Энэтхэг, Химачал, Дарамсала. 2015.11.04 – Дарамсал хотод өнгө өнгийн дарцаг, цэцэгс алагласан Тэгчэнчойлин хийд болон Зүглагхан дуганд Дээрхийн Гэгээнтэн Далай Лам ёслолын бүрээ үлээсэн бараа бологч лам нарын хамт хүрэлцэн ирэв. Дээрхийн Гэгээнтэн цугларсан 7000 хүмүүсийн дунд буй нөхөдтэйгээ инээмсэглэн мэндчилсний дараа Бурхан Багшийн дүрийн өмнө мөргөл үйлдэж сэнтийндээ заларлаа. Урт наслахыг бэлэгдсэн даншүг ёслолын үйл ажиллагааны бэлтгэл ажлын үеэр цугларсан олон мөргөл залбирал үйлдэж алдарт Наландагийн 17 бандидад зориулсан магтаал, Жанрайсиг бурханы залбирал болон Дарь эхийн тарни уншиж байв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тэгчэнчойлин хийдийн дуганд
сэнтийндээ заларч байгаа нь. Энэтхэг, Дарамсала. 2015.11.04
Зургийг Тэнзин Чойжир (ДЛО)
Дээрхийн Гэгээнтэн цааш нь,уламжлалын дагуу Төвдийн лам хуваргууд сахилга батын дүрэм болох винайг мөрддөг ба сэтгэлийн нэгэн үзүүрт төвлөрөл болон юмсын мөн чанарыг таньсан билиг билгүүнд суралцдаг гэв.Төвдийн буддизм буддын бүх уламжлалд ерөнхий хамааралтай гэгээрлийн 37 зүйлийн тухай сургаалийг өөртөө нэгтгэсэн байдаг .Санскрит сурвалжийг төвдийн буддизм өвлөж авсан онцлох шинж бол –хоосон чанарыг таньж мэдэх саруул ухаанд суралцах, мөн бодь сэтгэл, зургаан барамидыг хөгжүүлэх явдал юм. Дээрхийн Гэгээнтний айлдсанаар бол энэ бүгдийн хамгийн гол нь бусдад туслах явдал ажээ.

Дээрхийн Гэгээнтэнд даншүг өргөх үеэр лам нар бишгүүр үлээж
байгаа нь. Энэтхэг, Дарамсала. 2015.11.04
Зургийг Тэнзин Чойжир (ДЛО)
Дээрхийн Гэгээнтэн буддын философыг сонирхдог хиндү шашны свами-тай саяхан уулзаж ярилцахдаа өмнөх амьдралуудаа санадаг хүмүүс бол иймэрхүү зүйл байдгийн тод жишээ мөн гэж нэгдсэн дүгнэлтэнд хүрснээ хүүрнэв. Тэрээр “Бид оюун санааны дээд хөгжилд хүрэхийн тулд маш нарийн ухамсарыг эзэмших дадлага хийдэг. Төвөдүүд энэ дадлагыг зохиогоогүй бөгөөд бид өөрсдийн энэтхэг багш нараасаа өвлөж авсан.” гэж ярьлаа.
Дээрхийн Гэгээнтэн цааш нь, санскрит уламжлалыг дагадаг буддын шашинтай орнууд билиг билгүүний сургаалийн товч “Билгүүний Зүрхэн” судрыг унших ёс тогтсон. Гэхдээ төвдийн буддизмд Бурхан Багшийн билиг билгүүнийг номлосон сурвалжууд илүү ихээр хадгалагдаж үлдсэнээс гадна Нагаржуна болон түүний шавь нарын бичсэн тодорхой тайлбарууд ч хадгалагдан үлдсэн юм. Энэ нь Төвөдүүдийн “их багш” гэж нэрлэдэг ловон Шантаракшита гэгээний их гавьяа юм. Чухамхүү тэрээр л Төвөдөд Энэтхэг эрдэмтдийн ном сургаал дэлгэрэх уламжлалыг үндэслэсэн аж. Түүнчлэн тэрээр төвөдүүдийг буддын энэтхэг зохиолыг төвд хэлэнд орчуулахыг дэмжиж, түүний ачаар манай төвөдүүд төрөлх хэл дээрээ буддын гүн ухаанд суралцах боломжтой болсон. Ловон Шантаракшита өмнө нь Наланда хийдийн сургалтанд нарийн ханддаг байсан нэгэн бөгөөд үүний дүнд төвөдүүд буддын гүн ухааны сургаалийн бүрэн уламжлалыг эзэмшигчид болсон юм." хэмээн айлдав.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам даншүг өргөх ёслолын үеэр.
