Англи, Лондон. 2015.09.20 – Энэ өглөө БиБиСигийн мэдээний сурвалжлагч Клайв Майри Дээрхийн Гэгээнтнээс ярилцлага авахдаа энэ цаг үед Европт тулгарч байгаа дүрвэгсдийн асуудлыг голлон хөндлөө. Хүмүүст ерөнхийдөө нигүүлслийн сэтгэл дутагдсанаас хайхрамжгүй агаад дайсагнасан байдал үүсдэг эсэхийг сэтгүүлч сонирхов. Дээрхийн Гэгээнтэн хариулахдаа,
“Хардлага, үл итгэх байдалд асуудал оршиж байгаа юм биш. Хүчирхийллийн зөрчилдөөний улмаас тэдгээр хүмүүс өөр арга зам хайж байна. Тиймээс бид тэдний нутагт энх тайван тогтоох, эвлэрэлийг бий болгох арга замыг хайх хэрэгтэй” гэлээ.

Клайв Майри Дээрхийн Гэгээнтэн Далай Ламаас ярилцлага авч
байгаа нь. Англи, Лондон, 2015.9.20. Фотог Жереми Рассел /ДЛО
Хүч үл хэрэглэх арга нь Төвөдийн үйл хэргийг шийдэхэд хүчин мөхөсдсөн гэж төвөд залуучууд үзэж байна хэмээн Майри хэллээ. Хүмүүс үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй ч, Дундаж хандлагыг Хятадын олон иргэн дэмжиж, магтаж байгаа тохиолдолд энэ бодлогыг нурсан гэж үзэх нь шударга бус хэмээн Дээрхийн Гэгээнтэн өгүүлэв. Түүнтэй уулзахаар ирсэн олон хятад хүн Төвөдөд болж байгаа үйл хэргийн төлөө түүнээс уучлал хүсдэг талаар ярьсан юм.
Шүгдэнгийн талынхны жагсаалын тухайд тэрээр, энэ асуудалтай ямар нэг хэмжээгээр холбогдсон хүмүүс дахин сайн судлан шинжилж, зөв сонголт хийх боломжийг хааж байгаа уур хилэндээ автагдахгүй байх ёстой хэмээн Дээрхийн Гэгээнтэн айлдав. Өмнөд Энэтхэгт очиж, Төвөдийн суурингуудад 2000 орчим лам уг сахиусыг ямар нэг саадгүйгээр шүтэж байгааг олж харахыг тэрээр тэдгээр хүмүүст зөвлөсөн байна.
Энэ удаагийн айлчлалын үеэр ерөнхий сайд Дэвид Камерунтай уулзах боломж бүрдээгүйд сэтгэл дундуур байна уу гэсэн сэтгүүлчийн үгийг Дээрхийн Гэгээнтэн үгүйсгээд, энэ удаад улс төрийн ямар ч арга хэмжээнд оролцохоор төлөвлөөгүй гэдгээ хэллээ. 15 дугаар Далай Лам байх эсэх тухай асуултад тэрээр хариулахдаа, үүнийг Төвөдийн ард түмний хүсэл зориг мэднэ гэж үздэгээ давтан илэрхийлсэн байна. Дараагийн төрөл нь эмэгтэй хүн байж болох талаар дэлхийн олон газарт мэдэгдэж байснаа ахин өгүүллээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Хиндужагийн ах дүү нартай уулзаж
байгаа нь. Англи, Лондон, 2015.9.20. Гэрэл зургийг Иан Камминг
Хинду, жайл, буддын шашинд ёс зүй, төвлөрөл, билиг билгүүнийг заан сургадаг нь адил боловч, Бурхан Багш ‘анатман’ буюу бие даасан Би гэж үгүй хэмээн заасанд ганц ялгаа нь оршдог тухай Дээрхийн Гэгээнтэн тайлбарлав. Түүний оюун ухаан Наландагийн сэтгэлгээгээр дүүрч, бие нь Энэтхэгийн будаа, дал-аар тэжээгдэж байгаа учраас өөрийгөө ‘Энэтхэг орны хүү’ гэж үздэг хэмээн Дээрхийн Гэгээнтэн айлдав.
Дэлхийд муу хүмүүс байна уу, эсвэл тэд төөрөгдөлд орсон байна уу гэсэн асуултад,

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Энэтхэгийн бизнесмен, улс төрийн
зүтгэлтнүүдтэй уулзалт хийж байгаа нь. Англи, Лондон, 2015.9.20.
Гэрэл зургийг Иан Камминг
Зурхайн тухай асуултад Дээрхийн Гэгээнтэн хариулахдаа, энэ талаар мэргэшээгүй ч, агуу зурхайч байсан 5 дугаар Далай Лам түүний мэндэлсэн буянт өдөр мянган нохой төрсөн хэмээн тэмдэглэн үлдээсэн байдаг хэмээн хошигнон ярив.
