Энэтхэг, Индиана, Индианаполис. 2016.06.26 – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энэ удаагийн Америк дахь айлчлалын сүүлийн өдөр Америкийн хотын дарга нарын 84 дэх удаагийн чуулга уулзалтанд уригдан оролцлоо. Түүнийг Марриотт буудалд хүрэлцэн ирэхэд хурлыг даргалж буй Балтимор хотын дарга Стефание Ровлингс-Блеик угтан авсан юм.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Америкийн хотын дарга нарын чуулга
уулзалтанд оролцохын өмнө Леиди Гагатай уулзлаа. АНУ, Индиана,
Индианаполис. 2016.06.26. Гэрэл зургийг Жерреми Рассел (ДЛО)
“Хүн төрөлхтөн хэдийгээр эерэг чанартай боловч асуудлууд үүссээр байна. Орчин үеийн мэдлэг боловсрол нь гадаад материаллаг хөгжил дээр анхаарч байна. Хэдийгээр байнга шахуу асуудал үүсч байгаа ч бид өөрсдийн сэтгэлээ тайван байлга. Гадна талаас асуудал ирсэн ч дотоод сэтгэлийн гүндээ тайван амгалан байж чадвал нөхцөл байдал өөрөөр эргэдийг анхаарах хэрэгтэй.”
“Бид нийгмийн амьтад тул ирээдүйн амьдрал маань бидний хамтын амьдралаас шалтгаална. Тийм учраас бид хайр энэрэл зэрэг дотоод сэтгэлийн үнэ цэнийг зөвөөр дүгнэх хэрэгтэй.”
Өөр нэгэн хүн ямар бясалгал хийвэл илүү үр дүнтэй байх талаар асуусанд тэрээр төвлөрөн бясалгах болон нягтлан бясалгах гэсэн хоёр бясалгал байдаг талаар ярьсан юм. Эхнийх нь ямар нэгэн зүйл дээр, жишээлбэл сэтгэлийн гэгээн чанар дээр төвлөрөн бясалгах, хоёр дахь нь аливаа зүйлийг гүн гүнзгий түвшинд нягтлан судлах бясалгал ажээ. Тэрээр хоёр дахь бясалгалыг илүү үр дүнтэй бөгөөд илүү их сэтгэл ханамжийг өгдөг хэмээн айлдсан юм.
Өнөөгийн ороо бусгаа энэ ертөнцөд хэрхэн амар амгалан байх вэ гэсэн асуултанд өргөн хүрээнд харж, сэтгэдэг байх нь маш их үр дүнтэй хэмээн зөвлөв.
“Юу ч тохиолдсон итгэл найдвар хийгээд өөртөө итгэх итгэл дүүрэн байх хэрэгтэй.”

Анн Карри Дээрхийн Гэгээнтнийг танилцуулж хурлын индэрт
урив. АНУ, Индиана, Индианаполис. 2016.06.26.
Гэрэл зургийг Жерреми Рассел (ДЛО)
Анн Карри:
“Энэ хүн өөрийн шашныг энэрэнгүй шашин гэж тодорхойлдог. Тэрээр 16 насандаа эрх чөлөөгөө алдаж, 24 насандаа эх орноо алдаж тэр цагаас хойш цагаачлан амьдрах болсон. Тэрээр буддын сонгодог гүн ухаанд суралцсан бөгөөд орчин үеийн шинжлэх ухааныг ч машид сонирходог хүн билээ. Шинжлэх ухааны судалгаагаар хүний жинхэнэ мөн чанар нь эерэг хэмээн нотолсныг Дээрхийн Гэгээнтэн Далай Лам байнга тэмдэглэн хэлж энэ нь бидэнд итгэл найдвар төрүүлж байна гэдэг юм.” хэмээн танилцуулав.
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг үг хэлэхийн өмнө Льюсвилл хотын дарга Гари Фишер болон Анахеим хотын дарга Том Тайт нар өөрсдийн хотыг “Энэрлийн хот” хэмээн нэрлэж байгаа тухай товч видео бичлэг үзүүлэв. Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энэ хоёр хотод морилж хотын дарга нарт боловсролын тогтолцоог анхаарч үзэх талаар зөвлөсөн байна.
200 гаруй хотын дарга нар цугласан уг хуралд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг үг хэлэхээр завдахад бүгд түүнийг хүндэтгэн бослоо. Дээрхийн Гэгээнтэн индэрт гараад:
“Тавтай сайхан сууцгаа. Би албархаг байдалд дургүй. Намайг энэ хуралд урьсанд талархал илэрхийлэе. Их гүрний олон хотын дарга нартай уулзаж байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг мөн. Би Америкийн Нэгдсэн улсыг эрх чөлөөний тэргүүлэх орон гэж үргэлж боддог. Технологын шинэчлэл явагддаг орон гэдгийг бид мэднэ. Та бүхний үндсэн зарчим бол ардчилал, эрх чөлөө бөгөөд эдгээр нь бусдад анхаарал хандуулсан, бусдыг хүндэтгэсэн сайхан сэтгэлээс хамааралтай билээ. Энэ бол зүгээр нэг лоозон бус оюун санааны бодит хандлага юм. Тийм учраас энэ орон энэрэнгүй дэлхийг бий болгох их үйлсэд оройлон оролцоно гэдэгт итгэлтэй байна.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Америкийн хотын дарга нарын
чуулга уулзалтанд үг хэллээ. АНУ, Индиана, Индианаполис.
