Энэтхэг, Карнатака, Билакуппе, 2015.12.14 – Энэ өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг Сэра хийдийн гол дуганд дахин морилон ирэхэд “Оюун ухаан ба Амьдрал” бага хурлын илтгэгчид болон бусад гишүүдэд зориулан хийдийн төв хэсэгт суудал зассан байлаа. Тэдгээр зочдыг тойрон ахмад лам нар, бусад лам хувраг, хурлын үйл ажиллагааг сонирхсон энгийн иргэд суусан байсны заримтай Дээрхийн Гэгээнтэн орж ирсэн даруйдаа мэндчилэв. Илтгэлүүдийг англи болон төвөд хэлний тайлбартайгаар дэлгэцэн дээр гаргах, FM радиогийн тусламжтайгаар шууд орчуулга хийх зэргээр англи, төвөд хэлээр илтгэгчдийн санааг дамжуулах тухайд ихээхэн хүчин чармайлт гаргасан байлаа. Дээрхийн Гэгээнтэн суудалдаа морилохын өмнө хэд хэдэн анд нөхөдтэйгээ тусгайлан мэндчиллээ.
Орчин үеийн шинжлэх ухаан ба буддын ухааны сэдвээр зохион байгуулагддаг “Оюун ухаан ба Амьдрал” 30 дахь удаагийн энэ хурлыг өөртөө хүлээн авсан Сэра хийдэд талархаж буйгаа эхнийн хуралдааныг даргалагч Рош Жоан Халифакс илэрхийлэв. Илүү тогтвортой ирээдүйн төлөө эрмэлзэх ёстойг тунхагласан Парижийн уур амьсгалын өөрчлөлтийн талаархи дээд хэмжээний уулзалтын дараахан болж байгаагаараа энэхүү арга хэмжээ онцлог гэдгийг тэрээр мөн тэмдэглэн хэллээ. “Оюун ухаан ба Амьдрал” уулзалт яриаг санаачлагчдын нэг Франциско Варелагийн хувь нэмрийг мөн онцлон тэмдэглэв.

