Dalailama / Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Ютагийн төвөдийн нийгэмлэгт зочиллоо

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Ютагийн төвөдийн нийгэмлэгт зочиллоо

2016 оны 6 дугаар сар 23

АНУ, Юта муж, Солт Леик хот. 2016.06.22 – Дэлхий дахин дахь христийн “Хожмийн үеийн гэгээнтнүүд” сүмийн төв газар нь Солт Леик хотод байрладаг ажээ. Энэ өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам тус сүмийн гурван элчтэй нөхөрсөгөөр уулзлаа. Үүний дараа тэрээр саяхан шинээр байгуулагдсан Юта дахь Төвөдийн нийгэмлэгт зочилсон юм. Түүнийг морилон ирэхэд төвөдүүд хүндэтгэлийн бүжиг бүжиж, хүүхдүүд чема чанбү/арвайн гурил барин угтсан бөгөөд тус нийгэмлэгийн тэргүүн Лувсан Цэрэн Дээрхийн Гэгээнтэнд алд цагаан хадаг барин угтав. Түүнийг заалаар явж хойморт хүрэх хооронд баяр баясгалантай олон хүн адис авахаар бүчин цуглаж, түүний мутарт хүрэхийг хичээж байлаа. Дээрхийн Гэгээнтнийг тайзан дээр суудлаа эзэлсэн хойно олон төвөд хүүхдүүд дуу дуулсан юм.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Ютагийн төвөдийн нийгэмлэгт зочиллоо
Юта мужийн Төвөдийн нийгэмлэгийн дарга Лувсан Цэрэн Дээрхийн
Гэгээнтний айлчалд зориулж үг хэлж байгаа нь. АНУ, Юта, Солт
Леик. 2016.06.22. Гэрэл зургийг Том Гоүрли
Нийгэмлэгийн тэргүүн Лувсан Цэрэн үг хэлэхдээ нийгэмлэг дээр төвөд хүүхдүүдэд зориулж эх хэл заах хичээл эхлүүлэхээр бэлдэж байгаа талаар мэдэгдсэн юм. Тэрээр Дээрхийн Гэгээнтнийг урт удаан наслах ерөөлийн үгээр үгээ өндөрлөв. Солт Леик хотын захирагч Бен Мак Адам үг хэлэхдээ тус нийгэмлэгийн үйл ажиллагаанд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын хамт оролцож байгаа нь нэр төрийн хэрэг гэж үзэв. Тэрээр төвөдийн нийгэмлэгийг энэрэнгүй нийгэмлэг хэмээн тодорхойлж тус нийгэмлэгийн зүгээс орон гэргүй болон хөгшчүүлд анхаарал хандуулах төлөвлөгөө гаргахыг уриалсан юм.

Төвөдийн нийгэмлэгийн хүмүүст хандаж Дээрхийн Гэгээнтэн:

“Төвөдүүд бидний шашин соёл өөдлөх, уруудахын зааг дээр ирээд байна гэж хэлж болно. Бид 1000 гаруй жилийн хугацаанд өөрсдийн хэл соёлоо хадгалан үлдэж чадсан. Дуу дуулах, бүжиг бүжих нь бидний соёлын нэгээхэн хэсэг мөн боловч үүнийг бусадтай төдийлөн хуваалцаж чадахгүй. Би та бүхнийг хандив цуглуулж 17 бандидагийн дүрийг бүтээх хэрэгтэй гэж хэлсэн бөгөөд би өөрөө ч хандив өргөсөн. Учир нь тэдгээр эрдэмтэд гүн ухааны баялаг уламжлалыг бидэнд бий өвлүүлсэн юм. Хэдийгээр Төвөдүүд бид эртний хүмүүс боловч үүнээс илүү чухал нь шашин соёл минь билээ. Бидний соёл бол амар амгалан хийгээд энэрэн нигүүлсэхүйн сургаалтай тул хадгалан авч үлдэх үнэт зүйл мөн.”

“Тийм учраас би Бурхан Багшийн сургаал айлдварын тухай ярих дуртай байдаг. Энэтхэгт бурханы шашны пали болон санскрит уламжлал бий болсон нь хоёул Наланда хийдээс эхтэй билээ. Тэдгээрийг манай Төвөдөд Шантаракшита гэгээн танилцуулсан юм. Шантаракшита гэгээнийг VIII зуунд Тисрон Дэзан хаан Төвөдөд урин залсан байна.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Ютагийн төвөдийн нийгэмлэгт зочиллоо
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Юта мужийн төвөдийн нийгэмлэгт
үг хэлж байгаа нь. АНУ, Юта, Солт Леик.
2016.06.22. Гэрэл зургийг Жерреми Рассел (ДЛО)
“Дэлхийн томоохон бүх шашин хайр энэрэл, тэсвэр тэвчээр, хувийн сахилга бат, сэтгэл ханамжийг номлодог. Эдгээрийг дадлага болгохын тулд шашин бүр өөр өөрийн онцлог бүхий үзэл онолтой болсон юм.”

“Бурхан Багш нутгийн хэл аялагаар айлдсаныг хожим пали болон санскрит хэл дээр эмхэтгэсэн байна. Пали хэл дээрх сурвалж нь гол төлөв нийтэд зориулж айлдсан сургаал бөгөөд үүнд гурван суртгаал буюу ёс суртахуун, сэтгэл төвлөрөл, билиг билгүүний сургаалууд зонхилдог. Харин санскрит сурвалжуудад голдуу өндөр түвшний шавь нарт зориулж айлдсан сургаалууд багтдаг юм. Энэ уламжлал Хятадад дэлгэрч улмаар Солонгос, Япон, Вьетнамд дэлгэрсэн. Мөн санскрит уламжлал нь Энэтхэгээс шууд Төвөдөд дэлгэрсэн бөгөөд тэндээс Монголд дэлгэрсэн билээ. Санскрит уламжлал нь учир шалтгааны арга замыг чухалчилдаг юм.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам тайландын лам, эрдэмтэдтэй уулзах үеэр Хутагтын дөрвөн үнэн, бодийн зүгийн 37 эрдмийн талаар асуусанд тэд Бурхан Багшийн ерөнхий сургаалаас эш татан тайлбарлаж байжээ.

