АНУ, Юта, Солт Леик. 2016.06.21 – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энэ өглөө Ютагийн их сургуулийн салбар болох Хантсман хавдар судлалын институтад зочлов. Түүнийг морилон ирэхэд Ютагийн их сургуулийн ерөнхийлөгч Давид Першинг, хавдар судлалын институтын захирал Мари Бекерли нар угтан авлаа. Тэд Дээрхийн Гэгээнтнийг хавдар суддлалын төвийн хурлын их танхимд эмч, өвчтөнийг асрагч, эдгэж илааршсан хүмүүстэй уулзуулахаар дагуулан явлаа. Tөвийн захирал Беркели Дээрхийн Гэгээнтэнд хандан хорт хавдартай хүмүүс илүү удаан амьдарч байгаа, мөн хорт хавдраас эдгэж тэнхэрсэн олон хүмүүсийн талаар тайлбарлан ярьсан юм. Тэрээр хоёр хүний тухай танилцуулсны нэг нь өвчтөн асрагч, нөгөөх нь хавдраар өвдөөд эдгэсэн нэгэн төвөд хүн байлаа.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам:
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Хантсманы хавдар судлалын эмч,
ажилчидтай уулзав. АНУ, Юта, Солт Леик. 2016.06.21.
Гэрэл зургийг Жерреми Рассел (ДЛО)
Тэнд цугласан эмч, ажилчид Дээрхийн Гэгээнтнээс залбирал хүссэнд тэрээр эргэлзэх гэж юу болох талаар товч тайлбарлав. Утга учиртай амьдран буй эмч, асрагч нар өөрсдийн ажлаа чин сэтгэлээсээ, үнэнч шудрагаар хийж чадвал энэ нь гол залбирал болно, сэтгэл ханамж ч эндээс ирнэ гэж тайлбарласан юм. Бекерли эмч санамсараа ойр байлгах дадлага өчвтөнүүдэд их тустай байгаа тул эмчилгээний нэгэн арга болгож байгаа талаар танилцуулсанд Дээрхийн Гэгээнтэн хамтдаа бясалгал хийхийг зөвлөсөн юм. Дээрхийн Гэгээнтэн Далай Лам эмнэлэгээс гарахдаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлж зарим өвчтнүүдтэй уулзав.
Зочид буудалдаа эргэн ирсний дараа Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Юта мужийн захирагч болон түүний эхнэртэй хэсэг зуур ярилцаад 250 хүн цугласан үдийн зоогонд уригдлаа. Ирсэн зочдыг хоолоо идэх зуур мужийн захирагч Херберт Дээрхийн Гэгээнтнийг эгэл даруу амьдралын үлгэр жишээ хэмээн танилцуулж түүнээс үг хэлэхийг хүслээ.
Дээрхийн Гэгээнтэн Юта мужийн захирагч Гари Хербертийн зохион
байгуулсан хүлээн авалтанд үг хэллээ. АНУ, Юта, Солт Леик.
2016.06.21. Гэрэл зургийг Том Гоүрли
Тэрээр өөртөө хүлээсэн гурван үүргийн талаар танилцуулав. Хүн төрөлхтөний аз жаргалыг бүрдүүлэхийн тулд юуны түрүүнд хүний үнэ цэнийг хөгжүүлэх нь түүний эхний үүрэг юм. Түүний хоёр дахь үүрэг нь шашин хоорондын эв найрамдлыг бэхжүүлэх явдал билээ. Хэдийгээр өөр өөр үзэл онолтой ч шашин бүгд энэрэл хайрыг номлодог ажээ. Тэрээр муслим хүмүүсийг дайн дажин, хүчирхийлэл үйлдэгч гэж харж байгааг буруутгав. Түүний төрсөн нутагтай ойрхон, төвөдийн зүүн хойд хэсгээр амьдардаг болон Лхас хотод амьдардаг муслим хүмүүс эелдэг зөөлөн зан ааштай байдаг талаар ярьсан юм. Тэрээр дахин муслим террорист, эсвэл буддист террорист гэж нэрлэх нь буруу болохыг тайлбарлалаа. Түүнийхээр террорист бол зөвхөн л террорист аж. Хэрэв хэн нэгнийг хорлож, егүүтгэж байгаа бол тэд өөрсдийн шашны номлол, сүсэг бишрэлээ дагаж байгаа хэрэг огт биш ажээ.
