Англи, Лондон. 2015.09.19 – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өнөө өглөө Тейт Британ музейн дэргэдэх Милбанк Миллениум боомтноос усан онгоцонд суулаа. Гол уруудах түүний аялал 10 орчим майл үргэлжилж, эцсийн цэг О2 цэнгэлдэх хүрээлэнд очих хооронд Парламентын ордноос эхлээд Ламбет ордон, Лондон ай, Шард зэрэг Лондонгийн дурсгалт газрууд нүдний өмнө жирэлзэн өнгөрч байв. Дээрхийн Гэгээнтэн Гринвич Яахт клуб боомтод газардаад, цэнгэлдэх хүрээлэн хүрэх богино зайг машинаар туулсан юм.
Эн тэргүүнд тэрээр Их Британи болон Хойд Европын орнуудад оршин суудаг 700 төвөд хүнтэй уулзалт хийлээ. О2 индиго театрт түүнийг ороход цагаан хадагны давалгаа далай тэнгис лугаа давалгаалж байв. Тэрээр индэр дээрээс хуучин анд нөхөдтэйгээ инээмсэглэн мэндчилээд, дараа нь суудлаа эзлэн, Цэрэн Пассаны тавьсан тайланг анхааралтай сонслоо.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Төвөдийн нийгэмлэгийн хүмүүстэй
уулзаж байгаа нь. Англи, Лондон, 2015.9.19. Фотог Иан Камминг
Тайланд тусгагдсанаар Их Британид 700 гаруй төвөд хүн байгаагаас гуравны нэг нь 18 хүрээгүй хүүхэд багачууд ажээ. Их Британи дахь Төвөдийн нийгэмлэг сургалтын тэтгэлэг олгох болон бусад хэлбэрээр төвөдүүдийн боловсролыг дээшлүүлэхэд санхүүгийн болон бусад дэмжлэг өгч байгааг тайланд мөн онцлон тэмдэглэсэн байна. Дээрхийн Гэгээнтэн өгүүлэхдээ,
“Бидний түүхэн дэх хамгийн хүнд хэцүү энэ үед би олон зүйлийг ганцаараа хийж чадахгүй. Гэхдээ би өөрөөсөө хамаарах бүхнийг хийхийн төлөө зүтгэсэн, та бүхэн ч надад итгэл найдвараа өгч байгаа.
Aрхеологийн олдвороос үзэхэд Төвөдийн соёл иргэншил өнө эртнийх гэдэг нь батлагдсан. Төвөдийн хаан Соронзонгомбо хятад болон балба эхнэр авсан. Аль аль эхнэр нь Төвөдөд ирэхдээ Бурхан Багшийн сэрэг дүрийг авч ирсэн. Хятадтай нягт харилцаатай байсан хэрнээ Трисон Дэцэн 8 дугаар зуунд Төвөдөд буддын шашныг Жагарын орноос залж дэлгэрүүлсэн байна. Тэрээр Наландагийн тэргүүн сэтгэгч, гүн ухаанч, учир шалтгааны ухааныг судлагч Шантаракшитаг урин залсан юм. Шантаракшита гэгээн буддын ном судрыг төвөд хэлнээ орчуулах ажлыг хөхүүлэн дэмжсэн байна. Тэр өөрөө ч төвөд хэлийг сурч эхэлсэн гэсэн яриа байдаг. Самьяа хийд винайн ёс, орчуулга болон бусад салбарыг хариуцсан салбартайгаар байгуулагдаж байжээ” гэлээ.
Төвөдийн боловсролын тогтолцооны тухайд,
“Бид, тэр тусмаа эрэгтэй, эмэгтэй лам хуврагууд улам их хүч хөдөлмөр гаргаж хөдөлмөрлөх хэрэгтэй байна. Дан ганц ‘Их бодь мөрийн зэрэг”-ийг (Ламрим) судлах нь хангалттай бус. ‘Илт онохуйн чимэгт ’ өгүүлэхдээ, Хутагтын Дөрвөн хийгээд Хоёр Үнэний суурин дээр Лам Гурван Эрдэнийг судал хэмээсэн байдаг.
