Энэтхэг, Химачел Прадеш, Дарамсала хот. 2016.06.01. Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энэ өдрөөс эхлэн гурван хоногийн турш Төвөдийн ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагч нар голлосон 10,000 гаруй сүсэгтэн нарт ном айлдаж байна. Дээд, доод Дарамсала болон Энэтхэгийн Гопалпүр, Селакүй, Сужа хотод байрлах төвөдийн дунд сургуулийн 2500 гаруй сурагч нар уг номын айлдварт хүрэлцэн иржээ. Мөн Шэйрав Гацал Лин сургууль, Эм, Зурхайн сургууль, Сара сургуулийн оюутнууд ч хүрэлцэн ирсэн байв. Нийт 600 гаруй коллежийн оюутнууд, 66 орноос ирсэн 2000 гаруй гадаадын иргэд, 5000 төвөд иргэд номын айлдварт суухаар ирсэн байна.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам номын айлдахаар морилох зуураа
сурагч хүүхдүүдтэй мэндчилж байгаа нь. Энэтхэг, Дарамсала.
2016.06.01. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Номын айлдвар эхлэхийн өмнө “Билгүүний Зүрхэн” судрыг төвөд хэл дээр уншсан бөгөөд Бурхан Багшийн залбиралыг үргэлжлүүлэн уншлаа. Дараа нь Дарамсала хотын “Бурханы шашныг таниулах төв”-д суралцаж буй сурагчид болон Шэйрав Гацал Лин сургуулийн сурагчид номын мэтгэлцээн өрнүүлсэн юм.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам:
“Жил бүр уламжлал болон зохион байгуулагдаж буй сурагч нарт зориулсан номын айлдварыг энэ жил Зүглаг Хан дуганд явуулахаар шийдсэн. Учир нь энд илүү тухтай байх бөгөөд олон хүн номын айлдварт хамрагдах боломжтой” хэмээн яриагаа эхлэв. Тэрээр олон зуун жил зөвхөн сүм хийдийн хуврагуудад уламжлагдаж ирсэн номын мэтгэлцээн өрнүүлэх зарчмыг энэ үед энгийн хүмүүс эзэмшиж эхэлсэнд баяртай байгаагаа дурьдсан юм. Мөн “Математик зэрэг хичээл нь хүний дотоод сэтгэлийн эерэг хөгжилд төдийлөн нэмэр болохгүй. Хэрэв бид Бурхан Багшийн сургаалд суралцах аваас зайлшгүй дотоод сэтгэлээ өөрчлөх хэрэгтэй гэдгийг мэдэж авах болно.” хэмээн онцлов. Цагаачлан ирснийхээ дараа энгийн хүмүүст номын мэтгэлцээн өрнүүлэх ажлыг эхлүүлсэн боловч цаг үеийн нөхцөл байдлын улмаас төдийлөн удаан үргэлжилж чадаагүй ажээ. Ингээд сүүлийн үед Дээрхийн Гэгээнтний заавар зөвөлгөөг дагаж нэлээд эрчимтэй явагдаж эхэлсэн байна. Тэрээр сургуулуудад шашны хичээл зааснаас буддын гүн ухааны хичээл заах нь илүү чухал болохыг анхааруулжээ.
“Хүмүүс бид гайхамшигтай ухаантай бөгөөд үүнийгээ ашиглан юмсын мөн чанарыг бүрэн гүйцэд судалж чадна. Гэвч үүнийг зөвхөн эерэг талд л зарцуулах хэрэгтэй. Бидэнд зуу гаруй боть Ганжуур, хоёр зуу гаруй Данжуур судрууд бий. Ганжуур нь Бурхан Багшийн айлдварууд бөгөөд түүнд шууд хүлээн авч үл болох, далд утга бүхий сургаал нэлээдгүй байдаг. Тийм ч учраас Бурхан Багш шавь нартаа хандан “Миний сургаалыг дагахдаа сайтар нягталж үзээд дагах хэрэгтэй, дан ганц сүсэг бишрэлээр дагаж болохгүй хэмээн айлдсан юм.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам гурван хоногийн турш үргэлжлэх
номын айлдвараа эхлэв. Энэтхэг, Дарамсала. 2016.06.01.
Гэрэл зургийг Тэнзин Пунцог (ДЛО)
“Тисрон Дэзан хаан, Гүрү Бадмасамбава, ловон Шантаракшита нараас хойш төвөдөд бурханы шашны бүхий л ном сургаал өвлөгдсөн юм. Өвөг дээдсийн үлдээсэн энэ их ном судрыг бид зүгээр нэг хадгалаад байж болохгүй ээ. Төвөдийн зургаан сая ард иргэд бүгдээрээ бурханы ном сургаалыг өргөн хүрээнд үзэж судлан, сайтар эзэмшиж чадвал үнэхээр бахархууштай хэрэг болно. ”
Дээрхийн Гэгээнтэн цааш нь өнөөгийн дэлхий дахинд ёс суртахууны үндсэн зарчим нэлээд алдагдсан болох нь хувь хүн, гэр бүл, улс орны дунд ажиглагдаж байгааг онцлов. Тэрээр бүх шашин энэрэн нигүүлсэх, бусдад туслахыг голлон номлодог бөгөөд христ, ислам, хиндү, жүүдийн шашнаас үлгэр дуурайлал авмаар, шашны чин сүсэгтнүүд олноор төрөн гарсныг дурьдав.