Түүний гурав дахь үүрэг нь төвөдийн шашин, соёлыг хадгалан авч үлдэх юм. Сүүлийн 60 гаруй жилийн хугацаанд төвөд олон иргэд түүнийг төвөдийн баялаг соёл, хэл, байгалыг хамгаална гэсэн итгэл найдвар хүлээлгэж байгаа билээ.
Үдээс хойш Ютагийн их сургуульд 12,000 гаруй хүмүүст илтгэл тавихын өмнө тус сургуулийн ерөнхийлөгч Давид Першинг Дээрхийн Гэгээнтэнд сургуулийн ерөнхийлөгчийн нэрэмжит медалыг гардуулсан юм.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам:
“Бид бүгд адилхан гэдгийг би байнга ярьдаг. Хэрэв та нар намайг онцгой гэж харах юм бол миний яриа төдийлөн ач холбогдолтой болж чадахгүй. Харин бид бүгд үндсэндээ адил хэмээн хандвал миний яриа илүү үр дүнтэй болох байх.”
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Ютагийн их сургуулийн ерөнхийлөгч
Давид Першингтэй хамт олон нийтийн асуултанд хариулж байгаа нь.
АНУ, Юта, Солт Леик. 2016.06.21. Гэрэл зургийг Том Гоүрли
Дээрхийн Гэгээнтэн үргэлжлүүлэн хэрэв бид өөрсдийн муу зан чанараа засахгүй бол өнөөгийн XXI зуун маань 200 сая хүний амийг авч одсон өнгөрсөн зууны адил болох аюултайг онцлов.
Мөн шинжлэх ухааны ололтын дагуу ёс суртахууны үндсэн зарчмыг эзэмшиж авах талаар ярив.
“Хэрэв бид энэ талын боловсролыг залуу үедээ олгож чадвал дэлхийн энх тайвныг гагцхүү дотоод сэтгэлийн амгалан тайван байдлаар бий болгож чадна гэдгийг ухаарах бөгөөд энэ зууны сүүлээр илүү энх тайван бүрдсэн, аз жаргалтай дэлхийг бий болгож чадна.”
Дээрхийн Гэгээнтэн яриан дундуур төвөд хүмүүст хандан төвөд хэлээр айлдсан юм. Тэрээр төвөдүүд түүхэндээ хамгийн хэцүү үеэ өнгөрүүлж байгаа талаар айлдав. Эх нутагтаа амьдарч буй төвөдүүд өнөөдрийг хүртэл сэтгэлийн тэнхээгээ алдаагүй байна. Мөн цагаачлан амьдарч буй төвөдүүдэд олон талын боломж нээгдсэн аж.
Англи хэлээр эргэн ярихдаа хувь хүн өөрчлөлтийг эхлүүлнэ хэмээн онцлов. “Хэн нэгэн хүн дотоод сэтгэлийн амар амгаланг бүрдүүлж чадвал тухайн гэр бүлд эерөг өөрчлөлт гарна. Гэр бүлд эерэг үр дүн гарвал тухайн нийгэмд таатай нөхцөл бүрдэх нь мэдээжийн хэрэг юм. Тэр нь цаашлаад дэлхий дахинд сайнаар нөлөөлөх учиртай.”
Тэрээр Америкийн олон хотууд өөрсдийгөө “Энэрэнгүй хот” хэмээн нэрлэж энэрэл хайрын төлөө нэлээдгүй анхаарч байгаа талаар айлдав.
Энэ яваа насандаа өөрийн төрөлх нутагтаа эргэн очих итгэл найдвар бий юу гэсэн асуултанд:
“Бидний ихэнх маань хэзээ нэгэн цагт эх нутагтаа эргэн очино гэсэн итгэл найдвар өвөрлөж яваа. Би өөдрөг үзэлтэй хүн” гэж хариулсан юм.