Бид өөрсдийгөө дөвийлгөхгүйгээр үндэсний өв уламжлалаараа бахархах хэрэгтэй. Хятадын коммунистууд төвөд хүмүүсийг хэдэн арван жилийн турш тамлаж, хөнөөж ирсэн ч, бидний үзэл санаа хүчтэй хэвээр байгаа. Бид хүчтэй. Үүнийг тэд тооцоолоогүй. Бид бууж өгөх ёсгүй, ялангуяа боловсролын хэм хэмжээг хадгалах тал дээр” хэмээн Дээрхийн Гэгээнтэн айлдав.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Төвөдийн анд нөхөд, дэмжигчдийн
хамт. Англи, Лондон, 2015.9.19. Гэрэл зургийг Иан Камминг
“Буддизм Төвөдөд орж ирснээр бидний соёлыг энх тайван, хүчирхийллийн бус болгон өөрчилсөн. Энэ бол өнөөгийн дэлхий ертөнцөд үнэхээр үнэ цэнэтэй өв мөн. Хятадад энэ соёл мөн хэрэгтэй. Хятад нь уламжлалт буддын шашинтай орон бөгөөд нийт 400 сая буддист байдгаас ихэнх нь Төвөдийн буддизмыг сонирхдог хэмээн ярьдаг. Миний уулзаж байсан олон хятад хүн намайг Хятадад очихыг урьдаг.”
Төвөд материаллаг хөгжлийн хувьд хоцрогдсон агаад хөгжих хэрэгтэй гэдгийг Дээрхийн Гэгээнтэн хүлээн зөвшөөрөв. Тэрээр Өрнийг зорьсон төвөд хүмүүс, тэр дундаа хууль бусаар орогносон хүмүүсийн тухай ярилаа. Тэр хүмүүс эд материалын хөгжлийг эрэлхийлснээс сэтгэлийн хөгжлийг хайгаагүй. Төвөд Хятадын нэг хэсэг болсон нь хоёр орны аль алинд нь өгөөжтэй байж болох юм хэмээн тэмдэглэн хэлэв. Төвөдийн бүрэн тусгаар тогтнолын төлөө тэмцэх ёстой хэмээн үздэг залуучууд байдгийг тэр хүлээн зөвшөөрөөд, энэ нь тэдний эрхийн асуудал боловч тэд асуудалд бодитоор хандах хэрэгтэй хэмээн нэмж хэлсэн юм.
Их Британи болон Төвөдийн дотно харилцааны тухайд,
“Та нарын дунд он удаан жил нөхөрлөсөн анд нөхдөө харахдаа би туйлын баяртай байна. Үнэт зүйл, шашин, мэдлэгээ хадгалан үлдэхэд минь туслаач гэж гуйж байна. Энэ тусламж төвөдүүдэд төдийгүй, Хятадын ард түмэнд ч тусаа өгнө гэдэгт найдаж байна” хэмээн ярьлаа.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам урлагийн тоглолт хийсэн төвөд
хүүхдүүдтэй ярилцаж байгаа нь. Англи, Лондон, 2015.9.19.
Гэрэл зургийг Иан Камминг
“Ахан дүүс нар аа,” хэмээн Дээрхийн Гэгээнтэн яриагаа эхэллээ. “Та бүхэнтэй уулзаж, өөрийн бодол санаа, туршлагаасаа хуваалцах гэж байгаадаа би баяртай байна. Асуулт хариултын цаг дээр би мөн та бүхнээс суралцана гэдэгтээ итгэлтэй байна. Энэ арга хэмжээг зохион байгуулсан хүмүүст талархлаа илэрхийлэхийн ялдамд хүрэлцэн ирсэн бүх хүмүүст баярлаж буйгаа илэрхийлье.
Би бол өнөөдөр дэлхий дээр амьдарч байгаа 7 тэрбум хүний ердөө нэг нь билээ. Бид бие бялдрын хувьд, оюун ухааны хувьд, сэтгэл санааны хувьд бүгд ижилхэн. Бид бүгдэд ямар нэг асуудал тулгардаг ч, асуудлыг шийдэх чадвар бас бидэнд заяасан байдаг. Эрдэмтэд балчир насны хүүхдүүдэд туршилт хийж үзэхэд, тэд зурган дундаас бусдад тусалж байгаа хэсэгт тааламжтай хандаж, бусдад хор хөнөөл үзүүлж байгаа хэсгээс айн эмээж байсан аж. Үүгээрээ тэд хүний төрөлхийн энэрэнгүй, сайн мөн чанарыг харуулсан юм.
