Dalailama / Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Калифорниа мужийн их хуралд үг хэлэв

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Калифорниа мужийн их хуралд үг хэлэв

2016 оны 6 дугаар сар 21

АНУ, Калифорниа, Сакраменто. 2016.06.20 – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам жилийн хамгийн урт бөгөөд нарлаг сайхан энэ өдөр Калифорниа мужийн нийслэл Сакраменто хотын зүг хөлгийн жолоо залсан юм. Тэрээр Сакраментогийн онгоцны буудлаас Леланд Станфорд ордонд хүрэлцэн ирэв. Уг ордонг Станфордийн их сургуулийг үндэслэгч эзэмшдэг байсан боловч өдгөө мужийн албаны хүлээн авах ёслолын ордон болжээ. Мужийн захирагч Жерри Браун болон түүний эхнэр Дээрхийн Гэгээнтнийг угтан авав. Тэд хамтдаа сенатын ерөнхийлөгч Кевин Де Леоны зохион байгуулж буй үдийн зоогонд хүрэлцэн очлоо. Уг зоогонд Кевин Де Леоны эхнэр болон спикер Антони Рендон эхнэрийн хамт, сенат Жанет Нүеэн нар хүрэлцэн ирсэн байлаа.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Калифорниа мужийн их хуралд үг хэлэв
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам түүнийг угтан хүлээж буй
хүмүүсийн зүг гар даллан мэндэллээ. АНУ, Калифорниа,
Сакраменто хот. 2016.06.20. Гэрэл зургийг Жерреми Рассел (ДЛО)
Мужийн төрийн ордон нь Леланд Станфордийн ордноос холгүй орших аж. Төвөд үндэсний хувцсаа өмсөж, туг далбаагаа барьсан олон иргэд болон өөр бусад олон хүмүүс Дээрхийн Гэгээнтнийг төрийн ордны гадаа угтан авч тавтай морилохыг хүсэж байлаа. Дээрхийн Гэгээнтэн тэдний зүг гараа даллан мэндлэв.

Мужийн их хурлын спикер нэгдсэн хурлыг зарлан хуралдуулж байгаа бөгөөд уг хуралд Сакрамент хотын буддын Жодо Шиншү сүмийн Ринбан Боб Ошитаг урьсан байлаа. Дээрхийн Гэгээнтэн Далай Лам үг хэлэхээр хурлын индэрт заларсан юм. Спикер Дээрхийн Гэгээнтнийг гишүүдэд танилцуулахдаа түүний эгэл даруу байдлыг тодорхойлж, энх тайван, энэрэн нигүүлсэхүй, шашин хоорондын эв нэгдэл, хүрээлэн буй байгал орчныг хамгаалах зэрэг олон үйл хэргээр Нобелийн шагнал хүртсэн хэмээн танилцуулсан юм. Мөн тэрээр ороо бусгаа энэ цаг үед Дээрхийн Гэгээнтний энэрэн нигүүлсэхүйн сургаалыг гишүүдэд хүргэх ажлыг зохион байгуулсан сенат Жанет Нүеэнд талархал илэрхийллээ.

Дээрхийн Гэгээнтэн өөрийн зангаараа хүн бүгдийг тавтай суухийг уриад албархуу ёсонд төдийлөн дуртай биш гэдгээ хөгжилтэйгээр тайлбарласан юм.

“Хүндэт ерөнхийлөгч, хүндэт спикер, мөн хүндэт ахан дүүс нар аа, бид бүгд хүн төрөлхтөний гэр бүлийн нэгэн хэсэг билээ. Бид сэтгэл санаа, бие махбодь зэрэг аль ч талаараа адилхан. Бид нийгмийн амьтад учир бидэнд хамтын амьдрал хэрэгтэй. Иймийн тул бид дэлхий нийтийн сайн сайхныг бодох хэрэгтэй болж байна. Энэ нь нэг ёсондоо бид өөрсдөдөө анхаарал хандуулна гэсэн үг юм. Гэвч нэгдэн амьдрах хамгийн сайн арга бол нэг нэгнээ халамжлах явдал билээ. Хүн гэдэг нийтлэг талаас нь авч үзвэл шашин шүтлэг, уралдаан өрсөлдөөн, яс үндэс бүгд хоёр дахь шатны асуудал юм.”

