтын хэв буюу багш хэдхэн шавьтай тулж ажилладаг аргачлалын талаар Дээрхийн Гэгээнтэн тодорхой тайлбарлан ярилаа. Багш эхлээд үзэж байгаа номыг маш нарийн тайлбарладаг. Шавь номоо уншиж, судалсны үндсэн дээр бусад сурагчидтай ном хаялцана. Учир шалтгааны ухааныг ашиглан хэлэлцэж байгаа сэдвийнхээ хүрээнд тэд эргэлзэж, шүүмжлэлтэй ханддаг нь оюун ухааныг хурцлахад тустай байдаг. Тэрээр мэдлэг олох гурван үе шатыг тодорхойлон хэлэхдээ,
“Хамгийн түрүүнд багшийн амнаас гарсан үгнээс, эсвэл номноос уншиж мэдлэг авдаг. Дараа нь та олж авсан мэдлэгийнхээ талаар бодож, тунгаана. Өөр бусад ном уншиж, өөр олон үзэл бодолтой танилцана. Буддын хийгээд буддын бус сэтгэлгээний олон төрлийг судалж, яагаад ийм олон төрөл байгааг эргэцүүлэн бодно. Гурав дахь үе шат бол амьдрал дээр туршин олсон мэдлэгээ дадлагжуулах явдал юм” хэмээн айлдлаа.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Магдален коллеж дээр зохион
байгуулагдаж байгаа хэлэлцүүлгийн хоёр дахь өдөр үг хэлж
байгаа нь. Их Британи, Кембриж, 2015.9.17.
Гэрэл зургийг Жереми Рассел /ДЛО
Шашны байгууллагууд хүний сайн сайхан болон улам өсөн нэмэгдэж байгаа бидний харилцан хамаарлын тухай ярьдаг байх шаардлагатайг лорд Виллиамс тэмдэглэн хэлэв. Танхимаас тавьсан асуултад тэрээр хариулахдаа, аль нэг зүйлийн гарцаагүйг нотлохын оронд өөртөө итгэлтэй байдлыг бий болгоход анхаарах ёстой гэв. “Бүү сандар” гэсэн бичгийг сургуулиудын хаалганы дээр өлгөхийг хүсч буйгаа тэр хэллээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам ба лорд Рован Виллиамс нар
хэлэлцүүлэг хийж байгаа бүлэг хүмүүстэй уулзлаа. Их Британи,
Кембриж, 2015.9.17. Гэрэл зургийг Жереми Рассел /ДЛО
Үдээс хойших сүүлчийн нэгдсэн хуралдааныг Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын Дели дэх Нийтийн Хариуцлагын Сангийн нарийн бичгийн дарга Ражив Мехротра даргаллаа. Хэлэлцүүлгийн эхэнд хурлын дарга танхимд суугаа хүмүүсийг шашин шүтдэг, шүтлэгтэй, шүтлэггүй эсэхийг нь лавлаж гарыг нь өргүүлэв. Цөөхөн хүн шүтлэггүй гэдэг дээр гар өргөсөн байна.

Хурлын дарга Ражив Мехротра Дээрхийн Гэгээнтэн Далай Лам болон
лорд Виллиамсаас асуулт асууж байгаа нь. Их Британи, Кембриж,
2015.9.17. Гэрэл зургийг Жереми Рассел /ДЛО
Дээрхийн Гэгээнтэн өөрийн ээлжинд үг хэлэхдээ, шүтлэг бол сайн хүн байхын тулд байдаг учраас тэрээр иргэний шүтлэг байж болох талаар төсөөлөн бодож буйгаа иэлрхийлэв. Хэдийгээр зарим хүн шашинд том барилга байшин хэрэгтэй хэмээн боддог ч, шашин бол итгэл үнэмшил, үнэн хэрэгтээ хайрыг дэлгэрүүлэгч билээ. Шашны янз бүрийн уламжлал нь өөр өөр арга замаар бодит үнэнийг эрэлхийлэх гүн ухааныг номлодог бөгөөд итгэл үнэмшлээр дамжуулан хайр, энэрлийг түгээдэг. Гэхдээ итгэл үнэмшлээ өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлэхийн оронд (хоосон) шүтэж бишрэх нь чухал гэж үздэг хүмүүс байх шиг байна.