Энэтхэг, Дарамсала. 2015.11.04. Зургийг Тэнзин Чойжир (ДЛО)
Дээрхийн Гэгээнтэн өөрийн найз америкийн сэтгэл засалч Аарон Бекийн ярьсан, сөрөг сэтгэл хөдлөлийн үед нөхцөл байдал ямар байдаг талаар ярьсан яриаг эш татлаа. Бид хэн нэгэнд уурласан үедээ түүнийг 100% буруутай гэж хардаг, гэтэл энэ сэтгэл хөдлөлийн 90% нь ердөө бидний өөрсдийн төсөөлөл ажээ.
“Хэдий чинээ юмсын мөн чанарыг ойлгох тусам төдий чинээгээр түүний ганцаар бие даан оршиж буй гэдэгтэй зууралдах нь багасана гэж Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэв. Түүнээс гадна, та нар юмсын хамааралгүй байдалд ямар их хүчтэй татагдаж байгаагаа ухаарч ойлгох хүртлээ оюун санааны замаар тууштай урагшилж чадахгүй. Тийм учраас Бурхан Багшийн мунхаг ухааныг бүрэн төгс арилгах хэрэгтэй гэж айлдсан нь сөрөг сэтгэл хөдлөлтэй тэмцэхийг хэлж байгаа юм. Үүний эхний шат нь сэтгэл төвлөрөл болон ёс суртахуун юм.

Даншүг өргөх ёслолын үеэр уг ёслолыг зохион байгуулагчид.
Энэтхэг, Дарамсала. 2015.11.04. Зургийг Тэнзин Чойжир (ДЛО)
“Энэ бодлын үүднээс би орчин үеийн эрдэмтэдтэй ярилцлагаа эхлүүлсэн юм гэж Дээрхийн Гэгээнтэн үргэлжлүүлэв. “Буддын гүн ухаан нь логик сэтгэлгээн дээр үндэслэдэг. Төвөд хүмүүс бид бүрэн ёсоор бахархаж болох мэдлэгийг өвлөн авсан. Би бусдыг Буддизмд ор гэж уриалж байгаа юм биш, гэхдээ жишээлбэл сэтгэл зүйн салбар дахь бидний мэдлэг хүн төрөлхтний бүх сайн сайханд үнэлж баршгүй хувь нэмэр оруулж болох юм. Бусдын төлөө санаа тавих Бурхан Багшийн зөвлөгөөг дагах эсэх нь бидний өөрсдийн сонирхол боловч энэхүү зөвөлгөө нь хүн бүрт маш их ашиг тустай билээ. Хэрэв бид өөртөө хэтэрхий их анхаарахын оронд бусдад санаа тавих, мунхаглахын оронд саруул ухааныг сөргүүлж тавих юм бол бол энэ нь буян болох бөгөөд үүний төлөө урт наслахад харамсах зүйлгүй. Гэвш Бодова, “хэрэв та бусдад зөвхөн гай болж хор учруулдаг бол амьдрал чинь богино байсан нь дээр” гэжээ.
Дараа нь Дээрхийн Гэгээнтэн цугларсан олонд бодь сэтгэл үүсгэх ёсыг үйлдсэний дараа Цагаан Дарь Эхийн насны авшиг хайрлалаа. Төгсгөлд нь Намжал дацангийн хамба лам Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд даншүг өргөсөн юм. Даншүг өргөх ёслолыг зохион байгуулж байгаа эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүд, өндөр настнууд болон балчир хүүхдүүд баяр баясгалантайгаар даншүг өргөх ёслолд оролцож байлаа.

Бархам Цогшо нутгийн иргэд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд
бэлэг гардуулж байгаа нь. Энэтхэг, Дарамсала. 2015.11.04.
