Япон, Осака, 2016 оны 5 дугаар сарын 9 – Тэнгэр бүүдийсэн энэ өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам олон улсын Нарита нисэх онгоцны буудлаас Ханэда буудлыг чиглэн машинаар зорчсоны дараа Осака хотыг зорин нислээ. Битүү үүлшсэн тэнгэрийг нэвтлэн Итами нисэх буудалд онгоц газардах үед бороо шаагин орж байв. Дээрхийн Гэгээнтэн үдийн хоолны өмнө амжиж зочид буудалдаа морилсон юм. Дараа нь тэрээр Японы үндэсний мэдээллийн суваг болох Эн Эйч Кей телевизийн сурвалжлагч Макото Ода болон Эйсукэ Такахаши нарт ярилцлага өгсөн юм.

Дээрхийн Гэгээнтэн Эн Эйч Кей теливизийн сурвалжлагч нарт
ярилцлага өгч байгаа нь. Япон, Осака, 2016.5.9.
Гэрэл зургийг Жереми Рассел /ДЛО
“Соёлын хувьсгалын үетэй харьцуулахад Төвөд болон Хятадад байдал дээрдсэн ч, Төвөдөд буй өвөрмөц болгоныг, тухайлбал бидний хэл, соёл, шашны уламжлалыг хатуу чиг шугам баригсад Хятадаас салан тусгаарлах аюул мэтээр харж байна. Ийнхүү айсан тэд улам хатуу хяналт тогтоож байна. Сургуулиудад төвөд хэл заахыг нэг бол хориглож, эсвэл хязгаарлалт тавьж байна. Төвөд хэлэндээ гарамгай амжилт гаргасан нэгнийг хойш татаж, харин хятад хэл үзсэн нэгэнд ажил болон дээд сургуульд орох боломж нь их байна. 1980-аад оноос эхлэн төвөдүүд хагас - соёлын хувьсгал явагдаж байгааг мэдэрч байна. Үүний улмаас 2008 оны хямрал болсон. Хэт явцуу бодлого, хатуу хяналт тогтоож байгаа орон нутгийн эрх баригчддад Бээжин тулгуурлаж байна.
“Материаллаг хөгжлийн үүднээс харвал хотуудад байшин барилга, дэлгүүр хоршоо нэмэгдсэн боловч, Төвөдийн буддизмын тухайд зөв багшийн удирдлага дор 20-30 жил суралцах хэрэгтэй байдаг. Ийм нөхцөл Төвөдөд алга байна. Номтой ихэнх лам нар нэг бол Энэтхэг рүү дүрвэж, нэг бол насан өөд болжээ. Тэднээс их цөөхөн хүн үлдсэн. Үүний зэрэгцээ лам нарын тоо эрс цөөрсөн. Жишээ нь 2 дугаар Далай ламын тэргүүлж байсан Брайбун хийдэд 1958-59 онд би сүүлийн шалгалтаа өгсөн юм. Тэр үед 8000 лам байсан. Гэтэл одоо ердөө 400 лам байна. Хийдэд Төвөдийн өнцөг булан хийгээд гаднаас ирсэн лам хуврагууд суралцдаг байсан. Харин одоо холоос ирсэн хэн бүхнийг эрх баригчид нутагт нь буцааж байна. Үлдэж чадсан нэг нь улс төрийн дахин сургалтад хамрагдаж байна.”
“Бүх зүйл гайхалтай сайн байна хэмээн нам засаг тунхаглаж байгаа ч, үг хэлэх эрх чөлөө, хэвлэл мэдээллийн эрх чөлөө алга байна. Нэг талыг барьсан мэдээллийг түгээх талаар нам хатуу цензур тогтоож байна.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Эн Эйч Кей телевизид ярилцлага
өгч байгаа нь. Япон, Осака, 2016.5.9. Гэрэл зургийг Тэнзин Чоежор
Төвөдийн статусын тухайд тэрээр хэлэхдээ,
“Бид тусгаар тогтнолыг эрэлхийлээгүй. Хятадын түүхийн эх сурвалжаас харахад 7,8, 9 дүгээр зууны үед Хятад, Монгол, Төвөд гэсэн тусгаар тогтносон, эн тэнцүү 3 гүрэн байсан тухай өгүүлсэн байдаг. Гэхдээ энэ бол өнгөрсөн түүх. Одоо бид ирээдүй рүү харах ёстой. Нийтийн эрх ашгийг үндэсний эрх ашгаас дээгүүр үзэхэд ач холбогдол өгдөг Европын Холбооны үзэл санааг би биширдэг. Төвөдөд материаллаг хөгжил хэрэгтэй байгаагийн зэрэгцээ Хятад бидэнд төрөлх хэл, соёлоо хадгалан үлдэхэд тус болж чадна.”