Хатагтай Мохини Кент Нууны болон Хиндужа сангаас өргөн барьсан үдийн зоогийн дараа Дээрхийн Гэгээнтэн ‘Ахимса – Энэтхэгийн өдөр’-ийг тэмдэглэх арга хэмжээний хүрээнд 2300 хүний өмнө үг хэлэхээр Колизей театрыг зорьсон байна. Арга хэмжээний өмнө ‘ахимса’ гэдэг нь бусдад хор хөнөөл бүү үзүүл гэсэн утгыг илэрхийлдэг ба Далай Лам үүнийг үйл хөдлөл дэх нигүүлсэл хэмээн үздэг тухай тайлбарлан ярив.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 'Ахимса – Энэтхэгийн өдрийн' арга
хэмжээнд оролцон үг хэлж байгаа нь. Англи, Лондон, 2015.9.20.
Гэрэл зургийг Иан Камминг
Танхим халуун алга ташилт илгээлээ.
“Өнөөдөр бидэнд тулгарч байгаа хүндрэлийн ихэнхийг бид өөрсдийн гараар бүтээсэн байдаг. Яаж? Учир нь бидэнд байх хоёрдугаар зэргийн ач холбогдолтой ялгаануудад бид хэт их анхаарснаас болсон юм. Яс үндэс, арьс өнгө, шашин шүтлэг, баян ядуу зэрэг ялгаанд бид өндөр ач холбогдол өгч байна. Бид бүгд аз жаргалтай амьдрал руу зүтгэж байгаа ердийн нэг хүмүүс гэдгээ мартдаг. Нэгэнт иймээс бид бие биедээ туслах ёстой.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Колизей театрт 2300 хүний өмнө үг
хэлж байгаа нь. Англи, Лондон, 2015.9.20. Фотог Иан Камминг
Хүний аз жаргалын үнэ цэнийг хөгжүүлэхэд зүтгэх нь түүний өөртөө хүлээсэн эн тэргүүний үүрэг хэмээн тайлбарлав. Буддын лам хүний хувьд шашин хоорондын эв зохицлыг хангах нь түүний хоёр дахь үүрэг ажээ. Аливаа шашинд шашны, гүн ухааны, соёлын гэсэн гурван чиглэл агуулагдсан байдаг талаар цааш нь тайлбарласан юм. Шашны чиглэл нь хайр, нигүүлсэл, тэсвэр тэвчээр, хувийн сахилга батыг номлодог бөгөөд энэ номлол бүх шашинд нийтлэг байдаг. Бүтээгч бурхан байдаг, эсвэл шүтэн барилдлага байдаг гэх гүн ухааны өөр өөр чиглэл нь хайр, нигүүлслийг номлох шашны янз бүрийн арга барилтай нь холбоотой. Энэ утгаар ‘ахимса’ хэмээх үзэл санаа нь бие, хэлээр үйлдэх үйлтэй холбоотой боловч, бидний сэтгэлээс гарах сэдлийн чанарт хүчирхийлэл ба эс хүчирхийллийн ялгаа оршино.
Эртний Энэтхэгийн ‘ахимса’ үзэл хийгээд янз бүрийн шашин энх тайвнаар зэрэгцэн орших боломжтойн үлгэр дууриал болж байгаа шашин хоорондын эв зохицлын үзэл санааг бишрэн хүндэтгэдгээ Дээрхийн Гэгээнтэн илэрхийллээ. Тэрээр Их Британи болон бусад улсад оршин сууж байгаа энэтхэгчүүд өнөөгийн дэлхий дахинд нэн чухал ач холбогдол бүхий эртний энэ уламжлалаа дэлгэрүүлэх үүрэг хариуцлагатай хэмээн онцолсон юм.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам сонсогчдын асуултад хариулж
байгаа нь. Англи, Лондон, 2015.9.20. Гэрэл зургийг Иан Камминг
“Болсон явдалд уурлаж бухимдсанаар асуудлыг шийдэж, нөхцөл байдлыг дээрдүүлж чадах уу гэдгийг өөрөөсөө асуу. Уур хилэн хийгээд өшөө хорсол нь таны сэтгэлийн амар амгаланг бусниулахаас цаашгүй. 8 дугаар зууны Энэтхэгийн их сэтгэгч Шантидева гэгээний зөвөлгөөг би амьдралд хэрэгжүүлүүштэй зөвөлгөө гэж үздэг. ‘Залруулж болох тохиол аваас уурлаж ундууцахын хэрэг юун, залруулж болшгүй тавилан бол уурлаж ундууцлаа ч нэмэр юун’ гэсэн байдаг хэмээн хариуллаа.
Шүгдэнг шүтэгч нэгэн залуухан эмэгтэй уг сахиус болон шашны эрх чөлөөний тухай уйлан асуухад, Дээрхийн Гэгээнтэн анхааралтай сонсоод, гадаа жагсаж байгаа хүмүүс үнэн түүхийн талаар мэдлэггүй байна гэв. Тэд илүү судалж нягтлах хэрэгтэй. Тэд мэдлэг мэдээлэлгүй байгаад харамсаж байна гэлээ.
Амьдралын зорилго юунд орших вэ гэсэн сүүлчийн асуултад,
“Амьдралын зорилго бол аз жаргал, баяр баяслыг олох явдал” хэмээн хариулав. Танхим дахин алга нижигнүүлэн ташлаа. “Таны үйл хөдлөл баяр баяслыг төрүүлж байвал сайн хэрэг. Баярлалаа” хэмээн тэр хэллээ.