Dalailama / ‘Бодьсадвын явдалд орохуй’ номын айлдвар

‘Бодьсадвын явдалд орохуй’ номын айлдвар

2016 оны 8 дугаар сар 21

Энэтхэг, Жамму Кашмер, Ладак, Лех. 2016.08.20 - Энэ өдөр Шивацал ордны номын талбайд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварыг сонсохоор 30,000 гаруй сүсэгтнүүд цуглан иржээ. Дөрвөн өдрийн турш үргэлжлэх энэхүү номын айлдварын эхний өдрийн үйл ажиллагааг “Ладакийн буддын нийгэмлэг” ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж байгаа аж.

Номын айлдвар эхлэхийн өмнө олон хийдээс ирсэн лам хуврагууд буддын гүн ухааны сэдвээр мэтгэлцээн өрнүүлж байлаа.

‘Бодьсадвын явдалд орохуй’ номын айлдвар
Дээрхийн Гэгээнтэн номын айлдварт суухаар ирсэн 30,000 гаруй
хүмүүсийн зүг гар даллан мэндэлж байгаа нь. Энэтхэг, ЖК,
Ладак, Лех. 2016.08.18. Тэнзин Чойжор (ДЛО)
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам буддын гүн ухаанд сайтар суралцаж, Бурханы сургаалын утга учрыг ойлгож авах нь маш чухал гээд номын айлдвараа эхэлсэн юм. Тэрээр утга учрыг нь мэдээгүй сүсэг бишрэл бол ердөө зан заншил дагаж байгаатай адил гэж тайлбарлав.

“Бид энд үйл явдлын гэрч болох гэж, эсвэл зүгээр л уулзах гэж цугласан хэрэг биш ээ. Бид Бурхан Багшийн сургаалийг судлах гэж энд цуглаад байна. Тиймээс бидний үйл хэрэг маань үр дүнтэй байх хэрэгтэй. Номын айлдварын явцад багш болон шавь нар бүгд сэтгэл санаагаа ариун байлгах хэрэгтэй. Ингэж эс чадваас бид дэмий цаг үрсэн хэрэг болно.”

Нар шарсан энэ өдөр олон мянган ладакчууд, төвөд болон барууны сүсэгтэн, жуулчид шашин хоорондын эв нэгдлийн талаарх Дээрхийн Гэгээнтний айлдварыг сонсож байлаа. Тэрээр буддын гүн ухааны талаар, ялангуяа бодь сэтгэлийн тухай ярилцаж судлах нь өөрсдийн дотоод сэтгэлийн гэгээрлийг сэргээх өндөр ач холбогдолтой болохыг дурьсан юм. Амьтан бүгдэд гэгээрлийн чанар ордог ажгуу.

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын тайлбарлаж буй “Бодьсадвын явдалд орохуй” ном нь энэрэл хайрыг хөгжүүлэх арга замыг уран нарийн номлосон шастир юм. Бодь сэтгэлийг төрүүлэхэд өөрийгөө бусадтай адилтган үзэх, мөн долоон увидсын дагуу бодь сэтгэл үүсгэх хоёр арга байдаг байна. Энэ хоёр аргыг эзэмшихийн тулд юуны түрүүнд энэрэнгүй сэтгэлийг сайн ухаарах ёстой ажээ.

‘Бодьсадвын явдалд орохуй’ номын айлдвар
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам номын айлдварын үеэр. Энэтхэг,
ЖК, Ладак, Лех. 2016.08.18. Тэнзин Чойжор (ДЛО)
“Адгуус тэргүүтэй амьтан бүхэн аз жаргалыг хүсдэг. Тийм учраас бусдад хүндэтгэлтэй хандаж, тэднийг ойлгож, тэдний асуудал бэрхшээлийг арилгаж байвал аз жаргал ирсээр байх болно. Энэ нь аз жаргалын уг үндэс юм."

“Бидэнд амин хувиа хичээх, өөрийн мөн чанарыг хэтрүүлэн үзэх гэсэн хоёр дайсан байдаг. Буддын гүн ухаанд, ялангуяа Наландагийн уламжлалд өөрсдийн оюун ухааныг бүрэн дүүрэн ашиглаж сэтгэл оюунаа засахыг номлодог юм. Энэ нь түр зуурын тайвшрал болох архи уух, тайвшруулах эм ууснаас хавьгүй илүү үр дүнтэй арга билээ.”

Номын айлдвар дөрвөн хоногийн турш үргэлжлэх бөгөөд сүүлийн өдөр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Жанрайсиг бурханы авшиг хайрлана.
26-08-2016, 09:11
Вернуться назад