“Бид нэг л замаар төрөн мэндэлж, мөн нэг л замаар мөнх бусыг үздэг. Бид төрсөн хойноо эхийн хайрын хүчээр амьд үлдэж чаддаг. Тэрхүү хайр энэрэл нь бидний бүхий л амьдралын аюулгүйн баталгаа болж байдаг юм. Шинжлэх ухааны эрдэмтдийн судалгаагаар хүний жинхэнэ мөн чанар нь энэрэнгүй гэж гарсан байна. Энэ бол итгэл найдварын үндэс юм. Бидний мөн чанар уур хилэн биш байна шүү дээ. Иймийн тул илүү аз жаргалтай, амгалан тайван гариг дэлхийг бид бий болгож чадна гэсэн итгэл найдвартай байх хэрэгтэй. Энх тайван гэдэг бол гагцхүү бидний дотоод сэтгэлийн амгалан тайван байдлаас шалтгаалах зүйл мөн. Аз жаргалтай амьдрахын тулд дотоод сэтгэлээ амгалан тайван байлгах нь чухал. Материаллаг хангамж бидний аз жаргалын баталгаа болж чадахгүй, учир нь ядуу хүн энэрэл хайр, сайхан сэтгэлийн нөлөөнд аз жаргалтай байж чаддаг. Тийм учраас бидний аз жаргалын түлхүүр болсон дотоод сэтгэлийн үнэ цэнэ дээр илүү их анхаарал хандуулах хэрэгтэй.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Калифорниа мужийн их хуралд үг хэлэв
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Калифорниа мужийн нэгдсэн их
хуралд үг хэллээ. АНУ, Калифорниа, Сакраменто хот.
2016.06.20. Гэрэл зургийг Жерреми Рассел (ДЛО)
Дээрхийн Гэгээнтэн цааш нь энэрэнгүй сайхан сэтгэл шашин хоорондын уялдаа холбооноос нэлээдгүй шалтгаалдаг талаар тайлбарласан юм. Учир нь томоохон бүх шашин энэрэнгүй сайхан сэтгэлтэй хүнийг бий болгох чадалтай аж. Бидэнд байгалаас энэрэнгүй чанар заяагдсан тул хүн бүхний тэрхүү сайхан чанарыг хөгжүүлэхийн тулд саруул ухаанаа ашиглах талаар ярив. Тэрээр аз жаргалын үндэс болсон хүний үнэ цэнийг хөгжүүлэх нь миний эхний үүрэг гэж танилцуулсан юм.

Дээрхийн Гэгээнтэн шашин хоорондын эв нэгдлийг бэхжүүлэх гэсэн өөрийн хоёр дахь үүргийн талаар ярихдаа сүүлийн тавь гаруй жил амьдарч буй Энэтхэг орныг жишээ татан ярьлаа.
“Өнөөдөр олон хүн муслимын шашинтан нарыг зөвхөн дайн самуун, хүчирхийлэл үйлдэгч мэтээр харж байна. Би муслимын шашин шүтдэг олон найз нөхөдтэй. Тэд үнэхээр сайн хүмүүс байдаг. Бүх шашин энэрэнгүй сайхан сэтгэлт хүмүүсийг бий болгох чадалтай гэдгийн тод жишээ Энэтхэг оронд байна. Энэтхэг оронд томоохон бүх шашны хүмүүс хаяа хаяагаа дэрлэн эв найртайгаар олон мянган жилээр амьдарч ирсэн тул дэлхий нийтээрээ Энэтхэг улсаас үлгэр жишээ авах хэрэгтэй.”

Тэрээр Калифорниа муж нь олон үндэстэн ястны, олон соёлын нийгэм тул хууль тогтоогч байгуулагын гишүүд шашны уламжлалд хэрхэн хүндэтгэлтэй хандах талаар тайлбарласан юм. Мөн Калифорниа муж хүрээлэн буй байгал, цаг уурын өөрчлөлтөнд онцгой анхаарч байгаад талархал илэрхийллээ.

“Бид эх дэлхийгээ хайрлах хэрэгтэй. Яагаад гэвэл энэ бидний гэр орон юм. Тэргэл сартай шөнө сар сайхан харагддаг ч бидний ая тухтай амьдарч чадах газар биш шүү дээ.”

