Энэтхэг, ЖК, Ладак, Лех. 2016.08.08 – Ааригийн буддын гүн ухааны диалектикийн институтын нээлтэд оролцохоор хүрэлцэн ирсэн Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг тус институтын захирал, гэвш Цэван Доржэ, Гандан Ширээт Ризон ринбочэ, мөн зочид, Сабу тосгоны ард иргэд хүндэтгэлтэйгээр угтан авлаа.

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварыг ард олон сонсож
байгаа нь. Энэтхэг, ЖК, Ладак, Лех. 2016.07.08.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Тав дахь төгсөлтийн оюутнууд “Оюун судахуйн найман бадаг” номыг уншив.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам оюутнуудад сурч мэдэх боломжийг хангаж буй тус институтын захирал болон бусад албаны хүмүүст талархал илэрхийлэв. Тэрээр 21 зууны мэдлэг боловсрол чухал байгааг онцолсон юм.
“Бурханы шашинт хүнийхээ хувьд бид буддизмыг судлах хэрэгтэй. Бид өөрсдийн саруул ухаанаа ашиглан Бурхан Багш яг юу айлдсаныг ойлгох хэрэгтэй байна. Шашны зан үйл болон цээжилсэн амны уншлагандаа найдах нь учир дутагдалтай. Хүн төрөлхтөнд гайхамшигтай оюун ухаан заяасан бөгөөд бид түүнийг бүрэн дүүрэн ашиглах хэрэгтэй билээ. Ямар ч тохиолдолд саруул ухааныг бусдад тустай, сайн үйл хэрэгт зарцуулахаас биш хэн нэгнийг хорлох, хохироох үйл хэрэгт ашиглаж болохгүй.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам буддын гүн ухааны институтын
нээлтэнд үг хэлж байгаа нь. Энэтхэг, ЖК, Ладак, Лех.
2016.07.08. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
“Шашин шүтсэн ч, эс шүтсэн энэрэл хайрыг үгүйсгэж болохгүй. Бидний амьдрал эхийн хайр энэрлийн дор эхэлдэг. Энэ цаг үед шинжлэх ухааны эрдэмтэд хүний төрөлх мөн чанарыг энэрэнгүй гэж хэмээн тодорхойлж байна.”
“Дэлхий дээрх голлох томоохон шашин бүгд гүн ухааны адил бус байр суурьтай байдаг ч энэрэл хайр, уучлал, тэвчээрийн тухай номлодгоороо адил. Энэ нь шашин шүтэж буй хүн бүхэн бусдыг хүндлэх, нэг нэгэндээ хүндэтгэлтэй хандах ёстой гэсэн үг юм.”
Төгсгөлд нь Дээрхийн Гэгээнтэн Далай Лам эрдэм мэдлэгийн чухлыг дахин тэмдэглэн хэлсэн юм. Тэрээр уг сургуулийн ерөнхий ивээн тэтгэгч Франц иргэнд Бурхан Багшийн шуумал дүрийг бэлэглэж, мөн сурагч оюутнуудын хамт зураг татууллаа.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам сурагч хүүхдүүд буддын гүн ухааны
мэтгэлцээн өрнүүлж байгааг сонирхов. Энэтхэг, ЖК, Ладак, Лех.
2016.07.08. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Сургуулийн сурагч, багш, ажилчдыг төлөөлж захирал, гэвш Цэван Доржэ үг хэлсэн бөгөөд гурав дахь удаагаа Дээрхийн Гэгээнтнийг урин залж байгаадаа туйлын баяртай байгаагаа дурьдлаа. Тэрээр байнга заавар зөвөлгөө өгч байгаа Дээрхийн Гэгээнтэнд талархал илэрхийлэв.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам тус сургуульд сэтгэлээ ажиллаж байгаа хүмүүст талархал илэрхийлийн зэрэгцээ санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаа хүмүүст ч талархъя гэсэн юм.
Тэрээр:
“Бид илүү энэрэнгүй хүмүүсийг бий болгохын төлөө ажиллах хэрэгтэй. Энэ нь шашны тэмүүлэл биш, долоон тэрбум хүн энэ гариг дэлхий дээр амар тайван амьдрах тухай асуудал юм. Бид өчүүхэн бодолд баригдаж, түр зуурын ашиг хонжооны хойноос хөөцөлдөж болохгүй. Бид бүгдээрээ аз жаргалтай амьдралыг хүсч, зовлонгоос зугатдаг боловч тун харамсалтай нь бид өөрсдөө зовлонг бий болгосоор байна.”