“Төвөдүүд Наланда хийдийн их өвийг өвлөн үлдсэн бөгөөд үүнд цээжлэх, судлах, ном хаялцах, мөргөлийн зан үйлийн цогц үйл багтдаг. Төвөдийн буддизмыг хадгалан авч үлдэх нь 6 сая Төвөдийн буддистууд төдийгүй, Хятадын 400 сая буддистууд, түүнчлэн Японы буддистуудын эрх ашигт нийцнэ. Сэтгэлийн амар амгалан нь хувь хүн, гэр бүл, үндэстэн аз жаргалтай байхад чухал ач холбогдолтой гэдгийг эрдэмтэд хүлээн зөвшөөрөөд байна. Техник технологи, материаллаг хөгжил дангаараа хангалттай бус. Аз жаргал бидний сэтгэлтэй шууд холбоотой байдаг учраас бие бялдрын эрүүл мэндээ хамгаалахын тулд эрүүл ахуйдаа анхаардгийн адил сэтгэлийн түвшинд аз жаргалтай, эрүүл байхын тулд сэтгэлийн эрүүл ахуйг хангах хэрэгтэй байна. Сэтгэлээ хэрхэн авч явах тухайд Төвөдийн буддизм асар их мэдлэгийг агуулдаг. Бид энэ их өвөө хадгалан авч үлдэх эрхтэйгээс. Энэхүү мэдлэг боловсрол нь дэлхийн бусад үндэстэнд ч ач тусаа өгөх болно.”
БНХАУ-тай дахин эвлэрэх тухай асуултад, тусгаар тогтнолоос бусад бүх асуудлаар ярилцаж болно хэмээн Дэн Сяо Пин 1980-аад онд хэлснээр харилцаа холбоо тогтож эхэлснийг Дээрхийн Гэгээнтэн дурслаа. Энэ харилцаа 1990-ээд онд зогссон ажээ. Зян Зэминий үед харилцаа дахин сэргэсэн ч, 2010 онд мөн л зогссон байна.
Тэрээр Далай Лам гэх алдрыг зүүж явдгаа, мөн 5 дугаар Далай Лам Бээжинд айлчилж байсныг цохон дурдав. Нэг талаас Хятадын сая сая сүсэгтнүүд түүний сургаалийг сонсохыг хүсч байгаа, нөгөө талаас буддизм Хятадын соёлд чухал үүрэг гүйцэтгэдэг гэдгийг Хятадын коммунист намын удирдагч Си Жинпин нэгэнтээ Парис хотноо, дараа нь Делид тэмдэглэн хэлсэн ажээ. Төвөдийн “Дундаж хандлага”-ыг дэмжиж, Хятадын Засгийн газрын бодлогыг шүүмжилсэн 1000 гаруй нийтлэл хятад хэл дээр гарсныг Дээрхийн Гэгээнтэн эш татлаа.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Эн Эйч Кей телевизэд ярилцлага
өгч байгаа нь. Япон, Осака, 2016.5.9. Фотог Тэнзин Чоежор/ДЛО
Дараагийн Далай Лам хэн байх тухай асуултад, “Хэн мэдэх вэ?” хэмээн Дээрхийн Гэгээнтэн хариулав. Тэрээр үргэлжлүүлэн айлдахдаа, улс төрийн үүрэг хариуцлагаас зөвхөн өөрийгөө чөлөөлөөд зогсохгүй, цаашдын Далай Лам нар шашны үүрэг хариуцлагын дээр улс төрийн үйл хэрэгт оролцдог байсан уламжлалыг нэр төртэйгөөр, сайн дураараа халснаа мэдэгдлээ. Үр дүнд нь дараагийн Далай Лам бол Сажа Тризин болон Гармаба нарын нэгэн адил гагцхүү шашны удирдагч байх болно. Нөгөө талаас, дараагийн Далай Ламыг тодруулахгүй байсан ч ямар ч хүндрэл гарахгүй хэмээн тэрээр айлдав. Бурхан Багш хийгээд Нагаржуна гэгээний дараагийн дүр тодроогүй ч, тэдний сургааль зуун зуун дамжин түгэн дэлгэрсээр байгааг Далай Лам тэмдэглэн хэлсэн юм.