Өнөөгийн боловсрол материаллаг талыг хөгжүүлэх тал дээр хэт их анхаарч хүний үнэ цэнэ, дотоод сэтгэлийг хөгжүүлэх тал орхигдож байгаа талаар онцлов. Тэрээр ямар нэгэн шашны хамааралгүйгээр хүний үнэ цэнийг хөгжүүлэх дэлхий нийтийн хандлагыг хүн бүхэнд бий болгох хэрэгтэй гэж ярьсан юм. Үүний тулд шашнаас ангид ёс суртахууныг бий болгох хэрэгтэй аж. Гэвч шашнаас ангид ёс суртахуун гэдгийг шашнаас салгаж ойлгох бус, бүх шашинд хамаатуулан ойлгодог Энэтхэгийн ойлголтыг авч хэрэглэх нь зүйтэй гэлээ. Дээрхийн Гэгээнтэн шашнаас ангид ёс суртахууны тухай хичээлийг боловсролын системд оруулах тал дээр хууль тогтоогч байгуулагын гишүүд нухацтай хандахыг зөвлөв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Калифорниа мужийн их хуралд үг хэлэв
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Калифорниа мужийн хууль тогтоогч
байгуулгын гишүүдтэй зургаа татуулав. АНУ, Калифорниа,
Сакраменто хот. 2016.06.20. Гэрэл зургийг Жерреми Рассел (ДЛО)
“Дэлхийн жинхэнэ энх тайван бидний зүрх сэтгэлээс шалтгаална. Хэрэв бид уур хилэнгээр дүүрэн байвал хэрхэн энх тайвныг авчирч чадах билээ? Америкт бууны хяналтын талаар ярилцаж байна. Бууны жинхэнэ хяналт бидний зүрх сэтгэл дэхь бусдын амь, бусдын эрхийг хүндэтгэхээс эхэлнэ. Дайн тулаан, зэр зэвсэггүй дэлхийг бий болгохын тулд юуны түрүүнд бид өөрсдийн дотоод сэтгэлийн зэвсгийг хураах алхамаар эхлэх хэрэгтэй.”

“Өнөөгийн хүмүүс маш олон асуудал бэрхшээлтэй нүүр тулж байна. Маш их аллага хядлага явагдаж, бүр шашны нэрийн дор аллага явагдаж байгаа нь санаанд багташгүй хэрэг юм. Нэгэнт хүн төрөлхтөн бид эдгээр олон асуудал бэрхшээлийг үүсгэсэн тул үүнийг арилгахын тулд үүрэг хариуцлагаа ч хүлээх хэрэгтэй. XX зуунд бид асуудлыг шийдэхдээ хүч хэрэглэж байлаа. Гэтэл бүгд харилцан хамааралтай болсон эдүгээ цагт хүч хэрэглэх нь хоцрогдсон арга болоод байна. XXI зуунд асуудлыг нүүр нүүрээ харан уулзаж, харилцан яриа, хэлэлцээрийн замаар шийдэх нь хамгийн зөв арга юм.”

Дээрхийн Гэгээнтэн индрээс буухын өмнө Америк улсыг эрх чөлөөний тэргүүлэх орон гэдгийг дурьдаад энэ утгаараа дэлхийн шинэчлэлийн төв газар болдогт бахдалтай байгаагаа дурьдлаа.

“Тийм учраас танай хууль тогтоогч байгуулага хүн төрөлхтөний аз жаргал, энх тайван, сайн сайхны төлөө боловсролын шинэчлэлийг хийж чадна гэдэгт итгэлтэй байна.”


“Эдүгээ боловсролын өөрчлөлтөөр дамжуулан ирээдүйн хүүхэд багачуудад чиглэсэн дорвитой алхам хийх цаг үе ирээд байна. Бид оюун ухааны боловсрол, сэтгэл зүрхний боловсролыг хослуулан өргөжин тэлж буй дэлхий ертөнцөд үүрэг хариуцлагаа ухамсарласан иргэдийг бий болгох хэрэгтэй.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам сенат Чамберийн хамт хууль тогтоох дээд байгуулагын гишүүдтэй хамт зургаа татууллаа.

Дараа нь Капитал Ротундад богино хэмжээний уулзалт хийсний дараа Солт Леикийн зүг нисэхээр онгоцны буудал явсан юм. Түүнийг олон төвөд иргэд үдлээ. Маргааш үдээс хойш Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Солт Леик дэх Ютагийн их сургуульд “Энэрэнгүй хийгээд дэлхий нийтийн хариуцлага” сэдэвт лекц тавина.
28-06-2016, 15:21
Вернуться назад