“Оюун ухаан ба Амьдрал” хүрээлэнгийн ерөнхийлөгч Сьюзан
Бауэр-Ву бага хурлын үйл ажиллагааг нээж үг хэлж байгаа нь.
Энэтхэг, Карнатака, Билакуппе, 2015.12.14.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛО
Бага хурлын үндсэн сэдэв болох ойлголт, үзэл баримтлал хийгээд бидний “Би” хэмээн ойлгох ойлголтын талаар илтгэл тавих Ричи Дэвидсон болон Жей Гарфилдийг Жоан Халифакс танилцууллаа. Гэхдээ илтгэгчдийг илтгэлээ тавихаас өмнө тэрээр хуралдааныг нээхийг Дээрхийн Гэгээнтнээс хүссэн юм.
“Өнөөдөр энд ирсэн олон лам нарын ихэнх нь энэ арга хэмжээнд анх удаа оролцож байгаа учраас “Оюун ухаан ба Амьдрал” хүрээлэн гэж юу болох, хэрхэн байгуулагдсан талаар эн тэргүүнд тайлбарлахыг зөвшөөрнө үү,” хэмээн Дээрхийн Гэгээнтэн яриагаа эхлэв. “30 жилийн өмнө би шинжлэх ухааны эрдэмтэдтэй нухацтай яриа өрнүүлэх хүслээр дүүрэн байлаа. Угийн би Төвөдөд бага байхаасаа л шинжлэх ухааныг сонирхдог байсан. Тиймээс эрдэмтэдтэй өөрийн биеэр уулзахыг хүсдэг байв. Тэдэнтэй уулзсан эхний мөчөөс тэдний чөлөөт сэтгэлгээг гайхан биширсэн билээ. Улмаар бидний өрнүүлсэн мэтгэлцээн хэн хэнд маань өгөөжтэй болсон юм. Ингээд Наландагийн уламжлалыг залгамжлагчид бид тэднээс матери хийгээд материаллаг ертөнцийн талаар, тэд харин биднээс сэтгэлийн талаар мэдэх боломжтой болсон.”
“Дараа нь би буддын ухааны мэргэд болон эрдэмтэдтэй хамтран үр өгөөжтэй ажиллаад зогсохгүй, шинжлэх ухааныг өөрийн сүм хийдүүдийн сургалтын хөтөлбөрт оруулах нь зүйтэйг ойлгосон юм. Үүнийг бид хийж чадсаны үр дүнд өнөөдөр томоохон сүм хийдүүд шинжлэх ухааны хичээлээр шалгалт өгдөг болсон.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Сэра хийдэд эхэлсэн “Оюун ухаан
ба Амьдрал” бага хурлын нээлтийнн үеэр үг хэлж байгаа нь.
Энэтхэг, Карнатака, Билакуппе, 2015.12.14.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛО
“Хүмүүс бид ихэнхдээ өөрсөддөө хүндрэл бий болгож байдаг. Хүндрэлийг ганц мөргөл залбирлаар шийдэж үл чадна. Нэгэнт бид өөрсдийн гараар хүндрэлийг бүтээсэн болохоор тэдгээрийг шийдэх арга замыг хайх хариуцлага бидэнд оногдоно. Ёс суртахуун, хүний үнэт зүйлсийг хүн бүр дээдэлж байвал үр өгөөжөө өгөх байтал бидний амьдралд эдгээр зүйлс ихэд дутагдаж байна. Өнгөрсөн түүхийн хугацаанд буддын эх зохиолуудыг орчуулах талаар ихээхэн хүчин чармайлт гаргасны ачаар өнөөдөр сэтгэл хийгээд сэтгэл хөдлөлийн талаархи эртний Энэтхэгийн сурвалжуудыг төвөд хэлээр унших боломж байна.”
“Энэ бол бидний 30 дахь уулзалт бөгөөд бидний зарим нь 40 дэх уулзалтыг харахгүй байж болох ч, бидний энэ уламжлал 21 дүгээр зууны сүүл хүртэл бидэнгүйгээр үргэлжилнэ гэдэгт би итгэлтэй байна. Бидний хэн маань ч өвдөхийг хүсдэггүй, бид аз жаргалыг хүсдэг. Бид бүгд адилхан хүний төрөлтөн. Бид хайр нигүүлслийн дунд өсч торнидог. Бидний үндсэн мөн чанар бол нигүүлсэхүй сэтгэл учраас бид энэ сэтгэлдээ тулгуурлах болможтой. Бага хүүхдүүд яс үндэс, хэл соёл гэх мэт хоёрдугаар түвшний ялгаанд ач холбогдол өгөлгүй бие биенээ дотно ханддаг. Өнөөдөр дэлхийн олон газарт хүмүүс шашны нэрийг барин бие биенээ хөнөөж байна. Үнэхээр харамсалтай. Тиймээс хүний асуудлыг хүнлэг аргаар шийдэх аргыг нэн даруй олох шаардлагатай байна.”
Хэлсэн үгэнд нь болон бүхэл бүтэн нэг эрин үеийн эрдэмтдэд урам зориг өгдөгт нь Дээрхийн Гэгээнтэнд Ричи Дэвидсон талархал илэрхийлэв. “Оюун ухаан ба Амьдрал” уулзалтын үр дүнд шинжлэх ухаанд гарсан ололт, тухайлбал тархины уян хатан чанар болон генийн тухай мэдлэгийн ололтоос тэрээр эш татав. Зан үйлийн шинжлэх ухаан хийгээд буддын ухааны хооронд чухал холбоо байна хэмээн тэр мөн хэллээ.

Ричи Дэвидсон өрнөдийн шинжлэх ухаан ба гүн ухааны үүднээс
ойлголт, үзэл баримтлал, “Би”-г тайлбарлаж байгаа нь. Энэтхэг,
Карнатака, Билакуппе, 2015.12.14. Фотог Тэнзин Чоежор/ДЛО
“Би”-гийн тухай Жей Гарфильд хэлэхдээ, хүмүүс өөртөө “Би”-г бий болгож, бид хэн бэ гэсэн түүхийг өөртөө зохиох дуртай байдаг гэв. Заан өөрийгөө мэдэрдэг эсэх тухай туршилт хийсэн богино хэмжээний видео үзэгчдийн сэтгэлийг ихэд хөдөлгөв. Зааны нүүрэн дээр томоор Х тэмдэг зураад том толины өмнө дагуулан иржээ. Тэрээр нүүрэн дээрх тэмдгээ хамраараа арилгахыг оролдож байсан бөгөөд энэ үйлдлээрээ толинд өөр нэг зааныг бус, харин өөрийн дүрсийг харж байгаа гэдгээ ойлгож буйгаа харуулсан байна.
Түвдэн Жинба хоёр дахь илтгэлийг тавихын өмнө Дээрхийн Гэгээнтэн болон бусад ахмад лам нар, тухайлбал Гандан хийдийн гол ламтанд хүндэтгэл илэрхийлэн ёсоллоо. ‘Бидний гадаад ертөнцийг ойлгох ойлголт бодит байдлын тусгал мөн үү?' нэр бүхий илтгэлээр тэр буддын танин мэдэхүйн онол дахь гадаад ертөнцийг ойлгох ойлголтын тухай онолын талаар ярихдаа, түүхэн талаас нь эш татаж ярив. Буддын танин мэдэхүйн судалгаа МЭӨ 3-1 зууны үе буюу Абидармын үеэс эхтэй ба Васубхандугийн шавь Дигнагагийн (МЭ 5 дугаар зуун) үеэс шинжлэх ухааны өнгө төрхөө олсон. Түүний шавь Дармакирти (7 дугаар зуун) энэ чиглэлээр долоон гайхалтай бүтээл туурвисан.