Зургийг Тэнзин Чойжир (ДЛО)
Магтаалд Дээрхийн Гэгээнтний Шүгдэнг шүтэх хор хөнөөлийн талаар тайлбарлаж таниулсанд талархаж буйгаа илэрхийлжээ. Тэрээр Шүгдэнг тахин шүтэхгүй байх нутгийн иргэдийн амлалтыг онцлон дурьдав. Мөн Ринбочэ цааш нь эх нутагтаа эрх чөлөөтэй эргэн очих талаар залбирч буйгаа дурьдаад хэзээ нэгэн цагт Дээрхийн Гэгээнтний сургаалыг эх нутагтаа сонсоно гэж мөрөөддөгөө нэмж хэлэв. Дараа нь Дээрхийн Гэгээнд V Далай ламаас эхлэн бусад Далай лам нартай Бархам Цогшогын иргэд хэрхэн харилцаа холбоотой байсан түүхийг өгүүлээд Аюуш хийгээд Бурхан Багшийн дүртэй алтан медаль гардуулсан юм.

Цогшо нутгийн иргэд даншүг өргөх үеэр нутгийн бүжиг бүжив.
Энэтхэг, Дарамсала. 2015.11.04. Зургийг Тэнзин Чойжир (ДЛО)
Дараа нь Цогчо группынхан “гурван цагийн Бурхад-Лам” хэмээх дуу, үндэсний бүжгээ бүжив.
Дээрхийн Гэгээнтэн өөрийнхөө зүгээс 1959 он хүртэл болон түүнээс хойш, цагаачлах үед ч уг нутгийн ард иргэд болон түүний хооронд тогтсон сэтгэлийн холбоо бат бэх байсаар байна гэдэгт итгэж байгаагаа хэлэв. “Хамгийн чухал нь бидний хооронд хүчтэй үйлийн үрийн холбоо байгаагүй бол Гүмбүмийн ойролцоох тосгоны бяцхан хүү Төвөдийн удирдагч болохгүй байлаа." гэв.
Та бүхэн Шүгдэнг тахин шүтэх талаар болон манай зарим нутаг нэгтнүүд одоог хүртэл энэ үйлийг хийсээр байгаа тухай дурдлаа, гэхдээ тэднийг буруутгах хэрэггүй. Одоогийн Далай Лам ч Шүгдэнг шүтэж байсан шүү дээ. Би Шүгдэн шүтэхийг анх Дромод 1950 онд эхлүүлсэн бөгөөд 1970 он хүртэл үргэлжлүүлэн шүтсэн. Шүгдэнг гэлүгба урсгалын гол сахуисын нэг гэж ярьдаг байсан. Тэр үед зарим лам нар үүнийг зөвшөөрдөг ч зарим нь үгүйсгэдэг байлаа.
Өнөөдөр Шүгдэнг дэмжигчид миний эсрэг хүчтэй эсэргүүцэж байна. Тэд намайг хуурамч Далай лам гэдэг. Тэд намайг лалын шашинтан бөгөөд төвөдүүд намайг дэмжих хэрэггүй гэж ятгадаг. Өөрөөр хэлбэл тэд надад хувийн зүгээсээ тааламжгүй хандаж дайсагнаж байх шиг байна. Миний зүгээс би өдөр бүр хоосон чанарыг бясалгах, бодь сэтгэлийг хөгжүүлэхэд чиглэсэн дадлага байнга хийдэг учир тэдэнд уурлан хорсох зүйл огтхон ч алга.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам даншүг өргөх ёслолын үеэр.
Энэтхэг, Дарамсала. 2015.11.04. Зургийг Тэнзин Чойжир (ДЛО)
Дээрхийн Гэгээнтэн анх 16 насандаа Төвөдийн төлөө хариуцлага хүлээсэн болон тэр үес хойш үйл явдал хэрхэн өрнөсөн талаар товчхон ярив. 1959 онд Төвөдөөс Энэтхэг рүү дүрвэсэн тэр үеийн үйл явдлыг хөндөхдөө өнөөдөр XXI зуунд хорвоо ертөнц өөрчлөгдсөн энэ үед төвөдийн асуудлыг харилцан ашигтай зохицуулах нь төвөдийн ч, хятадын ч ард түмэнд ашигтай тусна гэв.
“1959 онд эх орноо орхин гарсан төвөдүүд улам л багассаар байна, гэхдээ гадаадад төрсөн залуу үе сэтгэлийн хатуу чандаа алдахгүй байна. Бууж өгөлгүй цаашлах нь чухал. Даши Дэлэг».