Энэтхэг, Карнатака, Билакуппе. 2015.12.15 – Тэнгэр бүрхсэн энэ өдөр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам “Оюун Ухаан ба Амьдрал” бага хурлын үйл ажиллагаа эхлэхээс өмнө Сера хийдийн хэд хэдэн газраар зочиллоо.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам уур амьсгалын өөрчлөлтийн
талаарх Төвөдийн бүтээл ба архив үзэсгэлэнг үзэж сонирхож
байгаа нь. Энэтхэг, Карнатака, Билакуппе, 2015.12.15.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
Үзэсгэлэнд уур амьсгалын өөрчлөлтийг харуулсан “Дэлхийн тогтолцоо хэрхэн ажилладаг вэ?” “Дэлхийн эрчим хүчний тэнцэл”, “Цаг агаар эсвэл уур амьсгал”, “Нүүрсхүчлийн мөчлөг ба бид юу хийж чадах вэ?” гэх зэрэг гарчиг бүхий Төвөдийн танка маягийн үзүүлэнгүүдийг тавьсан байв. Үзүүлэн бүрт төвөд болон англи хэлээр тайлбар хийжээ. Үзэсгэлэнг шимтэн сонирхсон Дээрхийн Гэгээнтнийг лам хуврагууд болон номын сангийн захирал гэвш Лхагдор нар дагалдан явлаа. Үзэсгэлэн үзэж дуусаад тэрээр Бурхан Багшийн амьдралд мод чухал үүрэг гүйцэтгэж байсныг тэмдэглэн хэлэв. Бурхан Багш модны дор төрж, бодь модны дор гэгээрч, хоёр сал модны дунд таалал төгссөн ажээ. Түүнчлэн Бурхан Багш шавь нартаа мод тарихыг сургаад зогсоогүй, бусдын тарьсан модыг, ялангуяа борооны улирлын үед арчилж тордож байхыг зааж сургаж байжээ.
Дээрхийн Гэгээнтэн дараа нь Сера Же дунд сургуульд саатан морилсон бөгөөд сурагчид усны сэдвээр томоохон үзэсгэлэн гаргасан байлаа. Лам нар ээлж дараагаар түүнд гадаа цэцэрлэгт болон дотор байрлуулсан үзэсгэлэнгийн үзүүлэнгүүдийг тайлбарлав. Дээрхийн Гэгээнтэн айлдахдаа,

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Сера Же дунд сургуульд зочилж
байгаа нь. Энэтхэг, Карнатака, Билакуппе, 2015.12.15.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
“Манай сүм хийд болон сургуулиудын сургалтын хөтөлбөрт орчин үеийн шинжлэх ухааныг оруулсан нь Наландагийн уламжлалд үнэнч байгаагийн жишээ гэж би үздэг. Энгийн хүмүүс, лам хуврагууд дотоод хийгээд гадаад орчиндоо анхаарах ёстой гэдгийг ухамсарлахын хамт боловсролынхоо түвшинг дээшлүүлэх талаар хүчин чармайлт гаргах ёстой.”
Сера Ме хийдийн Побхор аймгийн хурлын шинэ танхимын нээлтэд Дээрхийн Гэгээнтэн оролцож, дурсгалын самбарыг нээн, тууз хайчиллаа. Түүнийг индэрт зассан суудалд залрахад цай, брээс өргөн барьсан бөгөөд дараа нь тэрээр лам хуврагуудад хандан үг хэлсэн юм.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Побхор аймгийн шинэ дуганы
нээлтийн ажиллагааны үеэр үг хэлж байгаа нь. Энэтхэг,
Карнатака, Билакуппе, 2015.12.15. Фотог Тэнзин Чоежор
Мэдээж би анхандаа Шүгдэнг шүтдэг байсан боловч сайтар судалсны эцэст буруу гэдгийг олж мэдсэн. Улмаар хэд хэдэн удаа нягталсны дараа шүтэхээ зогсоосон. Тэр үед миний хоёр багш хоёулаа амьд сэрүүн байсан. Өөрийн олж мэдсэн зүйлээ, шүтэхээ болих тухай шийдвэрээ Тижан ринбочэ багшид би айлтгасан юм. Багш маань намайг дэмжсэн. Би түүний ар хударгаар юу ч хийгээгүй. Тэр миний хийсэн алхмыг талархан хүлээн авсан билээ.”
“Гандан Жанзэ хийдийн лам нар хийдэд нь таагүй үйл явдал тохиолдох болсон талаар Тижан ринбочэд айлтгасан байна. Энэ нь Балдан Лхам дургүйцсэний илрэл хэмээн ринбочэ хэлсэн учраас хийдийн лам нар цаашид юу хийх талаар зөвлөмж хүсч надад хандсан юм. Миний шинжлэн нягталснаар үнэхээр Балдан Лхам энэ хэрэгтэй холбоотой байснаар барахгүй Шүгдэнд дургүйцсэн болох нь тодорхой болсон юм. Шүгдэнг шүтэхээ болихыг би Серхон ринбочэ болон Намжал хийдийн хамба ламд нилээд болгоомжлон хэлсэн билээ. Үүнийг төвөдүүдийн дунд дээдийн номыг дэлгэрүүлэх, Богд Зонховын уламжлалыг цэцэглүүлэх үүднээс л би хийсэн. Их уламжлалаа дэмжин дэлгэрүүлэхийн оронд Шүгдэн урсгал чиглэлээр ялгаварлан гадуурхдаг.”