Түвдэн Жинба илтгэл тавьж байгаа нь. Энэтхэг, Карнатака,
Билакуппе, 2015.12.14. Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛО
“Оюун ухаан ба Амьдрал” бага хурлын төлөөлөгчид, хамба лам нар Дээрхийн Гэгээнтэнтэй хамт өдрийн хоол зооглолоо.
Шинжлэх ухааны эрэл хайгуул болон хүмүүнлэгийн хэрэгцээ шаардлагын асуудлын аль алиныг тусгасан Паван Синхагийн илтгэлээр үдээс хойших хуралдаан үргэлжлэв. Ертөнцийг мэдрэх мэдрэхүйг судлахын тулд эрдэмтэд харааны мэдрэхүй хэрхэн тархинд хөгждөгийг тогтоохыг сонирхсон гэдгийг тэрээр эхлээд тайлбарлалаа. Үүний тулд дөнгөж төрсөн хүүхэд дээр судалгаагаа төвлөрүүлэх ёстой ч, тэд энэ тал дээр туслахад дэндүү балчирдана. Энэтхэг орон бол дэлхий дээр хамгийн олон хараагүй хүүхэд бүхий орон хэмээн Синха хэлэв. Хараагүй болох ихэнх тохиолдлыг арилгах, эсвэл эмчлэх боломжтой.
10 жилийн өмнө Пракаш төсөл хэрэгжиж эхэлсэн ба эмчлэгдэх боломжтой хараагүй хүүхдүүдийг эмчлэхээр Делид авчирсан. Тэд урьд нь хэзээ ч юм харж байгаагүй учраас хараа орох үед тархи нь хэрхэн үүнд дасч, харж сурч байгааг судлах ёстой. Хүүхдүүдийн ихэнх нь хараа орсондоо хэрхэн баярлаж байгаа тухай хэд хэдэн видеог Синха үзүүллээ.

Оюун ухаан ба Амьдрал бага хурлын эхний өдрийн хуралдаанд
800 гаруй лам хувраг оролцов. Энэтхэг, Карнатака, Билакуппе,
2015.12.14. Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛО
Пракаш төсөл нь энэрэнгүй шинжлэх ухааны бодит жишээ мөн. Шинжлэх ухааны эрэл хайгуул хийгээд хүмүүнлэг хэрэгцээ шаардлага, зүрх сэтгэл болон оюун ухааны эрх ашгийн нэгдэл нь түүний ихэнх өвчтөнүүдэд өөртөө итгэх итгэлийг бий болгожээ. Паван Синха энэрэнгүй шинжлэх ухааныг цаашид хэрхэн хөгжүүлж болох тухай Дээрхийн Гэгээнтнээс асуулаа.
“Энэ гайхалтай төслөөр та бүхэн шинжлэх ухааны боломж болон тэдгээр хүүхдүүдэд туслах боломжийг олж харжээ. Энэ бол энд байгаа, энэ амьдралдаа хүмүүст тусласнаар үйлдэх нигүүлсэхүй мөн. Энэ бол илүү аз жаргалтай нийгмийг бүтээхийн төлөө юм. Нигүүлсэхүй бол эрүүл ухаан, нийтийн туршлага хийгээд шинжлэх ухааны ололт дээр суурилан өөрчлөлтийг авчрах өөдрөг үзэл санаа мөн” хэмээн Дээрхийн Гэгээнтэн хариулав.

Паван Синха Пракаш төслийн талаар танилцуулга хийж байгаа нь.
Энэтхэг, Карнатака, Билакуппе, 2015.12.14.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛО
“Одоо харин ,”хэмээн Дээрхийн Гэгээнтэн өгүүлээд, “би танай гайхалтай төсөлд хандив өгөхийг хүсч байна” хэмээв.
“Оюун Ухаан ба Амьдрал” бага хурлын ажиллагаа дуусах үед, Сера хийдийн лам нар шинжлэх ухааны сэдвээр хэрхэн ном хаялцаж байгааг үзэж сонирхохыг хурлын төлөөлөгчдөөс хүсэв. Төлөөлөгчид Дээрхийн Гэгээнтнийг хүрээлэн шатан дээр сууцгааж, төвөд хэлээр давалгаа болон хэсгүүдийн чанарын талаарх мэтгэлцээнийг харж сонирхлоо. Мэтгэлцээнийг англи хэлээр орчуулан FM радиогоор дамжуулж байв. “Оюун ухаан ба Амьдрал” эрдэм шинжилгээний хурлын эхний өдөр ийнхүү өндөрлөв.