Эрүүл ухаанаар бид эргэн тойрондоо болж байгаа зүйлийг харж болно. Хөршүүдээ ажиглацгаа. Тэд чинээлэг байж болох ч, тэдэнд сайхан сэтгэл дутагдвал, тэд бусдад хардаж сэрдсэн сэтгэлээр ханддаг бол тэд аз жаргалгүй, харин хүнд итгэдэг, сайхан сэтгэлтэй нэг нь аз жаргалтай байдаг.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам O2 цэнгэлдэх хүрээлэнд үг хэлж
байгаа нь. Англи, Лондон, 2015.9.19. Гэрэл зургийг Иан Камминг
“Би аз жаргалтай амьдрахыг хүсч байна, бусад хүмүүс ч мөн ийнхүү хүсч байгаа. Энэ бол бид бүгдэд маань олгогдсон эрх мөн. Хэрвээ бид бүгдээрээ хичээн чармайж, ирээдүйгээ алс хэтийн төлөвт нь харж чадах аваас дэлхий ертөнцийг арай дээр болгох боломж байна. Одоо асуулт хариултанд цаг гаргацгаая” хэмээв.
Танхимын арын эгнээнээс хэн нэгэн хурлын даргын зөвшөөрлийг хүлээж үл тэвчин,
“Төвөдийн нийгэмд ялгаварлан гадуурхах явдал байгаа юу? Энэ үнэн үү?” хэмээн хашгиран асуув. Дээрхийн Гэгээнтэн асуултад шууд хариуллаа.
“400 орчим жил маргаан дагуулж байгаа Шүгдэнгийн асуудлыг та хөндөж байх шиг байна. Гэхдээ сүүлийн 80 жилийн хугацаанд энэ асуудал олонд илэрхий болж байгаа. Миний хувьд энэ сахиусыг шүтдэг байхад надад шашны эрх чөлөө байгаагүй. Харин уг шүтээний мөн чанар, гарал үүслийг ойлгож, шүтэхээ зогсоосны дараа л би эрх чөлөөг мэдэрсэн. Дараа нь үүний үнэн учрыг бусдад тайлбарлах нь миний үүрэг байсан. Миний хэлсэнд анхаарлаа хандуулах эсэх нь харин таны хэрэг. Гэсэн ч та Өмнөд Энэтхэгт очиж, Төвөдийн дүрвэгсдийн сурингуудад энэ шүтээнийг шүтдэг хүмүүс өөрийн сүм хийдээ байгуулсан байгааг өөрийн нүдээр харах хэрэгтэй. Тэнд хэн юу дуртайгаа шүтэх эрх чөлөөтэй байгааг өөрийн биеэр харж мэдрэх боломжтой.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварын үеийн 02 цэнгэлдэх
хүрээлэнгийн дүр зураг. Англи, Лондон, 2015.9.19.
Гэрэл зургийг Иан Камминг
Тэрээр Дээрхийн Гэгээнтний нэгэн адил БиБиСи-гийн мэдээг байнга сонсдог гээд, мэдээ сонсох үедээ сэтгэл гутралаас хэрхэн ангид байдаг тухай асуулаа.
“Эн тэргүүнд, бидэнд тулгарч байгаа өнөөгийн ихэнх асуудлыг бид өөрсдөө бий болгосон учраас логикийн хувьд тэдгээрийг шийдэх чадвар бидэнд байх ёстой. Дараа нь олон нийтийн мэдээллийн хэрэгсэл эерэг өөрчлөлтийг байх ёстой зүйлээр хар,ж түгээх тал дээр хэр анхааралттай ханддагийг бодох хэрэгтэй. Аллага, хүчирхийлэл, бэлгийн дарамтын тухай мэдээ голлож байгаа мэт санагдаж байна. Мэдээллийн сувгууд аливаад илүү тэнцвэртэй хандлагаар хандах ёстой гэж би боддог.
Саяхан БиБиСи үзэж байгаад, эхийн сүүний агууламж хүүхдийн хэрэгцээнээс хамаарч өөрчлөгдөж байдаг гэдгийг мэдэж авлаа. Энэ мэдээ Дели-д болсон шашин хоорондын уулзалтыг надад санагдуулсан юм. Би буддын шашныг, харин нэгэн санваартан лалын шашныг төлөөлж байлаа. Хинду шашныг нэрт эрдэмтэн, Жамму Кашмир мужийн ража агсны хүү доктор Каран Сингх төлөөлсөн юм. Тэгэхэд, эхийн сүүгээр хооллосон ядуу тариачны хүү би, хөхүүлэгч эхээр хооллосон түүнээс хавьгүй илүү хоолтой байжээ хэмээн түүнийг цаашлуулж байж билээ.