Амьдралыг бүтээгч Эзэн бүтээсэн, хүн Эзэнтэй шууд холбоотой гэх үзэл санаа нь хүнийг хүчирхэг болгодог гэдгийг Дээрхийн Гэгээнтэн хүлээн зөвшөөрөв. Нэг үнэн, нэг шашин гэх үзэл нь хувь хүний хувьд байж болох ч, өнөөгийн олон шашин бүхий дэлхий ертөнцөд бид олон шашин, олон үнэнийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй талаар ярив. Гол нь өөрийн шашин шүтлэгт чин сэтгэлээсээ хандах чухал юм.

Ярилцлагад оролцогч асуулт тавьж байгаа нь. Их Британи,
Кембриж, 2015.9.17. Гэрэл зургийг Жереми Рассел /ДЛО
Ухамсрын тухайд Дээрхийн Гэгээнтэн хэлэхдээ, бидний ердийн ухамсар нь мэдрэхүйн эрхтний мэдрэмжтэй холбоотой байдаг гэв. Зүүдэнд, эсвэл унтаж байхад мэдрэхүй ажилладаггүй учраас энэ үед илүү нарийн түвшний ухамсар бий болдог. Гүн нойрны, ухаан алдах үеийн, нас нөгцөх үеийн ухамсар нь илүү нарийн түвшнийх байдаг. Ухамсар бол тархины үйл ажиллагааны илрэл хэмээн ихэнх эрдэмтэд 20 зууны төгсгөл хүртэл үздэг байсныг тэр дурдав. Гэвч сэтгэцийн уян хатан чанарыг олж нээснээс хойш энэ үзэл бодол өөрчлөгдөж ирсэн байна.
Төвөдөд зарим хүн, ихэнхдээ лам нарын бие нь клиник үхлийн дараа хэдэн өдрөөр муудахгүй хадгалагдан үлдсэн тохиолдлын талааар Дээрхийн Гэгээнтэн ярив. Эрдэмтэд энэ үзэгдлийг сонирхон судалж байгаа бөгөөд төхөөрмжийн тусламжтайгаар зарим нээлтийг хийсэн гэдгийг хэллээ. Нарийн түвшний ухамсар үхлийн дараа хэсэг хугацаанд биед оршсоор байдаг хэмээн төвөдүүд үздэг.
Төвөд хэлнээ орчуулагдсан буддын ном судрын 300 ботийн агуулгыг шинжлэх ухаан, гүн ухаан болон шашны хэмээн ангилж болно гэж Дээрхийн Гэгээнтэн тайлбарлан ярив. Шашны агуулга нь буддистуудын хувьд чухал байж болох ч, шинжлэх ухааны болон гүн ухааны хэсэг нь эрдэм шинжилгээний ач холбогдлоороо бусад хүний анхаарлыг татаж болох юм. Энэ үүднээс буддын шинжлэх ухааны сэдвээр ном бэлтгэсэн байгааг англи болон бусад хэлнээ орчуулж байгаа ажээ. Орчуулга бэлэн болмогц хэдэн хувийг тус коллежид илгээхээ тэрээр амлалаа.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам лорд Виллиамс нар хурсан олонтой
гар даллан салах ёс хийлээ. Их Британи, Кембриж,
2015.9.17. Гэрэл зургийг Ян Камминг
Хурэлцэн ирж энэхүү арга хэмжээнд оролцсон, арга хэмжээг амжилттай болгоход хувь нэмрээ оруулсан, дэмжиж тусалсан бүх хүнд Камерон Тейлор талархал илэрхийллээ. Энэ арга хэмжээ нь “Хэлэлцүүлгийг Дэмжих Сангийн“ шугамаар зохион байгуулагдаж байгааг тэр сануулаад, цаашид ч ийм арга хэмжээ олноор зохион байгуулагдах бөгөөд тэдгээрт өнөөдөр энд байгаа хүмүүсийг оролцоно гэдэгт итгэж буйгаа тэр хэлэв. Тэр Дээрхийн Гэгээнтэн, лорд Виллиамс, Хиллари Виллиамс-Папворт нарт онцгойлон талархал илэрхийллээ. Оролцогчид халуун дотно уур амьсгалын дунд зургаа авахуулснаар арга хэмжээ өндөрлөв.
Крипс Кортоос хөдлөхийн өмнө Дээрхийн Гэгээнтэн төвөд хүмүүсийн төлөөлөлтэй уулзаж, төвөд хэл, соёл, шашны уламжлалаа хадгалан үлдэхийг тэдэнд уриалсан байна. Түүнтэй уулзахын тулд зорьж ирсэн, гадаа гудманд баяр ёслолын байдалтай мэндчилсэн тэдэнд тэрээр талархаж буйгаа илэрхийлэв. Дээрхийн Гэгээнтэн маргааш Лондон хотыг зорино.