Далай Лам Сиддхарта сургуулийн сурагч, багш, ажилчидтай
уулзлаа. Энэтхэг, ЖК, Ладак, Лех. 2016.07.08.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Дээрхийн Гэгээнтэн цааш нь сурагч хүүхдүүдийг маш сайн суралцахыг уриалав. Тэрээр хүүхдүүдэд логик сэтгэлгээ болон мэтгэлцээний арга барилд сайн суралцахын зөвөллөө. Сурагч хүүхдүүдийн академик түвшнийг нэмэгдүүлэхэд эдгээр арга барил маш их тустай ажээ. Эцэст тэрээр сурагч нарт хандан амар амгалан дэлхий ертөнцийг бий болгохын төлөө эрдэм мэдлэгт бүрэн гүйцэд суралцах хэрэгтэйг зөвлөв.
Далай Лам Сток хийдэд морилон ирэхэд Бакула ринбочийн хойд дүрийн бага хувилгаан угтан авлаа. Бакула ринбочэ 1959 оноос өмнө Лхаст гэвш лхарамбын цол хамгаалсан бөгөөд дараа нь цагаачлал дахь төвөдүүдэд асар их тус дэмжлэг болжээ. Дээрхийн Гэгээнтэн Далай Лам бага хувилгаанд эрдэм номоо сайн үзэхийг зөвлөв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Сток хийдэд үг хэлж байгаа нь.
Энэтхэг, ЖК, Ладак, Лех. 2016.07.08. Фотог Тэнзин Чойжор (ДЛО)
Дээрхийн Гэгээнтэн:
"Та нар Богд Зонховын “Их бодь мөрийн зэрэг”-т дөрвөн үнэний тухай хэрхэн айлдсаныг судалж, нягталж, мэтгэлцэж утга учрыг нь ойлгох хэрэгтэй. Бакула ринбочийн хувилгаан ч мөн адил хувилгаан гэх хоосон нэр төдийд хоцролгүй буддын гүн ухаанд сайтар суралцаарай.” хэмээн айлдсан юм.

Бурхан Багшийн шинэ сэрэг дүрийн өмнө олон нийтээрээ цуглаж
Дээрхийн Гэгээнтний айлдварыг сонсов. Энэтхэг, ЖК, Ладак, Лех.
2016.07.08. Фотог Тэнзин Чойжор (ДЛО)
Сток тосгоны ихэнх хүмүүс Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг харахаар саяхан шинээр бүтээсэн Бурхан Багшийн сэрэг дүрийн өмнө цугласан байлаа. Тэрээр Бурхан Багшийн дүрийн өмнө саатаад олон нийтэд: “Зүрх сэтгэлдээ бусдыг хайрлах их нигүүлсэнгүй сэтгэлтэй байж, оюун ухаандаа юмс бүгдийн шүтэлцэн орших шүтэн барилдлагын тухай бодож бясалгах хэрэгтэй. Эхнийх нь бүх шашинд байдаг зүйл бол хоёр дахь шүтэн барилдлагын онол нь гагцхүү бурханы шашны онцлог юм” хэмээн тайлбарласан юм.
Эцэст нь Далай Лам буддын шашны номлол дахь шүтэн барилдахуйн онолыг ойлгохын хэрээр сөрөг сэтгэл хөдлөлүүд арилах бөгөөд энэ арга замаар гэгээрэлд хүрэх болно гэдгийг айлдсан юм.