“Сайхан сэтгэл нь зөвхөн эрүүл мэндэд сайнаар нөлөөлөөд зогсохгүй нийгэмд ч сайнаар нөлөөлнө. Ёс суртахуунтай байсны давуу тал болон ёс суртахууны доголдолд орсны хор уршигийг таниж мэдэх хэрэгтэй. Бурханы шашин нь шинжлэх ухааны салбартай адил эхлээд эргэлзээтэй байр суурьнаас асуудалд ханддаг. Ялангуяа сөрөг сэтгэлийг хэрхэн арилгах талаар маш нарийн, ул суурьтай авч судалдаг юм.”
“Шинжлэх ухааны ололтоор хүний уг чанар эерэг ажээ. Найдвар бидэнд байна. Тийм учраас бид өөрсдийгөө өөрчлөх бүрэн боломжтой бөгөөд илүү энэрэнгүй дэлхийг бий болгох боломж бидэнд байна гэсэн үг юм. Гэвч бидэнд зүрх сэтгэлийг хөгжүүлэх олон талын, илүү боловсронгуй систем хэрэгтэй. Хэрэв бид одооноос эхлэн хичээл зүтгэл гаргаж чадвал ирээдүйд илүү эерэг дэлхийг бий болгож чадна гэдэгт би бүрэн итгэдэг. BBC телевизээр олон залуус өөрсдийгөө “дэлхийн иргэн” гэж тодорхойлдог болсныг дуулаад надад урам зориг төрсөн.”

2500 гаруй сурагч хүүхдүүд энэ удаагийн номын айлдварт
хамрагдлаа. Энэтхэг, Дарамсала. 2016.06.01.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам:
“Хэрэв зовлонг хүсэхгүй байгаа бол зовлонг бий болгодог шалтгааныг нь арилгах хэрэгтэй. Зовлонгийн шалтгаан нь үйл хийгээд нисваанис юм. Эдгээрийн уг үндэс нь мунхаг билээ. Бидний сэтгэл гэгээн чанартай. Мунхаг нь бидний сэтгэлийн мөн чанарт байдаг зүйл биш ээ. Мунхаг нь олдмол бөгөөд арилгаж болдог зүйл мөн. Ёс суртахуун, сэтгэл төвлөрөл, саруул ухаан гэх гурван зүйлийн эрдмийг олсноор мунхаг болон нисваанист муу сэтгэлүүдийг арилгаж чадна.” хэмээн айлдав.
Түр завсарласны дараа 17 бандидагийн соёрхолыг уншив. Дараа нь Дээрхийн Гэгээнтэн Бурхан Багшийн номын гурван хүрдийн талаар тайлбарласан юм. Ингээд энэ жилийн номын айлдварын гол ном болох Бромдон гэгээний “Өөрийгөө сургах сүжгийн мод” хэмээх номын тайлбарт оров. Энэхүү ном нь “гаадамбын 16 дусал”-аас гарсан, Адиша гэгээн, Бромдон, Ог Лэгбий Шэйрав, Нагцо лозава, гэвш Гава нартай холбоотой ном ажээ.

10,000 гаруй сүсэгтнүүд номын айлдварт хүрэлцэн ирэв. Энэтхэг,
Дарамсала. 2016.06.01. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам “Гаадамбын 16 дусал”-ын авшигийг өнгөрсөн жил Өмнөд Энэтхэгт бодь мөрийн зэргийн цуврал номын айлдвар өндөрлөх үеэр олон нийтэд түгээсэн юм.
Энэ өдрийн номын айлдварын төгсгөлд Дээрхийн Гэгээнтэн “Өөрийгөө сургах сүжгийн мод” номны эхний хэсэг шүлгийг уншив. Төгсгөлд нь тэрээр номын айлдварт суусан бүх хүмүүст өнөөдрийн ярьсан бүгдийг өөр хоорондоо хэлэлцэн ярилцаж, номын шүлгийг ч нарийвчлан сайн уншихыг зөвлөв.
Тэрээр дуганаас гарч ордны зүг морилох зуураа сүсэгтэн олонтой мэндчилж, зарим нэгэнтэй нь ярилцан явж байлаа. Номын айлдвар маргааш үргэлжилнэ.