2016.06.26. Гэрэл зургийг Крис Бергин
“XX зуунд хүчирхийллийн аргыг илүүд үздэг байлаа. Зарим түүхчдийн үзэж байгаагаар өнгөрсөн зуунд дайны улмаас 200 сая гаруй хүн алтан амиа алджээ. Энэ нь дэлхийд сайн сайхныг авчрах үр нөлөөтэй байсан тул ийм гарз гарсан гэж хэн нэгэн хэлэх ч үнэн хэрэгтээ тийм биш ээ. Бид олон олон асуудлын эх үндэс болсон уур хилэн, хардалт, амин хувиа бодох зэрэг сөрөг сэтгэл хөдлөлийг арилгах нь зүйн хэрэг мөн. Бид өөрсдийн үндсэн чанар болох энэрэл хайрыг хөгжүүлэх хэрэгтэй.”
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам цааш нь ярихдаа “Бидний амьдрал эхийн хэвлийд оршсоноос эхэлдэг. Биднийг төрсний дараа эх маань хайраар хамгаалдаг. Дараа нь амгалан тайван сэтгэл санаа бидний бие махбодийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг бөгөөд эсрэгээрээ зарим шинжлэх ухааны эрдэмтдийн үзэж байгаагаар уур хилэн, айдас хүйдэс нь бидний дархлааны системийг дарангуйлдаг” хэмээн ярьсан юм.
Өдгөө 81 насыг зооглож буй түүнийг олон найз нөхөд нь дөнгөж 60 настай мэт харагддаг гэж ярьдгийн учрыг тэрээр амгалан тайван сэтгэл санаатай холбон тайлбарласан юм. Сайхан харагдах нь нэг талаараа таатай ч халуун дулаан сэтгэлд орших дотоод сэтгэлийн гоо сайхан түүнээс илүү чухал ажээ.
Тэрээр хүн бүхнийг оюун санаандаа амар тайван амьдрахад нь туслах хэрэгтэй гэсэн юм. Үүнд хүрэхийн тулд боловсролоор дамжуулан хүний үнэ цэнийг бүх нийтэд таниулах нь чухал болсон байна. Тэрээр дэргэдээсээ “Энэрлийн хот” хэмээх нэр бүхий цүнхийг аваад асрал, энэрлийн хот болсон Анахеим, Льюсвилл хотуудаар хичнээн их бахархаж байгаагаа тэмдэглэн хэлэв.
“Энэ үйл ажиллагаа надад гэгээн ирээдүй ирэх итгэл найдварыг төрүүлж байна. Бид энэрэл хайрыг бусдад таниулах ажлыг хийхдээ зөвхөн онол бус бодит үйлдлээр үзүүлэх хэрэгтэй. Энэхүү үйл хэргийг амжилттай хийж чадвал өөр бусад олон улс орон та бүхний үлгэр жишээг дагах болно.”

Уг хурлын үеэр дуучин Леиди Гага өөрийн үзэл бодлоо хуваалцаж
байгаа нь. АНУ, Индиана, Индианаполис. 2016.06.26.
Гэрэл зургийг Крис Бергин
“Энэрэл хайр бол эрх чөлөө юм. Та хичнээн ихээр энэрэл хайрыг бусдад өгнө төдий хэмжээгээр бусдын хайрыг хүлээх бөгөөд сайн сайхан хэзээ ч хатаж дундрахгүй билээ.”
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өөрийн туршлагаас хуваалцахдаа:
“Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхдээ эмч, сувилагч сайхан ааштай байх аваас таны сэтгэл санаа амарч, таатай байх болно. Хэрэв тэд ширүүн, хайхрамжгүйгээр машин техник засаж буй мэт таныг эмчилбэл таньд айдас төрж сэтгэл санаа хямрах болно.” хэмээн ярьсан юм.
Леиди Гага хотын дарга нарыг хүүхэд залуучуудад энэрэнгүй сайхан сэтгэл суулгах тал дээр яаралтай анхаарах хэрэгтэй гэж хэллээ.
Төгсгөлд нь Дээрхийн Гэгээнтэн Далай Лам:
“Өөрийн дотоод сэтгэлийг амар тайван байлгаж юу хийх хэрэгтэй вэ гэдгийг саруул ухаанаар бодох хэрэгтэй.” хэмээн зөвлөсөн юм.
Үдийн зоогийн дараа тэрээр Энэтхэг улс руу буцах аялалаа эхлэх болно.