“Санскрит уламжлалд Бурхан Багш өөрийн сургаалыг шууд хүлээж авалгүй учир шалтгаан, логик зарчмын дагуу судлан нягталсны эцэст хүлээн авах хэрэгтэйг зөвөлсөн байдаг. Нагаржунайн “Билгүүний үндэс” шастирт юмсын бодит чанарыг хэрхэн ухаарах талаар номлосон. Тэрээр Бурхан Багшийн аль сургаалыг шууд хүлээж авах, аль сургаалыг учир шалтгааны үүднээс тайлбарлан хүлээж авах ёстойг үндэслэсэн билээ. Төвөдөд дэлгэрсэн уламжлал нь винайн сургаал дээр суурилдаг. Шантаракшита гэгээн Төвөдөд бурханы шашныг дэлгэрүүлэхийн тулд эхлээд долоон шавьд винайн санваар хайрлаж төвөдүүд дэг жаягийг дагаж чадах эсэхийг шинжиж үзсэн байна.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Ютагийн төвөдийн нийгэмлэгт зочиллоо
Төвөдийн нийгэмлэгийн гишүүд Дээрхийн Гэгээнтний айлдварыг
сонсож байгаа нь. АНУ, Юта, Солт Леик. 2016.06.22.
Гэрэл зургийг Том Гоүрли
“Бурханы шашны энэтхэг сурвалжуудыг Шантаракшита гэгээний зааврын дагуу орчуулж эхэлсэн бөгөөд өнөөдөр бид буддын гүн ухаанд суралцахын тулд ямар нэгэн өөр хэл сурах шаардлага огт байхгүй. Тиймээс гүн ухааны арвин их ном сургаал орчуулж үлдээсэн эртний эрдэмтэн орчуулагч нарын ачийг санах хэрэгтэй.”

“Мунхаг ухаан нь юмсын бодит үнэнийг харах боломжийг хаадаг. Тийм учраас бидэнд саруул билиг оюун хэрэгтэй. Бид ном заасан Бурханд, гэгээрлийн хутагт хүргэх дээдийн номд, тэрхүү номыг анхааран авлага болгож гэгээрлийн замаар замнахад хань нөхөр болдог хуврагийн чуулганд итгэж аврал одуулдаг. Хэрэв бурхан бүхнийг бүтээгч мөн бол бидний хүссэн бүгдийг өгөх учиртай. Гэтэл тийм биш ээ. Тийм учраас дан ганц залбирч, ерөөл тавих нь хангалттай биш юм. Бид тэдний юу гэж айлдсаныг анхаарах хэрэгтэй. Бурханы айлдсан юмс бүгд өөрийн мөн чанараасаа бүтээгүй, хоосон чанартай гэдгийг ойлгох нь чухал. Би сүүлийн 60 гаруй жилийн хугацаанд хоосон чанарт суралцсан билээ. Хоосон чанарыг сайн судлахын хэрээр дотоод сөрөг сэтгэлүүд арилдаг юм.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Ютагийн төвөдийн нийгэмлэгт зочиллоо
Төвөдийн нийгэмлэгийн гишүүд Дээрхийн Гэгээнтний айлдварыг
сонсож байгаа нь. АНУ, Юта, Солт Леик. 2016.06.22.
Гэрэл зургийг Том Гоүрли
“Бидний ихэнх нь бурханы ном сургаалд суралцахыг зөвхөн лам хуврагуудын хийх ажил гэж боддог. Энэ бол буруу юм. Би өөрийн дацан болох Намжал дацанг зөвхөн зан үйл хийлгүй буддын гүн ухаанд суралцах хэрэгтэй гэсний дагуу сүүлийн 40 гаруй жилийн хугацаанд амжилттай суралцаж байна. Мөн эмэгтэйчүүдийн хийдийг ч буддын гүн ухаанд суралцах хэрэгтэй гэж зөвөлснөөр өнөөдөр буддын гүн ухааны гэвмшаа цол хамгаалаад эхэлсэн. Бас дан ганц ном үзээд зогсох нь хангалтгүй билээ. Бид нар Мял богд шиг дээдийн номыг амьдралдаа хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэрээр сурч мэдсэн зүйлээ хатуу чанд дагаж мөрдөн гэгээрлийн хутагийг олсон билээ. Бид ч гэсэн түүнтэй адил дээдийн номыг оюун ухаандаа дадлага болгох хэрэгтэй байна.”

“Төвөдийн асуудал дээр та бүхэн нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Хятадын асар олон энгийн иргэд биднийг дэмжиж байгаа. Мөн тооны хэмжээний хятад иргэд бурханы шашныг шүтэж байна. Тэд бүгдээрээ Төвөдийн бурханы шашны үнэ цэнийг хүлээн зөвшөөрөх болно.”

Дараа нь Дээрхийн Гэгээнтэн Далай Лам цугласан олныг удирдаж бодьсадвын санваар хайрласан юм.

Үдийн зоогийн дараа тэрээр Колорадагийн Денвер хотын зүг ниссэн бөгөөд тэндхийн төвөдийн нийгэмлэг ёс төгөлдөр хүлээн авсан юм.
2-07-2016, 16:07
Вернуться назад