Побхор аймгийн шинэ дуганы нээлтэнд хэдэн мянган лам
хувраг оролцлоо. Энэтхэг, Карнатака, Билакуппе, 2015.12.15.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
“Бурханы сургаалийг багцаалж ойлгох бус, судар номыг нэгд нэгэнгүй судлах ёстой хэмээн Богд Зонхов айлдсан. Бид эрдэм номтой болохыг эрмэлзээд зогсохгүй Богд Зонхов лугаа сурч мэдсэнээ амьдралд хэрэгжүүлэх ёстой. Тэр ертөнцийн найман гэмийг тэвчиж, өдөр шөнөгүй ном, үйлийг хийдэг байсан. Бид түүнээс үлгэр дууриал авах ёстой бөгөөд эд хөрөнгийг орон гэртээ хураах замаар эрдэм мэдлэгт хандаж болохгүй.”

Катрин Керр 'Бие махбодийн мэдрэмжийг ойлгох ойлголтын
асуудал' сэдвээр илтгэл тавьж байгаа нь. Энэтхэг, Карнатака,
Билакуппе, 2015.12.15. Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО

Жон Дан илтгэл тавьж байгаа нь. Энэтхэг, Карнатака,
Билакуппе 2015.12.15. Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
Хурлын төлөөлөгчид, Дээрхийн Гэгээнтэн, хамба лам нар өдрийн зоогоо дахин хамт барьсны дараа хурлын ажиллагаа үргэлжиллээ. Хурлыг Катрин Вортман даргалж, Бидний хэл яриа хэрхэн бидний бодлын хэв маягийг бүрдүүлдэг тухай илтгэлийг Лера Бородицки тавив. Ярих, бусадтай харьцах чадвар нь угаасаа байх ёстой зүйл шиг бид бүгд боддог хэмээн тэр яриагаа эхэлсэн юм. Өөр хэлээр ярьдаг хүмүүс өөрөөр сэтгэдэг үү гэсэн асуултыг тэр тавив. Танин мэдэхүйн шинжлэх ухаанд хэл яриа сэтгэхүйг тодорхойлдог гэдгийг дэмждэггүй ч, дээрх үнэний талтай болохыг баталсан хэдэн жишээг эрдэмтэн эш татав.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Лера Бородицкид талархал
илэрхийлж байгаа нь. Энэтхэг, Карнатака, Билакуппе,
2015.12.15. Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
Хэл яриа болон бусад зүйлс нь хүмүүсийн хоорондох ялгаа байж болох ч, эцсийн эцэст хүмүүс аз жаргалыг илэрхийлж, зовлонг хүсдэггүйгээрээр бүгд адил гэдэгт итгэл төгс байдгаа Дээрхийн Гэгээнтэн илэрхийлэв. Үүнд Лера Бородицки хариулахдаа, шинжлэх ухааныг судалдаг хүний хувьд үүнийг нотлох хэрэгтэй хэмээгээд, америкчууд гэнэтийн баяр баяслыг, харин түүний төрөлх нутгийнхан оросууд меланхолик байдлыг илүүд үзэж, түүнийгээ бодит хэмээн үздэг гэлээ. Бусдыг ойлгох нь өөрийгөө харах арга зам хэмээн үздэгээ илэрхийлснээр Бородицки яриагаа өндөрлөсөн юм.