Энэтхэг, Дели, Жавахарлал Неругийн нэрэмжит их сургууль. 2015.11.13 – Квантын физик ба Мадхьямака гүн ухааны сэдэвт бага хурлын хоёр дахь өдрийн хуралдаанд оролцохоор Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг өнөө өглөө Жавахарлал Неругийн нэрэмжит их сургуульд морилон ирэхэд 2 шинэ номыг хурсан олонд танилцуулахыг түүнээс хүслээ. Нэг дэх нь өнгөрсөн жил таалал төгссөн, Гадаад хэргийн сайд асан А.П Венкатесвараны хэлсэн үг болон түүний тухай дурсамжаас бүтсэн ном байв. Дээрхийн Гэгээнтэн хэлэхдээ,

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам А.П Венкатесвараны тухай номыг
танилцуулж байгаа нь. Энэтхэг, Дели, Жавахарлал Неругийн
нэрэмжит их сургууль, 2015.11.13. Фотог Тэнзин Чоежор/ДЛО
Номыг танилцуулсанд хатагтай Венкатесваран болон түүний охид талархалтай буйгаа илэрхийллээ. Дээрхийн Гэгээнтэнтэй анх уулзаж байснаа түүний талийгаач нөхөр хэрхэн ярьж байсан тухай хатагтай дурсан ярив. Тэд анхнаасаа бие биеэ ойлголцсон бөгөөд Дээрхийн Гэгээнтэн гэнэт
“Би таньтай урьд нь уулзаж байсан” хэмээн хэлэхэд гайхан цочирдсон хэмээн нөхөр нь ярьдаг байжээ.
Дээрхийн Гэгээнтнээс танилцуулахыг хүссэн хоёр дахь ном нь Жавахарлал Неругийн их сургуулийн докторууд, Төвөд судлаачдын судалгааны түүвэр ‘Дэлхийн дээвэр дээрх өөрчлөлт – Төвөдийн тухай эргэцүүлэл’ хэмээх ном байв. Төвөдүүдийн зовлон зүдгүүрийн талаар, өнөөдөр ч энэ зовлон нимгэрээгүй байгаа талаар дэлхий дахин энэ номноос илүү их мэдэх болно хэмээн Гадаад хэргийн сайд асан Лалит Мансингх уг номын удиртгалд бичсэн байна. Хятадын засаг захиргаа Төвөдөд хүний эрхийг зөрчиж байгааг энэ номд тод өгүүлнэ. Энэтхэг улс Төвөдийн үйл хэргийг илүү идэвхтэй дэмжих ёстойг тэрээр илэрхийлээд, асуудлын хангалттай зөв шийдлийг олох хүртэл шинэ үеийнхэн тэмцлийн тугаа өргөсөөр байх болно гэдгийг энэ номд өгүүлсэн хэмээн бичжээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам ‘Дэлхийн дээвэр дээрх өөрчлөлт,
Төвөдийн тухай эргэцүүлэл’ номын зохиогчдын хамт. Энэтхэг,
Дели, Жавахарлал Неругийн нэрэмжит их сургууль, 2015.11.13.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛО
“Бидний соёл бол хүчирхийллийн бус, энх тайванч, нигүүлсэл дээр тулгуурласан соёл бөгөөд эдгээр үнэт зүйлс өнөөгийн дэлхийд нэн дутагдаж байна. Сүүлийн үед Төвөдийн буддизмыг дэлхий нийтээрээ сонирхох боллоо. Наландагийн уламжлал Төвөдөд чин үнэнээрээ цэцэглэн хөгжсөн юм. Тэр ч бүү хэл манай төрөлх төвөд хэлээр уламжлагдан ирсэн. Өнөөдөр төвөд хэл л Наландагийн буддизмыг хамгийн зөв илэрхийлэх хэл болоод байна. Хэдэн зууны турш Төвөдөд хэрэгжүүлж байсан уйгагүй сургалттай энэ холбоотой. Энэ сургалтын зорилго нь ёс суртахууныг төлөвшүүлэх, сэтгэлийг өөрчлөн засахад чиглэгддэг. “
“1960-аад онд бид Төвөдөд өрнөж байгаа үйл явцыг эсэргүүцсэн байр суурьтай байхыг НҮБ-д уриалсан. Неру бидэнд сануулж байсан лугаа бидний уриалга үр дүнг дагуулаагүй. Төвөдийн үйл хэргийг амжилттай шийдэхийн тулд үр хүүхдүүдийнхээ боловсролд анхаарахыг тэр бидэнд зөвлөсөн юм. Энэ бол туйлын ухаалаг зөвөлгөө байлаа.”
“9 дүгээр зуунд Төвөд орон тусгаар тогтносон улс байж, Монголын болон Хятадын эзэнт улсуудтай мөр зэрэгцэн оршин тогтнож байсан. Өнөөдөр бидний тэмцлийг дэлхий нийтээрээ дэмжиж байна. Би одоо 80 настай, залуу үе маань бидний үйл хэргийг үргэлжлүүлнэ гэдэгт итгэлтэйгээр явахыг би хүсч байна.”

Гэвш Жанчив Сэнгээ болон профессор Сундар Саруккай нар
асуултад хариулж байгаа нь. Энэтхэг, Дели, Жавахарлал
Неругийн нэрэмжит их сургууль, 2015.11.13.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛО
Гандан хийдийн гэвш Жанчив Сэнгэ шүтэн барилдлагын талаар илтгэл тавихдаа шүтэн барилдлага бол юмс үзэгдлийн бодит үндэс хэмээн дүгнэсэн байна. Тэрээр шүтэн барилдлагыг үзэгдлийн шалтгаан, түүний хэсгүүд хийгээд зориулалтын дагуу оршдогтой нь холбон тайлбарлав. Прасангика Мадхьямака буюу Консеквенциалист Төв Үзлээр юмс огтхон ч бодитоор оршдоггүй, харин зоиулалт дээр үндэслэн тэдгээрийн үйл хөдлөл болон хүчин зүйлс тогтвортой байдаг хэмээн үзэж болно хэмээн тэрээр дүгнэсэн юм.

