Энэтхэг, Карнатака, Билакуппе. 2015.12.13. Энэ өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Жүдмад дацанд сэнтийндээ залрах үед хүндэт зочид болон лам нарт багц бүхий олон боть ном хүргэж ирэв. Тэдгээр нь Далай Лам нарын зохиосон номнуудаас бүрдсэн бөгөөд эдгээр номуудад үндэслэн Жүдмад дацангийн буддын гүн ухааны сургалтын шинэ хөтөлбөрийг боловсруулжээ. Уг номыг танилцуулж Жүдмад дацангийн хамба лам “Дээрхийн Гэгээнтэн Далай Лам урт насалж, Богд Зонховын сургаал дэлхий даяар түгэн дэлгэрээсэй хэмээх хүслээр уг 13 боть бүхий багц номыг хэвлэн гаргалаа” гэсэн юм.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Хүнсүр дахь Жүдмад дацанд
сэнтийндээ залрахын өмнө мөргөл үйлдэж байгаа нь. Энэтхэг,
Карнатака, Хүнсүр. 2015.12.13. Зургийг Жереми Рассел/ДЛО/
Төгсгөлд нь Дээрхийн Гэгээнтэн:
“Өнөөдөр Жүдмад дацангаас надад зориулж урт наслах даншүг ёслолыг чин сэтгэлээсээ үйлдэж байна. Энд байгаа бүх хүн болон Төвөд хүмүүс надад нугаршгүй, чин итгэлтэй байдгаа илэрхийлж байна. Миний зүгээс хариу болгон Сандуйн авшигийг хүртээж, “найман их хөтөлбөр” номыг уламжлан өгсөндөө баяртай байна” гэлээ.
“Цэлэй Нагцо Рондолын нэг газраас нөгөө газар луу мориор явахгүй, зөвхөн цагаан хоол идэж, ном айлдахдаа ямар ч төлбөр авахгүй гэсэн ам тангараг тавьсныг би анх олж хараад би ч бас ном айлдахдаа юу ч авахгүй байхаар шийдсэн гэдгийг та бүхэн мэдээсэй гэж хүсч байна."
“Хичнээн их зан үйл хийвч өөрийн дадлага суулгахгүй бол үр дүн бага байдаг. Мял Богдын дүү нь түүнд бусад багш нар баян байхад та дүүдээ өгөх юу ч үгүй байна хэмээн гомдоллоход тэрээр аль хэдийн ертөнцийн найман гэмээс ангижирснаа хэлсэн байдаг. Зарим лам нар баруунд олон шавь нартай болоод ирэхээрээ биеэ тоож эхэлдэг. Сэргэг болгоомжтой байж ертөнцийн найман зүйлийн нөлөөнд авталгүй сэтгэлээ хянамгай байлгах хэрэгтэй.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Хүнсүр дахь Жүдмад дацанд үг
хэлж байгаа нь. Энэтхэг, Карнатака, Хүнсүр. 2015.12.13.
Зургийг Жереми Рассел/ДЛО/
"Өмнөх Далай Лам нарын номнуудаас бүрдсэн цуврал багцыг бид өнөөдөр хэвлэн гаргаж байна. Хэдийгээр ойрын өдрүүдэд 6-р Далай Лам Цаняанжамцын зохиосон дуу алдаршиж байгаа ч II, III Далай Ламын бүтээлүүд бас үзэж судлахгүй байхын аргагүй чухал номууд билээ. Мөн V Далай Ламын зохиол бүтээлүүд үнэхээр гайхамшигтай байдаг."

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд зориулсан урт наслахын даншүг
өргөх ёслолын үеэр нутгийн иргэд буддын шашны гүн ухааны
сэдвээр мэтгэлцээн өрнүүлэв. Энэтхэг, Карнатака, Хүнсүр.
2015.12.13. Гэрэл зургийг Жереми Рассел /ДЛО/
Дээрхийн Гэгээнтэн ахмад лам нартай хамт үдийн хоол идсэний дараа Жүдмад дацангийн хажууд шинээр баригдсан бясалгалын төв болох Миёо Гомдүвлингийн зүг хөдөлсөн юм. Тэрээр Төвөдийн уламжлал дагуу гучин хоёр бясалгагчийг багтаах хүчин чадалтай бясалгалын байрны урд хаалганы өмнө ёслолын тууз хайчилж албан ёсны нээлт хийлээ.
Дээрхийн Гэгээнтэн Хүнсүрээс Билакуппе явах замдаа захын дүүрэгт байрлах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг нөхөн сэргээх зориулалттай Хубэ Ринбүүчийн байгуулсан Каруна Хоүм, Пэндэй Гацалд саатав. Одоогоор энэ сайхан тохилог байранд ойролцоогоор янз бүрийн бэрхшээлтэй хорин найман хүүхэд амьдарч тэднийг гуч гаруй ажилтан халамжилж байгаа аж. Дээрхийн Гэгээнтэн: “Эцэг, эхчүүд голдуу хүүхдийн боловсролыг чухалд үздэг, гэтэл ийм тусгай халамж анхаарал шаардсан хүүхдүүдийг бас харж үзэх ёстой” гэв. Энэ төслийн ажил сайн явж байгаад тэрээр сэтгэл дүүрэн байгаагаа хэлээд Италын хөрөнгө оруулагч болон Сингапурын дизайнер нарт талархалаа илэрхийллээ.
Билакуппед ойртох тусам зам дагуу олон Төвөд хүмүүс түүнтэй мэндчилэхээр зогсож байлаа. Тэр дунд сурагчийн дүрэмт хувцастай хүүхдүүд,олон зуун лам хуврагууд, хамгийн гоё хувцсаа өмсөж цэцэг хүж барисан эрэгтэй эмэгтэй ард иргэд байв. Сэра хийдийн гол дуганд ирэхэд өндөр настан Төвөд хүмүүс тавцан дээр уламжлалт заншлаараа тосч авав.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Сэра хийдэд хүрэлцэн ирээд
сэтгүүлчдийн асуултанд хариулж байгаа нь. Энэтхэг, Карнатака,
Биллакуппе. 2015.12.13. Зургийг Жереми Рассел/ДЛО/
Дуганд ороод Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хуучин найз нөхөдтэйгөө мэндчилэв. Тэрээр гуч дахь удаагаа болох гэж байгаа” Оюун ухаан ба Амьдрал” институтын төлөөлөгчидийг хараад ихэд баяртай байлаа. Уламжлалт цай, амтат будаагаар дайлсны дараа Дээрхийн Гэгээнтэн цугларсан олонд хандан:
“Гурван жилийн өмнө эхэлсэн “Бодь Мөрийн Зэрэг”-ийн айлдварын сүүлийн хэсэг удахгүй эхлэх гэж байна. Би Дашлхүнбо хийдийн шинэ дуганы нээлтээр очих ба өмнө нь Брайбун хийдэд зохион байгуулж байсан “Оюун ухаан ба Амьдрал” хурлыг энэ удаа Сэра хийдэд явуулахаар шийдсэн билээ. Ойрын өдрүүдийн төлөвлөгөө ийм байна” гээд бүх хүмүүст тавтай нойрсохыг хүсээд Дээрхийн Гэгээнтэн өргөөндөө заларсан юм.