Хүч үл хэрэглэх зарчим нь түүний хувийн хүсэл тэмүүлэл бус, харин асуудлыг шийдэх зөв зохистой арга гэдгийг Дээрхийн Гэгээнтэн тодруулан тайлбарллаа. Ойрхи Дорнодод юу болж байгааг харцгаа хэмээн тэрээр хэлээд, хүчирхийлэл, аллага таллага үргэлжлээсэй гэж хэн ч хүсдэггүй гэв.
Материаллаг зорилгод хэт анхаарч, дотоод үнэт зүйлсийг үл ойшоосон өнөөгийн боловсролын тогтолцоо цогц бус хэмээн Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэллээ. Сэтгэл хийгээд сэтгэл хөдлөлийн талаар мэдлэгтэй болох шаардлагатай. Сүүлийн үед ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт оруулах иргэний ёс зүйн хичээлийн төсөл боловсруулагдаж байгаа, түүнд маш их итгэл тээж буйгаа Далай Лам дурдсан юм.
“Илүү энэрэнгүй дэлхий ертөнц бий болохыг би харж чадахгүй байх,” хэмээн хэлээд, “Залуучуудад дотоод үнэт зүйлсийн талаар зааж сургах талаар одооноос хүчин чармайлт гаргавал ирээдүйд илүү өөр, амар амгалан, энэрэнгүй нийгэм бий болохыг тэд харах болно” гэв. Хүмүүс өөрсдөө бий болгосон асуудлыг өөрсдөө шийдэх ёстой. Хүний үндсэн мөн чанар бол энэрэнгүй зан чанар бөгөөд энэ л зан чанар бидний итгэл найдварын эх ундарга мөн.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам ярилцлагын дараа сурвалжлагч
нарт хөгжилтэйгээр талархлаа илэрхийлж байгаа нь.
Япон, Осака, 2016.5.9. Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
Ерөнхийлөгч Обама энэ сарын сүүлээр Хирошимад очно гэсэн сургийн талаарх түүний бодлыг асуухад, энэ бол гайхалтай хэрэг байх болно хэмээн тэр хариулав. Герман болон Япон улс Дэлхийн хоёрдугаар дайны үнс нурмаас хэрхэн өндийж боссоныг, тэдэнд тохиолдсон явдалд хар буруу санаа агуулдаггүйг хараад биширдэгээ Дээрхийн Гэгээнтэн байнга тэмдэглэн хэлдэг хэмээлээ.
Хятадын дарамтад байгаа нь түүний хувьд хэцүү байна уу гэхэд, алс хэтдээ үнэний хүч буу шийдмийн хүчийг ялна хэмээн хариулав. Дэлхийн олон орны удирдагчид Төвөдийн үйл хэргийг, төвөд хүмүүсийн хүчирхийллийн бус зарчимд үнэнч гэдгийг үндсэндээ дэмждэг хэмээн хэллээ. Хүний мөн чанар угтаа энэрэнгүй гэдгийг тэрээр сануулаад, 81 насандаа ч өөдрөг хэвээр байгаа хэмээлээ.
Дээрхийн Гэгээнтэн Осака хотод Тайвань, эх газрын Хятад, Солонгос, Монгол болон Японы нийт 2700 орчим сүсэгтнүүдэд Шантидева гэгээний ‘Бодьсадвын явдалд орохуй’ номыг тайлбарлан айлдахаар морилсон билээ.