Махаан Махарж алгебр-геометрийн хоёрдмол чанарын талаар
тайлбарлаж байгаа нь. Энэтхэг, Дели, Жавахарлал Неругийн
нэрэмжит их сургууль, 2015.11.13. Фотог Тэнзин Чоежор/ДЛО
Үдийн завсарлаганы дараа профессор Артур Зайонц Квантын Физикийн экспериментал үндсийн талаар илтгэл тавилаа. ‘Сайтар судалсан юмс бүгд бидэнд шинэ эрхтнийг нээж байдаг’ гэсэн Гётегийн үгийг тэрээр эш татав. Сонгодог физикт ажиглагч бол зүгээр нэг үзэгч, түүнийг хэзээд ч үгүйсгэх боломжтой хэмээн цохон тэмдэглэлээ. Харин EPR гэх мэт квантын физикийн үндсэн туршилтууд, квантын физикийн нөхцөлт болзол болон статистик нь сонгодог физикийг үгүйсгэх, дэлхий ертөнцийг үндсээр нь тэс өөр түвшинд ухаж ойлгоход хүргэж байна. Хойшлогдох сонголт, квантын арилгагчийн туршилтын талаар, тэдгээр нь ‘хэмжилтийн асуудалтай’ хэрхэн холбогдох талаар, квантын физик дэх ажиглагчийн үүргийн өөрчлөлтийн талаар эрдэмтэн нарийн тодорхой тайлбарлав.

Профессор Артур Зайонц илтгэл тавьж байгаа нь. Энэтхэг, Дели,
Жавахарлал Неругийн нэрэмжит их сургууль, 2015.11.13.
Гэрэл зургийг Жереми Рассел/ДЛО
Бага хурлыг хааж хэлсэн үгэндээ өөрийн сургаалийг сохроор дагах бус, сайтар нягтлан шинжлэхийг зөвлөсөн Бурхан Багшийн сургаалийг Дээрхийн Гэгээнтэн давтав. Бурханы сургаальд ухаалгаар эргэлзэж, шүүмжлэлтэй хандсанаар асуулт тавих нөхцөл бүрдэх бөгөөд асуулт үгүй бол хариулт үгүй билээ. Дээрхийн Гэгээнтэн,
“21 дүгээр зууны техник технологийн дэвшил нь бидний тав тухыг улам сайжруулж болох ч, сэтгэлийн амар амгаланг олгоно гэдэг юу л бол. Бидний уур хилэн, айдас хүйдсийг нэмэгдүүлэх, сэтгэлийн сөрөг хандлагыг өөгшүүлэх хэрэгсэл болгохгүйн тулд аливаа шинэ мэдлэгт бид маш болгоомжтой хандах ёстой. Бидний ирээдүй хүн төрөлхтний бусад ахан дүүсээс маань хамаарна гэдгийг бид санаж байх учиртай.
Бусдын хайр энэрлийн хүчинд бид эсэн мэнд байдаг. Энэхүү хайр энэрлийн хүчээр бид бусдад хайр түгээж чаддаг. Уур хилэн, айдас хүйдэс бидний эрүүл мэндийг хөнөөж байдаг бол амар амгалан сэтгэл бидний сайн сайхан явахын баталгаа болдгийг шинжлэх ухаан нотолсон. Гэр бүлд сайхан сэтгэл, итгэлцэл байхгүй бол тэр гэр бүл аз жаргалгүй байдгийг эрүүл ухаантай хэн бүхэн мэднэ. Хүмүүн бидний үндсэн мөн чанар бол эерэг гэдгийг ухамсарлах нь итгэл найдварын эх ундарга мөн.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам бага хурлын илтгэгчид болон
хурлыг даргалагч нарын хамт. Энэтхэг, Дели, Жавхарлал
Неругийн нэрэмжит их сургууль, 2015.11.13.
Гэрэл зургийг Жереми Рассел/ДЛО
Ирэх жил нейробиолог болон тархи судлалын эрдэмтдийг оролцуулан сэтгэл хийгээд сэтгэл хөдлөлийн чиглэлээр бага хурал зохион байгуулахыг би санал болгож болох уу?
Яг одоо дэлхий дахинд өрнөж байгаа аймшигт үйл явдалд уйлан гашуудах, эргэл мөргөл нэмэр болж чадахгүй байгааг бид харж байна. Ихэнх хүндрэлтэй асуудлыг хүмүүс бид өөрсдөө бий болгосон учраас зөв шийдлийг нь ч бас бид олох ёстой. Үүнийг би хэлэхийг хүслээ. Хурал зохион байгуулах том боломж олгосон их сургууль, түүний багш ажилчид, бага хурлыг зохион байгуулагчид, сайн дурын ажилтнуудад талархлаа илэрхийлье. Баярлалаа” хэмээн айлдлаа.
Профессор Ренука Сингх албан ёсны талархлын үгээр бага хурлын ажиллагааг хаав. Дээрхийн Гэгээнтэн бага хуралд оролцсон Төвөд эрдэмтдэд хандан төвөд хэлээр урам зориг хайрласан үг хэлэв.
Дээрхийн Гэгээнтэн маргааш Пунжаб мужийг зорьж, Пхагварагийн их сургуулийн арга хэмжээнд оролцоно.