Эцэг эхчүүд аль болох их цагийг хүүхдүүддээ зориулах ёстойг бид мэддэг болсон. Тэдэнд хайр энэрлийг харамгүй өгөх ёстой. Энэ хайр энэрэл нь бидний амьдралын хамгийн анхны хичээл байдаг. Минйи хувьд ээж маань биднийг маш их хайрладаг байсан бөгөөд ааваас ялгаатай нь түүний уурлаж байхыг бид ерөөсөө хараагүй.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өөрийн орчуулагч гэвш Даш Цэрэн
болон хөтлөгч Дан Гоулманы хамт сонсогчдын асуултад хариулж
байгаа нь. Англи, Лондон, 2015.9.19. Гэрэл зургийг Иан Камминг
Өөрт хамаатуулах сэтгэл нь уур уцаарын нэгэн адил бие даасан тусдаа сэтгэл хөдлөл бус, харин бусад сэтгэлтэй нягт холбоотой гэдгийг Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэллээ. Үүнийг ойлгоход сэтгэл хийгээд сэтгэл хэрхэн ажилладаг тухай эртний Энэтхэгийн мэдлэг тус болно хэмээн тэр өгүүлэв.
Бохир улс төрийн тухай асуултад, хүний бүхий л үйл ажиллагааны чанар нь эн тэргүүнд сэдлээс хамаарна гэдгийг Дээрхийн Гэгээнтэн тодотгон тайлбарлав. Улс төр өөрөө бохир бус, харин амин хувиа хичээсэн, харалган, явцуу сэдэл л улс төрийг бохир болгодог. Юмс сайн тал руугаа, эсвэл муу тал руугаа хөгжиж байгаа тухай асуултад, сүүлийн 30 жилийн хугацаанд шашин ба шинжлэх ухааны хооронд асар том ойлголцол бий болсныг дурдав.
“Физик ертөнц, материйн талаар би суралцсан бол ухамсар хийгээд сэтгэлийн асуудал эрдэмтдийн сонирхлыг ихэд татах болсон. Дээрх хэлэлцүүлгийн явцад иргэний ёс зүй шаардлагатай байгаа талаар ойлголцол бий болж байгаа. “
Дайн бол асуудлыг шийдэх шийдэл гэсэн 20 дугаар зууны эхэн үеийн хандлага өнөөдөр өөрчлөгдөж байна. Олон орон үндэсний эрх ашгаа дэлхий нийтийн эрх ашгаас дээгүүр тавьж байсан ч, хүн төрөлхтний нэгдмэл байдлыг ойлгох ойлголтыг төлөвшүүлэх явдал хичнээн чухал болохыг уур амьсгалын өөрчлөлтийн талаар хуралдсан Копенгагений дээд хэмжээний уулзалт харуулсан билээ.

Иан Камминг Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд 80 насных нь ойд
зориулж бялуу бэлэглэж байгаа нь.. Англи, Лондон, 2015.9.19.
Гэрэл зургийг Лондон дахь Төвөдийн офис
“Өнөөдөр ярилцсан зүйлийн талаар тунгаан бодоорой. Хэрвээ ярьсан зүйлсийн маань заримыг үр ашигтай гэж үзвэл дахин бодож, нягталж, амьдралд хэрэгжүүлээрэй. Эдгээр зүйлсийг тунгаан бодохын тулд та өдөрт 20 минут зарцуулж чадвал таны амьдрал илүү аз жаргалтай болно. Төрсөн өдрийг тэмдэглэхээс илүү чухал зүйл бол өдөр бүрийг утга учиртай өнгөрөөх явдал шүү. Та бүхэнд баярлалаа” хэмээн айлдсан юм.
Танхим халуун алга ташилтаар түүнд талархлаа илэрхийлэв. Дээрхийн Гэгээнтэн танхимаас гархад Гринвич Яахт клубын гишүүд түүнийг боомтод хүлээж байлаа. Тэрээр оройн нарны тусгалд үзэсгэлэнтэй харагдах Темза голыг өгсөн буудал руугаа буцсан юм.